Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 5777

 

                                                                      

 

 

 

                                      

            Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-11, өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 2637545, Улаанбаатар хотын банкны нэхэмжлэлтэй

Хариуцагч:Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 8-160 тоотод байрлах, регистрийн дугаар 5404681, Жинстийн Жимс ХХКомпанид холбогдох

Хохиролд 110 632 906 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Илүү төлсөн 1 300 000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагатай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтүшиг, хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Оюунбилэг, түүний өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.                                   

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч:Улаанбаатар хотын банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Ц.Мөнхтүшиг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 703 дугаар шийдвэр, 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдриин 719 дугаар Гүйцэтгэх хуудастай шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Жинстийн Жимс ХХКомпаниас 965 421 643 төгрөг гаргуулж УБХБанкинд олгох албадан ажиллагаа явагдсан.Төлбөр төлөгч Жинстийн Жимс ХХКомпани 2015 оны 10 дугаар сард ШГАжиллагаанд холбогдуулан Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан.Шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдриин 33877 дугаартай захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн.Уг хэргийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/00456 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 417 тоот магадлал болон Улсын дээд шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 110/ХТ2016/00490 тоот тогтоолоор шийдвэрлэж, Жинстийн Жимс ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж үзэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хариуцагч энэ хуулийн 69.1-д заасан арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно" гэж, ИХ-ийн 227 дугаар зүйлийн 227.3 болон 229 дүгээр зүйлийн 229.1-т “олох байсан орлогыг хохиролд тооцоно” гэж заасан байна.Төлбөр авагч Улаанбаатар хотын банк шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн хугацаагаар /2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 200 хоног/ шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 965 421 643 төгрөгөө авч чадахгүй хугацаа алдсан бөгөөд уг мөнгийг бусдад /Жинстийн Жимс ХХК-д олгосон зээлийн нөхцөлбуюу сарын 1,7 хувийн хүүтэйгээр/ 200 хоног зээлдүүлсэн бол 109 414 452 төгрөгийн хүүгийн орлого олох боломжтой байсан.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээ авсны улмаас учирсан хохиролд 109 414 452 төгрөгий Тус шүүхэд Улаанбаатар хотын банкны нэхэмжлэлтэй Жинстийн Жимс ХХКомпаниас гаргуулж өгнө үү.Мөн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Жинстийн Жимс ХХКомпаниас Улаанбаатар хотын банкинд барьцаалсан Ү-2205010508 дугаартай Баянгол дүүрэгт байрлах 40 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууц болон Ү-2202002292, Ү-2202008455, Ү-2202008454 дугаартай, нийт 104,98 м.кв хэмжээтэй, Чингэлтэй дүүрэгт байрлах Унганэ-1 цайны газрыг бусад хөрөнгүүдийн хамт төлбөрт тооцон шилжүүлэхээр шийдвэрлэсэн.Уг шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын банк 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр тус үл хөдлөх эд хөрөнгүүдийг Жинстийн Жимс ХХКомпанийн захирал Д.Оюунбилэгээс хүлээн авсан.Гэтэл Жинстийн Жимс ХХКомпани нь дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс өмнөх хугацааны ашиглалтын /СӨХ-ийн төлбөр, цахилгаан, ашиглалт/ төлбөр нийт 1 218 454 төгрөгийг төлөөгүй байсан ба Сууц өмчлөгчдийн холбоо нь уг төлбөр төлөгдөөгүй тохиолдолд ус, цахилгаанаар хангахгүй гэж мэдэгдсэн. Улаанбаатар хотын банк Жинстийн Жимс ХХК-ны захирал Д.Оюунбилэгт хөрөнгийг ашиглаж байсан үеийнхээ ашиглалтын төлбөрийг төлөхийг мэдэгдсэн боловч боломжгүй гэх хариу өгөн төлөхөөс татгалзсан.Иймд УБХБанк Жинстийн Жимс ХХК-ны өмнөөс Ү-2205010508 дугаартай Баянгол дүүрэгт дүүрэгт байрлах 40 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууц болон Ү-2202002292, Ү-2202008455, Ү-2202008454 дугаартай, нийт 104,98 м.кв хэмжээтэй, Чингэлтэй дүүрэгт байрлах Унганэ-1 цайны газрын 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс өмнөх ашиглалтын төлбөр 1,218,454 төгрөгийг төлсөн ба уг төлбөрийг гаргуулж өгнө үү, Иймд хариуцагч байгууллагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 229 дүгээр зүйлийн 229.1-т зааснаар нийт 110 414 452 төгрөг гаргуулна, хариуцагч байгууллагад зээлдүүлсэн мөнгийг зах зээлийн эргэлтэд оруулах боломжгүй байсан.Энэ бол бодиттой орох байсан орлого гэж үзнэ гэв.

Хариуцагч Жинстийн Жимс ХХКомпан шүүхэд гаргасан тайлбартаа болон өмгөөлөгч шүүх хурадаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк нэхэмжлэлийн шаардлагаа “ИХШХШТХ-ийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх тухай” гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон ИХШХШТХ-ийн 70 дугаар зүйлийн 70.3-т заасан “Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хариуцагч энэ хуулийн 69.1-д заасан арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэсэн заалтын “хариуцагч” гэдэгт “Улаанбаатар хотын банк" нь тодорхойлогдохгүй болно. 2015 оны 10 сард Жинстийн Жимс ХХКомпани нь НШГА-ыг хариуцагчаар татан тус НШГА-нд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд Улаанбаатар хотын банк тус иргэний хэргийн хариуцагч биш тул 70 дугаар зүйлийн 70.3-т заасныг баримтлан нэхэмжлэл гаргах эрхгүй юм.Ийм бодит биш хийсвэрээр мөнгө нэхэж болохгүй бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж буй үндэслэл нь буруу буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжпэл гаргасан байх бөгөөд Улаанбаатар хотын банк уг нэхэмжпэлийг гаргах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.ИХШХШТХ-ийн 117 дугаар зүйлийн 117.1-т “Энэ хуулийн 65.1.5 дахь /нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжпэл гаргасан/ хэсэгт заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно." гэж зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.Мөн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 27 өдрийн 703 дугаар шийдвэрээр “Жинстийн Жимс” ХХКомпаниас 970 417 765 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хотын банканд олгохоор шийдвэрлэсний дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 18 дугаар байрны 58 тоот 34 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Бага тойруу 18 дугаар байрны 58 тоотын өргөгтгөлийн хэсэг А тоот 22.68 м.кв талбайтай цайны газар, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Бага тойруу 18 дугаар байрны 58 тоотын өргөтгөлийн хэсэг Б тоот 48.3 м.кв талбайтай дэлгүүрийн зориулалтай дээрх 3 үл хөдлөх хөрөнгийн 490.000.000 төгрөгрөөр үнэлсэн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам 34-А тоот З давхар орон сууцыг 1 260 000 000 сая төгрөгөөр үнэлсэн, Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 8 дугаар байрны 160 тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 105 000 000 сая төгрөгөөр үнэлж 900 000 000 төгрөгний төлбөрт Улаанбаатар хотын банк хууль бусаар хураан авч өөрийн банкны нэр дээр шилжүүлсэн.Улаанбаатар хотын нэхэмжилж буй 1.218.454 төгрөгийг Жинстийн Жимс ХХКомпани нь хүлээн зөвшөөрөхгүй дээрх үл хөдлөх хөрөнгө нь тус компани нэр дээр байдаггүй байсан болно. Улаанбаатар хотын банк хүний нийт 3 тэр бум төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгүүдийг хураан авч өөрийн өмчлөл дээрээ нэрийг шилжүүлж авсан.Иймд Улаанбаатар хотын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Жинстийн Жимс ХХКомпани шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Д.Оюунбилэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 27 өдрийн 703 дугаар шийдвэрээр “Жинстийн Жимс” ХХК-иас 970 417 765 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэний дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 18 дугаар байрны 58 тоот 34 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Бага тойруу 18 дугаар байрны 58 тоотын өргөтгөлийн хэсэг А тоот 22.68 м.кв талбайтай цайны газар, Чингэлтэй дүүргийн 4-р хороо Бага тойруу 18 дугаар байрны 58 тоотын өргөтгөлийн хэсэг Б тоот 48.3 м.кв талбайтай дэлгүүрийн зориулалтай дээрх 3 үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам 34-А тоот 3 давхар орон сууц, хувийн хаус, Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 8 дугаар байрны 160 тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнуудыг хураан авч өөрийн банкны нэр дээрээ шилжүүлсэн.Гэтэл шийдвэр гүйцэтгэх албанаас зохион явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс түдгэлзүүлсэн байхад Улаанбаатар хотын банк 1 300 000 төгрөгийг түрээсийн төлбөр гэх мэтээр авсан мөртлөө төлбөрийн тооцооноос хасахгүйгээр шууд үл хөдлөх хөрөнгүүдийг хураан авсан тул илүү төлсөн 1 300 000 төгрөгийг Улаанбаатар хотын банкнаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Оюунбилэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Эднийх манай 5 үл хөдлөх хөрөнгийг авсан, шийдвэр гүйцэтгэх ажилагаа хууль бус явагдсан.Манай 3 тэрбум төгрөгийн үнэтэй хөрөнгийг хураасан байгаа, 1 сая төгрөгийг зээлийн төлбөрт суутгасан гэдгийг би мэдээгүй гэв.

Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк шүүхэд гаргасан тайлбартаа болон төлөөлөгч Ц.Мөнхтүшиг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Шүүхийн шийдвэр 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гарснаас хойш төлбөрөө төлөөгүй, талуудын хооронд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан бөгөөд энд тодорхой заасан байгаа, үүний дагуу түрээсийн төлбөрт 1 000 000 төгрөг, ашиглатын зардалд 300 000 төгрөг байршуулсан ба нэг сая төгрөг зээлийн төлбөрт суутгагдсан байгаа, тухайн үл хөдлөх хөрөнгийг манайх 2016 оны 3 дугаар сарын 14-нд авсан, үүнээс өмнө  манай барьцаанд байгаад эднийх ашиглаж байсан тул ашиглалтын зардыг эднийх төлөх ёстой гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк хариуцагч Жинстийн Жимс ХХКомпанид холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсний улмаас учирсан хохиролд 109 414 452 төгрөг, төлбөрт шилжүүлсэн хөрөнгийн ашиглалтын зардлын 1 218 454 төгрөг нийт 110 632 906 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Жинстийн Жимс ХХКомпани илүү төлсөн 1 300 000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлага гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр Улаанбаатар хотын банкны нэхэмжлэл болон Жинстийн Жимс ХХКомпанийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 703 дугаар шийдвэрээр Жинстийн Жимс ХХКомпаниас зээлийн гэрээний үүргийн 965 421 643 төгрөгийг гаргуулан Улаанбаатар хотын банкинд олгож шийдвэрлэн, тус шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 719 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 11-ний дөрийн 101/ШШ2016/00456 дугаартай шийдвэрээр Жинстийн Жимс ХХКомпанийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан үнэлгээ болон анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 33877 дугаартай “Хүсэлтийг шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж гарсан байна.

Энэхүү шүүгчийн захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т зааснаар Жинстийн Жимс ХХКомпанийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үнэлгээ болон анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай хэрэгт нэхэмжлэгч байгууллагын хүсэлтээр энэ хэргийг хянан шиийдвэрлэх хүртэл дээрх Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 703 дугаар шийдвэрийн дагуу явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т “Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хариуцагч энэ хуулийн  69.1-д заасан арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заасан байна.

Гэтэл Улаанбаатар хотын банк Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авсны улмаас мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна гэж тайлбарлаж байх боловч Жинстийн Жимс ХХКомпани нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албыг хариуцагчаар татаж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад Улаанбаатар хотын банк өөрийгөө дээрх хэргийн хариуцагч гэж үзэж энэхүү шаардлагыг гаргаж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйийн 26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэж тодорхойлсон байна.

Иймээс Улаанбаатар хотын банк Жинстийн Жимс ХХКомпанийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариуцагч тал биш байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т заасан шаардлагыг гаргах эргүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн тайлбарлаж байгаачлан Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үндэслэлээр шаардага гаргасан гэж үзвэл Иргэний хуулийн 227 дугаар зүйлд үүрэг зөрчснөөс үүсэх хариуцлагыг тодорхойлсон байх бөгөөд 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан байна.

Үүнээс үзэхэд зохигч талуудын хооронд гэрээ байгуулсан байх бөгөөд энэхүү гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байхаар хуульд тодорхойлсон байх тул нэхэмжлэгч байгууллага энэ үндэслэлээр шаардах эрхгүй байна.

Мөн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлд зөвхөн гэм хорыг арилгах хэмжээг тодорхойлсон байх бөгөөд 229.1-т “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан байгаа нь шаардах эрхийг үүсгэхгүй байна.

Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банкинд хариуцагч  байгуулагаас төлбөрт шилжүүлсэн хөрөнгийн ашиглалтын зардлын 1 218 454 төгрөгийг шаардаж байгаа бөгөөд Баянгол дүүрэгт байрлах 40 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууц болон 104,98 м.кв хэмжээтэй, Чингэлтэй дүүрэгт байрлах Унганэ-1 цайны газрыг бусад хөрөнгүүдийн хамт төлбөрт тооцон шилжүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын банк 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгүүдийг Жинстийн Жимс ХХКомпаниас хүлээн авсан, энэ хугацаанөөс өмнөх үеийн ашиглалтын зардалд 1 218 454 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байх боловч энэхүү шаардагаа нотолж ирүүлсэн баримтуудыг үзэхэд  тухайн төлбөрүүдийг 2016 оны 8 дугаар сарын 23, 24-ны өдрүүдэд төлсөн байгаа нь эдгээр зардлыг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө гарсан гэж үзэх боломжгүй байна.Мөн төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан гэх баримт нь хаанаас хэнд зориулан гаргасан баримт болох нь тодорхойгүй байх ба нэхэмжлэл болон төлбөрийн нэхэмжлэл гэх баримт хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Хариуцагч байгууллагын сөрөг шаардлагын тухайд талуудын хооронд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн Эд хөрөнгө хөлслөх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т “Энэхүү гэрээгээр хөлслөгч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх, хөлслүүлэгч нь хөлсийг хөлслөгчийн зээлийн төлбөрөөс хасахаар харилцан тохиролцов”, гэрээний 2.1-т “талуудын харилцан тохиролцсноор эд хөрөнгийн 1 сарын төлбөр 1 000 000 төгрөг бөгөөд 1 сарын хугацаатай байна”, 2.2-т “хөлслөгч тал барьцаанд 350 000 төгрөг урьдчилан байршуулна” гэж заасан байхад хариуцагч байгууллагын төлөөлөгч үүнийг мэдээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Нөгөө талаар хэргийн 68 дугаар хуудсанд авагдсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн “танилцуулга” гэх баримтад ...нийт төлбөрийн дүн 970 857 75. төгрөг, ...үүнээс төлөгдсөн 1 000 000  үлдэгдэл 969 857 756 гэсэн байгаагаас үзэхэд Жинстийн Жимс ХХКомпани зээлийн гэрээний үүрэгт 1 300 000 төгрөгийг илүү төлсөн байна гэж үзэх боломжгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Жинстийн Жимс ХХКомпаниас 110 632 906 /нэг зуун арван сая зургаан зуун гучин хоёр мянга есөн зуун зургаан/ төгрөг гаргуулахыг хүссэн Улаанбаатар хотын банкны шаардлагыг, Улаанбаатар хотын банкнаас 1 300 000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн Жинстийн Жимс ХХКомпанийн сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч байгууллагын төлсөн 738 816 төгрөгийг, хариуцагч байгууллагын төлсөн 20 150 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар  гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           З.ДОРЖНАМЖИН