| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2018/0540/Э |
| Дугаар | 74 |
| Огноо | 2020-01-22 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.О |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
Улсын яллагч Б.Чимгээ,
Шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн М.Од холбогдох эрүүгийн 2017 2503 1048 дугаартай хэргийг 2019 оны 12 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Таван ханхар овогт 1984 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 7, эгч, хүргэн ах, дүү, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн 14-р баг 1-р хороолол 1А байр 101 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 346 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлж, ШШГЕГ-ын харьяа хорих 407 дугаар ангид ял эдэлж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ТЕ84052069/
Шүүгдэгч М.О нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ өөрийгөө гааль дээр ачаа буулгахад хяналт тавих ажил хийдэг, эгчийгээ гаалийн байцаагч ажилтай, гаалийн татвар төлөгдөөгүй автомашинуудыг орж ирсэн үнээр нь торгууль төлөөд худалдан авч болно гэж хуурч 2017 оны 01 дүгээр сарын 17-ноос 30-ны өдрийн хооронд П.Цэцэгдэлгэрээс 4.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Э.Эрдэнэбилэгээс 794.200 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 09-нөөс 22-ны өдрийн хооронд Ж.Ганзоригоос 1.110.600 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Б.Пүрэвжаваас 1.070.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд Д.Болортунгалагаас 710.200 төгрөг, Д.Чулуунбаатараас 1.405.000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хооронд “Тоёота Приус-20” маркийн автомашиныг он залуу машин болгож өгнө гэж хуурч, Б.Жамъянсүрэнгээс 1.873.900 төгрөгийг тус тус залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Оаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Хэргийн талаар маргаангүй. Өмнө нь би хэргээ нэгтгэн шалгуулах хүсэлтэй байсан боловч Улсын Дээд Шүүхээс хэргийг нэгтгэх боломжгүй гэсэн учраас миний эрх зүйн байдлыг дордуулахгүй шийдвэрлэж өгнө үү. Миний эрүүл мэндийн байдал хүнд нөхцөлд байгаа. 461 болон 409 дүгээр хорих ангиудад нэгдсэн эмнэлэг байдаггүй учраас хорих байгууллагадаа очиж хагалгаанд орох боломжтой. Би цөсний чулуутай, 50 дахь хатиг миний бие дээр гарсан байна. Би өөрийн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байна. Хорих ангийн үйлдвэрт ажиллаад 560.000 төгрөгийн цалин авч хохирол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд хохирол барагдуулахаар байршуулсан. Цаашид ч хохирогч нарын хохирол барагдуулна..” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч М.Оаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-92-94/ “..Би Б.Жамъянсүрэн гэх хүнээс машиныг нь сайжруулж он залуу болгож өгнө гэж Б.Жамъянсүрэнгээс цувуулж өөрийн Хаан банкны 5029676843 дугаарын дансанд 1.873.900 төгрөгийг шилжүүлж авсан. Тухайн үед би гааль дээр танидаг хүнийхээ машинуудыг зуучилж өгч зарж борлуулахад нь тусладаг байсан. Ингээд тухайн үедээ би хэрэгт холбогдож шалгагдаж байгаад хоригдсон. ..” гэх мэдүүлэг,
Хохирогч П.Цэцэгдэлгэрээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-25/ “..2017 оны 01 дүгээр сарын 05, 06-ны үед намайг гэртээ байж байсан чинь надтай хамт ажилладаг Эрдэнэбаяр багш залгаад чи Приус-20 машин авна гэсэн хэвээрээ юу, 5 сая төгрөгөнд хүн авч өгч чадна гэж байна гэхээр нь машин авах хэвээрээ л байгаа шүү дээ гэхэд Эрдэнэбаяр тэгвэл чи 80535355 гэсэн утасны дугаараар яриад уулзчих гэсэн. Би уг дугаар руу нь залгахад нэг эмэгтэй утсыг аваад уулзахаар болсон. Тэгээд 7 хоногийн дараа байх Сансарын Венди бэйкирийн газар уулзахад махлаг биетэй эмэгтэй ганцаараа ирсэн бөгөөд өөрийгөө Отгонжаргал гэж танилцуулсан. ..тухайн үед Отгонжаргал гэх эмэгтэй 2-3 хоногийн дараа танд ямар машин, хэзээ авахыг чинь хэлье, Гааль дээр хураагдсан машин зөндөө байгаа, та авах машиныхаа өнгийг ч сонгосон болно, Приус-30, Приус-20 үнийн хувьд адилхан байгаа гэхээр нь Приус-30 G улаан өнгөтэйгээс нь авъя" гэж хэлээд салсан. Үүнээс хойш 2017 оны 01 сарын 17-ны өдөр над руу Отгонжаргал яриад “машин чинь бэлэн болчихсон, та татварыг нь төлөх хэрэгтэй байна” гэхээр нь би Модны 2-ын АТМ-аас тэр эмэгтэйн өгсөн данс руу 700.000 төгрөгийг шилжүүлсэн 2 хоногийн дараа Отгонжаргал гэж эмэгтэй над руу яриад 5-р сургуулийн эсрэг талд байдаг Найрамдал нэртэй цайны газарт хүрээд ир гэхээр нь би очсон чинь Отгонжаргал ганцаараа сууж байсан. Тэгээд хоол идээд ярьж байснаа “танд өөр машин хэрэгтэй” юу гэхээр нь би “авч болох юм уу” гэсэн чинь Отгонжаргал “би танд лизингээр аваад өгье, 2 сая төгрөг эхний ээлжинд өгчих юм бол урьдчилгааны мөнгө болчихно, гаалиас машины лизинг гаргаад өгчихнө” гэж хэлэхээр нь би дахин “Королла Аксио” маркийн машин авахаар тохироод тэр өдрөө бэлэн 2 сая төгрөгийг өгсөн. ...түүнээс хойш хэд хэдэн удаа яриад “бичиг баримт авахад мөнгө хэрэгтэй байна, одоо яг гарах гээд байна” гээд 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 300.000, 2017 оны 01-24-ний өдөр 400.000, 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 400.000, 2017 оны 01- дүгээр сарын 30-ны өдөр 200.000 төгрөгийг дансаар нь шилжүүлсэн.
...Хермэсийн гааль дээр хураагдсан машинууд байгаа бөгөөд өөрөө тэр гааль дээр нь тоо бүртгэгч хийдэг, эгч нь болохоор тухайн гаальд байцаагч хийдэг гэж байсан. Тэгээд гааль дээр хураагдсан машинуудын татварын мөнгийг төлчих юм бол орж ирсэн үнээр нь машиныг авч болдог гэж яриад байсан. Мөн “гааль дээр хураагдсан машиныг 1 жилийн хугацаанд татварыг нь төлж чадахгүй бол дуудлага худалдаанд оруулж зардаг, дуудлага худалдаанд оруулахгүйгээр машиныг орж ирсэн үнээр нь авч өгнө, гаалиас лизингээр машин зардаг” гэх зэргээр ярьдаг байсан. Өөрөө их итгэл төрөхөөр зүйл яриад байсан тул би итгэсэн юм..” гэх мэдүүлэг,
Хохирогч Э.Эрдэнэбилэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-80-81/ “..2016 оны 12 сарын дундуур орой 20 цаг өнгөрч байхад халтуур хийгээд 10-р хорооллын орчим явж байтал нэг эмэгтэй гар өргөөд машиндаа суулгасан, энэ нь Отгонжаргал байсан. ...Замдаа ойр зуурын юм яриад явж байснаа надаас гааль дээр хураагдсан машин сонирхох уу гэхээр нь машин биш мопед байна уу гэж асуухад байдаг гэж хэлсэн. Отгонжаргал хэлэхдээ 1 сая төгрөгт багтаагаад мопед авч өгч чадна, урьдчилгаа мөнгөө өгчих гэсэн. Тэгээд 2016 оны 12 сарын 30-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах Сансарын орчим байдаг Төрийн банкнаас Отгонжаргалын хэлсэн Хаан банкны 5029676843 дугаартай данс руу 249.500 төгрөг, 2017 оны 01 сарын 15-ны өдөр 197.000 төгрөг, 2017 оны 02 сарын 09-ний өдөр 198.200 төгрөг, 2017 оны 02 сарын 10-ны өдөр БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах Бичил хорооллын Төрийн банкнаас Отгонжаргалын Хаан банкны данс руу 149.500 төгрөг нийт 794.200 төгрөгийг шилжүүлсэн. Ингэж авахдаа надад удахгүй гаалиас мопед гарах гээд байна, татварын мөнгө хэрэгтэй байна гэхээр өөртөө байсан мөнгөө шилжүүлж байсан. ...Тэрнээс хойш Отгонжаргалтай холбогдоход удахгүй маргааш, нөгөөдөр гээд худлаа яриад байхаар нь өгсөн мөнгөө нэхэж эхлэхэд холбоогүй болчихсон...би хамт ажилладаг Цэцэгдэлгэр багшид гаалиас хямд машин авах боломж байдаг юм байна гэж хэлээд Отгонжаргалын дугаарыг өгснөөс болж мөнгөө өгөөд алдчихсан гэсэн. Отгонжаргал хэлэхдээ гааль дээр татвараа төлөөгүй хураагдсан машин байдаг гэсэн, өөрийгөө гаальд ажилладаг гээгүй, харин эгчийгээ тэнд ажилладаг эгчдээ тусалж байгаа юм, урьд нь ийм замаар машин авч байсан гэж хэлсэн, би 200.000 төгрөг буцаан авсан..” гэх мэдүүлэг,
Хохирогч Ж.Ганзоригоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /1хх-84/ “..Манай төрсөн эгч Болормаа 2017 оны 05 сарын эхээр над руу яриад манай найзын таньдаг хүн Отгонжаргал нь гааль дээр хураагдсан автомашиныг хямд үнээр авч өгье гэж байна, чи сонирхохгүй юм уу гэхээр нь баталгаатай юм уу гэхэд яг сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд Отгонжаргалын утасны дугаарыг аваад утсаар ярихад өөрийгөө Амгалангийн гаальд ажилладаг, Материал импексийн агуулахад хураагдсан автомашиныг хямд үнээр авч өгнө, өмнө нь ингэж хүмүүст авч өгч байсан, таньдаг хүний танил учраас хямд үнээр авч өгье, тэрнээс хамаагүй хүнд авч өгдөггүй юм гэж хэлсэн. Мөн Тоёота Приус 20 маркийн автомашин хураагдсан байгаа, эхний ээлжинд 2.100.000 төгрөгөөр гарч ирэх юм шиг байна, энэ мөнгөндөө татварын мөнгө нь орчихно гэж хэлж байсан ба хамгийн эхэнд Отгонжаргал намайг 260.000 төгрөг шилжүүлчих гээд өөрийнхөө Хаан банкны 5029676843 дугаартай дансыг өгсөн. 2017 оны 05 сарын 09-ний өдөр 260.000 төгрөгийг эгч Болормаагийн Хаан банкны 5022246400 дугаартай дансаар шилжүүлсэн. Үүнээс хойш дахиад гаалийн татвар төлөх шаардлагатай байна гээд 05 сарын 22-ны өдрийг хүртэл нийтдээ 6 удаагийн үйлдлээр 1.110.600 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн. Энэ хооронд Отгонжаргалтай холбогдоход удахгүй машин чинь гарна, маргааш нөгөөдөр гэж цаг хугацаа хожиж дараа нь татварын мөнгө хэрэгтэй байна гээд л мөнгө шилжүүлж аваад байсан...Отгонжаргал өөрийгөө Амгалангийн вокзалын тэнд гааль дээр ажилладаг гэж хэлсэн..” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Пүрэвжаваас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-86/ “..2017 оны 5 дугаар сарын 17-ны үеэр манай найз Баттулга миний гар утас руу залгаад манай дүүгийн танил гааль дээр байцаагч хийдэг юм байна, тэгээд гааль дээр хураагдсан машинуудыг хямдхан үнээр авах боломжтой, одоо гааль дээр 4 машин байна гэхээр нь яаж зарах вэ гэсэн чинь эхний ээлжинд урьдчилгаа 20,30 хувийг өгөөд үлдэгдэл мөнгийг нь 2 жилийн хугацаанд багтаагаад төлж болно гэхээр нь ярьж байгаад болъё гэж хэлээд өнгөрсөн юм. Тэгээд байж байтал маргааш нь Баттулга миний гар утас руу дахин залгаад нөгөө хүн чинь урьдчилгаа мөнгөө хийх юм бол машин авах боломжтой гээд яриад байна, яаралтай мөнгөө шилжүүлэхгүй бол өөр хүмүүс авчих гээд байна гэхээр нь эхний ээлжинд хэдэн төгрөг юм бэ гэсэн чинь 1.070.000 мянган төгрөг болох юм байна лээ гэсэн. Тэгээд Отгонжаргал гэх хүний дансыг мессежээр явуулахаар нь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр уг данс руу 1.070.000 төгрөгийг өөрийнхөө 5109077511 дугаарын данснаас шилжүүлсэн юм. Намайг мобайлаар мөнгө шилжүүлж байхад Отгонжаргал гэж нэр гарч ирж байсан..” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Болортунгалагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-88/ “..2017 оны 5 сард манай төрсөн ах Чулуунбаатартай Отгонжаргал гэх эмэгтэй хүнээр дамжуулж танилцсан гэсэн. Отгонжаргал хэлэхдээ гаалиас хямд машин авч өгч чадна гэж хэлсэн юм байна лээ. Ах Чулуунбаатар над руу залгаад гаальд ажилладаг, гааль дээр хураагдсан машиныг хямд үнээр зардаг гэж байна, энэ их боломжийн юм шиг байна гэж хэлээд Отгонжаргалтай Сансарын ойролцоо уулзахаар тохирсон. Тэгтэл Отгонжаргал уулзаж амжихгүй болчихлоо гээд уулзалгүй байнга утсаар ярьж байсан. Манай ах Тоёота Прадо 100 маркийн автомашин, би Тоёота Харьер маркийн автомашин авахаар тохироод 2017 оны 05 сарын дундуур ах руу залгаад гааль дээр татварын мөнгө өгөх хэрэгтэй байна гэснийг ах надад хэлээд би өөрийн Хаан банкны 5045476276 дугаартай данснаас 05 дугаар сарын 12-ны өдөр Отгонжаргалын Хаан банкны 5029676843 дугаартай данс руу 520.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь дахиад 05 сарын 26-ны өдөр ах над руу залгаад Отгонжаргал машины тэмдэгтийн хураамжны мөнгө хэрэгтэй гэнэ гэхээр нь 75.000 төгрөгийг Отгонжаргалын данс руу шилжүүлсэн. 2017 оны 05 сарын 29-ний өдөр мөн ах залгаад Отгонжаргал машины татварын мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн гэхээр нь 115.200 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь Отгонжаргал гааль дээр машин болчихсон мөнгөө бариад хүрээд ир гээд 2, 3 ч удаа гааль дээр хүлээлгээд дараа нь амжихаа больчихлоо гээд хойшлуулаад байсан. Манай ах Чулуунбаатар 2018 оны 01 дүгээр сард Солонгос улс руу яваад харлачихсан болохоор мөд Монголд ирэхгүй байх. Би өөрийнхөө шилжүүлж өгсөн мөнгийг Отгонжаргалаас нэхэмжилнэ..” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Чулуунбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-29/ “..2017 оны 5 дугаар сарын 10-нд Дарханаас Улаанбаатар руу 2 хүн авч яваад замдаа нэг нь өөрийгөө Мөнх-Эрдэнэ гэдэг тээврийн прокурорт ажилладаг гэж танилцаад 4 сая төгрөгөөр гаалиас Приус 20 авч өгч чадна манай найз гаальд ажилладаг гэж ярьсан. Мөнх-Эрдэнэ миний утсаар 80535355 дугаарын утас руу залгаад машин тэргээ хэзээ авах вэ гээд яриад байсан чинь Мөнх-Эрдэнийг согтсон үед энэ утаснаас над руу залгахаар нь би өөрөө ярьсан. Энэ үед Отгонжаргал гэх эмэгтэй чи анхнаасаа надтай ярихгүй яасан юм бэ, би гаальд ажилладаг, манайхаас гааль дээр хураагдсан машинуудыг хямд үнээр гаргадаг юм. Намайг Отгонжаргал гэдэг, Оогий гэж дуудаж болно гэж хэлээд түүнээс хойш надтай өөрөө ярьдаг болсон. ...Тэгээд би 2 ширхэг Приус-20 маркийн машин авахаар болоод Отгонжаргалд хэлсэн чинь "болно шүү дзэ, эхний ээлжинд татварын мөнгө болох 520.000 төгрөгийг шилжүүлэх хэрэгтэй байна" гэхээр нь дүү Болортунгалагт хэлээд түүний данснаас 520.000 төгрөгийг Отгонжаргалын данс руу шилжүүлсэн. ...над руу Отгонжаргал нь өөрөө яриад чи ер нь том машин сонирхохгүй юм уу, Харрер, Прадо-120, Аксио Королла гэсэн машинууд хямдхан байна, чи сонирхож байвал татварын мөнгийг нь шилжүүлчих гэхээр нь би өмнө нь захисан байсан 2 ширхэг Приус-20 маркийн машин дээрээ Харрер, Прадо-120, Аксио Королла маркийн машиныг нь авахаар болоод нэмж 3 машины татвар болох 1.070.000 төгрөгийг Отгонжаргалын данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш 2017-05-22-ны өдөр Отгонжаргал нь над руу яриад гаалийн дарга нар хуралдаад машины татварууд арай бага байна гээд байна, 258.000 төгрөг нэмж шилжүүлэх хэрэгтэй байна гэхээр нь 260.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл тэр өдрийн үдээс хойш нь яриад нэмж 75.000 төгрөг хийх хэрэгтэй байна гэхээр нь бас данс руу нь шилжүүлсэн. 2 хоногийн дараа Отгонжаргал нь дахин яриад том машинуудын татварууд арай өндөр юм байна, нэмээд 115.200 төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна гэхээр нь тэр мөнгийг нь бас шилжүүлсэн бөгөөд тэр өдрийн үдээс хойш нь дахин яриад 75.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна, машины оношилгооны мөнгө гэж хэлэхээр нь бас дансаар нь шилжүүлсэн. Ингээд нийт 2.180.000 төгрөг шилжүүлсэн..” гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.Мандалсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /2хх-123/ “..Манай нөхөр Жамъянсүрэн нь М.О гэх эмэгтэйтэй машины наймаа ярьсан талаараа надад хэлж байсан ба надад хэлэхдээ М.О гэж хүн байна энэ хүн гааль дээрээс жаахан сэвтэй машин 4-6 сая төгрөгөөр хямдхан зардаг юм байна энэ хүнтэй харилцаж байгаад машинаа сайжруулах уу гэсэн тухайн үед нь би өөрөө мэд л гэж хэлсэн ба манай нөхөр М.Од машины мөнгө гэж дансаар шилжүүлсээр байгаад 1.873.900 төгрөгийг М.Оын ХААН банкны дансанд хийсэн байсан..” гэх мэдүүлэг,
Гэрч Ж.Болормаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1хх-30/ “..Би Отгонжаргал гэх эмэгтэй машин хямдхан авч өгч чадах юм бол би дүү Ганзоригтоо хэлье гэж бодоод Нармандахаар Мөнх-Эрдэний утас руу нь залгуулаад Отгонжаргал гэх эмэгтэйн 95858788 дугаарын утсыг аваад Ганзоригт өгсөн. Ганзориг Отгонжаргал руу яриад машин авах асуудлынхаа талаар ярьсан бөгөөд 2017 оны 05-р сарын 09-ний өдөр Отгонжаргалын данс руу 260.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна гэж Ганзориг хэлсэн тул миний мобайл банканд бэлэн мөнгө байсан болохоор Тэнгис кино театрын хажууд явж байхдаа Отгонжаргалын данс руу 260.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойшхи мөнгийг Ганзориг өөрөө дансаар шилжүүлсэн бөгөөд дүү Ганзоригтой тооцоо хийж үзэхэд 1.110.000 төгрөг болж байгаа юм. ...Отгонжаргал гэх эмэгтэй гаальд ажилладаг, гааль дээр хураагдсан машиныг хямдхан авч өгч чадна гэж хэлсэн тул дүүдээ хямдхан машин авах боломж байвал авхуулчихья л гэж бодсон юм. ...2017 оны 05-р сарын 10-ны өдөр Материал импексийн гадаа Ганзориг, Нармандах, Мөнх-Эрдэнэ бид 4 очсон бөгөөд Отгонжаргал нь машинаа ав, хүрээд ир гэсэн. Тэгээд тэр өдөр Материал импексийн гадаа 14-18 цаг хүртэл хүлээсэн боловч түр байж бай гэж хүлээлгэж байгаад машин ч өгсөн юмгүй маргааш больё гээд явуулсан..” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Жамъянсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /2хх-135/ “..Манай найз Мөнхдөл өөрийнхөө хуучин машинаа он залуу болгож авахаар М.Отай ярилцсан гэж байсан ба намайг хамт хөөцөлдөөд машин тэргээ сайжруулаад авах уу гэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд М.Отай би найз Мөнхдөлийн хамтаар уулзаж ярилцсан, тэгэхэд эхний ээлжинд 700.000 төгрөг өгчих гэсэн ба М.Оын Хаан банкны 5029676843 тоот дансанд 700.000 төгрөг хийсэн. Энэ мөнгийг би өөрөөсөө гаргаж хийсэн. Ингээд мөнгөө хийснээс хойш М.О машин тэргээ өгөхгүй байхаар нь буцаагаад мөнгөө авъя гэхэд эхлээд М.О 500.000 төгрөгийг буцааж миний данс руу хийсэн. Үлдсэн 200.000 төгрөгийг нь тэгж байгаад хүнээс мөнгө орохоор буцаагаад өгье гэсэн. ...М.О надад машин тэргийг чинь сайжруулаад өгье гэж яриад байхаар нь би зөвшөөрч цувуулж мөнгө өгсөөр байгаад нийт 1.873.900 төгрөгийг Отгонжаргалын Хаан банкны данс руу нь хийсэн. ...би Мөнхдөлийн мөнгөтэй хамт 700.000 төгрөгийг Барс захын дэргэд байрлах төрийн банкнаас шилжүүлж байсан. Мөнхдөл М.Од.. мөнгө өгсөн асуудал байхгүй би өмнөөс нь мөнгө өгсөн юм. М.Од өгсөн 1.873.900 төгрөгнөөс мөнгө эргүүлж авсан асуудал байхгүй. Би голдуу хөдөө байдаг болохоор энэ хэрэгт эхнэр Ц.Мандалсүрэн хохирогчоор оролцож байгаа..” гэх мэдүүлэг, хохирогч П.Цэцэгдэлгэрийн Хаан банкны 5029910896 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-7-9/, хохирогч Э.Эрдэнэбилэгээс гаргаж өгсөн яллагдагч М.Од мөнгө шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтууд /1хх-115-116/, хохирогч Ж.Ганзоригийн Хаан банкны 5920153943 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-82/, хохирогч Д.Болортунгалагийн Хаан банкны 5045476276 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, /1хх-120-123/, Б.Жамъянсүрэнгийн Хаан банкны 5690010174 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон мөнгөн шилжүүлгийн баримт /2хх-73-76/, шүүгдэгч М.Оын Хаан банкны 5029676843 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон мөнгөн шилжүүлгийн баримт, шүүгдэгч М.Оын иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-99/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-96/ гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.О нь “өөрийгөө гааль дээр ачаа буулгахад хяналт тавих ажил хийдэг, эгчийгээ гаалийн байцаагч ажилтай, гаалийн татвар төлөгдөөгүй автомашинуудыг орж ирсэн үнээр нь торгууль төлөөд худалдан авч болно” гэж итгүүлж,
2017 оны 01 дүгээр сарын 17-ноос 30-ны өдрийн хооронд П.Цэцэгдэлгэрээс 4.000.000 төгрөг,
2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Э.Эрдэнэбилэгээс 794.200 төгрөг,
2017 оны 5 дугаар сарын 09-нөөс 22-ны өдрийн хооронд Ж.Ганзоригоос 1.110.600 төгрөг,
2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Б.Пүрэвжаваас 1.070.000 төгрөг,
2017 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд Д.Болортунгалагаас 710.200 төгрөг, Д.Чулуунбаатараас 1.405.000 төгрөгийг,
2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хооронд “Тоёота Приус-20” маркийн автомашиныг “он залуу машин болгож өгнө” гэж хуурч, Б.Жамъянсүрэнгээс 1.873.900 төгрөгийг тус тус авсан байна. Шүүгдэгч М.Оыг дээрх гэмт үйлдэл нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны явцад шүүгдэгч М.О нь холбогдсон хэргийн талаар мэдүүлэг өгсөн, холбогдсон хэрэг болон бусдад учруулсан хохиролын талаар маргаагүй буюу улсын яллагчийн зүгээс яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэмт үйлдлийн арга, санаа зорилго, бусдад учруулсан хохирол түүнээс төлөгдөөгүй төлбөр зэргийг хүлээн зөвшөөрч гэм буруу, хохирол төлбөрийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч М.Оын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.О нь гааль дээр ачаа буулгахад хяналт тавих ажил хийдэггүй бөгөөд, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эгч, хүргэн ах, дүү, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн 14 дүгээр баг 1-р хороолол, 1а байр 101 тоотод оршин суудаг байсан, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 346 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлж ШШГЕГ-ын харъяа 407 дугаар хорих ангид уг ялыг одоо эдэлж байгаа бөгөөд ялын тооцоог гарган ирүүлжээ. /2хх 237-238/ ШШГЕГ-ын харъяа 407 дугаар хорих ангиас гаргаж ирүүлсэн тооцоололоор ялтан М.Оын 7 жилийн хугацаагаар хорих ялаас, биеэр 3 жил 1 сар 23 хоног эдлэж, 1 сар 28 хоногоор шагнагдаж, 3 жил 8 сар 9 хоног үлдэгдэлтэй болохыг 2019 оны 11 сарын 12-ны өдрийн байдлаар гаргаж хүргүүлсэн байна.
Шүүгдэгч М.О нь хохирогч Э.Эрдэнэбилэгт учруулсан 794.200 төгрөгөөс 200.000 төгрөгийг төлж, хохирогч П.Цэцэгдэлгэрт учруулсан хохирол 4.000.000 төгрөг, хохирогч Э.Эрдэнэбилэгт учруулсан хохирол 594.200 төгрөг, хохирогч Ж.Ганзоригт учруулсан хохирол 1.110.600 төгрөг, хохирогч Б.Пүрэвжавд учруулсан хохирол Д.Болортунгалагт учруулсан хохирол 710.200, хохирогч Д.Чулуунбаатарт учруулсан хохирол 1.405.000 төгрөгийг, хохирогч Ц.Мандалсүрэнд учруулсан хохирол 1.873.900 төгрөгийг төлөөгүй байх ба хохирогч нар өөрт учирсан хохиролыг нэхэмжилсэн байна.
Шүүхээс шүүгдэгч М.О нь эрхэлсэн тодорхой ажилгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлж, барагдуулж дуусаагүй зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, одоо ажил эрхлэх боломжгүй хорих ял эдлэж байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй гэж үзэн түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч М.О нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 346 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлж, эдлээгүй үлдсэн 03 жил 08 сар 09 хоногийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 8 сар 9 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгч М.Оаас нийт 10.963.900 төгрөгийг гаргуулж хохирогч П.Цэцэгдэлгэрт 4.000.000 төгрөг, хохирогч Э.Эрдэнэбилэгт 594.000 төгрөг, хохирогч Ж.Ганзоригт 1.110.600, хохирогч Б.Пүрэвжавт 1.070.000 төгрөг, хохирогч Д.Болортунгалагт 710.200 төгрөг, хохирогч Д.Чулуунбаатар 1.405.000 төгрөгийг, төгрөг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мандалсүрэнд 1.873.900 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч М.О нь энэ хэрэгт 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 419 хоног, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 77 хоног шүүгчийн захирамжаар цагдан хоригдсон байгаа боловч ШШГЕГ-ын харъяа 407 дугаар хорих ангиас гаргаж ирүүлсэн тооцоололоор эдлээгүй үлдсэн ялыг 2019 оны 11 сарын 12-ны өдрийн байдлаар гаргаж ирүүлсэн байна. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт цагдан хоригдсон хугацаа, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ял эдэлсэн хугацаатай давхардаж байх тул шүүгдэгч М.Оын цагдан хоригдсон хугацааг ялын тооцоололыг тасалбар болгосон 2019 оны 11 сарын 13-ны өдрөөс шүүх хуралдааныг болж шийдвэрлэсэн 2020 оны 01 сарын 22-ны өдрийг хүртэл тооцож 70 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Таван ханхар овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Мавагийн Отгонжаргалыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, өмнөх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 8 сар 9 хоногийн хугацааг нэмж биечлэн эдлэх ялыг 5 жил 8 сар 9 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Од оногдуулсан 5 жил 8 сар 9 хоногийн жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оын цагдан хоригдсон 70 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оаас нийт 10.963.900 төгрөгийг гаргуулж хохирогч П.Цэцэгдэлгэрт /РД:УС79042302/ 4.000.000 төгрөг, хохирогч Э.Эрдэнэбилэгт /РД:ЧТ85120376/ 594.000 төгрөг, хохирогч Ж.Ганзоригт /РД:ЦВ82012911/ 1.110.600, хохирогч Б.Пүрэвжавт /РД:ТИ80091815/ 1.070.000 төгрөг, хохирогч Д.Болортунгалагт /РД:ИП90062966/ 710.200 төгрөг, хохирогч Д.Чулуунбаатарт /РД:ИП88040776/ 1.405.000 төгрөгийг, хохирогч Ц.Мандалсүрэнд /РД:ЕЙ92022902/ 1.873.900 төгрөгийг тус тус олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР