| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/05995/и |
| Дугаар | 5744 |
| Огноо | 2016-11-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 5744
|
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 2535534, Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханцхутагт Дамдинбазарын гудамж, 35-А байрны 54/1 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ЧК 75011873, Боржигон овогт Даваацэрэнгийн Мөнх-Эрдэнэ,
Хариуцагч:Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханцхутагт Дамдинбазарын гудамж, 35-А байрны 54/1 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ЧД 77112661, Зуут овогт Хунгаагийн Ууганбаяр нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 98 385 682 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд, хариуцагч Д.Мөнх-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрхэмбаяр, хариуцагч Х.Ууганбаярын өмгөөлөгч Ч.Лувсанцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Худалдаа Хөгжлийн банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Т.Ганболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Д.Мөнх-Эрдэнэ, Х.Ууганбаяр нар 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр тус банктай 2013/031 тоот Орон сууцны зээлийн гэрээ, 2013/031/03 тоот Батлан даалтын гэрээ, мөн 2013/031/01 тоот Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2013/031/02 Барьцааны гэрээ, 2013/031/05 тоот Орон сууцны зээлийн нэмэлт гэрээнүүдийг байгуулан 100 000 000 төгрөгийн зээлийг, жилийн 8 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай орон сууцны зориулалтаар авсан.Зээлдэгч Д.Мөнх-Эрдэнэ, Х.Ууганбаяр нардээрх гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 35-А байр 54/1 тоотын 65.56 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно.Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 92 317 575 төгрөг, зээлийн хүү 6 017488 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40 118 төгрөг, нийт 98 375 182 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү, хариуцагч нарын араас их явсан, зээлийн гэрээнд заасны дагуу гарааг цуцлагдаж байгаа гэв.
Хариуцагч Х.Ууганбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:Д.Мөнх-эрдэнэ, Х.Ууганбаяр нар нь 2013.04.25-ны өдөр Худалдаа Хөгжлийн банктай 2013/031 тоот орон сууцны зээлийн гэрээг байгуулж 100 000 000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатайгаар зээлж авсан.Өнгөрсөн хугацаанд би зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн боловч зээлийн график төлбөрийг зөрчсөн нь үнэн болно.Гэвч талуудын хооронд байгуулсан урт хугацааны зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах тохиолдолд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т “Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно" гэж заасныг баримтлах учиртай.Өөрөөр хэлвэл Худалдаа Хөгжлийн банкнаас үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа буюу гэрээний үүргийн зөрчлөө арилгах хугацаа олгоогүй, гэрээ цуцлах тухай урдчилан сануулаагүй байгаа нь Иргэний хуулийн журмыг баримтлаагүй байх тул хугацаанаас нь өмнө дангаар гэрээ цуцлах хууль зүйн үндэслэлгүй байна.Зээлдэгчийн зүгээс гэрээний график зөрчлөө арилган гэрээний харилцааг хэвийн үргэлжлүүлэн явах боломжтой тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Ууганбаярын өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл зээлдэгч нарт зээлээ төлөхийг сануулж шаардаж байгаагүй, зээлийн график зөрчигдсэн талаар хариуцагчид мэдэгдэл ирээгүй.Зээлийн гэрээг цуцалж байгаа бол Иргэний хуульд заасан гэрээнээс татгалзах журам үйлчлэх ёстой.Энд үүргийн зөрчил арилгах хугацаа олгодог бөгөөд биелүүлээгүй тохиолдолд гэрээ цуцлагдана.Гэтэл энэ журам хэрэгжээгүй байна.Нэг талын санаачилгаар зээийн гэрээг цуцлах ёсгүй.Нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 11-ны өдөр шүүхэд гаргасан 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.Хэрэв гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа бол зээлийн хүү тооцох ёсгүй гэв.
Хариуцагч Д.Мөнхбаярын төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагчид ямар нэгэн байдлаар зээлийн график зөрчигдсөн талаар мэдэгдээгүй, зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн нь үнэн боловч, зөрчигдсэн үеэс обектыг борлуулаад зөрүүг энд тооцох байсан, хариуцагч нарын хууль зүйн дутмаг байдал нөлөөлсөн, нэг талын санаачилгаар гэрээг цуцлах ёсгүй, хуульд заасан байгаа гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Худалдаа Хөгжлийн банк хариуцагч Д.Мөнх-Эрдэнэ, Х.Ууганбаяр нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 92 317 575 төгрөг, зээлийн хүү 6 017 488 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40118 төгрөг нийт 98 375 182 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч Д.Мөнх-Эрдэнэ, Х.Ууганбаяр нар 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 100 000 000 төгрөгийг, жилийн 19,2 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлж авсан болох нь зохигчдийн хооронд 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хийгдсэн 2013/031 тоот орон сууцны зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны 2013/31/01 тоот барьцааны гэрээ болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тэд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа болох нь нэхэмжлэгч байгуулагаас ирүүлсэн зээл, зээлийн хүүгийн тооцоолол болон талуудын тайлбараар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл анх зээл авахад хийгдсэн зээлийн эргэн төлөх хуваарь болон хэргийн 45, 46 дугаарт авагдсан зээл, зээлийн хүүгийн тооцоололын баримтуудыг харьцуулж үзэхэд хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих хэмжээгээр биелүүлээгүй болох нь нотлогдож байна.
Хариуцагч нар нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, 208 дугаар зүйлийн 208.1-т “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж хуулиар тогтоосон үүргийг биелүүлээгүй байна.
Нөгөө талаар зохигчдын хооронд хийгдсэн зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.2-т “зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн буюу хэсэгчлэн төлөлгүй 90 хоног хугацаа хэтэрсэн бол гэрээг цуцлахаар талууд тохиролцсон байна.
Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т “Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно” гэж заасан байна.
Гэтэл талууд зээлийн гэрээгээр зээлийг эргэн төлөх хугацааг 90 хоног хэтрүүлбэл гэрээг цуцлана гэж тохиролцсон атлаа зээл эргэн төлөх хугацааг 210 хоног хэтрүүлсэн байгаа байдлаас үзэхэд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой болсон байна гэж үзэх үндэстэй байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол, 222.1.2-т үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч нарыг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр заасан байна.
Нөгөө талаар нэхэмжлэгч байгууллага Д.Мөнх-Эрдэнэд 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр мэдэгдэл хүргүүлж, зээл, зээлийн хүүгийн эргэн төлөх хуваарь 74 хоногоор хэтэрч байгаа, 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдэл хүргүүлж, зээл, зээлийн хүүгийн эргэн төлөх хуваарь 210 хоногоор хэтэрч байгааг тус тус мэдэгдсэн байгаа нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т заасны дагуу хариуцагч нарт мэдэгдсэн гэж үзэхээр байх бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т заасан үндэслэлд нийцэж байна.
Нэхэмжлэгч байгууллага хариуцагч нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаснаар талуудын хооронд хийгдсэн орон сууцны зээлийн гэрээг цуцлагдахгүй бөгөөд тухайн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэснээр тухайн гэрээ цуцлагдаж байгаа тул хариуцагч Х.Ууганбаярын өмгөөлөгчийн гэрээ цуцлагдсан байхад зээлийн хүүг нэмэгдүүлэн нэхэмжлэх гэх тайлбар үндэслэлгүй байна.
Мөн талуудын хооронд 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хийгдсэн Үл хөдөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхий барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаж хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангах үндэстэй байх бөгөөд уг гэрээнд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханцхутагт Дамдинбазарын гудамж 35 дугаар байрны 54/1 тоотод байршилтай, 65, 56 метр квадрат талбай бүхий орон сууц, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханцхутагт Дамдинбазарын гудамж 351 дүгээр байрны зоорийн давхарын үйлчилгээний зориулалттай, 297,27 метр квадрат талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна.
Дээрх Үл хөдөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхий барьцааны гэрээнд дурдсан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханцхутагт Дамдинбазарын гудамж 351 дүгээр байрны зоорийн давхарын үйлчилгээний зориулалттай, 297,27 метр квадрат талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг зохигч талуудын хооронд 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 157 865 384 төгрөгт тооцож, мөн зохигчдын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр уг үл хөдлөх хөрөнгийг Худалдаа хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн байгааг дурдах нь зүйтэй байна.
Мөн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байгааг дурдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч байгууллага зээлийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлахыг шаардах эрхтэй байх тул талуудын хооронд хийгдсэн орон сууцны зээлийн гэрээг цуцалж, уг гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 92 317 575 төгрөг, хуримтлагдсан хүүгийн 6 017 488 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 40 118 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан Даваацэрэнгийн Мөнх-Эрдэнэ, Хунгаагийн Ууганбаяр нараас 98 375 181 төгрөгийг гаргуулан Худалдаа хөгжлийн банкинд олгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Мөнх-Эрдэнэ, Х.Ууганбаяр нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны хөрөнгийг хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 688 673 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 649 852 /зургаан зуун дөчин есөн мянга найман зуун тавин арёр/ төгрөгийг гаргуулан Худалдаа хөгжлийн банкинд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН