Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 81

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч Н.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ц-д холбогдох эрүүгийн 1918005100505 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Н.Ц ***** Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, боловсролгүй, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, урьд 2 удаа шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

Шүүгдэгч Н.Ц- нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн Ойчидын *****од буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, иргэн Д.Ү-ын эзэмшлийн эрэгтэй хүний савхин хүрэм 1 ширхэг, эмэгтэй хүний савхин хүрэм 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Н.Ц-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сард архи ууж байгаад *****гэж айлын цонхоор нь ороод 2 савхин куртик хулгайлсан. Тэр куртикнуудыг архи ууж байгаад зүс таних ***** гэж хүнд 30000 төгрөгөөр зарсан. Дараа нь цагдаад баригдаад куртикийг буцаагаад аваад өгсөн.

...гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3/, 

- Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт баг Ойчидын *****од үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 4-8/,  

-2 ширхэг савхин куртикийг гэрч *****аас хураан авсан тэмдэглэл /хэргийн 11/,

-2 ширхэг савхин куртикийг Д.Ү-ад хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 12-13/,

 

-Хохирогч Д.Ү-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр би гэртээ байж байгаад 14 цагийн орчим эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Баянгол суманд оршин суудаг хүргэн *****ын гэрт очиж баяр тэмдэглэхээр өөрийн автомашинтай явсан юм. Тэгээд 2019 оны 07 сарын 11-ний өдөр 18 цагийн орчим Шарын гол сумын Санжинт баг Ойчидын *****од байх гэртээ ирэхэд манай байшингийн үүдний амбаарын жижиг цонхыг аваад газар тавьчихсан байсан. Тэгээд гэрт хулгай орсон байна гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн.

...Би алдсан хоёр савхин куртикээ хүлээн авсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх хуралд оролцохгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 19/,

 

-Гэрч Б.А-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 07 сарын 12-ны өглөө 07 цагийн орчим гэрээсээ гараад 47 дугаар байрны хажуугаар явж байтал саадан дотроос ***** дуудахаар нь яваад очсон чинь хоёр ширхэг эрэгтэй, эмэгтэй загварын савхин куртик бариад сууж байсан. Тэгээд намайг “зараад өгөөч, шартаж үхлээ” гэхээр нь би “хэний юмыг зарах гэж байгаа юм, хулгайн эд зүйл биш биз дээ” гэхэд “үгүй ээ, минийх” гэхээр нь “сүүлд нь эхнэр чинь олон юм яриад байвал яах юм” гэсэн чинь “би мэдэж байна, зүгээр зараад өг” гэхээр нь би 2 савхин куртикийг нь бариад*****гийн хамт явж байтал ***** хочтой ***** тааралдахад ***** *****ыг “шартаж үхлээ, ганц юм аваад өгөөч” гээд шаналгасан чинь ***** дэлгүүрээс 0.33 литрийн архи авч өгснийг бид 3 ууж байсан чинь ***** “наад савхин куртикээ зарах гэж байгаа юм уу? надад зарчихаач” гэхээр нь би 70000 төгрөг гэсэн чинь ***** “арай үнэтэй байна, надад 30000 төгрөг байна, арай хулгайн эд зүйл биш биз дээ” гэхээр нь би “чи авч чадахгүй юм бол боль” гэсэн чинь ***** *****гоос “надаа зарчих” гээд гуйгаад байсан. ***** “чамд яаж үнэрхэх вэ ав ав” гэсэн чинь ***** 30000 төгрөг надад өгчихөөд савхин куртикийг аваад явсан. Би 30000 төгрөгийг нь *****д өгсөн чинь ***** надад 10000 төгрөг өгсөн. Тэгээд бид хоёр салаад ***** Дархан явна гэж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 21/,

 

-Гэрч Л.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 07 сарын 12-ны өглөө Шарын гол сумын Санжинт багийн “Буянт” гэх газарт хувиараа алт олборлож байгаад 08 цагийн орчим буугаад гэр лүүгээ явж байтал ***** гартаа хоёр савхин куртик барьчихсан, *****тай хамт 70000 төгрөгөөр зарна гэхээр нь би 0.33 литрийн “Хараа” нэртэй архи авч өгсөн. Тэгээд бид гурав хувааж ууж байгаад “надад байгаа нь 30000 төгрөг байна надад зарчих, арай хулгайн эд зүйл биш биз дээ” гэхэд ***** “чи авах юм уу? авахгүй бол боль” гэхээр нь би хулгайн эд зүйл биш юм байх гээд итгээд *****д 30000 төгрөг өгчихөөд явсан. Тэгээд авсан савхин куртикээ ээж *****д үзүүлчихээд унтаад өгсөн юм. Тэгээд өдөр гэртээ байж байтал цагдаа орж ирээд савхин куртик болон намайг цагдаа дээр авчирсан.” гэх мэдүүлэг /хэргийн 23/,

 

-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 07 дугаар сарын 16-ны байдлаар 500000 /таван зуун мянга/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 26-27/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Н.Ц- нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Н.Ц-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 500000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ү-ад 500000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /хэргийн 26-27/ нотлогдож байх бөгөөд хохирогч Д.Ү- нь мөрдөн байцаалтын шатанд: “...Би алдсан хоёр савхин куртикээ хүлээн авсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх хуралд оролцохгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 19/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Н.Ц-гоос гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.  

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.Ц- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн болон ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Ц- нь гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, ар гэрийн болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, дээрх нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч Н.Ц-гийн энэ хэрэгт 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 28 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.Ц-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 500000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Ц-г 1 жил 1 сарын /нэг жил нэг сар/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Ц-д оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, .10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Н.Ц-гийн цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Я.ТУУЛ