Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 80

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч М.Б- /шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б холбогдох эрүүгийн 2018000240039 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэнМ.Б, ***** Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдэлбэр газрын кадастр мэргэжилтэй, сатурн ХХК-нд менежер ажилтай, ам бүл 5, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч М.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 23-ны шөнийн 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сатурн” бааранд иргэн М.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч М.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 12 сарын 23-ны өдөр манай үйлчилгээний төвийн шинэ жил болсон. Шинэ жил тараад гараад явж байтал М.М- орж ирээд баарны хаалга хаах үед надтай маргалдсан. М.М- зассан байсан ёолк руу унахдаа хананд хавсраад толгой нь хагарсан байна лээ.

...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,

 

-Хохирогч М.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Сатурн” баарны 2 давхарт байдаг караокег ажиллуулж байгаад орой хаагаад гарахад 00 цаг өнгөрч байсан. Үүдэнд *****тай таарахад “манай шинэ жил боллоо, та манай ажилчдыг загналаа, эхнэрийн дүүгээр тоорт хийлгэчхээд илүү мөнгө нэхлээ.” гэж уурлаад миний баруун шанаа уруу гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би гаргах гээд *****ыг түлхсэн мөн барьцалдаж авцгаасан. Ингэж байгаад намайг ***** түлхээд би пивоны шилээр засчихсан байсан модыг мөргөж унаад босоод иртэл миний толгойн ар дагз хэсгээс цус гарч байсан. Эхнэр ***** “яасан юм бэ?” гэхээр нь “***** шилээр цохичихлоо.” гэж хэлсэн. Яг үнэндээ бол намайг ***** түлхэхэд би дээшээ хараад унахад ***** миний дээрээс дарж унасан. Уг шилээр зассан мод нурж унасан би унахдаа л толгойгоо хагалчихсан. Тухайн үед *****т уур хүрээд шилээр цохичихсон гээд хэлчихсэн юм.

...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед дүүдээ гомдоод мэдүүлэг өгч, гомдол гаргасан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 4-5/,

 

-Гэрч Э.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би нөхөр *****ын хамтаар Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэр, Үйлчилгээний төв дээр “Сатурн” баарны караокег ажиллуулдаг. Ажлаасаа тараад 2019 оны 12 сарын 22-ны орой 23 цаг өнгөрч байхад үүдэнд гарахад манай нөхрийн дүү ***** манай нөхөртэй маргалдаад “Сатурн” баарны нэг давхарт орсон. Тэгэхээр нь салгах гэхэд салахгүй ***** манай нөхрийг зуураад хувцсыг нь ураад байсан. “Сатурн” баарны 1 давхарт пивоны шил өрж сүлд мод зассан байгаа юм. Тэгтэл манай нөхрийг ***** түлхэж унагаасан. Тэгэхээр нь би *****ын араас мөр лүү нь “яагаад байгаа юм бэ? чи хүн аллаа” гээд цохиод авсан чинь *****ын эхнэр Балжинханд нь намайг “болио” гээд тэврээд авсан чинь ***** миний нүүр лүү шууд цохисон. Тэгтэл манай нөхөр “чи яагаад эгчийгээ цохиж байгаа юм бэ?” гээд босоод ирсэн чинь ***** манай нөхрийн толгой руу пивоны шилээр цохиж толгойг нь хагалсан. Манай нөхрийн толгойноос цус гараад байсан чинь дахин зодох гээд дайраад, цохиж аваад байсан. Тэгээд би нөхрийгөө дагуулаад эмнэлэгт очиж үзүүлсэн.” гэх мэдүүлэг хэргийн 9/,

 

-Гэрч Б.Ц-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг ороход коридорт *****, ***** хоёр маргалдаад зогсож байсан. Тэгснээ барьцалдаж аваад ***** нь ухарч яваад ***** урдаас нь түлхэж явж байгаад шилээр зассан мод руу ***** дор нь ороод дээрээс нь ***** дараад уначихсан юм.

...Намайг харж байхад л лав бие биенээ цохиж зодоогүй, өөр ямар нэгэн зодоон бол болоогүй. Намайг татаж босгоход ***** толгойгоо дараад босож ирж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 11/,

 

-Н.Б-ын биед цээжний өмнө хэсгийн цус хуралт тогтоогдлоо. Дээрх цус хуралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг цус хуралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 55 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 14-15/,

 

-М.Б-ын биед хүзүү хоолойн дахь цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. Дээрх цус хуралт, зулгаралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг цус хуралт, зулгаралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 54 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 19-20/,

 

-Э.М-ын биед зүүн нүдний зовхины цус хуралт тогтоогдлоо. Дээрх цус хуралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг цус хуралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 27-28/,

 

-“М.М-ын биед хуйхны шарх, тархи доргилт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. М.М-ын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 46 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 32-33/,

 

 -Яаралтай тусламжийн хуудас /хэргийн 25-26, 34-35/,

-М.Б-аас болон М.М- нараас гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хэргийн 98-99/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч М.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 сарын 23-ны шөнийн 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сатурн” бааранд иргэн М.М-тай маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “хуйхны шарх, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 46 дугаартай шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудсаар /хэргийн 32-35/ нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч М.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч М.М-ын биед “хуйхны шарх, тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирогч М.М- нь мөрдөн байцаалтын шатанд “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 4-5/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.Б- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд эхний 2 сард 250000 төгрөгөөр, сүүлийн 1 сард 200000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч М.Б-т анхааруулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Б-т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч М.Б-т оногдуулсан торгох ялын 700000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд эхний 2 сард 250000 төгрөгөөр, сүүлийн 1 сард 200000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч М.Б-т үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч М.Б-т анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-т хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Я.ТУУЛ