Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 56

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгч Ш.А- /шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.А холбогдох эрүүгийн 1918008900033 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ш.А 1973 оны 12 дугаар сарны 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 19 дүгээр гудамжны 1 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд1 удаагийн ял шийтгэлтэй.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ш.А- нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн Хуучин хорооллын 1а-85 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч А.Б-ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

-Шүүгдэгч Ш.А-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...*****, ***** ах бид 3 дахиж архи авч уугаад нилээн согтсон байсан. Нэг мэдсэн чинь ***** намайг боож унагаад нүд нүүргүй цохиод байхаар нь босож ирээд *****ыг зөрүүлээд барьж аваад нүүр лүү нь гараараа хэд хэдэн удаа цохиод ноцолдож байгаад ***** бид 2 салаад ***** ахынхаас гараад гэр гэртээ харьсан.

...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,

 

-Хохирогч А.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагийн орчим эхнэр *****гийн хамт хуучин хорооллын 1а-85 тоотод байдаг ***** ахын гэрт очсон. ***** ах, эхнэр *****эгчийн хамт байж байсан. Тэгээд бид 4 нийлээд 0.75 литрийн 1 шил архи хувааж уугаад байж байтал 2 цагийн орчим Ажигч, эхнэртэйгээ 1 шил 0.75 литрийн архитай ирээд бид нар хувааж уусан. Тэгээд ***** ахын эхнэр *****эгч унтах гээд нөгөө өрөөндөө ороод, манай эхнэр ***** харилаа гээд яваад өгсөн. Тэгээд ***** ах, Ажигч бид 3 байж байгаад Ажигч манай эхнэрийг “одоо гэртээ хариагүй байгаа нэг газар янхантаад хэвтэж байгаа.” гээд яриад байхаар нь Ажигчийг боогоод цохисон. ***** ах салгасан чинь Ажигч намайг шууд зөрүүлж цохиод намайг зодсон. Нэг мэдсэн би шалан дээр хэвтэж байгаад сэрээд шууд ***** ахынхаас гараад гэр лүүгээ явсан.

...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 4/,

 

-Гэрч Э.У-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тэгээд гэртээ байж байсан чинь манай нөхөр ***** 21 цагийн орчим 2 нүд нь хавдчихсан, хамраас нь цус гарчихсан орж ирэхээр нь эмнэлэг рүү ирсэн.

...***** гэрт ирээд “Ажигч намайг зодсон чинь ***** ахыг салгах болов уу гэж бодсон чинь тал талаас өшиглөөд зодсон.” гэж ярьсан.” гэх мэдүүлэг /хэргийн 7-8/,

 

-Гэрч Б.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 12 сарын 17-ны өдрийн 11 цагийн орчимд ***** эхнэртэйгээ ирээд ***** манай эхнэр бид 4 архи ууж байсан чинь Ажигч эхнэртэйгээ ирсэн. Тэгээд хоол унд хийж идчихээд бид нар нэг шил архи хуваагаад ууж байхад *****ын эхнэр гараад явсан. Тэгээд байж байсан чинь Ажигч, ***** 2 маргалдаад нэг нэгнийгээ цохилцож аваад боолцохоор нь би боль гээд салгасан чинь тэр 2 учир зүггүй зодолдоод унасан. Тухайн үед тэр 2 яг юунаас болж маргалдсан гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд би тэр хоёрыг зодолдоод байхаар нь “гар, явцгаа” гээд гаргаад гэртээ унтаад үлдсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 9/,

 

- Гэрч Ж.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд хоол унд хийгээд бид нар юм яриад сууж байсан чинь 16 цагийн орчим ***** хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь явуулна гээд *****ыг явъя гэсэн чинь ***** явахгүй гэсэн. Тэгээд *****  гараад явсан. Тэгсэн чинь юм ярьж сууж байгаад *****, Ажигч хоёр муудалцаад байсан. Яг юунаас болсныг мэдэхгүй. Тэгсэн чинь ***** Ажигчийг барьж аваад боогоод цохихоор нь салгасан чинь Ажигч *****ыг буцаагаад цохиод тэр хоёр зодолдсон. Тэгээд арай гэж салгаад би Ажигчийг авч гараад гэрлүүгээ харьсан.” гэх мэдүүлэг /хэргийн 12/,

 

-“Ш.А-ийн биед баруун нүдний зовхины цус хуралт тогтоогдлоо. Дээрхи цус хуралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг цус хуралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 14-17/,

-Яаралтай тусламжийн хуудас /хэргийн 16-17, 23-24/,

 

-“А.Б-ын биед тархи доргилт, нүүр, цээжний зүүн өмнө хэсгийн зөөлөн эдийн цус хуралт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. А.Б-ын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 38 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 21-22/,

 

-Ш.А-аас гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хэргийн 60/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Ш.А- нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн Хуучин хорооллын 1а-85 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч А.Б-ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, нүүр, цээжний зүүн өмнө хэсгийн зөөлөн эдийн цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 38 дугаартай шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудсаар /хэргийн 21-24/ нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Ш.А-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Б-ын биед “тархи доргилт, нүүр, цээжний зүүн өмнө хэсгийн зөөлөн эдийн цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирогч А.Б- нь мөрдөн байцаалтын шатанд “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 4/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Ш.А-аас гаргуулах төлбөргүй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ш.А- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ш.А- нь бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг нь харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн нөхцөл байдлуудыг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ш.А-ид анхааруулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ш.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ш.А -д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Ш.А-ид оногдуулсан торгох ялын 500000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сард 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ш.А-ид үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Ш.А-ид анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.А-ид хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Я.ТУУЛ