Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 58

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Х.Х- /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Х холбогдох эрүүгийн 1918007960006 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Х.Х 1996 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан зах дээр ачигч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Найрамдлын 07-02 тоотод оршин суудаг, урьд 3 удаа ял шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Х.Х- нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ноос 11 дүгээр сарын 08-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар баггийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвин буудай” зочид буудлын өрөөнөөс иргэн О.Б-ын 1556566 төгрөгтэй голомт банкны карт, мөн “Самсунг S8” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч, нийт 1906566 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Х.Х-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр би тэр залуутай Арвин далай зочид буудалд ууж байгаад гар утас болон голомт банкны виза картыг авч явсан нь үнэн. Тухайн орой би буудлаас гарахдаа буудлын үйлчлэгчээс гуйгаад 2000 төгрөгийн шимтгэлтэй 70000 төгрөг уншуулж бэлнээр авч гарсан. Тэгээд тухайн үед би виза картын уншуулж Арбатын “Баяр” супер маркетийн хажууд байрлах АТМ-ээс 20.000, 100.000, 80.000, 800.000 төгрөгөер тус тус 5 удаа уншуулж бэлэн 1.000.000 төгрөг авсан. Тэгээд бодохоор буудалд болон АТМ-д уншуулсан мөнгөний нийт дүн 1.072.000 төгрөг болсон гэсэн үг би өөр мөнгө аваагүй.

...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5/,

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт иргэн О.Б-оос гаргасан өргөдөл /хэргийн 6/,

-О.Б-ын эзэмшлийн 4309149739 дугаартай Голомт банкны дансны хуулга /хэргийн 7/,

-Х.Х-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 8-11/,

 

-Хохирогч О.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө 23 цагийн үед хуучин Дархан буюу Арбатын гудамжинд явж байтал үл таних залуу над дээр ирж намайг татаж чангаагаад байхаар нь “чи яах гээд байгаа юм.” гэх мэт зүйл ярьж байгаад бид хоёр танилцаж жаахан юм ярьж сууж байтал тэр залуу “найздаа ганц юм өгөөч” гэхээр нь би дэлгүүрээс нэг шил архи аваад “Арвин далай” буудалд өрөө авсан. Тухайн үед би их согтуу байсан болохоор цаг хугацаа, болсон асуудлын талаар санахгүй байна. Ямар ч байсан би шөнө гэнэт буудалд ганцаараа сэрээд цаг хартал шөнийн 2 цаг болж байсан. Тэгээд би эд зүйлээ бүртгэж үзтэл миний гар утас, голомт банкны карт алга болсон байсан. Тэгээд би буудлын үйлчлэгчид болсон асуудлын талаар хэлтэл “чамтай хамт явсан залуу таны виза картыг 2000 төгрөгийн шимтгэлтэй 70000 төгрөг уншуулж бэлнээр аваад явсан” гэж хэлсэн ба буудалд байхдаа би үйлчлэгчийн утаснаас интернет банкаар дансны үлдэгдлээ шалгаж үзтэл 01 цаг 40 минутад буудалд 70000 төгрөг уншуулснаас хойш 02 цаг 49 минутад 20.000, 02 цаг 50 минутад 100.000, 80.000, 02 цаг 51 минутад 800.000 төгрөгийн тус тус 4 удаагийн үйлдлээр нийт 1.000.000 төгрөгийн зарлага гарсан байх тул цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед миний виза картнаас нийт 1072000 төгрөгийн зарлага гарсан байна.

...намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг /хэргийн 13-14/,

 

-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны байдлаар 350000 /гурван зуун тавин мянга/ төгрөг байна.” гэх 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 21-22/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Х.Х- нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвин буудай” зочид буудлын өрөөнөөс иргэн О.Б-ын 1556566 төгрөгтэй голомт банкны карт, “Самсунг S8” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч нийт 1906566 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Х.Х-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Б-од 1906566 төгрөгийн хохирол учирсан болох нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 21-22/, дансны хуулга /хэргийн 7/ зэргээр нотлогдож байна.

 

Гэвч О.Б-ын эзэмшлийн 4309149739 дугаартай Голомт банкны дансны хуулгийг нягталж үзэхэд 2019 оны 11 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд нийт 1166400 төгрөгийн зарлага гарсан байх бөгөөд О.Б-ын эзэмшлийн “Самсунг S8” маркийн гар утсыг 350000 төгрөгөөр үнэлсэн байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1-т “бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилсан тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1516400 төгрөгийг шүүгдэгч Х.Х-аас гаргуулж, хохирогч О.Б-од олгохоор шийдвэрлэв.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Х.Х- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн болон ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.Х-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул ар гэрийн амьдралын нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 300 цагийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х.Х бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 1906566 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.Х 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Х-т анхааруулсугай.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.Х-аас 1516400 /нэг сая таван зуун арван зургаан мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж, хохирогч О.Б-д олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Х.Х- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Я.ТУУЛ