Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 1837

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/05044 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.*******,

Хариуцагч Ж.******* нарт холбогдох,

 

Шинжээчийн зардалд 1 320 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч Ж.*******ий гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 10900/б тоот захирамж, мөн сарын 24-ний өдрийн 1/3577 тоот албан бичгийг үндэслэн Т.*******гийн нэхэмжлэлтэй, Ж.*******д холбогдох иргэний хэрэгт шинжээчээр томилогдон ажиллаж, шинжилгээний дүгнэлт тайланг 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15/01-04 тоот албан бичгээр хүргүүлсэн. Ингэхдээ шинжээчийн ажлын хөлсний талаар шүүх хуралдааны шийдвэрт тусгаж өгөхийг хүсч, ажлын хөлс болох 1 320 000 төгрөгийн нэхэмжлэлийг хавсаргаж өгсөн боловч шүүхийн шийдвэрт тусгагдаагүй орхисон байсан.

Бид захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 2 дугаар гудамжны *******, 260 м.кв талбай бүхий 8 нэрийн барааны дэлгүүр, 6 машины гарааштай 8 өрөө хувийн орон сууц бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2007 болон 2014 оны байдлаар тооцон хүргүүлсэн. Хариуцагч Ж.******* шинжээч томилуулах хүсэлт гаргасан учир түүнээс нэхэмжлэлийн шаардлага болох 1 320 000 төгрөгийн 75 хувийг, хариуцагч Т.*******гээс 25 хувийг гаргуулж өгнө үү.

Тухайн үед Ж.******* нь шинжээчийн ажлын хөлсөд 100 000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас хасахад татгалзахгүй гэжээ.

 

Хариуцагч Т.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 4 дүгээр сард иргэний хэргийн анхан шатны шүүх Ж.*******ээс 2 500 000 төгрөг гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн боловч одоо хүртэл надад төлбөрөө гүйцэд төлөөгүй байгаа. Орбитод байршилтай нурсан объектыг “*******” ХХК-ийн мэргэжилтэнтэй гэрээ байгуулж, үнэлгээ хийлгэснийг би хожим мэдсэн бөгөөд шүүх хурлын төгсгөлд уг компанийн мэргэжилтэн нь үнэлгээний төлбөр төлөхгүй байгааг Ж.*******д анхааруулсаар байсан. Уг объектод үнэлгээ хийлгэх шаардлагагүй байсан бөгөөд Ж.******* өөрөө шинжээч томилуулсан тул шинжээчийн ажлын хөлс надад хамааралгүй гэжээ.

 

Хариуцагч Ж.*******ий өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг ойлгож байна. Гэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ямар хуулийн зүйл, заалтыг үндэслэж Ж.*******ээс 75 хувь, Т.*******гээс 25 хувиар тооцож гаргуулах гэж байгаа талаар тодорхой ярьсангүй. Хэрвээ Ж.******* мөнгө төлөх боломжтой гэж бодож нэхэмжилж байгаа бол хүлээн зөвшөөрөхгүй. Ж.******* өөрөө сайн дураараа ямар нэгэн шүүгчийн захирамжгүйгээр “*******” ХХК-тай гэрээ байгуулаад хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн бол хариуцагч Т.*******гийн ярьж байгаа нь байж болох асуудал юм. Гэтэл Ж.******* албан ёсоор шүүхэд хүсэлтээ гаргасны дагуу шүүгчийн захирамж гарч, шинжээч томилсон. Яагаад шинжээч томилох хүсэлт гаргасан гэхээр тухайн үед хариуцагч Т.******* өөрийнхөө идэж уугаад, үрэн таран хийсэн үл хөдлөх эд хөрөнгийнхөө тал хувийг Ж.*******ээс нэхэмжилсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагатай нь холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, эд хөрөнгийг өвлөх хүсэлт гаргасан. Гэвч шүүхээр хэргийг шийдвэрлэх үед Т.******* Ж.*******ийг сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзвал 2 500 000 төгрөг авъя гэсэн учраас хүлээн зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж эвлэрсэн.

Шинжээчийн зардлыг хувааж хариуцах ёстой. Ж.******* үүргээ ухамсарлаж шинжээчийн зардлаас 560 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь өмнө нь 100 000 төгрөг төлсөн, үлдэх 660 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.*******ээс 1 220 000 төгрөг гаргуулан “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100 000 төгрөгийг, мөн хариуцагч Т.*******д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36 070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******ээс 33 830 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ж.******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хэдийгээр миний бие сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан боловч энэ нь хариуцагч Т.*******гийн хүсэл зоригийн дагуу хийгдсэн бөгөөд тэрээр уг шүүхийн зардлыг хамтран төлөлцөх талаар зөвшилцөж эвлэрэн сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан байхад шүүх хэт нэг талыг барин шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Иймд дээрх төлбөрийн 610 000 төгрөгийг эс зөвшөөрч байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, төлбөрийг багасган тооцож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Т.*******, Ж.******* нарт холбогдуулан шинжээчийн ажлын хөлс 1 320 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

“*******” ХХК нь Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 10900/Б дугаар захирамжаар Т.*******гийн нэхэмжлэлтэй, Ж.*******д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шинжээчээр томилогдож, шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд тус шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 02512 дугаар шийдвэрээр зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шинжээчийн ажлын хөлсийг шийдвэрлээгүй орхигдуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүхийн захирамжийн дагуу шинжээчийн дүгнэлт гаргасны шинжээчийн хөлс нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарна. Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан журмын дагуу зохигчид хариуцах бөгөөд хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зардлыг хувиарлах байтал хувиарлаагүй байгаа нь Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02512 дугаар шийдвэрээр тогтоогджээ.

 

Шинжээчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүх томилсныг шинжээч татгалзаагүй, уг ажлыг хүлээн авч, гүйцэтгэсэн байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргасан Ж.******* болон шинжээч “*******” ХХК-ийн хооронд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэхээр байна.

 

Хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн зардлыг бүрэн хэмжээгээр нөхөн төлөх үүрэгтэй байсан.

 

Иймд нэхэмжлэгч нь шинжээчийн ажлын хөлс болох 1 320 000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан хариуцагч Ж.*******ээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

Харин шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг буруу тодорхойлсон байх бөгөөд уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэв.

 

Хариуцагч Ж.******* нь шинжээчийн зардалд 100 000 төгрөг төлснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн тул шүүх түүнээс 1 220 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Т.*******д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ж.*******ий давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/05044 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1” гэснийг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.*******ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

     ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

Э.ЗОЛЗАЯА