| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2020/0069/Э |
| Дугаар | 82 |
| Огноо | 2020-02-20 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 82
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Туяа,
Хохирогч С.Ц-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,
Шүүгдэгч Э.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Х-д холбогдох эрүүгийн 1918000000554 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Э.Х ***** Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад морин циркийн туслах жүжигчин ажилтай, ам бүл 3 улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Х- нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 20 цагийн орчим *****улсын дугаартай соната-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1, 12.3, 18 дугаар бүлгийн 18.3, 3.5А, 3.5Б, 3.5Г дахь заалтуудыг зөрчсөний улмаас Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймаг явах чиглэлийн асфальтан хучилттай авто замаас ертөнцийн зүгээр зүүн зүгт хогийн цэг рүү эргэх туслах замын уулзвар орчмын замын хөвөө хэсэгт иргэн Л.Д-ийг мөргөн зам тээврийн осол гаргаж, амь насыг нь хохироосон, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч Э.Х-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 18 цагийн үед Өвөрхангай аймгаас Дархан-Уул аймагт ирсэн. Дархан-Уул аймгаас 19:20 цагийн орчим ах *******, дүү ***** ******* нарын хамт Дархан-Уул аймгаас гарах замд байдаг цагдаагийн постоор гараад явж байхад машины урдаас гэрэл цохиод зам харагдахгүй байсан. Гэтэл гэнэт нэг хүн гараад ирэхээр нь би машиныхаа рүүлийг замын эсрэг тал руу дарсан. Айгаад осол гарсан газраас зугтсан.
...миний буруу, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Хохирогч С.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Нөхөр маань 11 дүгээр сарын 26-ны өглөөний 10 цагийн үед гэрээсээ гарч яваад эргэж ирээгүй. Нөхрөө гэртээ ирэхгүй болохоор нь би ***** гэдэг цагдаа руу залгаж “манай нөхөр гэртээ ирэхгүй байна, хайгаад өгөөч” гэж хэлсэн. Цагдаа 06 цагийн үед “осол гарсан байна, та ирж таних хэрэгтэй байна” гэсэн. Би хэрэг болсон газар очоод нөхрийнхөө өмсөж явсан хувцсыг нь хараад таньсан. Тэгээд би хүүдээ утсаар ярьж мэдэгдсэн. Би тэжээгчээ алдсандаа гомдолтой байна.
...10 сая төгрөг нэхэмжилснээс 5500000 төгрөгийг авсан тул үлдсэн 4500000 төгрөг нэхэмжилнэ, гомдолтой байна.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 3/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 4-9/,
-Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг /1 дүгээр хавтаст хэргийн 10/,
-Цогцосны гадна талд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 11-12/,
-Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 13-14/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 15-19/,
-Осол гаргасан тээврийн хэрэгслээс ослын үед унаж үлдсэн байж болзошгүй машины их гэрлийн хагархай хэсэг 1 ширхэг, мөнгөлөг өнгийн гуферийн хагархай хэсэг 1 ширхэг, доод талын эд ангиас үлдсэн байж болох хар өнгийн зүйл 1 ширхэг, саарал өнгийн толины хагархай 1 ширхэг, Э.Х-гийн 1261984 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэх зэрэг эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 20/,
-Талийгаач Л.Д-ийн үзлэг хийхээр хурааж авсан хувцаснуудыг зээ дүү *****ид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 21/,
-Л.Д-ийн нас барсны бүртгэл /1 дүгээр хавтаст хэргийн 42/,
-Хохирлын баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 48-61/,
-Иргэний нэхэмжлэгч Д.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*****улсын дугаартай соната-6 маркийн тээврийн хэрэгсэл бол миний эзэмшлийнх юм. Тухайн машиныг би 2019 оны 07 дугаар сард 3 сая төгрөгөөр худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлсэн юм. Тухайн тээврийн хэрэгслийг би унаж хэрэглэдэг ба осол гардаг үе болох 2019 оны 11 сарын 26-ны өдөр би Дархан-Уул аймагт байгаагүй, Булган аймаг руу идэш хийхээр явсан байсан ба машин маань Дархан сумын 6 дугаар баг Ханжаргалангийн *****од гражид байсан юм. Намайг эзгүйд миний төрсөн охин *****ийн нөхөр болох ***** охинд маань хэлж зөвшөөрөл авч машиныг маань ээж, аавынх руугаа явахдаа унаж яваад осол гаргасан байсан. Миний тээврийн хэрэгсэл нь осол гаргахын өмнө ямар нэгэн эвдрэл гэтэл байгаагүй. ***** надад “осол гаргах үедээ машиныхаа тормозыг гишгэж амжаагүй хүн мөргөж осол гаргасан нь үнэн, дайрсан хүн маань нас барсан” гэж харамсан ярьсан. Ослын улмаас миний тээврийн хэрэгсэлд бага зэргийн эвдрэл гарсан байгаа ч энэ эвдрэл хохирлын мөнгийг би хүргэн *****гээс нэхэмжлэхгүй. Охин ***** маань төрөөд удаагүй нялх биетэй тул цагдаагийн газар ирж мэдүүлэг өгч чадахгүй байна. Миний хувьд *****д гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 66-68/,
-Гэрч О.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний өөдөөс Дархан чиглэлээс Сэлэнгэ чигт явж байсан тээврийн хэрэгсэл нь замын голд явж байгаа хүнд тулж ирж харагдаад замын эсрэг урсгал руу дарсан. Би тэгэхэд нь замын хажуу руу сандраад дарсан. Тэгээд би тэр өөдөөс ирсэн машинтай зөрөөд хэсэг явж байгаад зогссон юм. Намайг зогсох үед тэр мөргүүлсэн хүний малгай нь мөргөсөн машины ар тал руу үсрээд унаж байгаа харагдсан юм. Миний ард явж байсан тэр ***** улсын дугаартай соната-6 маркийн тээврийн хэрэгсэл миний ард 20-30 метрийн зайтай ирж зогссон юм. Би тэр хүн мөргөсөн тээврийн хэрэгслийн машины марк дугаарыг нь анзаарч харж амжаагүй.
...Миний анзаарч харснаар тэр замын голд явж байсан хүнийг мөргөсөн тээврийн хэрэгсэл нь приус-20 маркийн машин байх шиг байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 72-73/,
-Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед би жолоочийн хажуу талын урд суудал дээр зам хараад явж байсан чинь урд явж байсан портерийн цаана зам хөндлөн замын тусгаарлах цагаан зураас дагуу дунд зэргийн нуруутай хар бараан өнгийн хувцастай мэт эрэгтэй хүн гуйвж дайвсан байдалтай алхаад явж байгаа нь харагдаж байсан. Тэгээд Дархан талаас Сэлэнгэ аймаг чиглэл рүү хурц гэрэлтэй саарал өнгийн соната-6 юм уу эсвэл приүс маркийн тээврийн хэрэгсэл хурдтай ирээд тухайн замаар явж байсан хүнийг мөргөөд тас түс гэх чимээ гаргасан.Тэгээд манай машины жолооч хурдаа хасаад замын хажуу талын хөвөө рүү зогсож байгаад юу болов гээд харж байгаад саяны хурц гэрэлтэй хурдтай өөдөөс ирж байгаа нь харагдсан машин замын голд явж байсан хүн мөргөчихлөө хөгшөөн гайгүй байгаа даа гэж яриад байж байтал тухайн хүн мөргөсөн машин зогсоод аваараа татаад зогсох шиг болохоор нь бид хоёр хөдлөөд явсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 76-77/,
-Э.Х-гийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 82/,
-Гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймаг руу явах чиглэлд явж байтал приус маркийн тээврийн хэрэгсэл гэрлээ шилжүүлээгүй орж ирсэн. Тэгсэн чинь тэр машин өнгөрсөн чинь машины гэрэлд замын голд нэг явган хүн алхаж явсан. Тэгсэн ***** ах машиныхаа жолоог зүүн тийш нь дараад баруун дартал тэр замаар алхаж явсан хүнийг баруун талаараа мөргөсөн. Тэгээд цаана очиж зогсоод ***** ах, *****машинаас буугаад тэр мөргүүлсэн хүн дээр очсон юм. Би машин дотор сууж байсан. Тэгээд тэр хоёр машинд орж ирээд “Яах уү одоо” гээд тэгээд ***** ах 103 руу залгаж “замын хажууд хүн дайруулсан байна” гэж ярьсан. *****ах утсаараа “энд хүн дайруулсан байна” гэж хэлсэн. Тэгээд бид хэд хэсэг зогсож байгаад цаашаагаа адуу ачаад явж байгаа машиныхаа араас явсан юм. Тэгээд Цагааннуурын наана адуу ачсан машинаа гүйцэж очиж зогсоогоод *****ах тэр адуу ачсан машины хүмүүст зам зааж өгөх гээд тэр машинд суусан юм. Тэгээд тэр адуу ачсан машин Сэлэнгийн Ерөө сумаар яваад, ***** ах бид хоёр Жавхлант сумаар явж байгаад цасанд суугаад буцаад Дархан руу ирсэн юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 85-86/,
-Гэрч Э.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*****гийн жолоодож явсан машинд төрсөн дүү 7 настай *****ийг хамт авч суусан. Мөн адуу буулгалцах ажилд туслуулах зорилгоор танил дүү ***** буюу *****г гэрээс нь авч явсан юм. Адуу ачсан машин түрүүлээд явсан. ***** бид нар ***** ахын машинтай араас нь хөдөлсөн. Ингээд ***** машиныг жолоодож би машины жолоочийн хажуугийн суудалд суугаад, ард ***** ****** 2 суусан. Замдаа явж байхад Дархан самбарын наана эсрэг урсгалаас хурц гэрэлтэй машин ирээд манай машинтай зөрсөн. Тэгтэл замын дээр гол хэсэг нэг хүн маш ойрхон явж байгааг хараад ***** тэр хүнийг дайрахгүй гэсэндээ машиныхаа рүүлээ эсрэг урсгал руу буюу зүүн гар тийшээ дарсан боловч машинаа зогсоож чадаагүй машиныхаа баруун урд хэсгээр тэр хүнийг дайрсан. Тухайн хүн *****гийн жолоодож явсан машинд дайрагдаад ертөнцийн зүгээр зүүн тал руу шидэгдэж газарт унасан. Тэгээд би *****г “зогсооч, хүн дайрчихлаа шүү дээ чи” гэхэд ***** машинаа зам чөлөөлж аваарын дохиогоо асааж зогсоод бид 2 машинаас бууж мөргүүлсэн хүн дээр очиж харахад настайвтар эрэгтэй хүн байсан ба тэр хүн доошоо хараад газарт унасан, хамар амнаас нь цус гарсан байсан. Тэр хүн огт хөдөлгөөн хийхгүй, юм ярихгүй байсан. Саравчтай бараан өнгийн малгай нь тухайн хүний унасан газарт ойрхон байсан. Тэгээд би сандраад түргэн тусламж дуудъя гэсэн ***** дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би *****гийн ***** дугаарын утаснаас 103 дугаарт залгаж “Хүн машинд мөргүүлчихлээ” гэж хэлэхэд дуудлага хүлээн авсан хүн нь хаягийг асуугаад цагдаа руу залгаж хэлээрэй гэж хэлсэн. Ингээд би 102 дугаарын утас руу мөн *****гийн ***** дугаарын утаснаас залгаж “хүн дайрагдсан байна” гэсэн дуудлага өгөхөд дуудлага авсан хүн нь “та хэн бэ?” гэхээр нь би өөрийнхөө нэрийг хэлсэн. Тэгтэл дуудлага хүлээн авагч цагдаа нь надад “наана чинь удахгүй цагдаа очно, осол гаргасан жолооч нь наана чинь байна уу?” гэхээр нь би сандраад утсаа салгачихсан. Тэгсэн ***** “явъя явъя” гээд байсан. Тэгэхээр нь би ч гэсэн сандраад *****гийн осол гаргасан машинд сууж явсан. Ослын газраас явахад ***** тухайн машиныг жолоодож явсан. Тэгээд адуу ачсан машинаа Сэлэнгэ аймгийн Баянхараатын нутаг Цагааннуурын орчим гүйцэж намайг ***** адуу ачсан машиндаа суулгаад “түрүүлж очоод адуугаа буулгаж бай, би ер нь явлаа” гээд *****, ***** хоёрыг машиндаа суулгасан чигтээ машинаа бариад ***** Дархан чиглэлд явсан. Ингээд цаашаа юу болсныг мэдээгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 93-95/,
-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын хоногийн нөхцөл байдлын мэдээ /1 дүгээр хавтаст хэргийн 99-101/,
-Гэрч Х.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***** бид 2 Дархан сумын Малчин багийн нутагт хяналт шалгалт хийж байхад 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01 цаг 45 минутын орчим төв цэвэрлэх байгууламжийн орчим хөдөө шороон замаар нэг тээврийн хэрэгсэл явж байхыг гэрлээр нь харсан. Ингээд тухайн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад мөнгөлөг өнгийн соната-6 маркийн *****улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Тухайн тээврийн хэрэгслийн урд гуперийн баруун тал хэсэг хагарсан, баруун талын их гэрэл хагарсан, баруун талын толь хагарсан осол гаргасан байсан.
...ингээд ***** бид 2 шууд л ***** гэгчээс “чи яагаад хөтөл хорооллын тэнд хүн дайрчихаад ослын газрыг орхиод явав” гэхэд ***** нь сандарч “тухайн хүнийг би анх мөргөхдөө сайн хараагүй очоод мөргөчихсөн, осол гаргасны дараа айгаад яваад өгсөн юмаа.” гэсэн.
..Ингээд 102 руу мэдэгдэж, ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч *****од утсаар ярьж мэдэгдэж, удалгүй үзлэгийн бүрэлдэхүүн ирэхэд тухайн тээврийн хэрэгслийг осол гаргасан жолооч *****гийн хамтаар хүлээлгэн өгч ажлаас буусан болно.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 117-119/,
-Гэрч Г.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Малчин багийн нутаг төв цэвэрлэх байгууламжийн орчим хөдөө шороон замаар нэг тээврийн хэрэгсэл явж байхыг гэрлээр нь харж зогсоож шалгахад мөнгөлөг өнгийн соната-6 маркийн *****улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Тухайн тээврийн хэрэгслийн урд гуперийн баруун тал хагарсан, баруун талын их гэрэл хагарсан, баруун талын толь хагарсан осол гаргасан байж болохуйц байсан тул жолоочийг нь шалгахад ***** гэдэг залуу байсан. Тухайн үед жолоочоос “та осол гаргасан уу?, ослыг газрыг орхиж зугтсан уу?” гэхэд ***** надад “19 цагийн алдад би Сэлэнгэ явах чиглэлд хүн мөргөж осол гаргаад айгаад ослын газраасаа зугтсан нь үнэн” гэсэн. Тэгэхээр нь би яагаад төв замаар явахгүй хээр шороон замаар явж байгаа юм гэхэд ***** нь “цагдаа нараас айгаад баригдана гээд хөдөө замаар явсан” гэсэн. Ингээд би 102 дугаарт холбогдож үзлэг хийх багийг иртэл тухайн газарт жолооч болон тээврийн хэрэгслийг харгалзан харж байгаад үзлэгийн баг болох мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Гэрэлцогтын удирдсан багийг ирэхэд жолооч тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн болно.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 120-122/,
- Шинжилгээнд хар хүрмэнд гарсан 155мм, саарал малгайнд гарсан 18мм, цэнхэр дотоожинд гарсан 57мм уранхайнууд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан ханзарсан, шинэ уранхайнууд байна. Саарал өмдөнд гарсан 7х6мм, 10х20мм, 23х9мм, 30x10мм хэмжээтэй уранхайнууд хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр гогдож татсан шинэ уранхай байна. Хагас ханцуйтай цагаан цамцанд гарсан 60см, 42см, богино ханцуйтай судалтай цамцанд гарсан 58см, улаан хөх цамцанд гарсан 72см, 46см хэмжээтэй уранхайнуудын тасарсан утасны үзүүрүүд жигд нимгэрч элэгдээгүй байх тул хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан зүсэгдсэн уранхайнууд байна. Бусад хувцаснуудад шинээр гарсан уранхай, цоорхой байхгүй.” гэх Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 5866 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 125-129/,
-“Шинжилгээнд ирүүлсэн цогцосны гарын дардас харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хэн болох нь тогтоогдоогүй цогцосны гарын дардас нь гарын мөрний нэгдсэн санд 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ММ003111003549 дугаараар 1 удаа бүртгэгдсэн 1969 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн ******* дардастай хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 106 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 133-139/,
-“1. Жолооч Э.Х- нь Соната 6 маркийн ***** улсын дугаартай авто машиныг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1, 12.3, 18 дугаар бүлгийн 18.3 гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасан байна.
Жолооч Э.Х- нь мөн дүрмийн 3.5/а, 3.5/б, 3.5/г-д заасан үүргүүдийг биелүүлээгүй байна.
2. Явган зорчигч Л.Д нь ослын газрын үзлэг, гэрэл зураг, схем зургаас харахад замын зорчих хэсгийн хөвөөгөөр явж байсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна.
3. Уг зам тээврийн осол нь асуулт 1-д дурдагдсан шалтгаанаас болж гарсан байна.
4. Жолооч Э.Х- /*****/ тоот регистрийн дугаартай “В” ангиллын /1261984/ тоот жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна.” гэх 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 45 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 142-143/,
-Шинжээч *****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Осол, хэргийн газарт хийсэн үзлэг хэмжилтээс үзэхэд тухайн явган зорчигч замын хөвөө хэсэгт явж байгаад тээврийн хэрэгсэлд мөргүүлж нас барсан болох нь тогтоогдсон учраас түүнийг Монгол Улсын Замын хөдөлгөөний ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
... Тухайн ослын газарт анх дуудлагаар очиход осол гаргасан жолооч, тээврийн хэрэгсэл ослын газарт байгаагүй, жолооч нь осол гаргачхаад ослын газрын зориуд орхиж явсан байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 148-150/,
-“...осол үйлдэгдэх үед дээрх автомашины тормосны эд ангиуд /систем/ бүрэн ажиллагаатай байсан.
-техникийн хувьд эвдрэлгүй, осол гарахад нөлөөлсөн зүйлгүй байна.” гэх тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 60 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 152-156/,
-“Талийгаачийн биед үндсэн оношид бичигдсэн гавал тархины гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн биед учирсан гавал тархины гэмтэл нь тээврийн хэрэгсэлд мөргөгдөх үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаачийн биед илэрсэн гэмтэл нь амьд ахуй үедээ үүссэн шинэ гэмтэл болно. Талийгаачийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2. 3.1.3-д зааснаар амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь гэмтэл авсан даруйд нас барсан ба эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй байжээ. Талийгаачийн биед бөөрний архаг хууч өвчин илэрсэн бөгөөд энэ нь үхэлд нөлөөгүй. Талийгаачийн цусанд 0.8 промилли спирт илэрсэн ба энэ нь хөнгөн зэргийн согтолтыг харуулна. Талийгаачийн цусны бүлэг ABIY, Rh-/+/ байна.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 сарын 27-ны өдрийн 123 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 169-170/,
-“Шинжилгээнд авсан Л.Д-ийн цусны бүлэг нь ABIY, Rh-/+/ байна.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 сарын 16-ны өдрийн 122 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 171-172/,
-“Шинжилгээнд авсан Л.Д-ийн цусанд 0.8 промилли спирт илэрсэн болно.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 сарын 16-ны өдрийн 222 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 173-176/,
-“Шинжилгээнд ирүүлсэн дөрвөлжин судалтай цагаан өнгийн срочика, цэнхэр өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн хөндлөн судалтай цагаан өнгийн футболка, цэнхэр өнгийн дотуур өмд, саарал өнгийн дотуур өмд, хүрэн өнгийн тэлээтэй ногоон өнгийн өмд, нил ягаан өнгийн хантааз, хар өнгийн куртика, мөр ханцуй хэсгээр шар өнгийн оруулгатай цэнхэр өнгийн цамц, шаргал өнгийн гутал 1 хос, бор өнгийн бээлий 1 хос, бор өнгийн ороолт, цэнхэр өнгийн эрэгтэй дотоож, саарал өнгийн бээлийд цус илэрч байна. Саарал өнгийн саравчтай малгай, хар өнгийн оймс 1 хос, ажлын бээлий 1 хос зэрэгт цус илрээгүй.
Илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоов.
Дөрвөлжин судалтай цагаан өнгийн срочика, цэнхэр өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн хөндлөн судалтай цагаан өнгийн футболка, цэнхэр өнгийн дотуур өмд саарал өнгийн дотуур өмд, хүрэн өнгийн тэлээтэй ногоон өнгийн өмд, нил ягаан өнгийн хантааз, хар өнгийн куртика, мөр ханцуй хэсгээр шар өнгийн оруулгатай цэнхэр өнгийн цамц, шаргал өнгийн гүтал 1 хос, бор өнгийн бээлий 1 хос, бор өнгийн ороолт, цэнхэр өнгийн эрэгтэй дотоож, саарал өнгийн бээлийд илэрсэн цус нь нэг эрэгтэй хүний цус байна.
Дээрх хувцаснуудад илэрсэн цус нь амь хохирогч Л.Д-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 6618 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 183-185/,
-Э.Х-гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 197-199/,
-Яаралтай тусламжийн 103 дугаарын утсанд ирсэн дуудлагын бүртгэл /1 дүгээр хавтаст хэргийн 211-217/,
-Хохирол төлбөр төлсөн баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 15-18/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Э.Х- нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 20 цагийн орчим *****улсын дугаартай соната-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 18 дугаар бүлгийн 18.3-т “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.”, мөн дүрмийн 3.5 А-д “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, 3.5 Б-д “осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, 3.5 Г-д “тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймаг явах чиглэлийн асфальтан хучилттай авто замаас ертөнцийн зүгээр зүүн зүгт хогийн цэг рүү эргэх туслах замын уулзвар орчим замын хөвөө хэсэгт иргэн Л.Д-ийг мөргөн зам тээврийн осол гаргаж, амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Х- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Х-г жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг, хэргийн газрыг зориуд орхиж зугтааж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хохирогч С.Ц- нь шүүхийн хэлэлцүүлэгт “...10 сая төгрөг нэхэмжилснээс 5500000 төгрөгийг авсан. Одоо сэтгэл санааны хохиролд 4500000 төгрөг нэхэмжилнэ. Шүүгдэгчийг өөрийнхөө хүүхэд шиг л бодож байна.” гэх мэдүүлэг өгч байна.
Оршуулгын зардал болон өмгөөлөгчийн хөлсөнд нийт 5327750 төгрөг 50 мөнгөний зардал гарсан талаар баримт ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Э.Х- нь хохирогчид 5500000 төгрөг төлсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нотлох баримтын хэмжээнд нөхөн төлсөн гэж үзэхээр байна.
Хохирогч нь сэтгэл санааны хохиролд 4500000 төгрөг нэхэмжилнэ гэх боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримтгүй байх тул 4500000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Хохирогч С.Ц-, талийгаач Л.Д- нарын төрсөн хүү болох ***** нь 2002 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн болох нь иргэний үнэмлэхийн хуулбараар /1 дүгээр хавтаст хэргийн 44/, тэжээгчээ алдсаны тэтгэвэрт сард 270000 төгрөг авдаг болох нь тэжээгчээ алдсаны тэтгэврийн дэвтрийн хуулбараар /2 дугаар хавтаст хэргийн 19/ тус тус нотлогдож байгаа боловч гэмт хэрэг гарах үед амь хохирогч Л.Д- нь ажил эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй байна.
Иймд Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасан гэм хор учруулсны төлбөрийг гаргуулах боломжгүй байна.
Иргэний нэхэмжлэгч Д.Г нь мөрдөн байцаалтын шатанд “...Миний хувьд *****д гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 66-68/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Э.Х-гээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Э.Х- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Э.Х-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, ар гэрийн амьдралын нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байх тул шүүгдэгч Э.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн нөхцөл байдлуудыг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд сард 150000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Э.Х-д үүрэг болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар Э.Х-д оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Э.Х-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт 1 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн машины их гэрлийн хагархай хэсэг 1 ширхэг, мөнгөлөг өнгийн гуферийн хагархай хэсэг 1 ширхэг, доод талын эд ангиас үлдсэн байж болох хар өнгийн зүйл 1 ширхэг, саарал өнгийн толины хагархай 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Э.Х-гийн 1261984 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэснийг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Х-г жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хэргийн газрыг зориуд орхиж зугтааж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Э.Х-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн /хоёр жил/ хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар Э.Х-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Э.Х-д оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд сард 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Э.Х-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Э.Х-д анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Э.Х-д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Э.Х-д анхааруулсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Э.Х-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Х-гийн 1261984 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар сэтгэл санааны хохиролд 4500000 төгрөг, гэм хор учруулсны төлбөр нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт 1 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн машины их гэрлийн хагархай хэсэг 1 ширхэг, мөнгөлөг өнгийн гуферийн хагархай хэсэг 1 ширхэг, доод талын эд ангиас үлдсэн байж болох хар өнгийн зүйл 1 ширхэг, саарал өнгийн толины хагархай 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Х-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Х-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ