Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2034

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2016/01175 дугаар шийдвэртэй,

                       

Нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХХ-д холбогдох,

 

            Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                        ХХХХХХ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                                  ХХХХХХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                           ХХХХХХ

Хариуцагчийн өмгөөлөгч:                                                     ХХХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:                           Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би эрүүл мэндийн төвд 20 жил ажилласан. Энэ байгууллагын Үйлдвэрчний хорооны тэргүүлэгчээр ажилчдын 100 хувийн дэмжлэгтэйгээр сонгогдон ажилласан. Намайг ажлаас халах болсон шалтгаан нь байгууллагын Үйлдвэрчний хорооны тэргүүлэгчийн хувиар шинэ удирдлага ХХХХХ 2013 оны 9 сард томилогдсон даруйдаа олон ажилчдыг орон тооны цомхтгол нэрээр ажлаас халж байгааг эсэргүүцэн ажилчдын эрх ашгийг хамгаалж хоёр, гурван удаа санал зөрөлдсөнтэй холбоотойгоор намайг удирдлагыг эсэргүүцэж байна, ажилчдыг турхирч байна, ХХХХХ тэргүүтэй хүмүүсийг байгууллагаас явуулъя гэсэн яриа гарах болсонтой холбоотой гэж үзэж байна. 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр надад сахилгын шийтгэл ногдуулсан байсныг би өөрөө мэдээгүй. Энэ талаар тушаалыг нь хэрэгт хавсаргаснаас хойш л олж мэдлээ. Би энэ байгууллагад ажиллаж байх хугацаандаа урд өмнө нь сахилгын шийтгэл гаргаж шийтгүүлж байсан удаа байхгүй. Намайг давтан зөрчил гаргасан, шалтгаангүй ажил тасалдаг, дүүрэг хорооны биш хүмүүсийг үздэг гэж байна. Би 20 хэдэн жил ажиллахдаа арга хэмжээ авахуулж байгаагүй бүх л амьдралаа энэ л ажилдаа зориулсан. Би ажил тасалж байгаагүй. Би хурууны хээгээ дараад л бүртгүүлээд явдаг. Хорооны биш хүмүүсийг үздэг гээд байна. Өвдөөд ирж байгаа хүмүүсийг үзэх нь миний үүрэг. Би гадаадын хүн ирсэн ч үзэх үүрэгтэй. Чи манай дүүргийн хүн биш байна гээд өвдсөн хүнийг үзэхгүй явуулж болохгүй. Дүүргийн хүмүүс бичиг баримтгүй, ядарсан хүмүүс байдаг болохоор бичиг баримтгүй бол үзэхгүй гэж бас л болохгүй байдаг. Дахин хэлэхэд би давтан сахилгын зөрчил болон хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргаагүй. Харин ч олон удаа шагнуулж явсан. Иймд ажилдаа эргэн орж, ажилгүй байсан үеийн цалингаа гаргуулж авах хүсэлтэй байна. Мөн нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХХХХ эмчийг 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Б/25 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.2.2, 11.3.7, 11.3.14, 12.1, 1.12, Хөдөлмөрийн гэрээний 47 дугаар зүйлийн 47.3, 47.5, 48 дахь заалтуудыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байгаа. ХХХХХ эмч 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр ажлын цаг ашиглалт хангалтгүй гэсэн үндэслэлээр сахилгын арга хэмжээ авагдсан байсан. Энэ нь цаг бүртгэлийн системээр тогтоогдсон байгаа. Сахилгын арга хэмжээ авагдсан гэдгийг мэдээгүй байх боломжгүй. Учир нь тухайн үед цалингаас нь суутгаж торгуулийн арга хэмжээ авсныг мэдсэн байх боломжтой гэж үзэж байна. Хоёр дахь зөрчил нь гэвэл эхний сахилгын шийтгэл хүлээлгэснээс хойш буюу 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл дахин цаг ашиглалт хангалтгүй байж 2 хоног цагийн бүртгэлээ өглөө болон орой бүртгүүлээгүй. Мөн 1 сарын хугацаанд ажлаас 280 минут хоцорсон зөрчлүүдийг гаргасан. Энэ нь хурууны хээгээр тогтоогдсон. Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд 2 хоног ажил тасалбал хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэж байгаа. Түүнчлэн хөдөлмөрийн гэрээний 47 дугаар зүйлийн 47.5-д заасан эмчилгээний стандартыг эмчийн эмчлүүлэгчдийн бүртгэлийн дэвтрээс харахад үзлэг хийсэн хүмүүсийн ихэнх нь манай дүүрэг болон хороонд бүртгэлгүй хүмүүст үйлчилгээ үзүүлснээр хөдөлмөрийн гэрээг зөрчсөн. Тиймээс эдгээр зөрчил болон, өмнөх гарсан зөрчлийг хамтад нь сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэл бий болж байгаагаас гадна, манай байгууллагын дотоод журмаар ажлын 2 хоног үндэслэлгүйгээр ажил тасалсан тохиолдолд ноцтой зөрчилд тооцон  хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан байдаг бөгөөд ХХХХХ эмчийн үйлдлүүд нь Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээний эдгээр заалтуудыг хангаж байх тул хөдөлмөрийн гэрээг нь цуцлах үндэслэл болсон гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч ХХХХХыг ХХХХ-ийн харшлын их эмчийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХХХ-ын ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 7 804 704 төгрөгийг хариуцагч ХХХХ-өөс гаргуулан нэхэмжлэгч ХХХХХт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ХХХХХ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ХХХХ-өөс 139 825 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХХХ-ын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагч ХХХХХ-д даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...2015 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн Б/247 тоот тушаалаар нэхэмжлэгч ХХХХХт сахилгын арга хэмжээ авсан бөгөөд сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа уг зөрчлөө дахин гаргасан тул давтан гэж үзэж ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан байна. Гэтэл шүүх өмнө нь сахилгын арга хэмжээ авагдсанаас хойш заавал 2 буюу түүнээс дээш удаа сахилгын зөрчил гаргасан байхыг шаардсан ойлголт гэж буруу дүгнэн тайлбарлалаа. Мөн хөдөлмөрийн гэрээнд ажил тасалсан тохиолдлыг ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан байгааг шүүх зөв дүгнэсэн боловч хариуцагчийн тайлбарыг хангалтгүй, нотлох баримтгүй гэж үнэлснийг зөвшөөрөхгүй. Эмнэлгийн үзлэгийн анхан шатны баримтыг хуурамчаар хөтөлсөн нэхэмжлэгчийн үйлдлийг ажил олгогч өөрийнхөө хэмжээнд шалган тогтоосон байх бөгөөд эрх бүхий байгууллага шалгаж дүгнээгүй гэсэн үндэслэл зааж үнэлэлгүй орхисныг зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн  шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                                ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч ХХХХХ нь хариуцагч ХХХХХ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Ажил олгогч ХХХХ-ийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар ХХХХХыг ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд уг тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэжээ.

 

            Ажилтан ХХХХХ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх боломжтой байдаг.

 

            Хариуцагч ХХХХХ нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ “...2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр цаг ашиглалт хангалтгүй гэсэн үндэслэлээр сахилгын арга хэмжээ авагдсан байсан бөгөөд 2 дахь зөрчил нь 2015 оны 12 дугаар сарын 09-ны өдрөөс 2016 оны 1 сарын 22-ны өдрийг хүртэл дахин цаг ашиглалт хангалтгүй байж 2 хоног цагийн бүртгэлээ бүртгүүлээгүй, хөдөлмөрийн гэрээний 47.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь ноцтой зөрчилд тооцогдоно...” гэж тайлбарлажээ.

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Б/247 дугаар тушаалаар ажлын цаг ашиглалт хангалтгүй гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримт тогтоогджээ. /хх 48-49 дүгээр тал/

 

            Харин 2 дахь зөрчил буюу 2015 оны 12 дугаар сарын 09-ны өдрөөс 2016 оны 1 сарын 22-ны өдрийг хүртэл өглөө 1, орой 2 удаа бүртгүүлээгүй, эрт явсан 313 минут ажил тасалсан, 118 минут хоцорсон гэж байгаа цагийн бүртгэлээр нотлогдож байна гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, гадаад хэл дээр бичигдсэн байгаа тул сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэх боломжгүй юм. /хх 44-47 дугаар тал/

 

Иймд нэхэмжлэгч ХХХХХ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдоогүй тул шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон нь зөв байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар чөлөөлөгдсөн ажилтны ажилд нь эгүүлэн тогтоосон бол ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг төлөх үүрэг ажил олгогч хүлээдэг. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж шийдвэрлэхдээ ажлаас чөлөөлөгдсөн тушаал гарсан өдөр буюу 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөө шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар тооцож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

            Шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар “...ажлаас буруу халсантай холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилты сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож ажилгүй байсан хугацаанд бодож нийт 7 804 704 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2016/01175 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч ХХХХийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХХХ-өөс улсын тэмдэгтийн хураамжид 139 825 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                  ШҮҮГЧИД                              Н.БАТЗОРИГ

 

                                                                 Ц.ИЧИНХОРЛОО