Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 36

 

                            

 

 

 

 

                                

                                          

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Гантуяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч С.Цэрэндаваа түүний өмгөөлөгч Л.Оюунцэцэг, хохирогч Б.Мөнхшүр, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай  явуулсан  шүүх хуралдаанаар  

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар   яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Тариачин овогт Сүх-Очирын Цэрэндаваад холбогдох эрүүгийн 1936003360033 дугаартай, 178/2020/0038/Э/ индекстэй хэргийг 2020 оны 01 сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн,  1989 оны 09 сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, ард халх,боловсролгүй,жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Ховд аймгийн Буянт сумын Цагаанбургас багт оршин суух, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний 650000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,  ПЭ89091256 дугаарын регистртэй,  Тариачин овогт Сүх-Очирын Цэрэндаваа

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/     

Шүүгдэгч С.Цэрэндаваа нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Алаг толгой багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Мөнхшүрийн нүүрэн хэсэгт цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т  заасан  гэмт хэрэгт  холбогджээ. 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ханд овогт Биндэръяагийн Мөнхшүрийн /ПЗ94092525 регистрийн дугаартай, 1994 оны 9 сарын 25-нд төрсөн, 25 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн  14-23 тоотод оршин суух / мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би хүүхдээ аваад зах дээр очиход С.Цэрэндаваа машинтайгаа зогсож байсан ба бид хоёрыг суулгаад дээшээ эргээд явж байхдаа “ чи яагаад хүүхэд гадуур авч яваад байгаа юм бэ” гэж уурлаад миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгснээ “чамайг цохиж байхад гэрчлэх хүн байхгүй юм чинь “ гээд дахиад миний нүүр лүү 2 удаа цохиход миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан.Тэгээд дээшээ гэр лүү явж байхдаа С.Цэрэндаваа “ чи цагдаад мэдэгдэнэ, цагдаад хэлэхдээ, 52,62-ын тэр хавьд зодсон гэж хэлээрэй” гэж хэлчихээд хүү бид хоёрыг буулгачихаад гэр лүүгээ явсан.С.Цэрэндаваа өмнө нь 2019 оны 08, 09 сард намайг зодож байсан.Ер нь жаахан хэрүүл маргаан болоход л намайг байнга зодож цохидог... гэх мэдүүлэг / хэргийн 12-13 дүгээр хуудас/

Гэрч Т.Биндэръяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б.Мөнхшүр ах руугаа яриад “ С.Цэрэндаваа намайг зодлоо” гэж хэлсэн байсан.Тэгээд би мэдээд цагдаагийн газарт ирэхэд манай охин Б.Мөнхшүрийн хоёр нүд, хамар нь хөхөрч хавдсан байсан.Юу болсон талаар асуухад “ С.Цэрэндаваа намайг зодсон” гэж хэлсэн ... гэх мэдүүлэг / хэргийн 20-21-р хуудас/

Гэрч Я.Цэвээндарийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө Б.Мөнхшүр хүүхдэдээ утлага хийлгэхээр эмнэлэг рүү явсан.Тэгтэл үдээс хойш Цагдаагийн газраас залгаад “ танай охин Б.Мөнхшүр, С.Цэрэндаваа гэх хүнд зодуулсан байна, хүрээд ир” гэсэн.Намайг очиход Б.Мөнхшүрийн хоёр нүд нь хөхөрсөн,хавдсан байсан... гэх мэдүүлэг / хэргийн 22-23-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 822 дугаартай...Б.Мөнхшүрийн биед 2 нүдний дээд доод зовхи, хамар, 2 хацар хэсгийг хамарсан цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Б.Мөнхшүрийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой,тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой гэмтэл байна.Б.Мөнхшүрийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 27-р хуудас/

Шүүгдэгч С.Цэрэндаваагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байна.Б.Мөнхшүртэй бараг 7 хоног тутам маргаж муудалцдаг.Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, дахин ийм гэмт хэрэг хийхгүй.... гэх мэдүүлэг

Аюулын зэргийн эрсдлийн түвшин “өндөр” гэх үнэлгээ / хэргийн 52-55-р хуудас/

Цагдаагийн газрын АСАП сангийн мэдээлэл /хэргийн 58-60-р хуудас/ баримтууд   зэрэг баримт болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Цэрэндаваагийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан   нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.  

 Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох  баримтаас үзэхэд: Шүүгдэгч С.Цэрэндаваа нь Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн харилцаатай хүн болох хамтран амьдрагч  Б.Мөнхшүрийг “ гэртээ хүүхдээ хараад байж байсангүй, гадуур хүүхэд авч явлаа” гэх шалтгаанаар зодож, Б.Мөнхшүрийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... 2 нүдний дээд доод зовхи, хамар, 2 хацар хэсгийг хамарсан цус хуралт ... гэх хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч Б.Мөнхшүр нь шүүгдэгч С.Цэрэндаваагийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч болох нь хохирогч Б.Мөнхшүрийн...С.Цэрэндаваа бид хоёр хамтран амьдраад 2 жил гаруй болж байгаа, нэг хүүхэдтэй... гэх мэдүүлэг / хх14-15/, гэрч Т.Биндэръяагийн...миний төрсөн охин Б.Мөнхшүртэй  С.Цэрэндаваа хамтран амьдраад 2 жил гаруй болж байгаа, албан ёсоор хүргэн болоогүй... гэх мэдүүлэг /хх-20-21/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Цэрэндаваа нь  хохирогч Б.Мөнхшүрийг удаа дараа зодож, гэр бүлийн хүчирхийлэлд байлгасан нь  хохирогч  Б.Мөнхшүрийн ... С.Цэрэндаваа 2019 оны 8 сард намайг зодож 7 хоногийн баривчилгаанд орсон, мөн 9-р сард бас зодож хөнгөн гэмтэл учруулж байсан.Ер нь жаахан хэрүүл маргаан болоход намайг байнга зоддог  “  гэх мэдүүлэг, гэрч Т.Биндэръяагийн ...Б.Мөнхшүр С.Цэрэндаваатай хамтран амьдарснаас хойш 1 жил гаруйн дараагаас “С.Цэрэндаваа намайг зодлоо” гээд ирдэг болсон... гэх мэдүүлэг, Аюулын зэргийн үнэлгээний эрсдлийн түвшин “ өндөр ”, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн байна гэх дүгнэлт,  шүүгдэгч С.Цэрэндаваагийн шүүхийн хэлэлцүүлэгт ... хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй.... гэх хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл “ гэдгийг ...  гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан  үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ ... гэж заасан ба шүүгдэгч С.Цэрэндавааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Б.Мөнхшүрийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэж, Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан  ... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ... гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч С.Цэрэндавааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцов. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.Мөнхшүрийн ... нэхэмжлэх зүйлгүй.,гомдол саналгүй ... гэх мэдүүлгээс шүүгдэгч С.Цэрэндавааг бусдад төлөх  хохирол төлбөргүй гэж үзнэ.

                Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.Цэрэндаваа нь урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/175  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний 650000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан нь  “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-41/ Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбараар тус тус  тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Цэрэндаваагийн хувийн байдлын талаар гэрч Б.Лхамаасүрэнгийн өгсөн...С.Цэрэндаваа нь даруухан үг дуу цөөтөй, эелдэг харьцаатай, хүнд их тусархуу хүн. Эцэг эхээс 5-уулаа, 1 ах, 1 эгч, 2 дүүтэй.Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, зан ааш нь өөрчлөгддөг эсэхийг мэдэхгүй. Хувиараа Пронтер  машинаараа хөлсөнд явдаг... гэх мэдүүлэг / хэргийн 24-25-р хуудас/  хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч С.Цэрэндаваад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч С.Цэрэндавааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж,   таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний  таван зуун тавин  мянган төгрөгөөр торгох ял шийтгэх,  хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хадгалах,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй ... гэх дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөс: ...Шүүгдэгч С.Цэрэндаваа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байх тул хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй...гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн  өмгөөлөгчөөс: Шүүгдэгч С.Цэрэндаваа нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Б.Мөнхшүрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа ойлгож, энэ талаар маргахгүй байгаа.Улсын яллагчийн гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүхээс шүүгдэгч С.Цэрэндавааг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосон тул  Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт, тайлбар,  шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ  хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг  зөвшөөрсөн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар  шүүгдэгч С.Цэрэндаваад таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний, таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар торгох ялын 550000 төгрөгийг 03 сарын хугацаанд төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Цэрэндаваад тайлбарлаж шийдвэрлэв.

Эрүүгийн 1936003360033 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-иийг хэрэг хадгалагдах хугацаагаар хэрэгт хадгалах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тариачин овогт Сүх-Очирын Цэрэндавааг гэр бүлийн хүчирхийлэл

үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Тариачин овогт Сүх-Очирын Цэрэндавааг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин  мянган төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Цэрэндаваад оногдуулсан торгох ялын 550.000 төгрөгийг  03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Цэрэндаваад тайлбарласугай.

5. Эрүүгийн 1936003360033 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэг хадгалагдах хугацаагаар хэрэгт хадгалах, шүүгдэгчээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Цэрэндаваад оногдуулсан 550000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай

7. Шүүгдэгч С.Цэрэндаваад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.ЦЭЦЭГМАА