| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2020/0072/Э |
| Дугаар | 88 |
| Огноо | 2020-02-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 88
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгч С.Ч /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт С-н Ч-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918008760044 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт С-н Ч /регистрийн дугаар:ТД............/, 19......оны ....... дүгээр сарын ........-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ............. дүгээр багийн Партизаны ..............дүгээр гудамжны ..................... тоотод оршин суух хаягтай,улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч С.Ч нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт байрлах “Цуурай цо” ХХК-ийн эзэмшлийн хашаан дотор хувийн маргааны улмаас иргэн М.Э-н зүүн хөл рүү өшиглөж эрүүл мэндэд нь зүүн хөлийн шилбэний шаант ясны битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ч мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтад мэдүүлгээ өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргаж мэтгэлцэх зүйлгүй.” гэв.
Эрүүгийн 1918008760044 дугаартай хэргээс:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],
Хохирогч М.Э-н мөрдөн байцаалтад 2019 оны 12 дугаар сарын 19, 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10 цагийн орчим би ***** гээд таньдаг ахтай “Олон улсын худалдааны төв”-д хоол идчихээд бид хоёр салаад 0.33 литртэй Соёрхол архи уучхаад “Олон улсын худалдааны төв”-ийн урд байдаг зарж байсан машинуудыг үзэж байгаад “Цуурай цо” ХХК-ийн дулаан граж руу орсон чинь 2 хүн пилта нааж байхаар нь санаандгүй нааж байсан пилтан дээр гишгэсэн чинь гишгэлээ гээд тэр 2 залуугийн жижигхэн нь буюу Ч гэдэг залуу миний хөл рүү өшиглөхөөр нь бариад авсан чинь дахиад миний хөл рүү өшиглөсөн чинь хөл нээх эвгүй болоод явчихсан. Тэгсэн чинь намайг тэндээ гаргаад намайг түлхэж унагахаар нь би босоод хөл хугарчихлаа шүү дээ хөгшөөн гэсэн чинь намайг босоод сандал дээр суучих гээд босгоод байж бай гэж хэлээд сууж байгаад түргэн дуудсан. Тэнд байсан жижиг биетэй Чулуунбаатар гэх залуу нь намайг 2 удаа өшиглөсөн. Түүнээс өөр хүн намайг цохиж зодсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг[2],
Гэрч Д.М-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 11 цагийн үед авто гражаас машин гаргаад харуулын байранд иртэл манайд урьд нь ажиллаж байсан Э гэдэг залуу харуулын байрны үүдэнд сууж байхаар нь юу хийж суугаа юм бэ гэхэд пилта нааж байсан 2 залуу дээр ортол намайг чирч гаргаад хөл эвгүй болчихлоо ах гэж хэлсэн. Би пилта нааж байсан 2 залуу дээр ороод “Та хоёр энэ хүнийг аятайхан гаргачихгүй яасан юм, адилхан залуу хүн байж гэж хэлтэл бид хоёр тэгээд хийсэн ажлаа эвдүүлэх юм уу гэж уурлахаар нь би эргэж гарсан.” гэх мэдүүлэг[3],
Гэрч О.Б-ы хэрэг бүртгэлтэд 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...Би хамт барилгын ажил хийдэг Ч-тай хамт “Цуурай цо” ХХК-ийн ажлыг сар гаран хийж байгаа. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 9 цагийн орчим Ч бид хоёр ажлаа эхлээд шалны пилта нааж байсан. Тэгсэн 12 цагийн орчим согтуу залуу орж ирээд нааж байсан плитан дээр яваад ингэж ажиллахгүй гэхээр нь би чи болио чамайг ажил хийж байхад ингээд байвал яах вэ гэсэн. Тэгсэн чинь ***** хажууд очоод юм ярьж байснаа тэр 2 заамдалцахаар нь би боль боль гээд салгасан чинь Ч гар гээд түлхсэн чинь тэр залуу арагшаа хаалгаар унаснаа босож ирээд эргээд ороод ирэх гэхээр нь хаалга хаасан чинь өшиглөөд байсан.” гэх мэдүүлэг[4],
Гэрч П.Б-ын мөрдөн байцаалтад 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагийн орчимд Энхбаяртай уулзаад “Олон Улс худалдааны төв”-д хоол идчихээд би “Цуурай-цо” ХХК-луу ороод *****гадаа үлдээд бид хоёр салсан. Тэгээд би “Цуурай цо” ХХК-ийн 2 давхарт байж байгаад 11 цагийн орчим гараад ирсэн чинь *****гадаа хашаан дотор хаалганы үүдний тэнд согтуу хэвтэж байхаар нь чи яав гэхэд дотор пилта нааж байгаа хүн намайг өшиглөөд хөл хугалчихлаа гэхээр нь түргэн дуудсан юм уу, дуудах уу гэсэн чинь дуудчихсан гэсэн. Тэгсэн чинь удалгүй түргэн ирээд *****суулгаад явуулсан. Э-тай би өглөө уулзаад хоолонд ороход зүгээр явж байсан. Хөл нь гэмтэж бэртсэн зүйл байгаагүй. Э пилта нааж байсан залуутай маргалдаад миний хөлийг хугалчихлаа. Өшиглөчих шиг боллоо гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг[5],
Шинжээч эмч Д.Т-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр М.Э-ыг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн 311 дугаартай өрөөнд хэвтэж байхад нь очиж өөрийн биеэр үзсэн. Рентген зургийн мөн өвчний түүхийг үзсэн. М.Э-ын биед үүссэн гэмтэл нь 27 дугаартай дүгнэлтэд бичигдсэнээр хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тухайлбал зүүн хөл рүү юмаар цохигдох, өшиглөгдөх, хөшигдөх зэрэг үед үүсэх боломжтой.” гэх мэдүүлэг[6],
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 20 дугаартай “...М.Э-ын биед зүүн хөлийн шилбэний шаант ясны битүү хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. М.Э-т учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт[7],
Шүүгдэгч С.Ч-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд[8] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч С.Ч-ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Ч нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт байрлах “Цуурай цо” ХХК-ийн эзэмшлийн хашаан дотор хувийн маргааны улмаас иргэн***** зүүн хөл рүү өшиглөж эрүүл мэндэд нь зүүн хөлийн шилбэний шаант ясны битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Ч нь хохирогч***** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч С.Ч нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч С.Ч-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд хохирогч***** согтууруулах ундаа хэрэглэсний улмаас бусадтай зүй бус харьцсан харилцаа нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж үзлээ.
Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба хохирогч М.Э-ын эрүүл мэндэд учирсан зүүн хөлийн шилбэний шаант ясны битүү хугарал бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Ч-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч М.Э нь мөрдөн байцаалтад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч С.Чаас 2.400.000 төгрөг авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-т найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.Ч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч С.Ч-ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч С.Ч-т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг зургаан сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр нэг зуун мянган төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С-н Ч-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-т оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр нэг зуун мянган төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] Хавтаст хэргийн 3-6 тал
[2] Хавтаст хэргийн 9, 10-11 тал
[3] Хавтаст хэргийн 12-13 тал
[4] Хавтаст хэргийн 15 тал
[5] Хавтаст хэргийн 16 тал
[6] Хавтаст хэргийн 17 тал
[7] Хавтаст хэргийн 21-22 тал
[8] Хавтаст хэргийн 33-60 тал