Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 60

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,  

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Өсвөр насны шүүгдэгч  М.А-ын хууль ёсны төлөөлөгч Ц.Наранхүү,

Өсвөр насны шүүгдэгч  Л.Б-ийн хууль ёсны төлөөлөгч *****,

Өсвөр насны шүүгдэгч  О.Ө-ын хууль ёсны төлөөлөгч*****,

Шүүгдэгч Н.М-ын өмөөлөгч Ө.Өлзиймаа,

Өсвөр насны шүүгдэгч М.А-ын өмгөөлөгч П.Батжаргал,

Өсвөр насны шүүгдэгч Л.Б-, О.Ө- нарын өмгөөлөгч Ж.Туяа,

Шүүгдэгч Н.М-, өсвөр насны шүүгдэгч М.А-, Л.Б-, О.Ө- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт Н.М-, М.А-, Л.Б-, О.Ө- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1918007260589 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, Н.М ******* Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд болосролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

 

2. Монгол Улсын иргэн,  О.Ө 2003 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн Б бүлгийн сурагч, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

 

3.Монгол Улсын иргэн, Л.Б, 2002 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 18 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сантехникийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

 

4. Монгол Улсын иргэн, М.А 2002 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн В бүлгийн сурагч, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

Шүүгдэгч Н.М-, өсвөр насны шүүгдэгч О.Ө-, М.А-, Л.Б- нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 6 дугаар баг *******инд иргэн Д.Т-д хүч хэрэглэн эрх чөлөөнд нь халдаж, түрийвчтэй бичиг баримт, биет 21000 төгрөг, хайрцагтай тамхийг нь дээрэмдэж авсан,

-мөн 2019 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 7 дугаар баг Сэргэлэнгийн 8 дугаар гудамжинд иргэн Б.Ц-, З.Б- нарт хүч хэрэглэн эрх чөлөөнд нь халдаж, гар утас, цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдэж авсан гэмт хэрэгт тус тус гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Н.М-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд бид нар нөхрийг нь хайж байтал урд гудамжны нэг модон хашааг налчихсан нэг ах сууж байсан. Тэгээд бид нар очоод тэр ахыг “та яагаад эхнэрээ зодож байгаа юм бэ? гэтэл “та нарт ямар хамаатай юм пизда нар минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь *****цээж рүү нь нэг удаа өшиглөсөн, дараа нь ***** нүүр рүү нь нэг удаа өшиглөөд,*****бас булчин хавь руу нь нэг удаа жийж байсан. Тэгээд би ***** хандан “очоод тэр эгчийн цүнхийг нь авчих” гэж хэлсэн. Тэгсэн чинь *****“за” гээд цүнхийг нь авсан. Тэгээд зугтаж байгаад гудамжны дээд талд зогсож байгаад цүнхийг нь үзээд шар өнгөтэй нугастай утсыг нь ***** “чи барь” гээд өгсөн. Тэгээд цүнхнээс нь гарч  ирсэн түрийвчийг нь ухаж үзэхэд 20000 төгрөг гарч ирсэн. Тэрийг нь би аваад халаасандаа хийсэн. Тэгээд бид нар “Гялс” гэх дэлгүүр рүү очиж ундаа, чипс, боов зэрэг юм аваад *****ын гэр рүү явж байгаад цагдаад баригдсан.

...2019 оны 10 сарын 19-ний орой 20 цаг өнгөрч байх үед *****,*****, *****нартай уулзаад*****ын гэр болох Дархан сумын 7 дугаар баг Түлээтийн *****од очиж хэсэг байж байгаад бид нар бүгдээрээ доошоо уруудаж байгаад согтуу хүн тааралдах юм бол дээрэмдье гэж ярилцсан юм. Хүн дээрэмдэж мөнгөтэй болж ойр зуурын идэж уух юм авъя гэж бодсон. Тэгээд доошоо уруудаад 1 дүгээр сургуулийн урд талын гудманд намхан махлагдуу 40 орчим насны эрэгтэй хүн явж байхаар нь ***** бид гурав “тамхи асуучих” гэж хэлсэн. *****очоод тамхи аваад ардаас нь татахаар нь би*****, ***** нарын хамт очиж газар унагаагаад зодож байхад гудамжнаас машин гараад ирэхээр нь зугтсан.

...Би буруу зүйл хийсэн, гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

 

- Өсвөр насны шүүгдэгч О.Ө-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Н.М- бид гурав дээр ирээд, хүүхдээс юм аваад ирье гэж хэлсэн. Бид нөгөө хүүхдийн гэрт очиж юм авчихаад эргээд явж байхад нэг ах бид нартай зөрсөн. Гэтэл Л.Б- тэр ахаас тамхи асуусан. М.А- бид хоёр урд нь юм яриад түрүүлээд явж байсан юм. Гэтэл нөгөө ах Л.Б-ийг цохиж, зодолдож эхэлсэн тул М.А- тэр хоёрыг салгах гээд очиход нөгөө ах М.А-ыг цохиод унагаасан, уг нь бид хоёр салгахаар очсон юм. Тэгээд машины гэрэл тусахаар нь бид нар зугтсан. Тэгээд дээшээ гэр лүүгээ явж байтал нэг эгч “надад туслаарай, манай нөхөр зодчихлоо” гэхэд нь бид нар очиж харахад тэр эгчийн толгой нь хагарсан цус гарсан байдалтай байсан. Л.Б-  “хэн таныг ийм болгосон юм бэ гэж асуухад манай нөхөр намайг ингэчихлээ гэж хэлсэн. Нөхөр чинь хаана байгаа юм бэ?” гэхэд тэнд байгаа гэж хэлсэн. Тэгээд заасан газар нь очиж харахад нэг ах хашааны хажууд хэвтэж байсан. М.А-, Л.Б- нар тэр ахыг эхнэрээ яагаад ийм болгож байгаа юм бэ гээд цохисон. Тэр эгчийн цүнхийг Л.Бямбдаорж аваад, зугтаж байгаад цагдаад баригдсан

...гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Өсвөр насны шүүгдэгч Л.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...бид нар уулзаад 207 дугаар байр луу явсан. Хүнээс юм авахаар явсан боловч нөгөө хүн гэртээ байгаагүй тул буцаад гэр лүүгээ өгсөж байгаад нэг ахтай зөрөхдөө “тамхи байна уу?” гэж асуухад тэр ах тамхи энгэрээсээ тамхи гаргаж өгсөн. Би тамхи аваад эргээд явах гэтэл тэр ах намайг түлхэж унагаагаад намайг бариад авахад энэ гурав араас ирээд, тэр ахыг зодож байтал зам дагаад машин гараад ирсэн учир бид нар 21 дүгээр сургууль руу зугтсан. Тэндээс гэртээ харихаар явж байтал нэг эгч “намайг авраарай” гэж орилсон. Тэр эгчийг М.А- очиж хараад “тэр эгчийн нүд нь бүлтэрсэн байна” гэж хэлсэн. Би “таныг хэн ийм болгосон бэ?” гэж асуухад “манай нөхөр ийм болгочихлоо” гэж нөгөө эгч хэлсэн. Би нөхрийг хайхад гар утасны гэрэл асаж харагдахаар нь яваад очтол нөгөө эгчийн нөхөр нь байж байсан. “Та эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ?” гээд би тэр ахыг өшиглөсөн. Араас М.А-, О.Ө- нар тэр ахыг зодсон. Тэгээд явах гэж байтал Н.М- цүнхийг нь авчих гэж хэлэхээр нь тэр эгчийн цүнхийг авч явж байгаад цагдаад баригдсан.

...хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Өсвөр насны шүүгдэгч М.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид нар 207 дугаар байр орчихоод эргээд гэр лүүгээ өгсөж байсан юм. О.Ө- бид хоёр өмнө нь түрүүлээд явж байсан. Ард Н.М-, Л.Б- нар хамт явж байсан. Ард Н.М-, Л.Б- нар нэг ахтай маргалдаад байсан учир би тэднийг салгахаар очиход тэр ах намайг цохиж унагаасан. Тэгээд байж байтал машин гарч ирээд бид нар дээшээ явсан. Гэртээ харихаар өгсөж байтал нэг эгч аймаар болсон, нүд бүлтэрсэн юм шиг аймаар цус гарсан байхаар нь би нөгөө хэдэд хэлсэн. “Хэн таныг ийм болгосон бэ?” гэхэд “манай нөхөр намайг ийм болгочихлоо” гэж хэлсэн. Тэр эгчээс холгүй хашааны өвсний дунд нөхөр нь байна гэж Л.Б- хэлэхээр нь би очиж “манай ээж шиг хүнийг яаж байгаа юм бэ?” гээд нэг удаа өшиглөсөн. Тэгээд яваад өгсөн, тухайн үед Н.М- Л.Б-ийг цүнхийг нь авчих гэж хэлээд, Л.Б- цүнхийг нь авсан байсан.

...дахин гэмт хэрэг үйлдэхгүй, өршөөл үзүүлээч.” гэх мэдүүлэг,

 

-Өсвөр насны шүүгдэгч  О.Ө- хууль ёсны төлөөлөгч*****ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Цаашид ийм зүйл хийлгэхгүй гэж бодож байна, би ажлаас ирсэн байсан, хоол хийх гэж байхад найзтайгаа уулзах гээд гарсан. Би битгий гар гэхэд Бурхант дээр тоглочихоод ирье гэж хэлсэн. Хохирогч Цэцгээд 150000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг,

 

-Өсвөр насны шүүгдэгч  Л.Б-ийн хууль ёсны төлөөлөгч *****гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Л.Б- нь айлын том, би ганцаараа ажил хийж байгаа. М.А-ын ээж бид хоёр хохирогчтой уулзаж, хамт хоол идэж, нийлээд 100000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг,

 

-Өсвөр насны шүүгдэгч  М.А-ын хууль ёсны төлөөлөгч Ц.Наранхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Баянхонгор луу явсан байсан юм.*****тай найзлаад удаж байгаа, би цаашид хүүдээ анхаарал тавьж байна гэж хэлмээр байна.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн  3, 111/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн  4-6, 112-113/,

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн  7-8/,

-Ундаа 2 ширхэг, чипс 1 ширхэг, гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хураан авч хохирогч Б.Ц-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн  11-14/,

-Хохирогч Б.Ц-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн  16-18/,

 

-Хохирогч З.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн хүүхдүүд намайг зодоод паск булаацалдаад байсан. Тэгж байгаад зугтаачихсан.  Удалгүй цагдаа нар ирээд эхнэр бид хоёрыг авч яваад мэдүүлэг авсан учраас миний гар утаснуудыг аваад зугтчихсан  гэж бодож байсан. Харин маргааш өглөө нь үзэхэд миний Iphone 6, Samsung Galaxy s5 зэрэг утаснууд  маань байж байсан.

...Би өөрийн алдагдсан эд зүйлсээ бүгдийг нь буцааж авсан. Бас эмчилгээний зардал гэж 150000 төгрөгийг авсан учир одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн  20-23/,

 

-Хохирогч Б.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр хүүхдүүд намайг бол цохиж зодоогүй. Цүнх булааж авахад нь би газар унахдаа блокон хашааг мөргөж духаа хагалсан юм.

...Би өөрийн алдагдсан эд зүйлсээ бүгдийг нь буцааж авсан. Эмчилгээний зардал гэж 150000 төгрөгийг авсан учир одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн  25-26/,

 

-Гэрч М.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хоёр найз орой 20 цагийн орчимд над руу залгаад одоо танай гэр рүү очих гээд явж байна гэж хэлж байсан. Тэгээд очлоо гэж байгаад таг болчихсон. Тэгэхээр нь гар утас руу нь залгасан чинь холбогдохгүй байсан. Тэгээд байж байтал 00 цаг өнгөрч байхад нохой хуцаад байхаар нь би гарч хартал***** манай хашааг даваад орж ирж байсан. Тэгээд “*****бид хоёрыг хүүхдүүд зодчихлоо, ийшээ булан тойроод зугтаачихлаа, Цэцгээгийн цүнхийг аваад зугтчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “*****хаана байгаа юм бэ?” гэхэд “энд байгаа, очъё” гээд яваад очиход *****ухаан алдсан байдалтай газарт битүү цус болсон хэвтэж байсан. Тэгэхээр нь манай эхнэр Хонгорзул түргэн тусламж дуудсан юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн  33-34/,

 

-“З.Б-гийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр буюу цохигдох үед үүсгэгдэх боломжтой. З.Б-гийн биед үүссэн гэмтэл нь түүний тайлбарлаж байгаагаар үүссэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 сарын 24-ний өдрийн 893 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн  46-47/,

 

-З.Б-д яаралтай тусламж үзүүлсэн эмнэлгийн хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 48-49/,

 

-“Б.Ц-ийн биед духанд шарх гэмтэл, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр буюу цохигдох, юм мөргөж унах үед үүсгэгдэх боломжтой. З.Б-гийн биед үүссэн гэмтэл нь түүний тайлбарлаж байгаагаар үүссэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 сарын 24-ний өдрийн 892 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн  56-57/,

 

-“З.Б-, З.Б- нарын эзэмшлийн 13 нэрийн эд зүйлийн зах зээлийн үнэ цэнийг 2019 оны 10 сарын 20-ны байдлаар 577000 төгрөгөөр тогтоосон болно.” гэх “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 64-65/,

 

-Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн  108/,

 

-Хохирогч Д.Т-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн  114-116/,

 

-Хохирогч Д.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дархан сумын 6 дугаар баг Майхант 110в тоотод эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Өнөөдөр 00:00 цагийн орчим гэрт байж байхад эхнэр Алимаа над руу залгаад “автобусны буудал дээр ирээд намайг тосоод аваач” гэж хэлэхээр нь би гэрээсээ 00:10 цагийн орчим гараад гудамжаар уруудаад явж байтал 15-18 орчим насны нэг танихгүй хүүхэд над дээр ирээд “ах аа, нэг ширхэг тамхи байвал өгөөч" гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр бандид халааснаасаа нэг ширхэг тамхи гаргаж өгөөд эргээд цааш явах гэтэл тэр банди миний ардаас татаад боож газар унагаасан. Тэр үед харанхуй гудамжнаас тэр бандийн хамт явсан найзууд бололтой 3 банди гэнэт гарч ирээд намайг газар унасан байхад бүлэглэн дээрээс өшиглөж дэвсэн зодсон. Тэр үед нэг хүүхэд нь миний халаас руу гараа хийж бор өнгийн хэтэвчийг авсан. Тэгээд би туслаарай гэж орилоход тэр хүүхдүүд дээшээ гудамж руу зугтсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн  118-122/,

 

-Гэрч Ц.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр би 16 цагаас 00 цагийн хооронд “Комфорт” зочид буудалд ажилтай байсан. 23 цаг 50 минутын үед нөхөр Тулгаа над руу залгаад “ажил чинь тарж байгаа юу? би чамайг тосч авах уу? гэхээр нь “би тарж байна, чи намайг тосоод авчих” гэж хэлсэн. Тэгээд би таксинд суугаад гэр рүүгээ явж байгаад 15 дугаар сургүулийн урд талд таксинаас буугаад дээшээ алхаж байтал манай нөхөр залгаад “хаана явж байна? би 4 хүнд зодуулчихлаа” гээд нилээн амьсгаадчихсан ярьж байсан. Тэгээд би яваад очиход хашааны үзүүрт нөхөр зогсож байсан ба “4 залууд зодуулчихлаа, түрийвчтэй бичиг баримтаа алдчихлаа” гэсээр зогсож байсан. Тухайн үед манай нөхрийн түрийвчинд Төрийн болон Хаан банкны виза карт байсан. Тэгээд л би шууд цагдаа руу залгасан юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн  134/,

 

-“Д.Т-гийн биед 1 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Д.Т-гийн биед үүссэн гэмтэл нь түүний тайлбарлаж байгаагаар үүссэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 5% нөлөөлнө. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 сарын 24-ний өдрийн 894 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн  142-143/,

 

-Д.Т-д яаралтай тусламж үзүүлсэн эмнэлгийн хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 144-145/,

 

-“Д.Т-гийн эзэмшлийн бор хүрэн өнгийн түрийвч 1 ширхэг, тамхи нэг хайрцаг зэрэг эд зүйлийн зах зээлийн үнэ цэнийг 2019 оны 10 сарын 20-ны байдлаар 23000 төгрөгөөр тогтоосон болно.” гэх “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 152-153/,

-Насанд хүрээгүй шүүгчдэгчийн нас тоолсон тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 190, 201, 217/,

-Хохирогч З.Б-, З.Б- нараас гаргасан “... гомдол саналгүй, эдгээр хүүхдүүдэд хөнгөн шийтгэл оногдуулж  өгнө үү.” гэх өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 127-128/,

-Хохирогч Д.Т-гаас гаргасан “...хохирол болох 100000 төгрөгийг барагдуулсан тул нада гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх өргөдөл /2 дугаар хавтаст хэргийн 20/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Н.М-, өсвөр насны шүүгдэгч О.Ө-, М.А-, Л.Б- нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 6 дугаар баг *******инд иргэн Д.Т-д хүч хэрэглэн эрх чөлөөнд нь халдаж, түрийвчтэй бичиг баримт, биет 21000 төгрөг, хайрцагтай тамхийг нь дээрэмдэж авсан,

Мөн 2019 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 7 дугаар баг Сэргэлэнгийн 8 дугаар гудамжинд иргэн Б.Ц-, З.Б- нарт хүч хэрэглэн эрх чөлөөнд нь халдаж, гар утас, цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдэж авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Н.М-, өсвөр насны шүүгдэгч О.Ө-, М.А-, Л.Б- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч З.Б-, З.Б-, Д.Т- нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 сарын 24-ний өдрийн 892, 893, 894 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр /1 дүгээр хавтаст хэргийн 46-47, 56-57, 142-143/ нотлогдож байна.

Харин хохирогч З.Б-, З.Б- нарт 577000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /1 дүгээр хавтаст хэргийн 64-65/, хохирогч Д.Т-д 23000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /1 дүгээр хавтаст хэргийн 152-153/ тус тус нотлогдож байх бөгөөд хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 127-128, 2 дугаар хавтаст хэргийн 20/ гаргасан байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.М-, өсвөр насны шүүгдэгч О.Ө-, М.А-, Л.Б- нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх бөгөөд тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нас, сэтгэхүйн онцлог зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.М-, өсвөр насны шүүгдэгч О.Ө-, М.А-, Л.Б- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Н.М-т 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Ө-, М.А-, Л.Б- нарт ял оногдуулахыг тэнсэж, тус бүр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч нарт хэрэглэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт үүрэг болгож нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Өсвөр насны шүүгдэгч О.Ө-, М.А-, Л.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Н.М-ын эдлэх ялыг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.М, өсвөр насны шүүгдэгч О.Ө, Л.Б, М.А нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Н.М-т 1 жил 1 сарын /нэг жил нэг сар/ хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Ө, Л.Б, М.А нарт ял оногдуулахыг тэнсэж, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.М-т оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Ө-, М.А-, Л.Б- нарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг үүрэг болгосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Ө-, М.А-, Л.Б- нарт хэрэглэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт үүрэг болгосугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч О.Ө-, М.А-, Л.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Н.М-ын эдлэх ялыг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Я.ТУУЛ