Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 5680

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 44 дүгээр гудамжны 860 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ХЕ 54111500, Боржигон овогт Чойжилын Баясгалангийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 5Б байрны 36 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ЧП 75020105, Гүртэн овогт Орсоогийн Долгионд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

 

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, замчдын гудамж 75 дугаар байрны 207 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алдархишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ч.Баясгалан О.Долгионд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээгээр 20 000 000 төгрөгийг, 1 жилийн хугацаатай зээлдүүлж, зээлдэгчийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, замчдын гудамж 75 дугаар байрны 207 тоот орон сууцанд үнэ төлбөргүй оршин суухаар тохирч гэрээ байгуулан нотариатаар батлуулж, Баянгол дүүргийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн.Гэрээний хугацаа дуусахад талууд тохирч хугацааг сунгасан бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Ч.Баясгалан орон сууцыг чөлөөлөн өгч, зээлдүүлсэн мөнгөө шаардахад 15 000 000 төгрөгийг Ч.Баясгаланд өгч 5 000 000 төгрөгийг өгөхгүй байгаа тул нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алдархишиг шүүхэд гаргасан тайлбартаа:Баянгол дүүргийн 3 дугаар хороо Замчдын гудамж 75-207 тоот 2 өрөө орон сууцыг 2014 оны 10 сард мөнгө зээлдүүлж сууж байсан хүний хугацаа дуусахад тус байрны 205 тоотыг түрээслэн сууж байсан Ч.Баясгалан үүнийг мэдээд “би түрээсэлж сууя, миний сууж байгаа байр зарагдаж байгаа, хол нүүхгүйгээр танай байранд оръё” гэж гуйсан, 2016 оны 10 дугаар сарын 4-ны өдөр хүү Батболдтойгоо хамт ирж байр үзээд 15 сая төгрөгөөр түрээсэлж суухаар тохирсон.Би 20 000 000 /хорин сая/ төгрөгөөр өмнөх түрээсийн хүмүүсийг гаргаж таныг суулгана гэхэд Ч.Баясгалан эгч нь ганцаараа, мөнгө муутай, 15000 000 /арван таван сая төгрөг/-өөр сууя, харин 5 сая төгрөг түр зээлье, жаахан хүүхэд хардаг, хүүхдүүд Японд байдаг” гэснийг би хүлээн зөвшөөрсөн.Ингээд 2014 оны 10 дугаар сарын 10-нд Баянгол дүүргийн наториат орж 20 сая төгрөгийн зээлийн гэрээ болон орон сууц хөлслөх гэрээ байгуулж, 20 сая төгрөг тоолж авсан.Энэ үед Ч.Баясгалан, түүний хүү Батболд, манай дүү О.Долгионы хамт байлцсан. Наториатаас гараад Ч.Баясгалан бид 2 түрээсэлж байгаа байрандаа очиж 7 хоногийн хугацаатай 5 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан ба мөнгө нэмж аваагүй. Миний хувьд 3 хоногийн дараа буюу 2014 оны 10 дугаар сарын 13-нд 5 сая төгрөгийг буцаан өгч, Ч.Баясгалан гарын үсэг зурж мөнгөө хүлээж авч, гэрээгээ хаасан.2016 оны 7 сард Ч.Баясгалан түрээсийн байрнаас гарахаар болж мөнгөө авья гэж утсаар ярьсан.Би 2016 оны 8 дугаар сарын 02-нд 15 сая төгрөгийг бэлнээр өгөх гэж очсон боловч 20 сая төгрөг нэхэж мөнгийг аваагүй.Ингээд би Ч.Баясгаланд өмнө 5 сая төгрөг өгсөн баримтыг 2016 оны 8 дугаар сарын 25-нд үзүүлж, 15 сая төгрөгийг бэлнээр тоолж өгч, Ч.Баясгалан 20 сая төгрөг дээр ямар ч маргаангүй хүлээн зөвшөөрч гэрээг дуусгавар болгон гарын үсэг зурсан.Гэтэл наториатаар орж, Үл хөдлөх хөрөнгийн газраас барьцаанд байгаа байрыг чөлөөлж өгөхгүй, гарын үсгийн баталгаа, байрны түлхүүр өгөхгүй, утсаа ч авахгүй өдий хүрсэн.Иймд Ч.Баясгалангийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алдархишиг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол 75 замчдын гудамжны 75 дугаар байрны 207 тоот 2 өрөө байрыг түрээслэж байсан хүмүүс байрнаас гарах болоход 205 тоотод амьдарч байсан Ч.Баясгалан байрны жижүүрээс сонсоод танай байранд сууя гэж өөрөө бид нарт хандсан.Бид өмнөх айлд байраа 20 сая төгрөгөөр түрээслэж байсан учир Ч.Баясгалан гуайд 20 сая төгрөгөөр түрээслэнэ гэж хэлэхэд Ч.Баясгалан гуай надад 15 сая төгрөг байна, би 15 сая төгрөгөөр түрээслэе гэж гуйсан.Гэвч өмнө нь түрээслэж байсан хүмүүсийг гаргахын тулд 20 сая төгрөг шаардлагатай байсан учир Ч.Баясгалан гуайг “за тэгвэл та манай байрыг 15 сая төгрөгөөр түрээсэлж суу, гэхдээ 5 сая төгрөгийг надад түр зээлээч” гэхэд Ч.Баясгалан зөвшөөрөөд Ч.Баясгалан маргааш нь өөрийн хүү Батболдтой ирээд танай байранд суухаар боллоо гэсэн.Бид зөвшилцөөд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн нотариатч дээр очоод 20 сая төгрөгийн зээлийн гэрээ хийсэн.Байрны гэрчилгээ О.Долгионы нэр дээр байсан учир би өөрийн дүү О.Долгионыг дагуулж, Ч.Баясгалан өөрийн хүү Батболдтойгоо хамт нотариатч дээр очсон.Зээлийн гэрээ хийхдээ байранд 15 сая төгрөгөөр сууж байгаа, 5 сая төгрөгийг зээлж байгаа талаараа нотариатчаас зөвлөгөө авахад 20 сая төгрөгийн зээлийн гэрээгээ хийчихгүй юу гэж зөвлөснөөр бид 20 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулж нотариатчийн дэргэд 20 сая төгрөгийг Ч.Баясгалангаас хүлээж авсан.Ч.Баясгалантай хамт хөлсөлж суух байранд очоод 5 сая төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлж авсан гээд тэр цаасан дээрээ гарын үсэг зуралцаад явсан, 5 сая төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлээд 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр буцаагаад Ч.Баясгаланд өөрт нь хүлээлгэж өгөөд, нөгөө цаасныхаа доор Ч.Баясгалан 5 сая төгрөгийг хүлээж авлаа гэж гарын үсэг зураад 15 сая төгрөгийн үлдэгдэлтэй гэж доор нь бичсэн.Түүнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн.Гэрээгээ дахин нэг жил сунгасан боловч Ч.Баясгалан 2016 оны 7 дугаар сард гэрээгээ дуусгаад мөнгөө авъя гэхээр нь “та тулгаж хэллээ гээд 1 сар хүлээгээч гээд хүлээлгэсэн хугацаандаа 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр  Ч.Баясгалан дээр очиж 15 сая төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн. Гэтэл Ч.Баясгалан 20 сая төгрөг өг, чи надад мөнгө өгөөгүй, би чамаас мөнгө аваагүй гэж намайг гүтгэсэн. Ингээд Ч.Баясгалангийн хүү Батболд ирээд манай ээж айхтар хүн хүнээс мөнгө авахдаа бичиг үйлдэхгүй авна гэж байхгүй гэж хэлсэн, 5 сая төгрөгийг аваад, буцааж өгсөн баримт байгаа гэж би тухайн үед хэлсэн боловч надад тэр баримт нь байгаагүй. Ингээд би гэрээсээ Ч.Баясгалан бид хоёрын хооронд хийсэн 5 сая төгрөгийг авалцаж, өгөлцсөн бичгийг олоод хүү Батболд руу нь яриад баримтаа олчихлоо, танайх баримтаа олсон уу гэхэд шалтаг тоочоод байсан.Энэ баримтыг олчихлоо гэж хэлснээс хойш Ч.Баясгалан эгч огт надтай уулзаагүй.2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Ч.Баясгалан надруу яриад 15 сая төгрөгөө надруу шилжүүлчих гэхээр нь би баримтаа үйлдээд, нотариатчийн дэргэд хүлээлцье гээд 2016 оны 8 дугаар сарын 25-ны орой 15 сая төгрөгийг бэлнээр Ч.Баясгаланд өгөөд хүү Батболдтой нь хамт бүгдээрээ сууж байгаад тэр өдрөө орон сууц хөлслөх болон зээлийн гэрээгээ дуусгавар болгож гарын үсгээ зуралцсан. Хэрэв мөнгөө дутуу авсан бол энэ хүмүүс гэрээ дуусгавар болсон гэж ингэж бичихгүй байсан.Ингээд зээлийн гэрээгээ дуусгавар болгочихсон юм чинь гээд бүртгэлийн газар очоод гэрээ дуусгавар болсон гэсэн бичгээ үзүүлээд байраа чөлөөлүүлж авъя гэхэд наад бичиг чинь хамаагүй, Ч.Баясгалангаас байр чөлөөлөхөд татгалзахгүй гэсэн бичиг ирсэн тохиолдолд байрыг чөлөөлнө гэж хэлсэн.Гэтэл Ч.Баясгалан бичиг хийж өгөхгүй, байрны түлхүүр ч өгөөгүй.Бид хэрэлдэж муудалцсан зүйл байхгүй, эгч дүүгийн хэмжээнд байсан, 5 сая төгрөгийг 20 сая төгрөгөөс тусдаа мөнгө гэж тайлбарлаад байгаа.Зээлсэн 20 сая төгрөгөө өгөөд гэрээгээ дүгнээд дуусгасан тул дахин 5 сая төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би хариу тайлбартаа ерөнхийдөө хэлчихсэн.Ч.Баясгалан манай байрыг 20 сая төгрөгт барьцаалж байгаа мэтээр Баянгол дүүргийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн.Одоо нэгэнт зээл төлөгдөж зээлийн гэрээ дуусгавар болсон тул Ч.Баясгалангаас байраа чөлөөлүүлж, байрны түлхүүрээ авахаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:О.Долгион Ч.Баясгалангаас 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээний дагуу 20 сая төгрөгийг нотариатчийн дэргэд тоолж хүлээлж авсан.Харин 5 сая төгрөгийг О.Алдархишиг Ч.Баясгалангаас зээлсэн байдаг. Тиймээс О.Алдархишигийн Ч.Баясгалангаас зээлж авсан 5 сая төгрөг бол О.Долгион, Ч.Баясгалан нарын хооронд хийгдсэн 20 сая төгрөгийн зээлийн гэрээтэй огт холбоогүй. Нэгэнт 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй О.Долгион 5 сая төгрөг дутуу төлсөн байгаа тул барьцааг чөлөөлөх боломжгүй.Түлхүүр өгөөгүй гэж хариуцагч тайлбарлаж байна, 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр О.Алдархишиг байранд засвар хийнэ хэмжээ авах шаардлагатай байна гээд түлхүүрийг Ч.Баясгалангийн хүү Баатараас ирээд аваад явсан байдаг гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Баясгалан хариуцагч О.Долгионд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл 5 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр Ч.Баясгалангийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, О.Долгионы сөрөг шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ хийгдсэн байх бөгөөд уг гэрээгээр Ч.Баясгалан нь О.Долгионд 20 000 000 төгрөгийг, 1 жилийн хугацаатай хүүгүй зээлдүүлж, Ч.Баясгалан нь О.Долгионы өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо Замчдын гудамж 75 дугаар байрны 207 тоотод байршилтай, 2 өрөө орон сууцыг үнэ төлбөргүй нэг жилийн хугацаанд эзэмшихээр тохиролцсон байх бөгөөд энэхүү хэлцлийг баталгаажуулан талууд хооронд нэг өдөр зээлийн гэрээ, орон сууц үнэ төлбөргүй эзэмших гэрээнүүд хийгдсэн байх ба талууд мөнгө зээлсэн, орон сууц үнэ төлбөргүй эзэмшүүлсэн гэх үйл баримтад маргахгүй байгаа боловч Ч.Баясгалангаас О.Долгионд зээлдүүлсэн мөнгөний дүн дээр маргаж байна.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч тал О.Долгионд 20 000 000 төгрөгийг зээлдүүлж  буцааж 15 000 000 төгрөгийг авсан, үлдэгдэл 5 000 000 төгрөгийг гаргуулна, Ч.Баясгалан О.Алдархишиг нарын хоорондын 5 000 000 төгрөгийн зээлийн асуудал тусдаа гэж тайлбарлаж байхад хариуцагч тал Ч.Баясгалангаас 15 000 000 төгрөг зээлсэн бөгөөд үүнтэй хамт 5 000 000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай зээлж аваад эргүүлэн төлсөн, тохиролцсон хугацаандаа 15 000 000 төгрөгийг Ч.Баясгаланд буцаан төлчихсөн гэж тайлбарлаж байна.

 

Ч.Баясгалан нь 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээгээр О.Долгионд 20 000 000 төгрөг зээлдүүлсэн гэж үзэж байгаа бол хэргийн 14 дүгээр хуудсанд авагдсан тэдний хооронд хийгдсэн дээрх зээлийн гэрээний ар талд Ч.Баясгалангийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр бичсэн тайлбарт “гэрээ дуусгах тухай Баянгол дүүргийн 3 дугаар хороо Замчдын гудамж 75 дугаар байрны 207 тоот Долгионтой /Алдархишигтэй биечлэн хийв/ 2014.10.10-ны өдөр хийсэн гэрээ нь 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөр дуусгавар болсон.Жич төлбөр тооцоогоо дуусгасан болно, 15 сая төгрөг бэлэнээр авлаа, 5 сая төгрөг авсан байв, 20 сая төгрөгийн тооцоо дуусгалаа Ч.Баясгалан” гэж бичсэн байгааг нэхэмжлэгчийн төлөөлөгч нь үүнийг Ч.Баясгалан бичсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ талаар маргахгүй байна.

 

Энэхүү тайлбарын агуулгаас үзэхэд талуудын хооронд хийгдсэн дээрх зээлийн гэрээний үүрэг бүрэн дуусгавар болсон гэдэг нь тодорхой байна.

 

Нөгөө талаар Ч.Баясгалан О.Алдархишиг нарын хоорондын 5 000 000 төгрөгийн зээл тусдаа боловч хариуцагч тал энэхүү 15 000 000 төгрөгийн зээлтэй хамт авсан гэж тайлбарлаж байгаа тул энэ талаар дүгнэх шаардлагатай байна.

 

Хэргийн 18 дугаар хуудсанд авагдсан зээлийн гэрээнд-“О.Алдархишиг би Ч.Баясгалангаас 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 5 000 000 төгрөг бэлэнээр 7 хоногийн хугацаатай зээлж авсан, зээлдүүлэгч Ч.Баясгалан, зээлдэгч О.Алдархишиг, 5 000 000 төгрөг бэлэнээр хүлээж авлаа 2014 оны 10 дугаар сарын 13” гээд Ч.Баясгалан гарын үсгээ зурсан байна, доор нь үлдэгдэл 15 000 000 төгрөг гээд О.Алдархишиг гарын үсгээ зурсан байна.

 

Сөрөг шаардлагын тухайд- Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч Ч.Баясгаланд холбогдуулан Баянгол дүүргийн 3 дугаар хороо Замчдын гудамж 75 дугаар байрны 207 тоотод байршилтай, 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг шаардлага гаргаж байна.

 

Зохигчдын хооронд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хийгдсэн орон сууц  үнэ төлбөргүй эзэмших гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж талууд тайлбарлаж байна.

 

Нэгэнт талууд орон сууц  үнэ төлбөргүй эзэмших гэрээг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болгосон байна.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч уг орон сууцыг эзэмшлээсээ чөлөөлсөн байх тул Ч.Баясгалан Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст хүсэлтээ гаргаж тухайн орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөх нь зүйтэй байна.

 

Иймд Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст хүсэлтээ гаргаж Баянгол дүүргийн 3 дугаар хороо Замчдын гудамж 75 дугаар байрны 207 тоотод байршилтай, 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлж өгөхийг Ч.Баясгаланд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлдүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Орсоогийн Долгионоос 5 000 000 /таван сая/ төгрөг гаргуулахыг хүссэн Чойжилын Баясгалангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн 3 дугаар хороо Замчдын гудамж 75 дугаар байрны 207 тоотод байршилтай, 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлж өгөхийг Ч.Баясгаланд даалгасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Баясгалангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөг, хариуцагч Д.Долгионы төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Ч.Баясгалангаас 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан О.Долгионд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      З.ДОРЖНАМЖИН