| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2020/0045/Э |
| Дугаар | 50 |
| Огноо | 2020-01-31 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 50
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгч Д.Э- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э холбогдох эрүүгийн 1918008750037 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.Э 1983 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Э- нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Б.Б-ээс төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болох 337000 төгрөгийг данс андуурч шилжүүлснийг буюу тухайн эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 337000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр :
-Шүүгдэгч Д.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай нөхөр Мөнхдөл хувиараа цахилгаан сантехник зэрэг дуудлагаар хөлсний ажил хийдэг юм. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын эхээр манай нөхөр надад хандан “***** чиний дансруу миний цалин гээд 350.000 төгрөг орох байх шүү” гэж хэлж байсан юм. Тэгээд хэд хоногийн дараа буюу 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр миний хаан банкны ***** гэсэн дансруу 337000 /гурван зуун гучин долоон мянган төгрөг/ орж ирсэн. Тухайн үед би гар утсаа алга болгочихсон дэлгэц нь эвдэрчихсэн муухан утастай байсан болохоор хаанаас ямар учиртай мөнгө болохыг хараагүй, нөхрийн маань хийсэн ажлын цалин юм байлгүйдээ гэж бодоод тухайн мөнгийг хүнсний эд зүйл авч хэрэглэсэн юм.”
..Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3/,
-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт Б.Б-ээс гаргасан өргөдөл /хэргийн 4/,
- “Хаан банк” дахь Б.Б-ийн эзэмшлийн ***** дугаартай данснаас 337000 төгрөгийг Д.Э-ийн эзэмшлийн ***** дугаарын данс руу шилжүүлсэн тухай дансны хуулга /хэргийн 5-7/,
- “Хаан банк” дахь Д.Э-ийн эзэмшлийн ***** дугаартай дансны хуулга /хэргийн 8/,
-Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 18 цаг 45 минутын үед ***** гэдэг багш руу номны мөнгө шилжүүлэх гэж байгаад ***** ***** гэх хүний данс руу андуурч 337000 төгрөг шилжүүлсэн байсан юм. Тухайн үед номны мөнгө шилжүүлсэн гэж бодоод явж байсан. Тэгсэн чинь 2019 оны 11 сарын 25-ны өдөр ***** гэх багш номны мөнгөө хийгээч гэж ярьсан. Тэгээд дансаа шалгахад буруу гүйлгээ хийснээ мэдсэн юм. Тэгээд ХААН банкин дээр очиж ***** гэх хүн лүү яриулахад 2019 оны 12 дугаар сарын 10-ны дотор буцааж өгнө гэж хэлсэн байсан. Харин 10-ны дотор мөнгөө өгөөгүй учраас 2019 оны 12 сарын 16-ны өдөр цагдаагийн газарт гомдол гаргасан юм.
...2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр надад бэлнээр уулзаж байгаад 300000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 10-13/,
-Гэрч Д.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын эхээр санагдаж байна, *****рүү залгаад “номны мөнгөө өгөөрэй.” гэтэл “та дансаа шалгаад үз, би явуулсан” гэхээр нь дансаа шалгаж үзээд ирээгүй байна гэхэд “өөр данс руу явуулсан байна” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 16/,
-Гэрч Х.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сард над руу “Хаан банк”-ны дугаараас залгаад “танай охины дансанд 337000 төгрөг андуурч орсон байна, холбоо барих хэрэгтэй байна.” гэж байсан.
...Надад хэлэхдээ гэртээ мах, хоол хүнсний материал аваад дууссан гэж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 17-18/,
-Шүүгдэгч Д.Э-ийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хэргийн 59/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Д.Э- нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Б.Б-ээс төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болох 337000 төгрөгийг данс андуурч шилжүүлснийг буюу тухайн эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 337000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Д.Э-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-эд 337000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Б- нь мөрдөн байцаалтын шатанд “...2020 оны 01 сарын 20-ны өдөр надад бэлнээр уулзаж байгаад 300000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 10-13/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Д.Э-ээс гаргуулах төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Э- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Э- нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Д.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Э төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болохыг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 337000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Э 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд сар бүр 50000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Д.Э-т үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Д.Э-т анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-т хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ