| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/05977/и |
| Дугаар | 1880 |
| Огноо | 2016-11-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 1880
“*******” СӨХ-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2016/05026 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* сургуульд холбогдох,
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2 457 738 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ж.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.*******,
Хариуцагчийн төлөөлөгч: Г.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.
Нэхэмжлэгч “*******” СӨХ-ны төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Цагдаа-2 хотхонд баригдсан *******, *******, ******* байрууд нь Цагдаагийн ерөнхий газрын авто баазын албан хаагч, ажилчдыг орон сууцад бүрэн хамруулж, тэдний нийгмийн асуудлыг сайжруулах зорилгоор баригдсан. сургууль нь 2015 оны 08 дугаар сараас эхлэн ******* байрны 1-6 тоотыг эзэмшиж, үйл ажиллагаагаа явуулдаг. Тус сургуультай албан ёсоор гэрээ байгуулж ажиллахаар 2015 оны 11 дүгээр сард 2 удаа гэрээний хувийг өгч, санал хүсэлтээ өгөөрэй гэсэн боловч хариу ирүүлээгүй. Манай нягтлан бодогч, байцаагч нар очиж уулзаж, албан бичиг өгсөөр байхад сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөөгүй.
“*******” СӨХ нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар 1 м.кв талбайн хөлсийг айл өрхөөс 160 төгрөг, албан байгууллагуудаас 600 төгрөгөөр тооцож авахаар шийдвэр гаргасан. Энэ нь Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 16.4.1, 16.4.2, 16.5 дахь хэсэгт заасантай нийцэж байгаа. Хариуцагч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх заалтыг зөрчиж байгаа тул 2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 05 дугаар сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2 457 738 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* сургуулийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай сургууль улсын бүртгэлийн гэрчилгээнд тоот гэж бүртгэгдсэн. Анх Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “” ХХК-ийн барьсан “Цагдаа-2” хотхоны ******* байрны 441 м.кв талбай бүхий 1 дүгээр давхрын тусдаа хаалгатай, оршин суугчдад ямар ч саад болохооргүй хэсгийг сургуулийн зориулалттай болгож бариулсан бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохоос орон сууцны өмчлөгч биш юм. Сууц өмчлөгчдийн холбооноос манайд хандаж байсныг зөвшөөрнө. Энэхүү өөрийн өмчлөлийн байрандаа 2015 оны 9 дүгээр сараас сургуулийнхаа үйл ажиллагааг эрхэлж эхлэх үед “*******” СӨХ-ны удирдлага, байцаагч гэх хүмүүс сууц өмчлөгчдийн холбооны төлбөр гэж дээрх нэхэмжлэлд дурдсанаас 2-3 дахин илүү төлбөр амаараа нэхэж эхэлсэн. Бидний зүгээс хэд хэдэн удаа уулзаж, төлбөрийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлж гэрээ хийхийг хүссэн бөгөөд ирүүлсэн гэрээ нь маш тодорхой бус байсан. Гэрээний төслөө задаргаа хийж ойлгомжтой болгох хэрэгтэй. Ямар мөнгө ямар үндэслэлээр нэхэмжилж байгааг ойлгохгүй байна.
Манай сургууль ******* байрны үзүүрт байдаг учир гэрэлтүүлэг хэрэглэдэггүй, мөн камертай тул харуул, хамгаалалт шаардлагагүй. Түүнчлэн хэрэгт Сууц өмчлөгчдийн холбооны нийт гишүүдийн хурлаас гарсан шийдвэр авагдаагүй, тус холбооны гэрчилгээ 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр олгогдсон байхад мөн оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэлд тамга, тэмдэг дарагдсан байгаа нь ойлгомжгүй, эргэлзээтэй байна. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт заасны дагуу талбайн хэмжээг хэрхэн тодорхойлсон нь тодорхойгүй, биднээс санал аваагүй бөгөөд сууц өмчлөгчдийн холбоо нь манай сургуультай гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасныг баримтлан хариуцагч ******* сургуулиас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2 457 738 төгрөг гаргуулан “*******” СӨХ-нд олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54 275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* сургуулиас 54 275 төгрөг гаргуулан “*******” СӨХ-д буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байгаагаас энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Хэргийн 57 дугаар талд байгаа “*******” СӨХ-ны Удирдах зөвлөлийн тогтоол нь “Цагдаа-2” хотхоны оршин суугчдын анхдугаар тэмдэглэлийг үндэслэсэн байх бөгөөд уг хурлын тэмдэглэл /хх-49, 50/-д бичигдсэн огноо болон хуралд оролцсон гишүүдийн тоо нь засвартай, мөн хуралд оролцсон гишүүдийн гарын үсэг бүхий жагсаалт нь нотлох баримтын шаардлагыг хангаагүй баримт байна гэдгийг шүүх хуралдаан дээр хэлсэн боловч уг баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.
“” сургууль нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны ******* байрны ын 441.42 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг анх “” ХХК-иас худалдан авахаар захиалгын гэрээ хийхдээ сургалтын зориулалтаар зохион байгуулж захиалсан. Мөн түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000463752 тоот гэрчилгээн дээр /хх-74/ “Сургалтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Y-2205061116 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов” гэсэн байдаг. Гэтэл шүүхийн шийдвэрт дурдаад байгаа Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад “сууц өмчлөгч” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг ойлогоно гэж тодорхой заасан байхад хариуцагчийн “орон сууцны зориулалтаар үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан, орон сууцны өмчлөгч гэж үзнэ хэмээн хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх заалтыг буруу тайлбарласан байна. Учир нь уг заалтад “орон сууцад оршин суугаа сууц өмчлөгч холбооны гишүүн” заавал байхаар заасан байдаг. Гэтэл сургууль нь хуулийн этгээдийнхээ хувьд тухайн үл хөдлөх эд хөрөнгөндөө үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уг байрандаа амьдардаггүй, оршин суудаггүй болохыг ялгаж, салгаагүй юм. Тухайлбал, тухайн иргэний оршин суугаа хаягийг түүний орон сууцны зориулалтаар өмчилдөг үл хөдлөх эд хөрөнгийн хаягаар бүртгэдэг бол хуулийн этгээдийн түүний үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа хаягаар хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэдэг тул Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх заалт сургуульд хамааралгүй байх үндэслэлтэй байна. Иймд сургууль нь “******* ” СӨХ-ны гишүүн заавал байх хууль зүйн үндэслэлгүй юм.
“*******” СӨХ нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр бүх гишүүдийн хурлаа нийт 195 хүний бүрэлдэхүүнтэй зарлан хуралдуулсан байдаг хэдий ч уг хуралд оролцсон 195 оршин суугчдын 2/3-оос доошгүй саналаар буюу 130 оршин суугч дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг аж ахуйн нэгжүүдээс 1 м.кв–ыг 600 төгрөгөөр тогтоохыг зөвшөөрсөн байх агуулгыг болоод хэлбэрийн шаардлага хангаагүй хурлын тэмдэглэл хэрэгт байдаг. Гэтэл хуралд оролцогсдын 61 хувь буюу 119 оршин суугч зөвшөөрч баталлаа хуульд заасан саналын тоонд хүрээгүй хувиар шийдвэр гаргасныг шүүх анзаарч үзээгүй болно.
“Дунд голын шилтгээн ” СӨХ нь дээрх хурлын тэмдэглэлийг үндэслэн 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 03 тоот Удирдах зөвлөлийн тогтоолд “нийтийн эзэмшлийн талбай, ажил үйлчилгээний хурамтлалыг ...албан байгууллагуудад 1 м.кв-ийг 600 төгрөгөөр тооцсугай” гэж заасан. Харин хариуцагчаас төлбөр нэхэмжилж байсан албан бичиг, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ сууц өмчлөгчдийн холбооны төлбөр гэсэн байдаг бол анхны шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн “нэхэмжилж байгаа мөнгөний задаргаа” гэх баримтад засвар, үйлчилгээ гэж бичсэн байдаг. Гэтэл шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал” гэж дурдсан нь хуримтлал ч биш аль хэдийн гарчихсан зардал гэж дүгнэсэн буюу яг юуны төлбөр нэхэмжилж байгааг тодорхой болголгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.
Шүүх Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсгийг хууль зүйн үндэслэлээ болгохдоо тухайн хуулийн зүйл, заалтын утгыг алдагдуулсан. Мөн “*******” СӨХ-ны хурлын тэмдэглэлд Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн 2002 онд тогтоосон жишиг үнэ гэж дурдсан байхад шүүхийн шийдвэрт 2014 оны жишиг үнээр тогтоосныг буруутгах үндэслэлгүй байна гэжээ. Гэтэл бодит байдал дээр зүгээр нэг төрийн бус байгууллага буюу Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл нь уг жишиг үнийг тогтоох эрх олгосон хуулийн заалт байдаггүй бөгөөд Иргэний Хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрхзүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд уг дээд зөвлөлийн талаар нэг ч үг, үсэг байхгүй байгааг анхаарч үзээгүй.
Хариуцагч тал дундын өмчлөлийн эд хөрөнө мөн биш эсэх дээр маргаагүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан харуул хамгаалалт, гэрэгтүүлэг, хогны төлбөр нь нэхэмжлэгчийн нэхэмжмлж буй төлбөрийн 4 хувь орчмыг эзэлж байхад шүүх шийдвэртээ энэхүү төлбөрүүдэд илүү ач холбогдол өгч маргасан мэтээр дурдсан байна. Хариуцагчийн зүгээс үлдэгдэл 96 орчим хувийн төлбөр нь хамгийн их үндэслэл муутай байгаа талаар маргадаг болно. Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч “*******” СӨХ нь хариуцагч ******* сургуульд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2 457 738 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаа-2 хотхоны *******, *******, ******* байрны орон суугчдын анхдугаар хурлаас сууц өмчлөгчдийн холбоог үүсгэн байгуулахаар шийдвэрлэсэн, тус холбооны удирдах зөвлөлийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “*******” СӨХ-г мөн сарын 15-ны өдрөөс үүсгэн байгуулагдсан талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.
******* сургууль нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Дунд гол гудамж, ******* байр, хаягт байршилтай 441,42 м.кв талбай бүхий сургалтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон.
Хариуцагч нь орон сууц өмчлөгч мөн эсэх, түүний өмчлөлийн 441,42 м.кв сургалтын зориулалттай талбай нь орон сууцад хамаарах эсэхэд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс хариуцагчийг сууц өмчлөгчдийн холбооны гишүүн мөн эсэх, сууц өмчлөгчийн Иргэний хуульд заасан үүрэг түүнд хамааралтай эсэхийг зөв тодорхойлж чадаагүй байна.
Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг ойлгоно” гэж заажээ.
Гэтэл хариуцагчийн өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь сургалтын буюу үйлчилгээний зориулалтаар ашиглагдаж байгаа тул Иргэний хуулийн 142 дугаар зүйлд заасан орон сууцад хамаарахгүй болно.
Иймд хариуцагч ******* сургуулийг Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамааруулан Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн, сууц өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, тухайн зүйлийн зохицуулалт орон сууцад оршин суугаа сууц өмчлөгчид хамааралтай юм.
Хариуцагчийн өмчлөлийн 441,42 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь ******* байрны хаягт байрладаг тул “*******” СӨХ болон хариуцагч ******* сургууль нь тухайн барилгын засвар, үйлчилгээний талаар цаашид гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж болно.
Харин Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч нь өөр үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2016/05026 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ******* сургуулиас 2 457 738 төгрөг гаргуулах тухай "*******" СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* сургуулиас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 275 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Э.ЗОЛЗАЯА