Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 87

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Э.П /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Э-ийн П-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918007970063 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 12-ны  өдөр хүлээн авч, 2020 оны 2 дугаар сарын 27-ны  өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Б овогт Э-ийн П /регистрийн дугаар:ТА....../, 19... оны .... дүгээр сарын .... -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ....  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ..... дугаар багийн ....... ...... дүгээр гудамжны ............................тоотод түр оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй. Үүнд:

-1990 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн  хорих ял,

-1998 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-2007 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар  145.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял,

-2008 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял,

-2010 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 30.000 төгрөг хурааж, 6 сарын баривчлах ял, 

-2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жил 1 хоног хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч Э.П нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17 цаг 30 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “Хүүхэд хөгжлийн ордон”-ны орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас биеэ авч явах чадваргүй болсон иргэн М.Г-н цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль, бусаар авсны улмаас 721.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.П мэдүүлэхдээ: “2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажлаасаа бууж ирээд 22-ны өдөр хувцас авахаар бирж орж, өөртөө дотуур хувцас, ойр зуурын юм аваад, нэг шил архи авч, цайны газар орж хоол идэж байх хоорондоо нөгөө нэг шилтэй архиа уусан. Би хоолны газраас гараад “Арбат”-ын гудамжаар уруудаж явахад энэ ах согтуу замын хажууд хэвтэж байхаар нь босгож явуулах гэхэд эргэж унаад байсан учир би түүнийг зүс таньдаг таксины жолооч гэдгийг нь мэдээд, таксины буудал дээр таньдаг хүн байж магадгүй гэж бодоод, 18-ын буудал руу аваад явсан. Энэ ах би хүүхдийнхээ гэрт очно гэж хэлээд байсан. Хохирогч газар унаад байсан учир би 18-ын буудлын өмнө дэлгүүр орж тамхи авъя танд мөнгө байна уу гэхэд гартаа базсан байсан 50,000 төгрөгийг надад өгсөн. Хохирогчийн гар утсыг хүн авчих байх гэж бодоод, надад өгчих, би аваад байж байя гэж хэлээд гар утсыг нь аваад, дэлгүүр орж, архи, тамхи, ундаа аваад гараад иртэл энэ ах алга болсон байсан. Тэгээд би гэртээ очиж, авсан архиныхаа талыг уугаад тасарсан байсан. Өглөө сэрээд үлдсэн архийг уугаад, дахиад согтсон байсан. Тухайн үед энэ ахын талаар санахгүй байсан, харин цагдаа дээр очиж энэ ахыг хараад санасан. Болсон хэргийн талаар тодорхой санахгүй байна, хохирогч надад мөнгө өгөөд, би өгсөн мөнгөөр нь архи авч ууснаа санаж байна. Би хохирогчийн хохирол төлбөрийг өөрийнх нь нэхэмжилж байгаа дүнгээр хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрийг төлнө.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Г мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сард найзындаа очиж машины мотор солилцож өгөөд, явах гэтэл манай найз дуудаж, ганц юм ууя гэхээр нь тэр архийг нь хувааж уугаад явсан. Би архи уугаад тасарсан байсан. Намайг Тосгоны унаанаас буухыг энэ хүн хараад, намайг дагаад 18-ын буудал дээр ирж, намайг тосож аваад “Хүүхэд хөгжлийн төв”-рүү явсан байгаа юм. Миний цүнхтэй мөнгө, гар утсыг аваад явсан байсан. Нийт 500.000 төгрөг, гаражийн түлхүүр, гар утас байсан. Би дансанд хийхээр 500.000 төгрөг авч явсан, жижиг цүнхтэйгээ тэр чигтээ байхгүй болсон. Нийт 721.000 төгрөг нэхэмжилж байгаа.” гэв.

 

Эрүүгийн 1918007970063 дугаартай хэргээс:

 

Хүний биед үзлэг хийсэн: “...Э-ийн П нь саарал оруулгатай цэнхэр өнгийн малгай,  дээгүүрээ баруун ханцуй дээрээ улаан шар өнгийн оруулгатай хар өнгийн куртик, уг куртик ханцуй дээр жижиг бөөрөнхий дүрстэй, баруун энгэр хэсэгт жижиг цагаан бичигтэй байв.” гэх тэмдэглэл[1],

 

Эд мөрийн баримтаар тооцсон камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Дархан сумын 5 дугаар баг Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын ертөнцийн зүгээр зүүн урд зүгт доошоо харсан 1 дүгээр камерт үзлэг хийв. Камерийн бичлэгээр 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17 цаг 16 минут 00 секундээс 17 цаг 16 минут 00 секундийн хооронд Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын урд талд төв зам хажуу талд хэвтэж байсан гэх хүнийг саарал оруулгатай цэнхэр өнгийн саравчтай малгай, ханцуйн дээрээ улаан шар өнгийн оруулгатай хар өнгийн куртиктэй, баруун энгэр дээрээ жижиг цагаан бичигтэй, баруун ханцуйн дээрээ жижиг цагаан бөөрөнхий дүрстэй, хар өнгийн жинсэн өмд, хар өнгийн гуталтай эрэгтэй хүн сугадаж аваад зам хөндлөн гарах гэж байсан бичлэгийн хураан авав.” гэх тэмдэглэл[2],

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол[3],

 

Хохирогч М.Г хэрэг бүртгэлтэд 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн үед гэр лүүгээ харих замдаа “Хүүхэд хөгжлийн ордон”-ы уулзвар дээр тасарсан байдалтай унтаж байхад үл таних залуу ирээд миний цүнхэнд байсан бэлэн мөнгө 500.000 төгрөг, гэрийн түлхүүр, сейфний түлхүүр, ноте-5 маркийн гар утас зэргийг аваад явсан байсан. Би жаахан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан юм. Миний биеэ авч явах чадваргүй байдлыг минь далимдуулж эд зүйлийг хулгайлаад явсан байсан.” гэх мэдүүлэг[4],

 

Гэрч Г.С-ийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 10 сарын 22-ны орой 19 цагийн үед ажил дээрээ байж байтал манай нөхөр Батшандас ирээд аав архи уугаад гудамжинд тасраад унтчихсан байхаар нь гэрт оруулаад үлдээчихлээ гэж хэлсэн. Би хариад хартал аавын жижиг цүнх байхгүй байхаар нь хэвтэж байсан газрынх нь ойролцоох гадна камерыг шүүж үзэхэд цэнхэр өнгийн саравчтай малгайтай, жинсэн өмдтэй, хар өнгийн гуталтай, шар канттай хар өнгийн куртиктэй, 40 орчим насны залуу манай аав Г-н жижиг цүнхийг аваад явж байгаа бичлэг байсан.” гэх мэдүүлэг[5],

 

Гэрч Б.Н-ын хэрэг бүртгэлтэд 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 10 сарын 22-ны өдөр 16 цагийн орчим тосгоноос цагдаагийн газар орох гээд машинд дотор явж байхад цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан П гэх залуу замын эсрэг талд нэг эрэгтэй хүний хамт урдаасаа хойшоо чиглэлтэй нэлээн согтуу байдалтай явж байсан. Би Пн гэх залууг архи уугаад явж байна гэж бодсон. Тэгээд маргааш эд зүйлээ алдсан гээд цагдаагийн байгууллагад  өргөдөл гаргаад ирсэн хүн нь Пүрэвсүрэнтэй хамт явж байсан эрэгтэй хүн мөн байсан.” гэх мэдүүлэг[6],

 

Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “...иргэн М.Г эзэмшлийн бор өнгийн цүнх 1 ширхэг, Самсунг note-5 маркийн гар утас 1 ширхэг, хятад цоожны түлхүүр 3 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 221.000 /хоёр зуун хорин нэгэн мянган/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[7],

 

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд, шийтгэх тогтоолын хуулбар[8] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэгт үзлэг хийсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Э.П-н  холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

   Гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч Э.П нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17 цаг 30 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “Хүүхэд хөгжлийн ордон”-ны орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас биеэ авч явах чадваргүй болсон иргэн М.Г цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль, бусаар авсны улмаас 721.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Э.П-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

 

Шүүгдэгч Э.П нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.П-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, шунахай сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, ашиг олох гэсэн зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.

Шүүгдэгч Э.П-ээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол 721.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Гад олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Э.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Э.П нь “хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүхээс шүүгдэгч Э.П-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Э.П нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Э.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр шүүгдэгч нь урьд 6 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Шүүхээс шүүгдэгч Э.П-д эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.П-н  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Э.П нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шүүгдэгчийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон арван таван хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хасах, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Э-ийн П-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П-д нэг жилийн хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пүрэвсүрэнд оногдуулсан нэг жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П-н  2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон арван таван хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хассугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П-ээс 721.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Г-д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.П нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Пүрэвсүрэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, ялыг 2020 оны 2 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.ИДЭР

 


[1] Хавтаст хэргийн 7 тал

[2] Хавтаст хэргийн 8 тал

[3] Хавтаст хэргийн 11 тал

[4] Хавтаст хэргийн  13-14 тал

[5] Хавтаст хэргийн  16-17 тал

[6] Хавтаст хэргийн  18 тал

[7] Хавтаст хэргийн 23-23 тал

[8] Хавтаст хэргийн 36-48, 53-63, 68-69 тал