| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/07515/и |
| Дугаар | 5797 |
| Огноо | 2016-10-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 5797
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж 14 дүгээр байрны 1 тоотод оршин суух, эрэгтэй регистрийн дугаар ЧИ 70070615, Хуацай овогт Батсүхийн Ганбатын С.Наранчимэгийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсанаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Г.Арилдий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Ганбат шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Б.Ганбат 2013 онд Япон улсаас оруулж ирсэн 70 ширхэг дугуйг С.Наранчимэгт бөөний үнээр худалдсан боловч мөнгөө өгөхгүй байна.С.Наранчимэг нь хаягандаа байхгүй гэсэн тодорхойлолтоор хэргийг хэрэгсэхгүй болгосон.Иймд С.Наранчимэгийг эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Б.Ганбатын С.Наранчимэгийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Б.Ганбатын хүсэлт болон түүний төлөөлөгчийн тайлбар, Б.Ганбат, С.Наранчимэг нарын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хийгдсэн баталгаа зэргээс харахад С.Наранчимэг хариуцагч байх боломжтой байна.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Наранчимэг иргэний цахим үнэмлэхэд бичигдсэн хаягтаа оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4029 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдсон байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Онги овогт Самданцоодолын Наранчимэгийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар С.Наранчимэгийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.С.Наранчимэгтэй холбогдох мэдээллийг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргаж өгөхийг хүсэлт гаргагч Б.Ганбат болон түүний төлөөлөгч Г.Арилдий нарт даалгасугай.
4.С.Наранчимэг Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайт 9 дүгээр гудамжны 122-А тоотод оршин суудаг байсан болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН