Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 336

 

 

 

 

 

 

 

 

  2020         02         28                                   2020/ШЦТ/336

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

             шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,

             улсын яллагч А.Ариунаа,

             шүүгдэгч Г.Т., Б.Т. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т. овогт Г.ын Т., Б. овогт Б.ы Т. нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01877 0026 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 2001 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ФД01250811 регистрын дугаартай, Т. овогт Г.ын Т..

          Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б. овогт Б.ы Т..

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т., Г.Т. нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 15-16-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Цэцэг” зочид буудлын урд талын явган хүний зам дээр иргэн Э.Амараагийн эзэмшлийн Рэдми Нөт-5 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 434.700 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Баянцээлийн гудамжинд 2019 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө иргэн М.Цэрэндоржийн Самсунг Жи-7 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 290.940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                                                                       /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Т., Б.Т. нар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

- Хохирогч Э.Амараагийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 7/,

- Хохирогч Э.Амараагийн өгсөн: “Би 2019 оны 03 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 01:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сансарын тунель руу замынхаа хойд талаар ганцаараа утсаар яриад алхаж байхад хажуу талаас хар өнгийн хувцастай, малгайтай цамц өмссөн залуу утас булааж аваад байшин тойроод, хойд зүг рүү РЦНК рүү гүйгээд явсан, би араас нь гүйгээд алдсан. Ингээд эргүүлийн цагдаатай таараад, учраа хэлээд, намайг өргөдлөө өг гэсэн юм. Миний биед хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Намайг анх харахад 1 хүн хүрч ирээд л намайг гар утсаараа яриад алхаж байхад гарнаас утас шүүрч аваад л зугатаачихсан. Маргааш нь камер шүүж үзэхэд 2 хүн хамт явж хэрэг хийснийг нь мэдсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 12/,

- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн БЗД2-20-005 дугаартай тайлан /хх-ийн 19-20/,

- Хохирогч М.Цэрэндоржийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 76/,

- Хохирогч М.Цэрэндоржийн өгсөн: “Би 2019 оны 03 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 23:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристал” баарны гадна 2 найзтайгаа уулзчихаад Баянцээлээс дээшээ өгсөөд гар утсаараа яриад явж байтал 20 гаран насны 2 эрэгтэй хүн хажуу талаас гарч ирээд миний гар утсыг шүүрээд зугатаагаад явсан. Би араас нь гүйх гэсэн боловч хөл муутай учир гүйж чадаагүй. Хяналтын камер шүүж үзэхэд миний гар утсыг булааж авч байгаа үйлдэл нь бичигдсэн байсан. Тэр хүмүүс миний биед ямар нэгэн байдлаар хүч хэрэглэсэн асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 82, 83/,

- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн БЗД2-20-015 дугаартай дүгнэлт /хх-ийн 91-92/,

- Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хх-ийн 110-111/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 112/,

- Яллагдагч Г.Т.гийн өгсөн: “Энэ хэргийг хамтран үйлдсэн Б.Т. гэх залуу бол 2019 онд надтай танилцаж байсан найзууд байгаа юм. Анх 2018 оны зун Б.Т. бид хоёр найзуудтайгаа нийлж, зүүн 4 замын тэнд байр түрээслэн дуу бичлэгийн студи нээж, ажиллуулж эхэлсэн бөгөөд 5 сарын хугацаанд сар болгон 350.000 төгрөгийн түрээсийн мөнгө өгдөг байсан юм. Түрээсийн мөнгийг хамт ажиллаж байгаа хүүхдүүдээс хувааж аваад байрны эзэнд өгдөг байсан ба 2019 оны 03 дугаар сарын 20-ны үед түрээсийн мөнгө өгөх гээд хүүхдүүдээс мөнгө авчихаад Б.Т. бид хоёр үрчихсэн юм. Тэгээд Б.Т. бид хоёр байр түрээсийн мөнгөө үрчихээд одоо яаж түрээсийн мөнгө олох вэ гэж ярилцаж байгаад Б.Т. бид хоёр гадуур явж байгаа согтуу хүмүүсээс гар утсыг нь шүүрч зугатаая, тэгээд шүүрсэн утсаа ломбарданд тавьж мөнгө болгоод түрээсийн мөнгөө олж өгье гэж тохирсон юм. Ингэж ярилцаад 2009 оны 03 дугаар сарын 15-ны орой 22:00 цагийн үед Б.Т. бид хоёр Сансарын тунель дээр уулзаад “аятайхан утас барьсан, согтуу хүн хайж олох” талаар ярилцаад шөнийн 24:00 цаг хүртэл тийм хүн хайсан боловч олдоогүй юм. Тэгээд 24:00 цаг өнгөрөөд харих санаатай Сансарын Баянцээлийн гудамжаар явж байтал нэг махлаг биетэй эрэгтэй хүн, шал согтуу байдалтай хүн лүү утсаар яриад явж байхаар нь Б.Т. бид хоёр уг утсыг шүүрч авъя гэж тохирсон юм. Тэгээд утсыг шүүрч авахдаа хэн нь авч зугатаах вэ гэдгээ ярилцаад хуруудсан. Хуруудаад ялагдсан нь уг хүний утсыг шүүрч зугатаахаар тохироод, би хожигдсон учир Б.Т. бид хоёр хамт явж нөгөө хүний хажуугаар өнгөрөх үедээ буюу уг хүнийг утсаар ярьж байх үед нь би гарнаас  нь утсыг нь шүүрч аваад Б.Т. бид хоёр хамт зугатаасан юм. Тэгээд шүүрсэн утсаа харахад цагаан өнгийн Самсунг Жи-7 маркийн гар утас байхаар нь 300.000 төгрөг хүрчих байх гээд Сансарын И-Мартын хойд талд Цэцэг зочид буудлын харалдаа бас нэг эрэгтэй хүн, согтуу, хөл дээрээ найгаад утсаараа яриад алхаж байсан юм. Тэгээд Б.Т. бид хоёр дахиад тэр хүний утсыг шүүрч авахаар ярилцаад, би Б.Т.д хандаж, эхний утсыг би шүүрсэн юм чинь одоо чи шүүрчих гэж хэлсэн чинь Б.Т. нь “өө би шүүрч чадахгүй ээ, чи шүүрчих” гээд намайг хэлсэн юм. Тэгэхээр нь би бас шүүрэхгүй гээд дахин хожигдсон нь утсыг шүүрье гэж тохироод хуруудаад би хожигдсон юм. Тэгээд би хожигдсон учир дахин нөгөө хүнийг утсаар ярьж байх үед нь хажуугаар нь зөрж өнгөрөөд араас нь эргэж хараад гарнаас нь утсыг нь аваад зугатаачихсан юм. Сүүлд шүүрсэн утас нь Самсунг Нөт-5 маркийн хөр өнгийн гар утас байсан юм. Тэгээд Б.Т. бид хоёр манай гэрч очиж хоноод, маргааш нь буюу 03 дугаар сарын 16-ны өдөр Сансарын Баянцээлийн гудамжинд байх ломбардны газарт 2 утсыг нийлүүлээд тус бүр 150.000 төгрөгөөр бодож, 300.000 төгрөгийн барьцаанд тавьсан юм. Тэгээд студи түрээсийнхээ мөнгийг өгөх гэтэл манайхыг түрээсээ өгөөгүй гээд манай эд зүйлийг гаргаад студийн байрыг чөлөөлчихсөн байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 36/,

- Яллагдагч Б.Тулгын өгсөн: “Би 2018 оны 07 дугаар сард өөрийн найз Г.Т., Жамъяндорж, Төрболд нартай хамтарч, SF нэртэй кино, дуу бичлэгийн студи нээж ажиллуулж эхэлсэн ба би уг студийн захирал хийдэг юм. Тэгээд бид нар хамтарч “Үл бутрах чулуу” нэртэй бүрэн хэмжээний уран сайхны кино хийхээр болсон бөгөөд студийн байраа сарын 400.000 төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэхэд байрны түрээсийн мөнгө өгөх ёстой байсан ба өөрт байсан бүх мөнгөө кинонд зориулсан байсан учир ямар ч мөнгөгүй болчихсон байсан юм. Тэгээд байрны түрээсийн мөнгөө хугацаанд нь өгч чадахгүй бол байрнаасаа хөөгдөж, хийж байсан кино талаар өнгөрөх гээд байсан юм. Тэгээд Г.Т. бид хоёр хоорондоо байр түрээсийн мөнгөө яаж олж өгөх талаараа ярилцаж байгаад согтуу хүний гар утас шүүрч зугатаая, шүүрсэн утсаа барьцаалан зээлдүүлэх газарт тавьж, түрээсийн мөнгөө олж өгнө гэж тохирсон юм. Тэгээд ярьж тохирсныхоо дагуу 2019 оны 03 дугаар сарын 15-ны орой 22-23 цагийн үед Г.Т. бид хоёр уулзаж, Сансарын тэр хавиар согтуу хүн байвал утсыг нь шүүрч зугатаах гээд явж байсан юм. Гэтэл шөнө дунд Баянцээлийн гудамжинд байх “Шөлөндөө”  нэртэй цайны газрын хажууханд махлаг биетэй, 30-40 орчим настай, эрэгтэй хүн ганцаараа, согтуу байдалтай утсаар яриад явж байсан юм. Тэгээд Г.Т. бид тэр хүний араас очоод тэр хүнийг утсаар ярьж байх үед Г.Т. гар утсыг нь шүүрч аваад зугатаасан юм. Тэгээд би Г.Т.гийн араас гүйж, бид хоёр зугатаагаад Жуковт байх студийнхээ тэнд очоод тэндээс харих санаатай такси бариад Г.Т.гийн гэр лүү явсан юм. Тэгээд Сансарын И-Март дэлгүүрийн зүүн талд очиж, таксинаасаа буугаад Г.Т.гийн гэр лүү явж байтал дахиад нэг 20-25 орчим насны согтуу, эрэгтэй хүн утсаараа яриад алхаж байсан юм. Тэгэхээр нь Г.Т. намайг “анд аа, чи очоод тэр хүний утсыг шүүрчих” гэхээр нь би түүнд хандаж, найз нь ийм зүйл хийж байгаагүй учир чадахгүй шүү дээ, чи шүүрчих гэж хэлсэн юм. Тэгээд Г.Т. явж очоод тэр хүний гарнаас нь утсыг нь шүүрч аваад бид хоёр хамт зугатаагаад Г.Т.гийн гэрт орж хоносон ба шүүрсэн утаснуудаа харахад нэг нь Жи-7, нөгөө нь Нөт-2 маркийн гар утас байсан юм. Тэгээд маргааш нь буюу 03 дугаар сарын 16-ны өдөр Сансарын “Андууд” нэртэй ломбард руу орж, Жи-7 маркийн гар утсыг барьцаанд тавьсан. Тэр “Андууд” нэртэй ломбард нь нөгөө утсыг авахгүй гэхээр нь өөр нэг ломбард руу орж, 40 бил үү 50 мянган төгрөгийн барьцаанд тавьсан юм. Яг хэд хэдэн төгрөгийн барьцаанд тавьж байсан гэдгээ санахгүй байна. Тэгээд мөнгөө студийн түрээсэндээ өгөөд хэдэн төгрөг илүү гарсан учир Г.Т. бид хоёр хувааж авсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Б.Т., Г.Т. нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 15-16-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Цэцэг” зочид буудлын урд талын явган хүний зам дээр иргэн Э.Амараагийн эзэмшлийн Рэдми Нөт-5 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 434.700 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Баянцээлийн гудамжинд 2019 оны 03 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө иргэн М.Цэрэндоржийн Самсунг Жи-7 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 290.940 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Э.Амараагийн мэдүүлэг, хохирогч М.Цэрэндоржийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагч Г.Т., Б.Т. нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Т., Б.Т. нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Т., Б.Т. нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч М.Цэрэндорж мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгтээ утсаа буцаан авсан тул гомдол, саналгүй, хохирогч Э.Амараа нь шүүхийн шатанд шүүгдэгч нараас 430.000 төгрөгийг хүлээн авсан тул гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Т., Б.Т. нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв. /хх-ийн 83, 138 дугаар тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

Шүүгдэгч Г.Т., Б.Т. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийг хэрэглэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх  боломжтой гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Т. 58 хоног цагдан хоригдсон, Г.Т. нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Т. овогт Г.ын Т., Б. овогт Б.ы Т. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Т., Б.Т. нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Г.Т., Б.Т. нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг үүрэг болгосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнссэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн, албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг Г.Т., Б.Т. нарт тайлбарласугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Т.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            6. Шүүгдэгч Б.Т. нь 58 хоног цагдан хоригдсон, Г.Т. нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

            7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай. .

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Т., Б.Т. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА