Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 53

 

 

                                                           

 

 

 

 

                                    

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч Э.Бадрал,

Хохирогч Т.Буянбат, Ц.Алтансүх, С.Чулуунпүрэв,

Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин, Д.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Д.Ад холбогдох эрүүгийн 1911 02038 1063 дугаартай хэргийг 2019 оны 11 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Барнууд овогт 1986 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг, урьд нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 928 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар 3 жил 4 cap хорих ялаар шийтгэгдэж, улмаар 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:ЙР86031701/

 

Шүүгдэгч Д.А нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ өөрийгөө “Оюунчимэг” гэж танилцуулан “Монгол банкинд ажилладаг ямар нэгэн барьцаа болон бичиг баримтгүйгээр зээл гаргаж” өгнө хэмээн бусдыг хуурч, зохиол байдлыг зориудаар бий болгож,

2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон” төв орчимд хохирогч Д.Бадамсүрэнгээс бэлнээр 4 сая төгрөг, Ж.Цээдоржоор дамжуулан 1 сая төгрөг нийт 5 сая төгрөг,

2019 оны 6 дугаар сарын 25-наас 26-ны өдрийн хугацаанд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Буянбатаас 12.500.000 төгрөг,

2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Алтансүхээс 10 сая төгрөг,

2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Чулуунпүрэвээс 10 сая төгрөг,

2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Пүрэвдоржоос 5 сая төгрөг тус тус залилж бусдад нийт 42.500.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Агаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Т.Буянбат болон Ц.Алтансүх, Бадамсүрэн нартай биечлэн уулзаж байсан. Буянбатаас дансаар мөнгө авсан  бусад хохирогч нар бэлнээр  мөнгө өгсөн..” гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгч  Д.Агаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-92-94/ “..Ж.Цээдорж надад Бадмааг танилцуулсан. Тухайн үед Бадмаа надаас 50.000.000 төгрөгний зээл гаргуулахаар болж урьдчилгаа 10 хувь болох 5,000,000 төгрөгийг өгөхөөр болж, бэлнээр 4.000.000 төгрөг, 1.000.000 төгрөгийг Ж.Цээдоржын дансаар шилжүүлж авсан. Үүний дараа Бадмаагийн нөхрийн дүү болох Буянбат гэх хүнээс 12,500,000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2 хувааж авсан. Эхний ээлжинд 7.000.000 төгрөгийг Мөнгөн завъяа худалдааны төв дотор худалдагчын дансанд шилжүүлж авсан. Дараа нь 5,500,000 төгрөгийг өөрийн данс болох 5556515433 дугаарын данс руу шилжүүлж авсан. 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 05 дугаар хороо Тэнгис кино театрын урд талд би Бадмаагийн төрсөн дүү гэх хүнээс 20.000.000 төгрөг бэлнээр авсан. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Бадмаа манай дүүгийнх гээд 5,000,000 төгрөгийг Драгон дээр байрлах АТМ-ээс шилжүүлсэн..”

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Буянбатаас мэдүүлэхдээ: “..Анх манай бэр эгч Бадамсүрэн танилцуулж байсан. Монгол банканд ажилладаг Голомт банкнаас барьцаагүй зээл гаргаж өгнө гэсэн. Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг тул банкнаас зээл авах боломж байдаггүй тул итгэсэн. 7 хоногийн хугацаанд зээл гаргаж өгөх боломжтой гэсэн. Би 12.500.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш утсаар ярих бүрт хугацаа зааж хэлж байсан боловч наадмаас хойш утсаа авахгүй болж хөдөө явж байгаа гэж хэлдэг болсон. Би 7 сард өргөдөл өгсөн. Хохирлын мөнгө аваагүй..” гэсэн мэдүүлэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Алтансүхээс мэдүүлэхдээ: “..Би жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг. Манай эгч надад зээл авах талаар санал болгосон. Би өмнө нь зээл авч байгаагүй учир нөхөртэйгөө зөвшилцөн очиж уулзсан. Анх жижиг дундын зээл гаргана гэж хэлсэн. Би 10.000.000 төгрөг нөхрийнхөө машиныг зарж бэлнээр мөнгийг өгсөн. Хохиролд авсан мөнгө байхгүй. 2.600.000 төгрөг Бадамсүрэнд надаар хүргүүлсэн. Анх найз гэж танилцуулсан боловч сүүлдээ танихгүй гэсэн. Цээдоржийг харж байгаагүй. Бадамсүрэн гэж манай ээжийн дүү..” гэсэн мэдүүлэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Чулуунпүрэвээс мэдүүлэхдээ: “..: Хохирогчид 10.000.000 төгрөг өгсөн.  Залуу гэр бүл тул байр авах гэж зээл авах гэж байгаагаа хэлсэн. Надад Өмнөговь аймгийн Төрийн банкны захирлаар ажиллах гэж байгаа гэж танилцуулсан. Хохиролд мөнгө аваагүй..” гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Д.Бадамсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /22-24/ “..Би Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах "Налайх зах" дотор хамт ажилладаг соёлын бараа зардаг Ариунаа буюу Ариунцэцэг гэх найз маань анх 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Жамбал овогтой Цээдорж гэх эмэгтэйг танилцуулсан. Ариунцэцэг хэлэхдээ Ж.Цээдоржын найз гэх Оюунцэцэг гэх Монгол банкинд ажилладаг эмэгтэй байгаа гэсэн. Үүний дараа Ж.Цээдорж 88531717, 86633997 дугаарын гар утас руу залгахад Ж.Цээдорж нь "миний найз Монгол банкинд ажилладаг, банкнаас урт хугацаатай, жилийн 2.2 хувийн хүүтэй их хэмжээний зээл гаргадаг, авах зээлийнхээ 10 хувийг урьдчилж төлөөд зээлээ авах боломжтой, эд хөрөнгө барьцаалах шаардлагагүй, 10 хувьдаа бүх зүйлээ зохицуулах боломжтой, зээл авмаар байвал мөнгөө аваад хүрээд ир" гэсэн. Тэгээд тухайн үед надаа 50,000,000 төгрөг хэрэгтэй байсан учраас дээрх зээлийн нөхцөл зүгээр болохоор нь Ж.Цээдоржтой хамт 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өөртөө байсан 4,000,000 төгрөгийг бэлнээр авч, Оюунцэцэг гэх эмэгтэйгээ Драгон дээр 19 цагийн үед очиж уулзсан. Тэр үед би Оюунцэцэгийн утасны дугаарыг мэдэхгүй байсан ба Ж.Цээдорж түүнтэй утсаар яриад тэгээд Драгон дээр очиж уулзсан. Ингээд тэндээ Драгоны дэргэд байж байхдаа Ж.Цээдоржийн Хаан банкны гэх дансыг нь одоо санахгүй байна, нэг данс руу 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тэр өдрийн шөнийн 23 цагийн үед байхаа Драгоны 6 давхарт гарч, түц машинаас би өөрийнхөө иргэний үнэмлэхний лавлагаа, нийгмийн даатгалын лавлагаа зэргийг хурууны хээгээ уншуулж авч, Ж.Цээдоржид энэ материалаа өгсөн. Ингээд зээл гарахгүй, мөн Оюунцэцэг мөнгө шилжүүлээгүй байж байгаад 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Оюунцэцэг нь Б.Нямдорж, Ц.Алтансүх, С.Чулуунпүрэв нарыг мтүүнтэй очиж уулзаж, зээл гаргуулахаар 20.000.000 өгөхөд тэр дор нь 2,600,000 төгрөгийг тоолоод бэлнээр надаа буцаагаад өгч явуулсан байсан. Тэгээд дахиад зээл гарахгүй удаад, дээрээс нь миний мөнгө зээлж авсан найз Ганаа мөнгөө нэхээд байхаар нь Оюунцэцэг рүү залгаж мөнгөө авмаар байна гэж хэлэхэд Оюунцэцэг дансаа өгчих гэж хэлэхээр нь 88065184 дугаарын утсаар дансны дугаараа бичиж 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 49 минутанд мессеж явуулсан. Ингээд 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цаг 31 минутанд миний Хаан банкны 5749206051 дугаарын дансанд 5556515433 дугаарын данснаас 2,000,000 төгрөг ирсэн..” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Т.Буянбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-26-27/ “..Бэр эгч Д.Бадамсүрэн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр залгаад Монгол банкид ажилладаг Голомт банкнаас урт хугацааны бага хүүтэй зээл гаргадаг Оюунцэцэг гэх эмэгтэй байнаа гэж хэлсэн. Тэгээд зээлийн нөхцөл нь эхлээд авах зээлийн урьдчилгаа гэж 10 хувь төлөөд зээлээ авах боломжтой гэсэн. Д.Бадамсүрэн эгчийг над руу залгаж ярих үед би өөрийн найз Түвшинбаярын Гансайхан гэх найзынхаа гэрт сууж байсан. Утсаар ярихыг Т.Гансайхан сонсож байсан. Тэгээд Т.Гансайхан надтай хамт тэр зээлд хамрагдахыг хүсээд маргааш нь өглөө нь буюу 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тэр Оюунцэцэг гэх эмэгтэйн утасны дугаарыг өөрийн төрсөн ах Т.Буянтогтохоос авсан. Ингээд 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 14 цагийн үед Монгол банкны хажуу талын Нүүдэлчин гэх цайны газар тэр Оюунцэцэг эмэгтэйтээ би өөрөө ганцаараа уулзсан. Тэгээд тухайн өдөр миний эгч болох Рэжидмаа тэр Оюунцэцэг гэх эмэгтэйтээ Голомт банкинд уулзсаны дараа ирж, надад Тэди төвийн хажуу талын Худалдаа хөгжлийн банкны салбараас 5,800,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд би тэр Оюунцэцэг гэх эмэгтэйн хэлсэн 5037212565 дугаарын данс руу 7,000,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5749930664 дугаарын данснаас интернет банкаар 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 17 цаг 20 минутанд шилжүүлсэн. Оюунцэцэг гэх эмэгтэй 5037212565 дугаарын данснаас интернет банкаар 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 15 цаг 34 минутанд явуулсан. Дараа нь маргааш нь буюу 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн найз Т.Гансайханы над руу шилжүүлсэн 4,000,000 төгрөг дээр 1,500,000 төгрөг нэмж нийлүүлээд 5,500,000 төгрөгийг би мөн өөрийн Хаан банкны 5749930664 дугаарын данснаас интернет банкаар тэр Оюунцэцэг гэх эмэгтэйн хэлсэн 5556515433 дугаарын данс руу шилжүүлсэн..” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ц.Алтансүхээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-30-31/ “..2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Тэнгис кино театрын дэргэд машин дотор С.Чулуунпүрэв, миний нөхөр Б.Нямдорж, Оюунцэцэг болон би байсан. Оюунцэцэг бид нараас 20,000,000 төгрөгийг бэлнээр тоолж аваад эргээд 2,600,000 төгрөгийг Д.Бадамсүрэнд аваачиж өгөөрэй, Бадмаад аваачиж өгөх ёстой мөнгө байгаа юм гэж хэлсэн..” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Пүрэвдоржоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-33/ “..Тухайн үед хүү багатай, урт хугацаатай зээл гэж сонсохоор нь байр худалдаж авъя гэж бодоод 5,000,000 төгрөгийг Д.Бадамсүрэн эгчийн данс руу 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр миний бэр эгч Ц.Алтансүх миний өмнөөс шилжүүлсэн. Д.Бадамсүрэн эгч цаашаагаа тэр зээл гаргадаг гэсэн хүнд өгсөн гэж сонссон. Миний мөнгийг цаашаагаа Д.Бадамсүрэн эгч хэн гэдэг хүнд, яаж өгснийг би мэдэхгүй байна..” гэх мэдүүлэг,

 

Хохирогч С.Чулуунпүрэвээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-35-36/ “..2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр урьдчилгаа 10 хувь болох 10,000,000 төгрөгөө Б.Нямдорж, Ц.Алтансүх нартай хамт Улаанбаатар хот орж бэлнээр нөгөө Оюунцэцэг билүү Оюунчимэг гэх хүнд Тэнгис кино театрын урд талд байрлах автомашины зогсоол дээр машин дотор байж байхдаа өгсөн. Тэгээд тэр эмэгтэй 2,600,000 төгрөгийг буцааж Ц.Алтансүхэд өгөөд Бадамсүрэнд аваачиж өгөөрэй гэсэн..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Нямдоржоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-41-42/ “...Бадамсүрэн эгч хэлэхдээ найдвартай юм шиг байналээ, би очиж уулзсан банкны, хувцастай, Монгол банкинд ажилладаг Оюунцэцэг гэх эмэгтэй урт хугацааны хүү багатай зээл гаргаж өгнө гэнээ, би ч гэсэн зээл авах гээд 5,000,000 төгрөг тэр Оюунцэцэгт өгсөн байгаа гэсэн. Ингээд эхнэр Ц.Алтансүх бид 2 тэр Оюунцэцэг гэх эмэгтэйд итгээд түүний 88065184 дугаарын гар утас руу залгаж би өөрөө ярихад зээл авах гэж байгаа бол иргэний үнэмлэхний хуулбар, Голомт банкинд данс нээлгэх шаардлагатай, энэ зээл Голомт банкнаас гарна, 100,000,000 төгрөг авах гэж байгаа бол урьдчилгаа 10 хувь болох 10,000,000 төгрөгийг авчир гэсэн. Тэгэзд тэр Оюунцэцэг гэх эмэгтэйтээ 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 05 дугаар хороо Тэнгис кино театрын үүдэнд хүргэн дүү С.Чулуунпүрэвийн цагаан өнгийн приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор сууж байхдаа Оюунцэцэгт 10,000,000 төгрөгийн бэлнээр тоолж өгсөн..” гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Цээдоржоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-46/ “..Д.Бадамсүрэнгийн миний 5024335933 дугаарын данс руу шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг өөрийн зээлсэн 100,000 төгрөгийг нэмээд 1,100,000 төгрөг болгож шилжүүлсэн..” гэх мэдүүлэг,

 

Гэрч А.Солонгоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-51-52/ “..Тухайн үед тэр үл таних эмэгтэй охиндоо гэж хэлээд монетон гинж, ээмэг 510,000 төгрөгөөр болон бас нэг өөр лангуунаас хадам ээждээ гэж хэлээд алтан сүүжин ээмэг 651,000 төгрөгөөр авсан. Тэгээд тэр үл таних эмэгтэй дээр дурьдсан худалдан авсан үнэт эдлэлийн мөнгийг өгөхөөс өмнө "одоо хүнээс дансаар мөнгө орж ирэх ёстой, миний утасны цэнэг дуусчихлаа гээд утсаа надаар цэнэглүүлээд, чиний дансаар мөнгө авч болох уу гэхээр нь би худалдсан үнэт эдлэлийнхээ мөнгийг авахын тулд өөрийнхөө дугаарын дансыг тэр эмэгтэйн хэлсэн 99295029 гэсэн утасны дугаар луу 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 15 цаг 34 минутанд мессежээр явуулсан. Ингээд миний 5037212565 дугаарын данс руу 5749930664 дугаарын данснаас 7,000,000 төгрөг ирсэн ба надаас авсан үнэт эдлэлийн мөнгө дээрх 651,000+510,000=1,161,000 төгрөгийг тооцож хасч авч үлдээд үлдэгдэл 4,083,600 төгрөгийг тэр үл таних эмэгтэйн хэлсэн 5556515433 дугаарын данс руу 2019 оны 06 дугаар 24-ны 17 цаг 29 минутанд буцааж шилжүүлсэн..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.Буянтогтохоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-54-55/ “..2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр эхнэр Д.Бадамсүрэн бид 2 тэр Оюунаа гэх эмэгтэйд Голомт банкаар 50,000,000 төгрөгний зээл гаргуулахаар урьдчилгаа болгож 4,000,000 төгрөгийг бэлнээр тоолж өгч, үлдэгдэл 1,000,000 төгрөгийг Т.Цээдоржийн Хаан банкны нэг данс руу шилжүүлсэн. Мөн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр эхнэр Д.Бадамсүрэн бид хоёр Оюунаатай Драгон дээр очиж уулзаж, мөн хамаатны дүү болох Б.Пүрэвдоржын банкнаас 50,000,000 төгрөгийн зээл гаргуулахаар урьдчилгаанд өгсөн байсан 5,000,000 төгрөгийг өгсөн..” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-7-10/, Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-16/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-13-16/, шүүгдэгч Д.А иргэний мэдээлэл /хх-149-150/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-124/, шийтгэх тогтоолын хуулбарууд /126-148/, депозит дансны хуулбарууд зэрэг бусад нотлох баримтууд болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Д.А нь өөрийгөө “Оюунчимэг” гэж танилцуулан “Монгол банкинд ажилладаг хүн байна ямар нэгэн барьцаа болон бичиг баримтгүйгээр зээл гаргаж өгнө” хэмээн бусдыг хуурч,

2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон” төв орчимд хохирогч Д.Бадамсүрэнгээс бэлнээр 4 сая төгрөг, Ж.Цээдоржоор дамжуулан 1 сая төгрөг нийт 5 сая төгрөг,

2019 оны 6 дугаар сарын 25-наас 26-ны өдрийн хугацаанд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Буянбатаас 12.500.000 төгрөг,

2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Алтансүхээс 10 сая төгрөг,

2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Чулуунпүрэвээс 10 сая төгрөг,

2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Пүрэвдоржоос 5 сая төгрөг нийт бусдаас 42.500.000 төгрөг хуурч авсан болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг шүүгдэгч Д.Антуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.А урьд хамт цагдан хорих төвд хоригдож байсан Ж.Цээдорж нар уулзан “найдвартай зээл гаргах хүн байна уу”, “байна” гэж ярилцаж анх хохирогч Д.Бадамсүрэнг шүүгдэгч Д.Атай танилцуулсан байна. Тэрээр өөрийгөө намайг Оюунцэцэг гэдэг, Монгол банкинд ажилладаг, банкнаас урт хугацаатай жилийн 2.2 хувийн хүүтэй, их хэмжээний зээл гаргадаг, авах зээлийнхээ 10 хувийг урьдчилж төлөөд зээлээ авах боломжтой, эд хөрөнгө барьцаалах шаардлагагүй гэж хуурч 4.000.000 сая төгрөгийг бэлнээр, 1.000.000 төгрөгийг  Ж.Цээдоржийн дансанд шилжүүлэн авсан байна.

Хохирогч Д.Бадамсүрэн нь урьдчилгаа 10 хувийг төлж, барьцаа тавихгүй, урт хугацаатай, бага хүүтэй зээл авах боломж байгаа, өөрөө авахаар хүнд мөнгө өгсөн байгаа талаар хамаатан хохирогч Т.Буянбат, Ц.Алтансүх нарт хэлж, хохирогч Ц.Алтансүх нь өөрийн хамаатан хохирогч Б.Пүрэвдорж, найз хохирогч С.Чулуунпүрэвт хэлж тэд шүүгдэгч Д.Атай уулзан дээрх арга замаар зээл авахаар бодож тус тус мөнгө өгсөн байна.

 

Шүүгдэгч Д.А нь хохирогч Т.Буянбатаас хамт ажилладаг эдийн засагчийн данс гэж өөрийн дансыг өгч 5.500.000 төгрөг, “Мөнгөн завьяа” үнэт эдлэлийн дэлгүүрийн худалдагч Н.Солонгийн дансыг өгч 7.000.000 төгрөг, хохирогч Ц.Алтансүхээс 10.000.000 төгрөгийг Тэнгис кино театрын Хаан банкны хажуугийн авто зогсоол дээр бэлнээр, хохирогч Б.Пүрэвдоржоос 5.000.000 төгрөгийг хохирогч Д.Бадамсүрэн, Ц.Алтансүх нараар дамжуулан дансаар, хохирогч С.Чулуунпүрэвийн 10.000.000 төгрөгийг Тэнгис кино театрын Хаан банкны хажуугийн авто зогсоол дээр бэлнээр тус тус авсан байна. Гэтэл шүүгдэгч Д.А нь Монгол банк болон ямар нэг банкинд ажилладаггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй Өвөрхангай аймгийн Хархорин суманд ам бүл 5, нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 928 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар 3 жил 4 cap хорих ялаар шийтгэгдэж, улмаар 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан болох нь мөн тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Д.Агийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны явцад шүүгдэгч Д.А нь холбогдсон хэргийн талаар мэдүүлэг өгсөн бөгөөд улсын яллагчийн зүгээс яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэмт үйлдлийн арга, санаа зорилго, бусдад учруулсан хохирол түүнээс төлөгдөөгүй үлдсэн төлбөр зэргийг хүлээн зөвшөөрч гэм буруу, хохирол төлбөрийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Д.А нь хохирогч Д.Бадамсүрэнд учруулсан 5.000.000 төгрөгөөс 4.600.000 төгрөгийг төлж, хохирогч Т.Буянбатад учруулсан хохирол 12.500.000 төгрөг, хохирогч Ц.Алтансүхэд учруулсан хохирол 10.000.000 төгрөг, хохирогч С.Чулуунпүрэвт учруулсан хохирол 10.000.000 төгрөг, хохирогч Б.Пүрэвдоржид учруулсан хохирол 5.000.000 төгрөгөөс огт төлөгдөөгүй байна.

 

Шүүх хуралдаанаас шүүгчдэгчийг гэмт хэрэг үйлсдсэн гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлөх талаар хүсэлт гаргаж, түүнийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан боловч энэ хугацаанд хохирол төлөгдөөгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.А нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж хорих ял шийтгүүлж гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлж, барагдуулж дуусаагүй зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, одоо ажил эрхлэх боломжгүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах шаардлагагүй гэж үзээд түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас түүний хувийн байдал болох бага насны 3 хүүхэдтэй, одоо жирэмсэн зэрэг байдлыг харгалзан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан боловч шүүх дээрх үндэслэлээр уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугласан нотлох баримтуудаас үзэхэд Ж.Цээдорж нь шүүгдэгч Д.Атай бүлэглэн хохирогчийг хуурч хохирол учруулсан мэт байх боловч гэрч Ж.Цээдорж нь өөрийн дансанд орж ирсэн мөнгийг шүүгдэгчийн дансанд шилжүүлсэн болох нь баримт, мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Мөн шүүгдэгч шүүх хуралдааны явцад Ж.Цээдоржид хохирогч нараас авсан мөнгөнөөс өгсөн гэх боловч хэзээ, хэдийг, хаана, яаж өгсөн талаараа мэдэхгүй байсан бөгөөд мөрдөн шалгах ажиллааны явцад түүний өгсөн мэдүүлэг хохирогч нарын өгсөн мэдүүлэгүүд, банкны баримтаар хохиролын мөнгийг бүгдийг шүүгдэгч Д.А авсан болох нь тогтоогдсон бол шүүгдэгч Д.Аас гэрч Ж.Цээдоржид мөнгө өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Гэрч Ж.Цээдорж нь бусадтай бүлэглэж бусдыг хуурч өмчлөгийн эд хөрөнгийг аваагүй байх тул түүнийг шүүгдэгч Д.Атай бүлэглэж энэ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй буюу өмгөөлөгч Д.Ганбатаас гаргасан гэрч Ж.Цээдоржийг хэрэгт холбогдуулан шалгуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

Шүүх шүүгдэгч Д.Агаас 37.900.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бадамсүрэнд учруулсан 400.000 төгрөг, хохирогч Т.Буянбатад 12.500.000 төгрөг, хохирогч Ц.Алтансүхэд 10.000.000 төгрөг, хохирогч С.Чулуунпүрэвт 10.000.000 төгрөг, хохирогч Б.Пүрэвдоржид 5.000.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2019 оны 10 сарын 12-ноос 10 сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барнууд овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Доржийн Анхтуяаг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Агийн цагдан хоригдсон 13 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Агаас нийт 37.900.000 төгрөгийг гаргуулж хохирогч Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 9-472 тоотод оршин суух Боржигон овогт Дашдоржийн Бадамсүрэнд /РД:УЕ78030868/ 400.000 төгрөгийг, хохирогч Налайх дүүргийн 3 дугаар хороо, Хөндлөнгийн задгайгийн 1-9 тоотод оршин суух Боржигон овгийн Төмөртогтоогийн Буянбатад /РД:УД85072115/ 12.500.000 төгрөгийг, хохирогч Налайх дүүргийн 2 дугаар хороо, 29-54 тоотод оршин суух Боржигон овгийн Цэрэндоржийн Алтансүхэд /РД:УД89020228/ 10.000.000 төгрөгийг, хохирогч Налайх дүүргийн 2 дугаар хороо, 39-57 тоотод оршин суух Хар соён овгийн Сүхбаатарын Чулуунпүрэвт /РД:ФА94112416/ 10.000.000 төгрөгийг, хохирогч Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрхийн 10-839 тоотод оршин суух Монгол овгийн Бямбасүрэнгийн Пүрэвдоржид /РД:УД89080312/ 5.000.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хохирогч нар гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХБАЯР