Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 44

 

 

                                             Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг  баталж,

                                                          хэргийг хэрэгсэхгүй  болгох тухай

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Г би, Л.Ч-ын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Э сумын Засаг дарга, Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн дарга нарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Л.Ч, хариуцагч Архангай аймгийн Э сумын Засаг дарга нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн Л.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймгийн Э сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн “Л.Ч-д сахилгын арга хэмжээ авах тухай” Б/01 дүгээр захирамж, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн “Л.Ч-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/02 дугаар захирамж, Архангай аймаг, Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот тохижилт нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах захиалга болон сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг хүчингүй болгож, Хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргаар эгүүлэн томилохыг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.Ч, хариуцагч Э сумын Засаг дарга хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Л.Ч-ын нэхэмжлэлтэй Захиргааны хэрэгт нэхэмжлэгч Л.Ч, хариуцагч Архангай аймгийн Э сумын Засаг дарга нар нь дараахь нөхцөлтэйгөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна.

Нэхэмжлэлийн нэг дэх шаардлага:

2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Б/01 тоот Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн Л.Ч үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ноогдуулсан захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжпэлийн шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрч нэхэмжпэгч Л.Ч-ын цалингаас 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулсан 320000 төгрөгийг Л.Ч-д буцаан олгохоор хариуцагч тал хүлээн зөвшөөрч тохиролцов.

Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага:

Нэхэмжпэгч Л.Ч нь Хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, мөн хариуцагч Цэцэрлэг хотын захирагч бөгөөд Э сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Л.Ч-ыг Хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын мэргэжилтнээр 2017 оны 11 дүгээр сарын 01-нээс ажиллуулахыг ХТТНААҮГ-ын дарга Л.Б-т даалган, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд томилуулах, ажилгүй байсан 8 сарын хугацааны цалингаас 3 сарын тэтгэмж олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, 2018 оны төсөвт Л.Ч-ыг тэтгэвэрт гарах Төрийн үйлчилгээний албаны 6 сарын тэтгэмж болох 4,200,000 /дөрвөн сая хоёр зуун мянган төгрөг/-ийг суулгахаар харилцан тохиролцов.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага:

Архангай аймаг Цэцэрлэг хотын Захирагчийн дэргэдэх Хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг Цэцэрлэг хотын Захирагчаас Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсэн захиалгыг хүчингүй болгуулах тухай нэхэмжпэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Л.Ч нь татгалзаж байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Л.Ч-аас Архангай аймгийн Э сумын Засаг дарга болон Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Э сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн “Л.Ч-д сахилгын арга хэмжээ авах тухай” Б/01 дүгээр захирамж, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн “Л.Ч-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/02 дугаар захирамж, Архангай аймаг, Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот тохижилт нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах захиалга болон сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг хүчингүй болгож, Хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргаар эгүүлэн томилохыг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Ч, хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга нар  эвлэрч эвлэрлийн гэрээг дараах нөхцөлөөр байгуулжээ.

Хариуцагч Архангай аймгийн Э сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Л.Ч-д 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Б/01 тоот Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн Л.Ч-д үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрч Л.Ч-ын цалингаас 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулсан 320000 төгрөгийг Л.Ч-д буцаан олгохоор, мөн Хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын мэргэжилтнээр 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулахыг ХТТНААҮГ-ын дарга Л.Б-т даалган, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд томилуулах, ажилгүй байсан 8 сарын хугацааны цалингаас 3 сарын тэтгэмж олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, 2018 оны төсөвт Л.Ч-ыг тэтгэвэрт гарах Төрийн үйлчилгээний албаны 6 сарын тэтгэмж болох 4,200,000 төгрөгийг суулгахаар, нэхэмжлэгч Л.Ч нь Хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлага болон Архангай аймаг Цэцэрлэг хотын Захирагчийн дэргэдэх Хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг Цэцэрлэг хотын Захирагчаас Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсэн захиалгыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйл. “Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх”, 68 дугаар зүйлийн 68.1. “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.4. “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заажээ.

Иймд нэхэмжлэгч Л.Ч, хариуцагч Архангай аймгийн Э сумын Засаг дарга нарын эвлэрэл нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр нөхцөл байдал тогтоодохгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, иргэн Л.Ч-ын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Э сумын Засаг дарга, Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн дарга нарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Л.Ч, хариуцагч Архангай аймгийн Э сумын Засаг дарга нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь заалтыг танилцуулж, шүүгчийн захирамжийн үр дагаврыг тайлбарлаж, баримт үйлдсэнийг дурдвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Л.Ч-ын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Э сумын Засаг дарга, Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн дарга нарт холбогдох захиргааны хэргийг хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 50 дугаар зүйлийн 50.5. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 ШҮҮГЧ                                           С.ГАНБАТ