| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0180/Э |
| Дугаар | 57 |
| Огноо | 2020-02-05 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 57
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Наранзаяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгч Д.О- /шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д.О-д холбогдох эрүүгийн 1918000000178 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс ирүүлснийг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.О 1984 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.О- нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг 22 дугаар байранд байрлах гутал засварын газрын ажилтан Д.Ч-ийн Самсунг трэнд 350 загварын гар утсыг “...утсаар чинь яриад өгье” гэж хуурч авч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Шүүгдэгч Д.О-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Д.Ч-ийг таньдаг байсан. Мобикомын сүлжээнд үнэгүй ярьдаг болохоор нь гар утсыг нь авсан. Буцааж өгөөгүй нь миний буруу. Гар утсыг нь хүнд 10000 төгрөгөөр зарсан. Гар утсыг нь буцааж өгсөн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Цагаан өнгөтэй, арын тагны ирмэгүүд хагарсан, ар хэсэгт нь 352913/06/351047/1 гэсэн сериал бичиглэлтэй Самсунг тренд загварын гар утсыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 7-8/,
-Цагаан өнгөтэй, 352913/06/351047/1 сериал дугаартай Самсунг тренд загварын гар утсыг хохирогч Д.Ч-т хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 10/,
-Хохирогч Д.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дархан сумын 13 дугаар багийн 22 дугаар байрны зоорийн давхарт байрлах гутал засварын газартаа байж байтал зүс таних манай хуучин хорооллын залуу орж ирээд “эгч ээ, гар утсаа өгч байгаач, ганц ярьчихаад өгье, энд сүлжээ унаад байх шиг байна.” гэж хэлээд миний гар утсыг аваад гадагшаа гарсан. Гэтэл буцаж орж ирэхгүй болохоор нь нөхрийнхөө гар утсаар өөрийн гар утас руу залгахад нөгөө залуу “одоохон, би ойрхон явж байна.” гэж хэлсэн. Тэгээд дахиад 30 минут орчим хүлээгээд орж ирэхгүй болохоор нь гар утас руугаа залгахад холбогдох боломжгүй болсон байсан. Би алдсан гар утсаа буцааж авсан. Одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 12/,
-Гэрч О.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр *****буюу Д.О-,***** буюу ***** 2 манай ажил дээр ирээд “нэг шил архи уух гэсэн юм.” гээд Самсунг тренд загварын гар утсыг 15000 төгрөгөөр аваач гэж хэлсэн. Би авахгүй гэхэд ядаж 12000 төгрөгөөр аваач гэж гуйсан. Надад 10000 төгрөг л байна гэхэд *****, *****хоёр надаас 10000 төгрөг аваад явсан. Би *****г өөрийнхөө гар утсыг зарж байна гэж бодсон. *****надад 10000 авчирч өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 15-17/,
-“Капитал зууч” ХХК-ийн “2019 оны 3 дугаар сарын 29-ний байдлаар иргэн Д.Ч-ийн эзэмшлийн Самсунг тренд-350 загварын хэрэглэж байсан гар утас 250.000 төгрөг байна.” гэх дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 20-21/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Д.О-гийн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн 22 дугаар байранд байрлах гутал засварын ажилтан Д.Ч-ийн Самсунг трэнд 350 загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Д.О-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Ч-т 250000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Ч- нь алдсан гар утсаа биет байдлаар нь буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.Ч-ийн өгсөн “...Би алдсан гар утсаа буцааж авсан. Одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 12/, Цагаан өнгөтэй, 352913/06/351047/1 сериал дугаартай Самсунг тренд загварын гар утсыг хохирогч Д.Ч-т хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 10/ зэргээр нотлогдож байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Д.О-гээс гаргуулах төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.О- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь урьд 3 удаа ял шийтгүүлж байсан бөгөөд энэ нь түүнд ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй боловч түүний хувийн байдлыг харуулж байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан боловч шүүгдэгч Д.О-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатайгаар оргон зайлж, улмаар Зөрчлийн тухай хуулийн дагуу 15 хоног баривчлагдсан зэрэг түүний хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Д.О-гийн энэ хэрэгт 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 52 хоног, 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 32 хоног, нийт 84 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.О бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.О-д 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.О-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Д.О-гийн цагдан хоригдсон 84 /наян дөрөв/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ