Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 60

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

Шүүгчид                             Ц.Амаржаргал

                                                                                 Д.Буянжаргал

                     Оролцогчид:

Прокурор                           А.Ариунзаяа              

Хохирогч                             О.Халиун

Хохирогчийн өмгөөлөгч   Р.Атарцэцэг

Цагаатгагдсан этгээдийн

   өмгөөлөгч                         Г.Амартүвшин

                                 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ  аймаг  дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Нолхоосүрэн даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 94 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн өмгөөлөгч Р.Атарцэцэгийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Олхунуд овогт Хасбаатарын Ганбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201718000073 дугаартай, 148/2017/0089/Э хэргийн индекстэй, 1 хавтас хэргийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 09-нд Упаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 38 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 6 дугаар баг, 8 дугаар хэсгийн 120 тоотод оршин суудаг, гэмт хэрэгт холбогдох үедээ “Сэлэнгэ АЗЗА” ХХК-нд ерөнхий нягтлан ажилтай байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Олхунуд овогт Хасбаатарын Ганбаатар  /РД:ЧК79110912/.

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

         Шүүгдэгч Х.Ганбаатар нь 2015 оны 11 дүгээр сард эхнэр О.Халиуны фэйсбүүк хаягийг өөрчилж, улмаар 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дорноговь салбар сургуулийн цахим хуудаст О.Халиуны биеийн цээж хэсэг ил гарсан унтлагын хувцастай зургийг байршуулж “...даараад байна, дулаацуулж өгөх эр байна уу?” гэх мэдээллийг,

         2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дорноговь салбар сургуулийн цахим хуудаст О.Халиуны биеийн цээж хэсэг ил гарсан унтлагын хувцастай зургийг байршуулж “...даараад байна, дулаацуулж өгөх эр байна уу?” гэх мэдээллийг,

2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зар мэдээллийн www.bеstzar.mn сайтанд “...санхүү авна, 20 охин байна, үйлчилгээ төгс, холбоо барих утас 94534860” гэх мэдээллийг,

2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр www.myzar.mn сайтанд “...санхүү авна, 20 охин байна, үйлчилгээ төгс, холбоо барих утас 94534860” гэх мэдээллийг,

         2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд О.Халиуны эзэмшлийн “Халиун Оюундэлгэр” нэртэй цахим фэйсбүүк хаягийн нүүр хуудас, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дорноговь салбар сургуулийн цахим хуудаст “...Дорноговь АШУҮИС- янхан” "санхүү авна”, нөхрөө яаж хуурч хүмүүстэй явалдахыг зааж өгнө” “Энэ миний явдаг залуугийн хүүхдүүд” “миний үнэн гэвэл нөхрөө хуурах, яаж явалдах, хүүхдүүд өнчрүүлэх, айлын нөхөртэй явалдахыг сурсан юм” гэх мэдээллийг тус тус байршуулан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр О.Халиуны нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Х.Ганбаатарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд 94 дугаартай цагаатгах тогтоолоор:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ганбаатарт холбогдох 201718000073 тоот хэргийг, тухайн үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Олхунуд овогт Хасбаатарын Ганбаатарыг цагаатгаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 94 дугаартай цагаатгах тогтоол нь :

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх хэргийн бодит үнэнийг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн зүйл заалтыг зөрчсөн.

2. Мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан яллагдагч, шүүгдэгчийг цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Шүүгдэгч Х.Ганбаатар нь 2015 оноос эхлэн эхнэр О.Халиунааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан нь тогтоогддог. Гэтэл гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр цагаатган шийдвэрлэснийг буруу гэж үзнэ. Яагаад гэвэл анхан шатны шүүхээр түүнийг гэм буруутайг тогтоож, харин гэмт хэрэг биш болсон үндэслэлээр түүнийг ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс цагаатгах тогтоолыг хянаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Хохирогч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   Х.Ганбаатарын гэм бурууг тогтоож өгөөч гэв.

 

Цагаатггагдсан этгээдийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.Ганбаатарыг гэм буруутайд тооцчихвол шинэчлэгдэн батлагдсан Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим, 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн зарчмыг зөрчсөн асуудал яригдана. Хууль ёсны зарчмын хувьд “гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно”, гэм буруугийн зарчмын хувьд “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн байна. …Энэ гэмт хэрэг хуулиндаа гэмт хэрэгт тооцогдохоо больчихсон учраас гэм буруутайд тооцож, шийтгэх тогтоол гаргавал Эрүүгийн хуулийнхаа үндсэн зарчмуудыг зөрчих болоод байна. Тиймээс хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

 Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтэндээ:

          Шүүхээс гарсан цагаатгах тогтоол дээр улсын яллагчаас эсэргүүцэл бичээгүй. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Шүүхийн шийдвэр гарах үед хууль шинээр гарсан байсан. Тухайн үед өнөөдрийн байдлаар ч хуулийг хэрэглэх талаар улсын хэмжээнд нэгдсэн практик тогтох хугацаа болоогүй байна. Газар газрууд хэргийг янз бүрээр шийдвэрлэж байна. Хуулийг өөр өөрийн үзлээр тайлбарлаж байна. Шүүхээс цагаатгах тогтоол гарсан процесс нь буруу явагдсан байна гэж дүгнэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна. Шүүхээс цагаатгах тогтоол биш хэргийг хэрэгсэхгүй болгох шүүгчийн захирамж гарч хуулийг хэрэглэх байсан байна гэж үзэж байна гэв.

Тодорхойлох нь:

        

         Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Х.Ганбаатар нь 2015 оны 11 дүгээр сард эхнэр О.Халиуны фэйсбүүк хаягийг өөрчилж, улмаар 2016 оны 05 дугаар сарын     04-ний өдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дорноговь салбар сургуулийн цахим хуудаст О.Халиуны биеийн цээж хэсэг ил гарсан унтлагын хувцастай зургийг байршуулж “...даараад байна, дулаацуулж өгөх эр байна уу?” гэх мэдээллийг,

         2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дорноговь салбар сургуулийн цахим хуудаст О.Халиуны биеийн цээж хэсэг ил гарсан унтлагын хувцастай зургийг байршуулж “...даараад байна, дулаацуулж өгөх эр байна уу?” гэх мэдээллийг,

2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зар мэдээллийн www.bеstzar.mn сайтанд “...санхүү авна, 20 охин байна, үйлчилгээ төгс, холбоо барих утас 94534860” гэх мэдээллийг,

2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр www.myzar.mn сайтанд “...санхүү авна, 20 охин байна, үйлчилгээ төгс, холбоо барих утас 94534860” гэх мэдээллийг,

2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 19-ний  өдрийг хүртэл хугацаанд О.Халиуны эзэмшлийн “Халиун Оюундэлгэр” нэртэй цахим фэйсбүүк хаягийн нүүр хуудас, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Дорноговь салбар сургуулийн цахим хуудаст “...Дорноговь АШУҮИС- янхан” "санхүү авна”, нөхрөө яаж хуурч хүмүүстэй явалдахыг зааж өгнө” “Энэ миний явдаг залуугийн хүүхдүүд” “миний үнэн гэвэл нөхрөө хуурах, яаж явалдах, хүүхдүүд өнчрүүлэх, айлын нөхөртэй явалдахыг сурсан юм” гэх мэдээллийг тус тус байршуулан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр О.Халиуны нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Х.Ганбаатарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд 94 дугаартай цагаатгах тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ганбаатарт холбогдох 201718000073 тоот хэргийг, тухайн үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Олхунуд овогт Хасбаатарын Ганбаатарыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

 

Хохирогч О.Халиуны өмгөөлөгч Р.Атарцэцэгийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Х.Ганбаатарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад Х.Ганбаатар нь дээрх мэдээллүүдийг тус тус байршуулан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр О.Халиуны нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон боловч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлд заасан “Гүтгэх” гэмт хэрэгт тооцож байсан үйлдэл, эс үйлдэхүйг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болгон эрүүгүйжүүлж, Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэхээр зохицуулсан тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Монгол улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна., 38.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана...” гэж заасны дагуу Х.Ганбаатарт холбогдох эрүүгийн хэргийг цагаатгах тогтоол гаргаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан “…тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон”,… гэсэн үндэслэлээр Х.Ганбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Олхунуд овогт Хасбаатарын Ганбаатарыг цагаатгаж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.8 дугаар зүйлийн 1-д заасны дагуу Х.Ганбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр цагаатгах тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасныг удирдлага болгон Тогтоох нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 94 дугаартай цагаатгах тогтоолын Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг:

“1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Сэлэнгэ амйгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн/2002 оны/ 111 дүгээр зүйлийн 111.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ганбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэж өөрчлөн найруулж, тогтоолын бусад заалт хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                             ДАРГАЛАГЧ                     Б.БАТЗОРИГ

                                   ШҮҮГЧИД                   Ц.АМАРЖАРГАЛ

                                                                      Д.БУЯНЖАРГАЛ