Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 77

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Хохирогч Э.Б,

Шүүгдэгч Д.Ч /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт А овогт Д-ийн Чт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2018000170032 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, А овогт Д-ийн Чт /регистрийн дугаар: ТК...../, 19... оны ... дугаар сарын ....-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, гагнуурын багш мэргэжилтэй, Дархан-Өргөө политехникийн коллежид гагнуурын багш ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум .... дугаар баг мангиртын .... дугаар хэсэг ................................ тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Д.Ч нь согтуурсан үедээ 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн  02 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт байрлах “Цагаан хаалга” гэх газрын орчим гэр бүлийн хардалтын улмаас эхнэр Э.Бийг зодож эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх, зүүн нүдний зовхи, зүүн сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь шүүгдэгч Д.Чийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Ч нь согтуурсан үедээ хардалтын улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Э.Бийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ч мэдүүлсэн “...Гэм буруугийн тал дээр ямар нэг маргаан байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2018000170032 дугаартай хэргээс:

 

Хохирогч Э.Бийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 12 сарын 22-ны өдөр манай ажлын шинэ жил болоод ажлынхантайгаа сууж байхад манай нөхөр Ч байн байн залгаад би утсыг аваагүй юм. Тэгэхэд Чийн дүү *****миний утас руу залгаад утсаа авсан чинь эгч ажлынхантайгаа байна гэж хэлсэн. ...Ажлаасаа гараад такси бариад явж байхад миний утасны цэнэг дуусаад таксины жолоочийн утсаар *****руу залгахад Ч ямар учиртай машинтай явж байгаа юм бэ урдаас чинь очиж байна гэж хэлсэн. Ингээд Мангиртын цагаан хаалга орчим явж байхад Ч урдаас машинтай ирээд гэрлээрээ дохиж зогсоогоод бууж ирээд миний сууж байсан талын машины хаалгыг татаж онгойлгоод шууд миний нүүр рүү нэг удаа хүчтэй цохиод буу гэж хэлсэн. Тэгэхэд миний би таксины жолоочид мөнгө өгөх гэж байхад Ч шууд миний толгойтой үснээс татаад машиныхаа ард намайг суулгаад өөрөө хажууд орж ирж суугаад шууд миний толгой руу гараа атгаж байгаад их олон удаа цохисон. ...Ч намайг нэг биш удаа зодож байсан, харин энэ удаагийнх шиг зодож байгаагүй, урьд нь зодуулаад цагдаа, эмнэлэгт хандаж байгаагүй.” гэх мэдүүлэг[1],

 

Гэрч Г.Т хэрэг бүртгэлтэд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...ах эхнэр Б рүү залгахад эгч утсаа авахгүй байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа би эгч рүү залгахад эгч утсаа авахгүй байсан. Хэсэг хугацааны дараа би эгч рүү залгахад утсаа аваад эгч нь шинэ жилээ тараад ажлынхантайгаа явж байна, удахгүй очно гэж хэлсэн. Тэгэхээр нь би эгчид дуусаад залгаарай очиж авъя гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би гэрт байж байтал ах гэнэт хоёулаа ер нь Бийн ажил руу нь явъя гэж хэлээд гэрээс машинтай хөдлөөд замд явж байтал эгч сууж явсан таксины жолоочийн дугаараас ах руу залгаад би одоо очиж байна гэж хэлэх шиг болсон. Тэгээд ах уурлаад чи сая ажлынхантайгаа явж байна гэж хэлчхээд юу яриад байна гээд хардаад утсаар бухимдаад эхэлсэн. Тэгээд ах бателоны цагаан хаалганы дэргэд машинтай зогсож байтал эгч нэг таксинд суучихсан урдаас ирж байсан. Тэр үед ах машиныхаа гэрлийг асааж дохиж тэр машиныг зогсоогоод эгчийг машинаас шууд үстэж чирч буулгасан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад машиныхаа хойно суулгасан. Тэгээд ах машины хойно эгч рүү чи хаана байсан гэж асуухад эгч хэлэхгүй гээд тэр хоёр маргалдаад байсан. Тэгээд намайг машин барьж байх хооронд ах гартаа барьсан утсаараа эгчийн толгой руу цохих шиг болсон. Тэгэхээр нь болиоч гэж хэлээд явж байтал эгч миний толгой хагарсан байна гэж хэлсэн. Тэгээд шууд эмнэлэгт очиж үзүүлсэн.” гэх мэдүүлэг[2],

 

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн материал: Өөрийн биеэр ирж үзүүлэв. Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудастай ирэв.

Хэсэг газрын үзлэгт: Дагзны зүүн талын хуйханд 2 см мэс заслын 3 оёдол бүхий зах ирмэгээр нимгэн тав тогтсон шархтай, зүүн нүдний дээд зовхинд 1.2х0.4 см, зүүн сарвууны гадна хэсэгт 6х4 см шимэгдэж байгаа бүдэг хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай.

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудсанд: 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02:10 минутад. Үндсэн зовуур: гар өвдөнө гэнэ.

Одоогийн өвчний түүх: Гэртээ нөхөртөө зодуулсан гэнэ.

Бодит үзлэгт: Биеийн байдал дунд, үзлэгт: дагз орчимд 3 см язарсан шархтай, зүүн гарын сарвууны ард зулгарал үүсэж улайсан.

Дүгнэлт: Э.Бийн биед дагзны хуйханд шарх, зүүн нүдний зовхи, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ц.Борхүүд учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 65 дугаар шинжээчийн дүгнэлт[3] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч Д.Чийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.1 дэх хэсэгт зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус хуулийн үйлчлэлд хамааруулахаар,

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”,

5.1.2.“гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг гэж тус тус тодорхойлжээ.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Э.Бийн эрүүл мэндэд учирсан дагзны хуйхны шарх, зүүн нүдний зовхи, зүүн сарвууны цус хуралт бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас хохирогчдын сэтгэл санаанд дарамт учруулсан, бие махбодод халдсан гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Д.Чийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг зургаан сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр нэг зуун мянган төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Ч нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Э.Бийн хүсэлт[4]-ээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

Хэрэгт шүүгдэгч Д.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Д-ийн Ч-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чт зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чт оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр нэг зуун мянган төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Н.ИДЭР

 


[1] Хавтаст хэргийн 4-5 тал

[2]  Хавтаст хэргийн 8 тал

[3] Хавтаст хэргийн 13-14 тал

[4] Хавтаст хэргийн 43 тал