Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2021/0056

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 655 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З гаргасан давж заалдах гомдлоор, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй тул тэдгээрийг байлцуулахгүйгээр хийв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн захирал Я.М 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн ............ төгрөгийн татвар суутган авсан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 655 дугаар шийдвэрээр:

“Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, 63 дугаар зүйлийн 63.1, Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 1, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн ........төгрөгийг албан татвар, төлбөрт суутган авсан захиргааны актыг /үйлдлийг/ илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 89.2, 89.3 дахь заалтыг хэрэглээгүй.

Тухайлбал Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна” гэж заасан бөгөөд тухайн татварыг төлөх үүрэг бүхий этгээд нь тухайн тээврийн хэрэгслийг бодитойгоор эзэмшиж, ашиглаж буй этгээд байна.

Учир нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж заасан бөгөөд татвар ногдох тээврийн хэрэгслийг бодитойгоор ашиглаж буй этгээдийг эзэмшигч гэж үзнэ.

Мөн Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна” гэж заасан тул “Т” ХХК нь шууд бус эзэмшигч болох юм.

Учир нь “Т” ХХК нь барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг хуулийн этгээд бөгөөд зээлдэгч нартай зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг эд хөрөнгөөр хангуулах /фидуци/ гэрээг байгуулдаг ба тус фидуцийн гэрээний үндсэн дээр тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчээр бүртгэгддэг.

Өөрөөр хэлбэл татвар ногдох тээврийн хэрэгслийг эзэмшигч болох зээлдэгч нараас олгосон бүрэн эрх /зээлийн болон фидуцийн гэрээ/-ийн дагуу зээлийн гэрээний хугацаанд тээврийн хэрэгслийн эзэмшигчээр бүртгэгддэг тул “Т” ХХК нь шууд бус эзэмшигч бөгөөд харин Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу татвар төлөх үүрэг бүхий шууд эзэмшигч нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасны дагуу зээлдэгч болно.

Харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заасны дагуу зээлдэгч зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд фидуцийн гэрээнд заасан тээврийн хэрэгслийг бодитойгоор, эзэмшилдээ гаргуулан авснаар тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч болох юм. /Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасны дагуу тээврийн хэрэгслийг бодитойгоор гаргуулан аваагүй тохиолдолд зээлдүүлэгчид тээврийн хэрэгслийн эзэмшил үүсэхгүй бөгөөд зээлдэгч нь эзэмшигч хэвээр байна/

Гэвч анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хуульд заасан дээрх хуулийн зохицуулалтуудыг хэрэглэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм.

Мөн хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс татварын суутган авахдаа дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүйгээр 29354139 төгрөгийн татварыг суутган авсан гэж үзэж байна.

2.Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс нь хугацаандаа төлөөгүй татварын өр хэмээн ......... төгрөгийг нэхэмжлэгчийн данснаас үл маргах журмаар суутган авсан байдаг.

Гэтэл Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй дор дурьдсан татвар, түүнд ногдуулсан алданги, торгуулийг татварын өрөнд хамааруулна” гэж заасан.

Тухайлбал 55 дугаар зүйлийн 55.1.1-д “татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон татварын өр, түүнд тооцсон алданги”,

-55.1.2-т “энэ хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу татварын албанаас тогтоосон татвар, ногдуулсан торгууль, тооцсон алданги”,

-55.1.3-т “татварын албаны хяналт шалгалтаар тогтоосон татвар, түүнд тооцсон алданги, ногдуулсан торгууль” гэж тус тус заасан. Гэвч мэдэгдэх хуудас болон Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс суутган авсан 29354139 төгрөг нь Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан татварын өрөнд хамаарахгүй.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн тайлбарлаж буй шиг “татварын өр үүссэн” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, анхан шатны шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийлгүй орхигдуулсан ба Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасны дагуу татвар суутгах хууль зүйн үндэслэл байхгүй болно.

3.Хариуцагч нь ....... төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр үл маргах журмаар суутган авсан нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Учир нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр DNP191211005 тоот мэдэгдэх хуудсыг үндэслэн нэхэмжлэгчийн Хаан банк дахь данснаас татварыг үл маргах журмаар суутган авсан хэмээн тайлбарладаг ба тус мэдэгдэх хуудаст татварын өрийг 3 хоногт багтаан төлөхийг шаардсан байдаг.

Гэтэл Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татвар болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан журмаар татварын албанаас тодорхойлон тогтоосон татварыг төлүүлэхээр мэдэгдэх хуудсыг татвар төлөгчид гардуулах бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 1.6 дахь хэсэгт “мэдэгдэх хуудас гардуулснаас хойш ажлын 10 өдөрт багтаан татварыг төлөх шаардлага”-ыг мэдэгдэх хуудаст тусгана хэмээн хуульчилсан.

Гэвч хариуцагчийн зүгээс Татварын ерөнхий хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг зөрчиж буюу тус заалтаар ажлын 10 хоногт багтаан төлөх татварыг хуанлийн 3 хоногт багтаан төл гэх хууль бус шаардлагыг тавьж уг шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн Хаан банк дахь данснаас ........ төгрөгийг үл маргах журмаар суутган авсан ба ийнхүү үл маргах журмаар суутган авсан үйлдэл нь хууль бус юм.

Дээр дурдсанчлан анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, талуудын тайлбарт бүрэн дүүрэн дүгнэлт хийж чадаагүйн зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Учир нь хариуцагчийн өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцуулаагүй бөгөөд эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг танилцуулах ажиллагааг хийлгүй орхигдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 655 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргаанд хамаарал бүхий хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг үндэслэлтэй зөв шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад бүрэн нийцжээ.

1.Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн “Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна”, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч нь агаарын бохирдлын төлбөр төлөгч байна” гэснийг энэ тохиолдолд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлтэй харьцуулан хэрэглэх байдлаар “Т” ХХК-ийг тухайн тээврийн хэрэгслүүдийн шууд бус эзэмшигч гэж үзэн, дээрх хуульд заасан албан татвар, төлбөрийг тус компаниас зээл авсан буюу шууд эзэмшигчдээр нь төлүүлэх байсан гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

Учир нь “Т” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг, энэ хүрээнд зээлийн барьцааны зүйл болох тээврийн хэрэгслүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлснээр холбогдох хуулийн хүрээнд албан татвар төлөх үүрэг хүлээнэ. 

Түүнчлэн харьяа татварын албанаас тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд үндэслэн татварын ногдлыг тодорхойлохоос бус тэрхүү бүртгэлийн аль нь фидуцийн гэрээнээс үүссэн, аль нь шууд эзэмшигчийн бүртгэл болохыг мэдэх боломжгүй, ийм үүргийг ч хуулиар хүлээхгүй.

Харин нэхэмжлэгч нь зээлийн барьцаанд буй тээврийн хэрэгслийн эзэмшигчээр бүртгэгдсэн хугацааны албан татвар, төлбөрийг хэрхэн төлөх талаар фидуцийн гэрээнд тодорхой тусгах, нэгэнт төлөгдсөн төлбөрийг зээлдэгчээс шаардах эрх нь нээлттэй. 

2.“...хариуцагчийн өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцуулаагүй, эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг танилцуулах ажиллагааг хийлгүй орхигдуулсан...” гэх гомдлын хүрээнд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даргын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 01\625 дугаар итгэмжлэлээр тус дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Х, хуулийн мэргэжилтэн Б.Э, Б.Д нарыг төлөөлөгчөөр томилсноос өөрөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч талаас өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан, өмгөөлөгч оролцсон үйл баримт тогтоогдсонгүй.

Харин гомдолд “нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг” гэх байсныг “хариуцагчийн өмгөөлөгчийг” гэж техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзвэл нэхэмжлэгчээс өмгөөлөгч А.З байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөр огноолсон “Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г мөн оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд гаргаж өгснөөр түүний хэргийн материалтай танилцах эрхийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан болох нь хуралдааны тэмдэглэл, 7201 дугаар шүүгчийн захирамжаар тус тус тогтоогдож байна.

Мөн 9 дүгээр сарын 24-ний өдөр өмгөөлөгч А.З нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэг болон нөлөөллийн мэдүүлгийг танилцуулсан баримтад тус тус гарын үсэг зурсан, энэ өдрийн болон 10 дугаар сарын 2, мөн маргааныг хянан шийдвэрлэсэн 10 дугаар сарын 9-ний өдрийн шүүх хуралдаан бүрт хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн эрх, үүргийг танилцуулж байсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлүүдэд тусгагдсан байх тул “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн...” гэх гомдол үндэслэлгүй болно.

Харин шийдвэрийн Тогтоох хэсэгт татварын улсын байцаагчаас захиргааны акт гаргасан мэтээр нэхэмжлэлийг шаардлагыг тодорхойлсныг бичиглэлийн хувьд зөвтгөсөн өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 655 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Татварын улсын байцаагчийн...” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН