Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 112/2020/0003/З |
Дугаар | 221/МА2021/0041 |
Огноо | 2021-01-14 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2021/0041
Д.О нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, цахимаар нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М, хариуцагч Д.Б, Б.И нарыг оролцуулан Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч хариуцагч Ч.Б гаргасан давж заалдах гомдлоор, Д.О нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Д.О 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
“Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, тус зөвлөлд хандаж 2018 оны 12 дугаар сарын 28-нд гаргасан өргөдлийн хариуг хуулийн хугацаанд өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүсчээ.
Хоёр. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр:
“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасныг баримтлан Говь-Алтай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 03 дугаар тогтоол хууль бус байсан болохыг тогтоож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Говь-Алтай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандаж 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан өргөдлийн хариуг хуулийн хугацаанд өгөөгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.
Гурав. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ч.Б дээрх шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэргийн хамгийн чухал нотлох баримт болох цагаан дээр хараар бичсэн Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 02/320 дугаар албан бичигт дурдсан “...Албан тушаалын сонгон шалгаруулалтад орсон иргэн Д.О нь төрийн албаны нөөцөд бүртгэлгүй байх тул...” гэдэгт ач холбогдол өгч нотлох баримтын хүрээнд үнэлээгүй, нэхэмжлэгч Д.О яагаад нөөцөд бүртгэлгүй байгаа, ямар үндэслэлээр нөөцөөс хасагдсан талаар тодруулалгүйгээр, холбогдох нотлох баримтыг цуглуулалгүйгээр “Төрийн албаны тухай хууль (2017)-ийг буцаан хэрэглэх нөхцөл, журам зохицуулагдаагүй байх бөгөөд иргэний эрх зүйн байдлыг дордуулан түүнийг төрийн жинхэнэ албаны нөөцөөс хасагдсан гэж дүгнэх үндэслэлгүй байна” гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-т “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх хүлээнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэдгийг тус тус зөрчсөн.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.1-т “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.2-т “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй”, 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.4-т “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус”, 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байд биелүүлэх боломжгүй” гэсэн үндэслэлүүдээр захиргааны актыг “илт хууль бус” гэж үзэхээр заасан байна.
Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 03 дугаар тогтоол нь хүчингүй гэж үзэх үндэслэлүүдийн нэгийг ч хангахгүй байгаа бөгөөд анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар дээр үндэслэн хэтэрхий нэг талыг барьж Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 03 дугаар тогтоол хууль бус байсан болохыг тогтоосон, Захиргааны ерөнхий хуулиас үндэслэл болгоогүй, шийдвэртээ баримтлаагүй зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг зөрчсөн байна.
Нэхэмжлэгч Д.О нь Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх “...нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ алба хаах эрх сэргэхгүй учир Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй болно. Тодруулбал захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн хүсэл зоригийн улмаас хэрэгжсэн байна...” гэж дүгнэсэн мөртлөө “...нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар маргаан бүхий актыг хууль бус байсан болохыг тогтоох үндэслэлтэй...” гэж дүгнэсэн нь шүүхийн дүгнэлт хоорондоо зөрчилдсөнийг харуулж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн маргаагүй асуудлыг хөндөж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн.
Нэхэмжлэгч Д.О нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд өрсөлдөхөөр 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс өөрийн хүсэлтээр төрийн албаны нөөцөд байхгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн байхад анхан шатны шүүх салбар зөвлөлийн харьяа дээд шатны байгууллага болох Төрийн албаны зөвлөлөөс ирсэн албан бичгийн дагуу үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулахаар гаргасан 2020 оны 03 дугаар тогтоолыг хууль бус байсан байна гэж дүгнэн эрх зүйн ямар нэгэн үр дагаваргүй шийдвэр гаргасан нь өөрөө хууль бус шийдвэр юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэт нэг талыг барьж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэлгүй шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байх тул Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Д.О нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан “Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоосон”, 2 дахь заалтын “хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулах” хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулав.
Цаг хугацааны хамаарлаас үзэхэд нэхэмжлэгч Д.Отгонбаяр аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалаас Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 3 дугаар тогтоол гарснаар бус харин 2020 оны орон нутгийн ээлжит сонгуульд нэр дэвшиж өрсөлдөхийн тулд өөрийн хүсэлтээр чөлөөлөгджээ.
Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсэгт зааснаар “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших” үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдохгүй, энэ хууль 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн тул шүүхээс Салбар зөвлөлийн тогтоолыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүчингүй болгосон ч нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна.
Гэвч энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг өөрийн санаачилгаар өөрчлөн “хууль бус байсан болох”-ыг тогтоох байдлаар нэхэмжлэлийг хангасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэнтэй нийцсэнгүй.
2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр үүссэн захиргааны хэрэг мөн оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хянан шийдвэрлэгдсэн, энэ хугацаанд дээрх үйл баримт болсон ч анхны гаргасан нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөөгүй байх тул Салбар зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсон ч нэхэмжлэл хангагдахгүй.
Төрийн албаны тухай хууль /2002 оны/ үйлчилж байх үед Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар Д.Отгонбаярыг Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөхдөө уг хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан үндэслэл буюу “Төрийн жинхэнэ албан хаагч …төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, …бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэснийг баримталсан, уг зүйлийн 23.5-д зааснаар энэ тохиолдолд төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцох тул нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах агуулга бүхий Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 02/320 дугаар албан бичгийг үндэслэн Салбар зөвлөлийн маргаан бүхий тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд тусгай шалгалт зохион байгуулах комисс томилсон 2019 оны 4, уг албан тушаалд тавигдах тусгай шалгалтад орсон, удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэлтэй Д.Отгонбаярыг нэр дэвшүүлсэн 2020 оны 1 дүгээр тогтоолоо тус тус хүчингүй болгосон нь хууль бус болно.
Өөрөөр хэлбэл зөвхөн “…2017 оны Төрийн албаны тухай хуулиар нөөцөд байх өмнөх хуулийн зохицуулалт үгүй болсноор Д.Отгонбаярыг төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаад тооцох боломжгүй…” гэж дүгнэх нь хууль зүйн үндэслэлгүй.
Иймд энэ талаарх нотлох баримтыг дутуу цуглуулсан гэж, мөн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлснээр Д.Отгонбаярын хувьд нөөцөд бүртгэлтэй эсэх талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг тус тус буруутгах боломжгүй.
Харин давж заалдах гомдолд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны актын илт хууль бус болох тохиолдлуудыг ямар шалтгаанаар хөндсөн нь ойлгомжгүй, тухайлбал Салбар зөвлөлийн тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага байхгүй, шүүхээс ч хэргийг энэ хүрээнд шийдвэрлээгүй байна.
Шийдвэрийн үндэслэл, тогтоох хэсэгт Салбар зөвлөлийн нэрийг буруу бичсэн байгааг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийг “1.Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 23 дугаар зүйлийн 23.4, 23.5, Төрийн албаны тухай хуулийн /2017 оны/ 46 дугаар зүйлийн 46.1, 46.4, 46.6 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Отгонбаярын “Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 3 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай”, “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Отгонбаярын “Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан өргөдлийн хариуг хуулийн хугацаанд өгөөгүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай”, “3.Захиргааны хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хуурамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй”, 3, 4 дэх заалтын дугаарыг “4, 5” гэж тус тус өөрчлөн, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ч.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. .
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН