Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 141

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч Б.Дэлгэрдалай /томилолтоор/

Шүүгдэгч М.Л /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Лид  холбогдох эрүүгийн 2011 00292 0114 дугаартай хэргийг 2020 оны 02 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Сутай овогт 1987 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, шаварчин, будагчин мэргэжилтэй гэх, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, Ам бүл-5-эхнэр, 3 хүүхдийн хамтаар Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 1 дүгээр гудамжны 15 тоотод оршин суух хаягтай, урьд:

               Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор М.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг баримтлан 145.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

               Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 570 дугаар шийтгэх тогтоолоор М.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 450.000 торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай /РД: ЧБ87062431/.

 

Шүүгдэгч М.Л нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Батжаргалтай "мөрлөлөө" гэж маргалдан улмаар гар болон хөлөөрөө нүүр болон толгой руу нь өшиглөж, цохиж "хуйханд шарх, зүүн тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, дух зүүн хацарт зулгаралт" бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч М.Лоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.

 

Шүүгдэгч М.Лоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-28-29/ “..Би 2020 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө өөрийн ах Ням-Очир, түүний Баатар нарын хамт 17-р сургуулийн орчим байх Дуулга бааранд орж үйлчлүүлсэн бөгөөд уг баар хаах болж байхад нь хамт явсан хоёроосоо түрүүлээд гарсан. Доошоо буудаг шатны орчим байж байтал нэг танихгүй эмэгтэй намайг сугадаж аваад байж байтал доороос өгсөж ирсэн согтуу залуу буюу Батжаргал нь бид хоёрын голоор чихэж мөргөлдсөн. Тэгээд харилцан уурлаж маргалдаж байгаад салсан. Би баар луу буцаж ороод ах болон Баатар нарыг гаръя гэтэл арай болоогүй байхаар нь дахиад орхиод баарнаас гартал надтай шатан дээр мөргөлдөж маргалдсан залуу баарнаас гараад холдож явахаар нь би араас нь явж очоод өмнө маргалдсан уурандаа түүнийг араас нь гараараа татаж газар дээр хүчтэй унагаагаад хөлөөрөө толгой нүүр лүү нь 2-3 удаа өшиглөж, босох гэхээр нь гараараа нүүр лүү дахин 1-2 удаа цохисон. Тэгээд уг залууг орхиод явчихсан....” гэх мэдүүлэг.

 

 Хохирогч О.Батжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-9/ “...Би 2020 оны 01 дүгээр сарын 17-ны орой сургуулийн зааланд буухиа тэмцээн болоод түүнийгээ 14 цагийн орчим тараад сургуулийнхаа 2 багшийн хамт нэг багшийнхаа гэрт нь нэг шил архи хувааж уучихаад шөнө хэдэн цагийг нь мэдэхгүй байна. гэр лүүгээ явж байгаад замдаа 17-ын буудлын орчим байх “Дуулга” баар луу ганцаараа ороод 2-р давхрын шатаар өгсөж байтал үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүн бууж яваад би санамсаргүй голоор нь чихээд залуутай нь маргалдаж байгаад би уг залуугаас уучлалт гуйгаад салаад баар луу нь орсон юм. Бааранд ганцаараа орчихоод буцаад удалгүй баарнаас гараад нэлээд холдоод явж байтал араас баарны шатан дээр маргалдаад байсан залуу нь хүрч ирээд намайг араас хүчтэй татаж газарт унагаагаад дээрээс нүүр болон толгой руу хөлөөрөө 2-3 удаа өшиглөж, гараараа нүүр лүү 1-2 удаа цохиод байсан юм. тэгээд би намайг зодож байгаад салаад цаашаа баар луу дөхөөд явахаар нь би ойролцоо байх цагдаагийн хэлтэс рүү очиж цагдаад мэдэгдээд цагдаагийн хамт буцаад ирсэн чинь намайг зодсон залуу машин зам дээрээс хамт явж байгаа бололтой хүмүүсийн хамт такси барих гээд зогсож байхаар нь цагдаад хэлж бариулсан..Намайг араас татаж унагаах үед би хойшоо савж унахдаа тохойгоороо газар тулж унах үед тохойны гэмтэл учирсан. Бусад гэмтлүүд нь намайг унасны дараа дээрээс гар хөлөөрөө өшиглөж цохиж байхад надад учирсан..тухайн үед би Лхагвадорж гэх залуугаас өөр хэн нэгэнтэй маргалдаж муудалцаагүй..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Ням-Очироос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-4-5/ “..2020 оны 01 дүгээр сарын 17-ны орой найз Баатар гэдэг найзын хамт гадуур архи ууж яваад өөрийн дүү Лхагвадоржоос хадгалуулсан мөнгөө авахаар утсаар ярьж байгаад 100 айл орчим Лхагвадоржтой уулзаад мөнгөө авчихаад дүүгээрээ 17-р сургууль орчим байх Дуулга бааранд хүргүүлсэн....бид нар хамтдаа ...архи хувааж уучихаад баар хаах гэж байхад гарахаар болоод байж байтал Лхагвадорж ганцаараа гараад явсан...машин барьж харих гээд явж байтал нэлээн зайтай хүмүүс маргалдаад байх шиг орилоод байсан. Удалгүй тэр орчмоос дүү Лхагвадорж хүрч ирээд хамтдаа зам дээр юм ярилцаад машин барих гээд зогсож байтал цагдаа нар ирээд манай дүүг хүн зодсон байна гээд аваад явсан..” гэх мэдүүлэг.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1789 дугаартай дүгнэлтэнд: /хх-21-22/ “..О.Батжаргалын биед хуйханд шарх, зүүн тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, дух зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна..” гэх шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч М.Лийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-30/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-31/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Л нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Батжаргалтай “мөрлөлөө” гэж маргалдан улмаар гар болон хөлөөрөө нүүр болон толгой руу нь өшиглөж, цохиж түүний биед хуйханд шарх, зүүн тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, дух зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл үүсгэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч хохирогчийг зодож, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч М.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Лоос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч М.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч О.Батжаргал нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч М.Лийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Л нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сутай овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мөнхбаярыг Лхагвадоржийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Лид оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч М.Л нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Лид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.МӨНХБАЯР