Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2018/00692

 

Э.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02658 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2579 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Э.М-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Ч” ХХК-д холбогдох,

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан Эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Одгариг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрбадрах, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Ч” ХХК-тай 2009 оноос эхлэн Хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус банкны Эрсдэлийн удирдлагын хэлтсийн ажилтнаас эхлэн Эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирлын албан тушаалд томилогдон ажилласан. Тус банкинд ажиллаж байх хугацаандаа өөрийн хүч хөдөлмөр, мэдлэг боловсролыг бүрэн дайчилж, идэвхи зүтгэлтэй ажиллаж ирсэн. Миний бие өөрийн боловсрол, мэдлэг, туршлагыг нэмэгдүүлэх зорилгоор 2015-2016 онд Люксембургийн Их Сургуульд Банк санхүүгийн шинжлэх ухааны магистрийн зэрэг хамгаалахаар явах болсон тул 2015 оны 09 дүгээр сарын 10-нд “Ч” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын №91 тоот Захиргааны чөлөө, тэтгэмж олгох тухай тушаал гарч, надад нийт 18 сарын хугацааны чөлөө олгосон. Ийнхүү Люксембургийн Их сургуульд Банк санхүүгийн шинжлэх ухааны магистрийн зэргийг амжилттай хамгаалж буцаж ирсэн бөгөөд улмаар захиргааны чөлөө дуусахаас өмнө “Ч” ХХК-ийн Үйл ажиллагааны газарт Өргөдөл гаргаж, өмнөх ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг гаргасан. Гэтэл “Ч” ХХК-ийн зүгээс хүсэлтэд хариу өгөөгүй бөгөөд улмаар 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр №135 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай “Гүйцэтгэх захирлын тушаал гаргаж, намайг ажил олгогчийн зөвшөөрөлгүй өөр байгууллагад байнгын ажлын байранд ажиллан, ашиг сонирхлыг нь төлөөлж хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж байх тул хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсугэй” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу ажлаас халсан байна. “Ч” ХХК-тай байгуулсан Сургалтын гэрээнд ажилтныг сургуулиа төгсөөд ирэхэд нь банк ажлын байраар хангах гэж заасны дагуу тус байгууллага нь намайг ажилд эгүүлэн авах үүргээ биелүүлээгүй мөртлөө хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. 

Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан Эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Э.М- нь тус банкинд Эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирлаар ажиллаж байгаад 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр банкны зардлаар Люксембургийн вант улсад банк санхүүгийн шинжлэх ухааны магистрт суралцах хүсэлт гарган гүйцэтгэх захирлын 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 91 тоот тушаалаар 2015-2016 оны хичээлийн жил эхлэх өдрөөс эхлэн 18 сарын чөлөө болон 10 000 ам.доллар, сургууль төгсөж ирээд 5 жил тогтвортой ажиллах талаар шийдвэрлүүлсэн байдаг. Улмаар тушаалаар олгосон чөлөөний хугацаа дуусаагүй байхад 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтийг гаргасан бөгөөд Чнаас тухайн хүсэлтийг шийдвэрлэх явцад Хөдөлмөрийн тухай хууль болон Чтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Сургалтын гэрээний заалтуудаа тус тус зөрчин 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Капитрон банкинд Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар томилогдсон талаар мэдээлэл Капитрон банкны цахим хаягт байршсан байдаг. Уг асуудлыг тодруулах, шийдвэрлэх зорилгоор Чны зүгээс Э.М-тай уулзалт зохион байгуулсан боловч үнэн, бодит мэдээлэл өгөхөөс зайлсхийж ямар нэгэн албан тушаалд ажиллаж байгаа зүйлгүй төсөл хөтөлбөрийн хүрээнд гэрээтэйгээр ажиллаж байгаа талаар мэдэгдсэн байдаг. Гэсэн хэдий ч Монголын банкны холбооны 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 17/05 тоот тушаалаар Капитрон банкийг төлөөлж холбогдох хороонд гишүүнээр ажиллаж байгаа нь батлагдсан тул гүйцэтгэх захирлын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 135 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх хэсэгт “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасныг үндэслэн Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.5.8-т тухайлан заасан Өөр байгууллага, аж ахуйн нэгжийн ашиг сонирхлыг төлөөлсөн гэх ноцтой зөрчилд тооцох заалтыг баримтлан ажлаас чөлөөлж түүнтэй байгуулсан Сургалтын гэрээнүүдийн дагуу Чнаас олгосон сургалтын зардлуудыг буцаан төлүүлэхээр харъяалах шүүхэд нэхэмжлэл гарган холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа болно.

Нэхэмжлэлд Сургалтын гэрээний 3-т ...сургалтын хүрээнд олгогдсон үнэмлэх, гэрчилгээ түүнтэй адилтгах бусад тодорхойлох баримтыг Банкны хүний нөөцийн албанд ирүүлж, сургалтыг баталгаажуулна гэж заасны дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, холбогдох сургалтанд амжилттай төгссөн гэх боловч ямар нэгэн сургалттай холбоотой төгссөн тухай баримт бичгийг Чинд хүргүүлээгүй байгааг харгалзан үзэх нь зүйтэй. Мөн түүнчлэн нэхэмжлэгч Э.М-д ажлаас чөлөөлсөн тушаалыг гарсан өдөр нь хүлээлгэн өгөх гэтэл хуульд заасан зохицуулалтад үл хүндэтгэлтэй хандан хүрэлцэн ирээгүй тул Чны ажилтан Капитрон банкны Эрсдэлийн удирдлагын газарт очин тушаалыг гардуулж гарын үсгээр баталгаажуулсан болно. 

Иймд дээр дурдсан бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02658 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.М-ын Ч ХХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан Эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.М- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2579 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02658 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйн улмаас шийдвэр, магадлал үндэслэлгүй болсон. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон хүсэлтдээ “Капитрон банкинд ажиллаж байгааг Монголын банкны холбооны гүйцэтгэх захирлын 17/05 тоот тушаалаар мэдсэн” гэж тайлбарладаг. Монголын банкны холбооноос хариуцагч болох Чны захирал С.Сандагдоржид 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 15.06 цагт цахим шуудангаар хүргүүлсэн тухай тодорхойлолт хавтаст хэргийн 109, 110 дугаар талд авагдсан байна. Мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны явцад илтгэгч шүүгчээс хариуцагчийн төлөөлөгчөөс “Танайх Капитрон банкинд ажиллаж байгааг хэзээ мэдсэн бэ гэж асуухад хариуцагчийн төлөөлөгч банкны холбооны уулзалт 2017 оны 03 дугаар сард болоход мэдсэн” гэж хариулсан байна. Харин ажлаас чөлөөлсөн тушаал 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гарсан байдаг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас харагддаг. Банкны холбооны уулзалтаар эсхүл шуудангаар хүргүүлсэн тушаалаар мэдсэний аль нь болохоос үл хамааран ажил олгогчийн зүгээс илрүүлсэн өдрөөс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулж чадаагүй буюу хууль зөрчсөн байгааг анхан болон давж заалдах шатны шүүхээс анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Ажил олгогчийн зүгээс эхний ээлжинд зөрчил гэж үзсэн үйлдлээ илрүүлнэ, дараа нь түүнд тохирсон шийтгэлийг ногдуулахаас өмнө хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхийг шалгах нь одоо мөрдөгдөж буй Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалттай нийцэх юм. Энэ хуулийн урьдач нөхцлийг хангасан эсэхийг эхний ээлжинд анхан болон давж заалдах шатны шүүхээс шалгах ёстой байсан юм. Давж заалдах шатны шүүхээс зөрчлийн талаар хариуцагч хэзээ мэдсэнийг асууж тодруулах замаар асуудлыг мухарласан байх хэдий ч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Хариуцагч өөрөө “2017 оны 3 дугаар сард” буюу “хөдөлмөрийн гэрээг цуцлахаас 2 сарын өмнө” банкны холбооны хурал болоход мэдсэн гэдгээ мэдүүлэх замаар хуулийн хугацааг баримтлаагүй гэм буруугаа хүлээсээр байхад үүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзээгүйд гомдолтой байна. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь заалтыг хэрэглэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

Анхан шатны шүүхээс хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Чны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Сандагдорж нь “хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” гүйцэтгэх захирлын тушаалыг гаргасан байдаг. Мөн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Сандагдорж нь хариуцагч Чийг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон байна. Дээрх баримтуудаар С.Сандагдорж нь компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий “Гүйцэтгэх захирал” биш болох нь нотлогдож байна. Компанийн тухай хуулиар гагцхүү Гүйцэтгэх захирал итгэмжлэлгүйгээр компанийг төлөөлөх эрхтэй байдаг. Хавтаст хэрэгт С.Сандагдоржид эрх олгосон тухай төлөөлөн удирдах зөвлөлийн болон хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр огт авагдаагүй. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч ямар эрхтэй талаар зохицуулсан компанийн дүрэм мөн авагдаагүй. Эдгээр баримтыг авч шалгаагүй. Хуульд заасан эрхтэй гүйцэтгэх захирал биш болох нь тодорхой байхад хариуцагчийг төлөөлж бусдад эрх олгох эрхтэй эсэхийг огт нягтлалгүй түүнээс эрх олгогдсон этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагаанд оролцуулсан байна. Энэ асуудлыг тодорхой болгох үүднээс Чны дүрэм, гэрчилгээг хариуцагчаас гаргуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бичгээр шүүхэд гаргасан боловч 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/Ш32017/1395 тоот шүүгчийн захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдсан гэсэн боловч хавтаст хэрэгт Чны улсын бүртгэлийн гэрчилгээ огт авагдаагүй болно.

Түүнчлэн С.Сандагдорж нь өмнөх гүйцэтгэх захирлын бусадтай байгуулсан “хөдөлмөрийн гэрээг цуцлах” эрхтэй эсэхийг шалгахад ТУЗ-н шийдвэр, ХЭХ-н шийдвэр, Чны дүрэм шаардлагатай байсныг анхан болон давж заалдах шатны шүүхээс анхаарч үзээгүй байна.

Дээрх байдлаар анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 38 дугаар зүйлийн 38.3 дахь заалтыг тус тус зөрчсөн байна. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Энэ хуулийн 28 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд ажилтан хэд хэдэн ажил олгогчтой хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээ байгуулан ажиллаж болно”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Хуулийн этгээдэд эд хөрөнгө захиран зарцуулах эрх мэдэл хэрэгжүүлэх ажил, албан тушаалд ажилладаг ажилтан адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өмчийн бусад төрөл, хэлбэрийн өмчлөгчтэй эрхэлж байгаа ажил, албан тушаалтайгаа ижил, эсхүл удирдах, хяналт тавих шинжтэй ажил, албан тушаалд ажиллахаар зэрэгцсэн гэрээ буюу контракт байгуулахыг хориглоно” гэж заасан байна. Хуулийн ойлголтоор ажилтан хэд хэдэн ажил олгогчтой хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээ байгуулан ажиллахыг хориглоогүй бөгөөд харин \...эд хөрөнгө захиран зарцуулах эрх мэдэл хэрэгжүүлэх ажил, албан тушаалд ажилладаг ажилтан...\-ыг адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өмчлөгчтэй эрхэлж байгаа албан тушаалтайгаа ижил, эсхүл удирдах хяналт тавих ажил, албан тушаалд ажиллахаар зэрэгцсэн гэрээ байгуулахыг хориглосон байхад шүүх нэхэмжлэгч З.Мөнхжаргал “Ч” ХХК-д эд хөрөнгө захиран зарцуулах эрх мэдэл хэрэгжүүлдэг эсэх нь нотлогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд Э.М-ыг Эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирал гэсэн ажил, албан тушаалд ажиллуулахаар тохиролцсон боловч ажилтны эрх үүрэг болон ажил үүргийн тодорхойлолтод эд хөрөнгө захиран зарцуулах эрх мэдэл хэрэгжүүлэх талаар ямар нэгэн эрх олгогдоогүй байх тул Э.М- нь Хөдөлмөрийн хуулийн 26 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Харин “Ч” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээнд “...өөр байгууллага, аж ахуйн нэгжийн ашиг сонирхлыг төлөөлсөн...” гэх үндэслэлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон, хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болгон зааж оруулж байгаа нь Хөдөлмөрийн хуулийн 26 дугаар зүйлтэй зөрчилдөж байх тул мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.5-д заасны дагуу уг заалт хүчин төгөлдөр бус байна. Хуулиар өөр байгууллагад хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээ байгуулахыг хориглоогүй байхад тэр байгууллагынхаа ашиг сонирхлыг төлөөлсөн гэж ажилтныг буруутгах нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тэгээд ч өөр байгууллагын ашиг сонирхлыг төлөөлөх гэж хууль зүйн ямар ойлголт болох, Хөдөлмөрийн болон Иргэний хуулийн ямар заалтаар үүнийг томьёолох, ашиг сонирхлыг төлөөлөх гэж ямар үйлдлийг ойлгох, ингэж төлөөлсөн нь “Ч” ХХК-ийн эсрэг үйл ажиллагаа гэж ойлгох эсэх зэрэг нь тодорхойгүй байхад хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болгож, шүүх түүнийг нь баримтлан шийдвэрлэж байгаа нь ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан үйлдэл болжээ.

Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гэдэг нь Иргэний хуулийн томьёоллоор гэрээний үүрэг зөрчигдсөнөөс хохирол учирсан байх хууль зүйн ойлголт бөгөөд Э.М-ын хувьд хөдөлмөрийн гэрээний үүргээ зөрчсөнөөс “Ч” ХХК-д ямар хохирол учирсан, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц ямар сөрөг үр дагавар бий болсон нь тодорхойгүй байхад сахилгын ноцтой зөрчил гаргасан мэтээр, хуульд зааснаас дордуулсан нөхцлийг үндэслэл болгон ажлаас халж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн Э.М- нь захиргааны чөлөөтэй байх хугацаандаа ажилдаа эргэн орох хүсэлт тавихад нь шийдвэрлээгүй мөртлөө түүнийг ажил үүргээ гүйцэтгэж байгаа мэтээр үзэж сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халж байгаа нь ойлгомжгүй байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажил үүргээ гүйцэтгэх, захиргааны чөлөөтэй байх хугацаанд ажил албан тушаал нь хэвээр хадгалагдах нь хууль зүйн хоёр тусдаа ойлголт бөгөөд үүнийг ялгаж салгахгүйгэзр ажил үүргээ гүйцэтгэж байгаа мэтээр үзэж өөр байгууллагыг төлөөлсөн гэж байгаа нь үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуульд ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдах үндэслэлд хөдөлмөрийн гэрээнд заасан тохиолдлыг хуульчилсан бөгөөд Э.М-ын хувьд хөдөлмөрийн гэрээний 7.2.2-т зааснаар сургалтад хамрагдаж байсан байх тул хуулийн дээрхи зохицуулалтаар ажилдаа эргэн орж ажиллах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах шаардлага бүхий, “Ч” ХХК-д холбогдох Э.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасан байна.

Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нь эвлэрч, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн эвлэрлийн гэрээг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Э.М- нь хариуцагч “Ч” ХХК-иас олгосон 1 388 евро, 2 240 800 төгрөг, 10 000 ам.долларын тэтгэмжээс 20 000 000 төгрөгийг буцаан төлсөн ба Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзсан байна. Харин “Ч” ХХК нь олгосон тэтгэмжийнхээ үлдэх хэсгийг шаардах эрхээс татгалзаж, Э.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг “ажилтны санаачилгаар” дуусгавар болгохоор эвлэрлийн гэрээнд тус тус заажээ.

Эвлэрлийн гэрээний дээрх нөхцөл нь хууль болон гуравдагч этгээдийн эрхийг зөрчөөгүй, талууд ийнхүү эвлэрэхдээ хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, сайн дурын үндсэн дээр тохиролцоонд хүрсэн, эвлэрлийн гэрээ байгуулсаны эрх зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүхэд мэдэгдсэн болно.

Дээрх байдлыг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4., 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2017/02658 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2579 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, Э.М-ын нэхэмжлэлтэй, “Ч” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                         Ц.АМАРСАЙХАН