| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2020/0017/Э |
| Дугаар | 54 |
| Огноо | 2020-01-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч Ц.Хулан,
Хохирогч Х.Баяржаргал,
Шүүгдэгч Б.Идэржавхлан, түүний өмгөөлөгч Г.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Бодонч овогт Болормаагийн Идэржавхлантад холбогдох эрүүгийн 1811 01704 1163 дугаартай хэргийг 2019 оны 12 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Бодонч овогт 1980 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 38-655 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: ХЖ80102319/.
Шүүгдэгч Б.И нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах Нийслэлийн 5 дугаар сургуулийн хойд талын зам дээр 92-54 УНЕ улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан хохирогч Ж.Лхагвасүрэнд өөрийгөө замын цагдаа гэж хуурч, итгүүлэн түүнээс 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөг, 10.000 /арван мянга/ вон авсан,
2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 65-50 УНЭ улсын дугаартай, Приус-10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан хохирогч Х.Энхээд өөрийгөө замын цагдаа гэж хуурч, итгүүлэн түүнээс 290.000 /хоёр зуун ерэн мянга/ төгрөгийг авсан,
2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 53-69 УНД улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан хохирогч Х.Баяржаргалаас өөрийгөө замын цагдаа гэж хуурч, итгүүлэн түүнээс 170.000 /нэг зуун далан мянга/ төгрөгийг авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Б.Иаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөгч намайг дуудаад урд нь 30 хоног баривчлагдсан хөмсөг нь таарч байна гэж хэлсэн. Миний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэх шалтгаан байхгүй. Надад энэ хүнээс мөнгө авч залилах шаардлага байхгүй. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..” гэв.
Хохирогч Х.Баяржаргалаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 12 цаг Соёл урлагын их сургуулийн хажууд үргэжилсэн цагаан шугамаар зүүн эргээд зогсож байхад дүрэм зөрчсөн байна гээд машин суугаад 53-69 УБҮ гэх машиныг 200.000 төгрөгөөр торгоод 6 сарын хугацаатайгаар эрхийг хасаад машиныг ачна гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд та миний машиныг ачихгүй байж болох уу гэхэд тэрээр чи надад юу өгөх бэ гэхэд би мөнгө өгье гэж хэлсэн. Бөртэ гэх дэлгүүрийн өмнө 170.000 төгрөг өгсөн. Би шүүгдэгчээс 170.000 төгрөгөө гаргуулж авмаар байна..” гэв.
Шүүгдэгч Б.Иаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-32-33/ “..Би ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй, ба эдгээр хүмүүсээс цагдаагийн алба хаагчийн нэр барьж үнэмлэх үзүүлж залилан мэхэлсэн тохиолдол байхгүй, ба надад цагдаагийн алба хаагчийн үнэмлэх, читон нь байхгүй иймд миний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна эдгээр хүмүүс намайг хүнтэй андуураад байна би өөр ямар нэгэн мэдүүлэг өгмөөргүй байна..” гэх мэдүүлэг,
Хохирогч Ж.Лхагвасүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-28-30, 154/ “..Би 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед өөрийн эзэмшлийн 92-54 УНЕ улсын дугаартай Приус-20 маркийн машинтай хүнсний 1 дүгээр дэлгүүрээс хойшоо 5 дугаар сургуулийг чиглэж явж байгаад 5 дугаар сургуулийн хойд талын замруу цагаан шугам даваад зүүн эргэж ороод 50 дугаар байрны гадаа танилтайгаа уулзчихаад буцаад 5 дугаар сургуулийн хойд талын нарийн замаар явж байтал нэг хар хувцастай хар нүдний шилтэй нэг хүн бичиг баримт шиг зүйл урдаа барьж үзүүлээд намайг зогсоосон. Би машиныхаа цонхыг нээтэл тэр хүн надад өөрийгөө замын цагдаагийн хошууч Энхбат байна. Та үргэлжилсэн цагаан шугам давж эргэсэн. Та намайг зогсох дохио өгөхөд хараагүй гээд нэг хуулийн зүйл заалт хэлээд байсан... Тэгтэл тэр хүн машины хойно орж ирж суугаад хөдөлсөн. Тэгээд надад зам зааж өгөөд явсаар байгаад Тэнгис кино театрын ард байх 15 дугаар байрны гадаа зүүн талд зогссон. Тэр байрлуу явах замдаа нэг хүнрүү утсаар яриад байсан. Утсаар ярихдаа 9254 Лхагвасүрэн гэдэг хүнийг саатуулчихлаа материал бэлд гээд л яриад байсан. Тэгээд би 15 дугаар байрны гадаа очоод эргэж хараад та юу гэнээ юу болоод байгаа юм бэ гэж асуутал машинаас буугаад машины хажууд зогсчихсон. Машины хажууд зогсож байхад нь би царайг нь маш сайн харж авсан. Тэр хүн миний жолоо барих эрхийг 6 сараас дээш хугацаагаар хасна гээд байхаар нь би эрх хасахаас өөр юм байхгүй юу. Би энэ машинаар ажлаа амжуулдаг юм гэж гуйтал за яахав та ийм учиртай юм бол зөвхөн торгууль нь 350.000 орчим төгрөг байдаг юм. Та надад 250.000 төгрөг өгчих тэгвэл би ойлгоод энэ удаа явуулъя гэж хэлсэн. Тэгээд би өөрт байсан 180.000 төгрөгөө өгсөн. Тэгтэл тэр залуу ядаж 200.000 болгочих гэхээр нь цүнхээ ухтал 10.000 вон байсан тэрийгээ хамт өгсөн... Тэгээд надад за эгч энэ удаа аргаллаа шүү дараагийн удаа ийм асуудал байхгүй шүү гэж хэлээд машинаас буугаад яваад өгсөн. Тэр хүн дөрвөлжинн толгойтой, өргөн шанаа, өргөн нүүртэй, өтгөн хөмсөгтэй, бараан барзгар хар нүүртэй, хар өнгийн нүдний шил зүүсэн. 170-175 см орчим өндөртэй өргөн цээжтэй, махлагдуу биетэй, нэлээн том биетэй, хар өнгийн биеийн тамирын хувцастай хүн байсан. Ер нь их л содон хүн байсан. Би харах юм бол танина...", "...Миний өгсөн вон нь Өмнөд Солонгос Улсын мөнгөн тэмдэгт байсан юм..” гэх мэдүүлэг,
Хохирогч Х.Энхээгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-99/ “..Би 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн машинтай эхнэр Чогсомжавын хамт 10 цагийн үед гэрээсээ гарч Чингэлтэй дүүргийн эмнэлэг орж хүн эргэх санаатай явж байгаад 5 дугаар сургуулийн зүүн талаар зүүн хойшоо цагаан шугам даваад эргэтэл нэг хар хувцастай эрэгтэй хүн зогс гэж орилсон..миний арын суудал дээр орж ирж суугаад за амрыг эрье, яагаад дүрэм зөрчөөд байна ах хүү, ямар дүрэм зөрчсөнөе мэдэж байна уу гэсэн... Тэр намайг учир зүггүй л яв хөдөл гээд байсан. Тэгснээ 65 байна энийг хүнсний-4 дээрээс ачуулъя гэж яриад байсан. Тэгээд өөрийгөө замын цагдаагийн хошууч байна гээд байсан... Та хоёрыг 296.000 төгрөгөөр торгоод 3 сараар эрхийг чинь хасна гээд байсан. Бид хоёр ч айгаад тэр хүнээс гуйсан. Тэгтэл тэр хүн та хоёр 290.000 төгрөг өгчих гэхээр нь бид хоёр зөвшөөрсөн. Манай эхнэр өөрийнхөө алтан ээмгийг хүнсний-4 дүгээр дэлгүүрийн замын урд талд байх нэг ломбарданд 200.000 төгрөгөөр тавиад үлдсэн мөнгийг нь Баянбүрдийн тойргийн урд байх АТМ-аас авсан..Тэнгисийн хажуу талын Улсын дээд шүүхийн замын хойд талд зогссон. Тэндээ бид хоёр 290.000 төгрөгөө тоолж өгөөд тэр хүн буугаад явсан..би зургийг харлаа энэ хүн яг мөн байна. Барзгар царайтай, их хөмсөгтэй, хардуу царайтай, нэлээн биерхүү хүн байсан..”, “..энэ зургийг сайтар харлаа надаас мөнгө авч байсан хүн яг мөн байна. Би түүний царай төрх, хөмсөг, үсний засалт зэргээр маш сайн таньж байна..” гэх мэдүүлэг,
Хохирогч Х.Баяржаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-129-132, 155/ “..2018 оны 05 дугаар сарын 12- ны өдөр ...СУИС-ийн урд явж байгаад үргэлжилсэн цагаан шугам давж буцаж эргэхэд 35 орчим насны махлагдуу, хар өнгийн нүдний шилтэй залуу дүрэм зөрчсөн зогс бичиг баримтаа шалгуул гэж хэлэхээр нь эргээд зогссон... 240.000 төгрөгөөр торгоод 6 cap эрх хасна гэж хэлсэн. Би тухайн үед ажил ихтэй явж байсан болохоор машинаас ачуулж чадахгүй гэж хэлсэн чинь миний өөдөөс тэгвэл чи надад юм өгөх юм бэ? Миний машины банкийг дүүргэж өгөх юмуу гэхээр нь би айсандаа тэгье гээд хэлчихсэн... урт цагааны зогсоолоос гараад Бөртэ ХХК-ийн урд ирж зогсоод мөнгөө тоолж тэр хүнд өгөөд салсан... хардуу монхордуу хамартай, гэдэс хэсгээрээ таргандуу, 168-170 см өндөртэй эрэгтэй хүн байсан. Үсээ гелдээд хагалаад самнасан байсан. Дээгүүрээ сул ханцуйтай цагаан өнгийн цамц: доогуураа цагдаагийн маягийн хар өнгийн өмдтэй байсан... харвал танина..", "..яг одоо энэ зураг дээр байгаа залуу намайг зогсоож бичиг баримтаа гаргаад ир гэж хэлээд миний машины ард талын суудал дээр сууж... миний бичиг баримтыг авчихаад өгөхгүй байсан.. нөгөө хүн миний машинаас буугаад нүүрээ гараараа нуугаад урагш Найман шарга төвийн хажуугаар гараад алхаж байгаа бичлэг байсан энэ бичлэгийг би хуулбарлан авч дискэн дээр буулгасан байгаа учраас нотлох баримтаар тооцуулмаар байна...", "...би анх өргөдөл гаргаж байхдаа 170.000 төгрөг гэж хэлж мэдүүлсэн минь зөв... сүүлд мэдүүлэг өгөхдөө андуураад буруу хэлсэн байна..” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Чогсомжаваас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-69-70/ “..Тушаал дэвших гэж байгаа болохоор энд дуудсан байх гээд тэнд 290.000 төгрөгөө тоолж аваад буугаад явсан... би зургийг харлаа энэ хүн яг мөн байна. Барзгар царайтай, их хөмсөгтэй, хардуу царайтай, нэлээн биерхүү хүн байсан..” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаар бичгээр гаргасан гомдол /хх-6/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-22-23/, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх-40/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-43/, гэмт хэргийн талаар бичгээр гаргасан гомдол /хх-49/, Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний гэрээний хуулбар /хх-50/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-61-62/, шүүгдэгч Б.Иын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-81/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-90/, хорооны тодорхойлолт /хх-139/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.И нь 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах Нийслэлийн 5 дугаар сургуулийн хойд талын зам дээр 92-54 УНЕ улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан хохирогч Ж.Лхагвасүрэнд өөрийгөө замын цагдаа гэж хуурч, итгүүлэн түүнээс 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөг, 10.000 /арван мянга/ вон,
2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 65-50 УНЭ улсын дугаартай, Приус-10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан хохирогч Х.Энхээд өөрийгөө замын цагдаа гэж хуурч, итгүүлэн түүнээс 290.000 /хоёр зуун ерэн мянга/ төгрөгийг,
2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 53-69 УНД улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан хохирогч Х.Баяржаргалаас өөрийгөө замын цагдаа гэж хуурч, итгүүлэн түүнээс 170.000 /нэг зуун далан мянга/ төгрөгийг тус тус авсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.И нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд “дээрхи гэмт хэргийг үйлдээгүй хохирогч нар намайг гүтгэж байна” гэж мэдүүлэн холбогдсон хэргийг бүхэлд нь зөвшөөрөөгүй болно. Гэвч шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, дүрс бичлэг хийсэн си ди болон шүүх хуралдаанд ирж оролцсон хохирогч Х.Баяржаргалын өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.И нь нь 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 9 дүгээр сарын 08-ны хооронд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 дугаар сургуулийн орчим хохирогч Ж.Лхагвасүрэн, Х.Энхээ, Х.Баяржаргал нараас “би замын цагдаа байна, та замын хөдөлгөөний дүрэм зөрчлөө, машиныг чинь ачуулна, жолоо барих эрхийг 6 сар хасна” гэж хуурч тэднээс нийт 662.400 төгрөгийг авсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Иын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж түүний гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Иын шүүх хуралдаанд мэдүүлсэнээр тэрээр Цагдаагийн эргүүл хамгаалалтын газарт цагдаагаар ажиллаж байгаад халагдсан, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, зах дээр гэх ахуйн хэрэгслэл зарж сард дундажаар 3 сая орчим төгрөгийн орлоготой гэх боловч энэ талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Иаас улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд шүүхээс түүнийг “хуурч бусдын эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож хохирогч нарт нийт 662.400 төгрөгийн төлбөртэйг тогтоосоны дараа шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас хохирогч нарт хохирол төлөх санал, хүсэлт гаргасаныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан болно.
Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Б.И хохирогч Х.Энхээд 290.000 төгрөг, хохирогч Х.Баяржаргалд 170.000 төгрөгийг төлж барагдуулсан бол, хохирогч Ж.Лхагвасүрэнд учирсан хохирол 202.400 төгрөгөөс 200.000 төгрөг төлж, 2400 төгрөгийг төлөөгүй байна.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Б.Иыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Иыг 2018 оны 9 сарын 20-ны өдөр сэжигтнээр 1 хоног баривчилсан байх тул баривчлагдсан нэг хоногийг торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Иад оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгчид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Шүүгдэгч нь Б.И нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээх болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Бодонч овогт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Иад 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Иын баривчлагдсан нэг хоногийг торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасаж торгох ялын хэмжээг 1.485.000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Иад оногдуулсан 1.485.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.И нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Иаас 2400 /хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 74г-59 тоотод оршин суух Өлзийт овогт Жүгдэрийн Лхагвасүрэнд /РД:ЦВ69041606/ олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шүүгдэгч Б.Иын бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Иад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР