| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2020/0064/Э |
| Дугаар | 73 |
| Огноо | 2020-01-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
Улсын яллагч Ц.Хулан,
Шүүгдэгч Г.Г,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гт холбогдох эрүүгийн 1911 00961 1115 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Тайж овогт, 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо 44-06 тоотод суудаг, урьд 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар УЦ01302611
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 3 дугаар сарын 18-19-ний шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Ч.Сарангэрэлийн эзэмшлийн “Мөнгөн бүрд” гэх хүнсний дэлгүүрийн цонхыг түлхэж онгойлгон, хууль бусаар нэвтэрч 96.047 /ерэн зургаан мянга дөчин долоо/ төгрөгийн үнэ бүхий эд зүйл, бэлэн 13.000 /арван гурван мянга/ төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч бусдад нийт 109.047 /нэг зуун есөн мянга дөчин долоо/ төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 346 байрны орчимд Б.Төгөлдөрийн эзэмшлийн Оппо А-1 маркийн гар утсыг түүний халааснаас нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч бусдад 380.000 /гурван зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 10 дугаар сарын 20-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо 38-36 тоотод байрлах "Ханатын өвөр" гэх хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэхдээ лангууны ард нь байсан 430.000 /дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан,
Ч.Алтансондортой бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 18 дугаар гудамжинд Д.Батболдын араас хоолойг нь боож унагаан, хүч хэрэглэн довтолж түүний халаасанд байсан Айфоне-б маркийн rap утсыг авч, бусдад 202.000 /хоёр зуун хоёр мянга/төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлан судаллаа. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Гаас мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна..” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Г.Гаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-103-106, 161-164, 223-225/ “..Би 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өөрийн амьдардаг Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан Овоо 44-06 тоотод байх гэртээ найз Бааскагийн хамт байхад гаднаас манай танил ах орж ирээд надад бэлэн мөнгө өгөөд ахын дүү дэлгүүр ороод нэг шил архи аваад ир гэхээр нь би мөнгийг нь аваад Бааскагийн хамт манай гэрээс 2 гудамжны цаана байдаг “Ханантын өвөр” гэх нэртэй 8-н нэрийн хүнсний дэлгүүр ороод худалдагчаас нь архи авъя гэхэд худалдагч дэлгүүрийн арын өрөө лүү архи авах гээд орох хооронд нь лангууны ард хайрцагтай мөнгө харагдахаар нь доош тонгойж хайрцагтай мөнгөнөөс нь бүхэл мөнгөнөөс атгаж аваад гарч явсан. Гарч яваад Бааскагаас холдож мөнгийг тоолж үзэхэд 430.000 төгрөг байсан..2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны хажуу талд байдаг хүнсний дэлгүүр дотроос танихгүйнэг охин гарч ирсэн. Энэ үед тухайн охины гадуур өмссөн куртикнийх нь кармад гар утас байгаа харагдахаар нь араас нь дагаж жаахан алхаж байгаад халааснаас нь А-1 маркийн гар утсыг нь хулгайлаад авчихсан юм. Танихгүй хүнд 100.000 төгрөгөөр зараад пс тоглоод юм авч идээд дууссан..Архиа ууж дуусаад бид хоёр харих гээд явж байтал урдаас нэг хүн утсаар яриад ирж явсан бөгөөд бид хоёрыг зөрөхөд тэр хүн утасаа халаасандаа хийгээд зөрөөд явахаар нь бид 2 араас нь очоод би тэр хүнийг боогоод баруун халаасанд байсан гар утсыг нь аваад бид хоёр цаашаа зам руу гүйгээд таксинд суугаад яваад өгсөн..” гэх мэдүүлэг,
Хохирогч Ч.Сарангэрэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-20-22/ “..ойрхон чимээ гараад байхаар нь босоод дэлгүүрийнхээ арын хаалгаар шагайгаад харсан чинь зүүн урд талын цонхон дээр хүн сууж байхыг хараад ..орилсон чинь нөгөө хүүхэд цонхоор гараад зугтсан..Дэлгүүр дотор ороод цаг харахад 06 цаг 20 минут болж байсан. Алдагдсан эд зүйлүүдээ бүртгэхэд 0.5 литрийн 5 шил Соёрхол архи, 0.75 литрийн Соёрхол архи 1 шил, 2 литрийн том Сэнгүр пиво 2 ширхэг, лангуун доор байсан задгай мөнгө ойролцоогоор 13.000 төгрөг байсан тэр мөнгийг авсан байсан..” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Төгөлдөрөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /1хх-90/ “..2019 оны 4 дүгээр сарын 07-ны өглөө 09 цаг 30 минутын үед би Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 346 байрны эмийн сантай хүнсний дэлгүүрт найз Баасанцэрэнгийн хамт орж эд зүйл худалдаж авахдаа өөрийн гар утсаа тус дэлгүүрийн лангуун дээр тавиад эд зүйл худалдаж аваад өөрийн ажил болох Срнгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байр руу ороод гар утсаа үзтэл миний гар утас байхгүй байхаар нь хүнсний дэлгүүрт орхисноо санаад өөрийн 99924130 гэсэн дугаар руу залгаж үзтэл холбогдох боломжгүй байсан..” гэх мэдүүлэг,
Хохирогч М.Дармаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /1хх-152-153/ “..2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн орчим манай Ханатын өвөр хүнсний дэлгүүрийн лангууны араас үйлчлүүлж байсан 20 орчим насны эрэгтэй хүүхэд мөнгөний хайрцаг дотроос бэлэн мөнгө аваад явсан нь хяналтын камерын бичлэгт гарсан..” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Батболдоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..2019 оны 03 дугаар сарын 19-ний шөнө ажлаа тараад 22 цагийн үед ...18 дугаар гудамжинд нийлдэг буланд 2 залуу зогсож байсан, би эхнэртэйгээ утсаар ярьж дуусаад халаасандаа гар утсаа хийгээд тэр 2 залуугийн хажуугаар зөрөхөд миний хойноос гэнэт нэг хүн хоолой боож, нэг нь миний куртикны хоёр халаасыг ухаад баруун талын халаасанд байсан утсыг дээрэмдээд...”, “...тэр хүмүүс 2 хүн байсан байх би сайн мэдэхгүй байна... айфоне-6 маркийн гар утсыг аваад явсан..” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Амарсанаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /1хх-23-24/ “..Манай дэлгүүрийн вакум цонхыг дотор талруу өшиглөж онгойлгоод, хаалт төмрийг нь хөшөөд орчихсон байсан. Манай дэлгүүрээс архи, пиво, ундаа зэрэг эд зүйлс алга болсон байсан..” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Баасанцэрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /1хх-94/ “..Төгөлдөр бид хоёрыг тус дэлгүүрт байхад ямар ч хүн байгаагүй мөн хүн орж ирээгүй. Төгөлдөр бид хоёр ажилруу орж гар утсаа үзээд буцаад тус дэлгүүр рүү ороход 5 минут болсон бөгөөд буцаад дэлгүүрт ороход бас ямар ч хүн байгаагүй... хүнсний дэлгүүрт ороход гар утас нь байсан бөгөөд тус хүнсний дэлгүүрээс буцаад ажилруугаа ороод гар утас нь байхгүй болсон талаар мэдсэн..” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Оюунцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /1хх-96/ “..2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 09 цагийн үед ...хоёр үл таних эмэгтэй орж ирээд манай дэлгүүрээс миний санаж байгаагаар бэлэн хоол худалдаж аваад гарч яваад эргээд 10 орчим минутын дараа эргэж орж ирээд эгчээ би гар утсаа хаячихлаа гэхээр нь ...охин гар утасруугаа залгаж үзээд холбогдох боломжгүй байна гэж хэлээд гараад явсан..” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Мөнхцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /1хх-154-155/ “..тэгээд тэр хоёр залууг гарч явсанаас хойш 5 орчим минутын дараа манай дэлгүүрт хоёр хүн орж ирээд 20.000 төгрөг задлах уу гэхээр нь би задалж өгөх гээд лангууны доороос авах гэсэн чинь хайрцагтай мөнгөн дотор байсан боодолтой 430.000 төгрөг байхгүй байхаар нь би нөхөр М.Дармаад хэлсэн... надаас архи авъя гэсэн хоёр хүний хар саравчтай малгай өмссөн цагаан цамцтай залуу нь лангууны араас боодолтой мөнгө авч байгаа нь манай дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэн байсан... манай нөхөр бид хоёр орлогын мөнгөө өдрийн 12-13 цагийн үед тоолж заавал орлогын баримжаа авдаг..” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол /1хх-9/, Дамно ХХК-ийн ЧД2-19-609 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-29-30/, Нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх-63/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1хх-75/, Дамно ХХК-ийн СХЗ-19-354 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-99-100/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1хх-122/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-139-141/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-146-149/, Эрүүгийн хэргийг нэгтгэх прокурорын тогтоол /1хх-180/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-191/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-193-196/, Дамно ХХК-ийн СБ2-19-1049 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-218-219/, Ч.Алтансондорын нас барсаны бүртгэлийн лавлагаа /1хх-240/, шүүгдэгч Г.Гын нийслэлийн бүртгэлийн газрын тодорхойлолт /1хх-237/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-241/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 3 дугаар сарын 18-19-ний шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Ч.Сарангэрэлийн эзэмшлийн “Мөнгөн бүрд” гэх хүнсний дэлгүүрийн цонхыг түлхэж онгойлгон орж 96.047 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, бэлэн 13.000 /арван гурван мянга/ төгрөгийг авч бусдад нийт 109.047 төгрөгийн хохирол,
2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 346 байрны орчимд Б.Төгөлдөрийн эзэмшлийн Оппо А-1 маркийн гар утсыг түүний халааснаас авч бусдад 380.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо 38-36 тоотод байрлах “Ханатын өвөр” гэх хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэхдээ лангууны ард нь байсан 430.000 төгрөгийг авсан,
Ч.Алтансондортой бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 18 дугаар гудамжинд Д.Батболдын араас хоолойг нь боож унагаан, хүч хэрэглэн довтолж түүний халаасанд байсан Айфоне маркийн rap утсыг авч, бусдад 202.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь дээрхи нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад баримтаар тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч Г.Гыг хохирогч Б.Төгөлдөрийн эзэмшлийн Оппо А-1 маркийн гар утсыг түүний халааснаас авч 380.000 төгрөгийн хохирол учруулсан, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо 38-36 тоотод байрлах “Ханатын өвөр” гэх хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэхдээ лангууны ард нь байсан 430.000 төгрөгийг авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хохирогч Ч.Сарангэрэлийн эзэмшлийн “Мөнгөн бүрд” гэх хүнсний дэлгүүрийн цонхыг түлхэж онгойлгон орж 96.047 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, бэлэн 13.000 төгрөгийг авч бусдад нийт 109.047 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 д заасан ялыг сонсгож яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байна.
Шүүгдэгч Г.Гын дээрхи үйлдлүүд бүгд хулгайлах гэмт хэрэг бөгөөд 2018 оны 10 сараас 2019 оны 4 сарын хооронд үргэлжлэн үйлдэгдсэн, нэг үйлдэл нь үйл ажиллагаа явуулдаг орон байранд нэвтэрч үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай хэрэг байх тул тус тусад нь давхардуулан зүйлчсэн нь буруу байна. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-д тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно гэж заасан байна. Мөн Эрүүгийн хуулийн зүйл заалтыг давхардуулан зүйлчилсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Өөрөөр хэлбэл тус тусад нь гэм буруутайд тооцож, ял оногдуулан, оногдуулсан ялыг нэмж нэгтгэж шийдвэрлэх боломжгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5-д заасан зарчимд нийцэхгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан шүүгдэгч Г.Гт давхардуулан сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хүчингүй болгож шүүгдэгч Г.Гын 2019 оны 3 дугаар сарын 18-19-ний шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Ч.Сарангэрэлийн эзэмшлийн “Мөнгөн бүрд” гэх хүнсний дэлгүүрийн цонхыг түлхэж онгойлгон орж 96.047 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, бэлэн 13.000 /арван гурван мянга/ төгрөгийг авч бусдад нийт 109.047 төгрөгийн хохирол, 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 346 байрны орчимд Б.Төгөлдөрийн эзэмшлийн Оппо А-1 маркийн гар утсыг түүний халааснаас авч бусдад 380.000 төгрөгийн хохирол, 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо 38-36 тоотод байрлах “Ханатын өвөр” гэх хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэхдээ лангууны ард нь байсан 430.000 төгрөгийг хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялыг хөнгөрүүлэн өөрчилж шүүгдэгч Г.Гыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийг үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн, Ч.Алтансондортой бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 18 дугаар гудамжинд Д.Батболдын Айфоне-6 маркийн гap утсыг авахаар араас хоолойг нь боож унагаан, хүч хэрэглэн довтолж үйлдэлд Эрүүгийн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Г нь Ч.Алтансондортой бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 18 дугаар гудамжинд Д.Батболдын араас хоолойг нь боож унагаан, хүч хэрэглэн довтолж түүний халаасанд байсан Айфоне-б маркийн rap утсыг авч, бусдад 202.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Ч.Алтансондор нь 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр нас барсан тул түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал бий болсон байна.
Шүүгдэгч Г.Г болон түүний өмгөөлөгчийн зүгээс нь дээрхи хулгайлах, дээрдэмдэх гэмт хэргийг үйлдээгүй гэж маргаагүй болно.
Шүүгдэгч Г.Г 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 18 насанд хүрсэн бөгөөд түүний үйлсэн гэмт хэргүүд 18 насанд хүрээгүй байхад үйлдэгдсэн байх тул шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 5 дах хэсэгт заасныг журамлахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Гын үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, удуу дараа хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүлйийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 5, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан оногдуулсан ялыг 2 дахин багасгаж нийт биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож ялыг Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Г хохирогч Ч.Сарангэрэлд 109.047 төгрөг, хохирогч Б.Төгөлдөрт 380.000 төгрөг, хохирогч М.Дармаад 430.000 төгрөг, хохирогч Д.Батболдод 202.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирлыг төлж барагдуулаагүй тул шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Г нь шүүх хуралдаан болохоос өмнө 92 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэсэн хугацаанд оруулан тооцох, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч Г.Гт давхардуулан оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасаар хүчингүй болгож хөнгөрүүлэн, Тайж овогт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаархэд хэдэн удаагийн үйлдлээр авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч үйлдсэн”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 5, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гын цагдан хоригдсон 92 /ерэн хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гаас нийт 1.121.047 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Сарангэрэлд /РД:ВЖ62052304/ 109.047 төгрөг, хохирогч Б.Төгөлдөрт /РД:СШ97090306/ 380.000 төгрөг, хохирогч М.Дармаад /РД:ПМ94091217/ 430.000 төгрөгийг, хохирогч Д.Батболдод /РД:ОЭ88121316/ 202.000 төгрөгийг тус тус олгосугай.
8. Шүүгдэгч Г.Гын бусад эрхийг нь хязгаарлаагүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Гын урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР