Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 42

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

Хохирогч З.Батмагнай, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр,

Шүүгдэгч У.Т /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Тд холбогдох эрүүгийн 1911 01952 1249 дугаартай хэргийг 2019 оны 12 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Нохой Хөвд овогт Улаанүүгийн Түвшинтөр, 1995 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймаг, Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Номин худалдааны төвийн хөргөгчийн засварчин, ам бүл 2, эхнэрийн хамтаар Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 11-313 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:СШ95030934/

 

Шүүгдэгч У.Т нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 29 дүгээр гудамжинд З.Батмагнайтай маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархай дотор, доод ханын хугарал, зүүн нүдний хөдөлгөөн дээш хязгаарлагдсан, зүүн нүдний алимны суулт, зүүн нүдний алимны салст, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт , доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд нэгдүгээр шүдний хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч У.Төөс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгч  У.Төөс мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-48-49/ “..2019 оны 7 дугаар сарын 09-ний орой 22 цагийн үед найз Тогоонтөмөрийн дүүгийхэн гэр лүү нь Тогоонтөмөр, Өрнөхбаяр бид гурав Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 29 дүгээр гудамжаар алхаад явж байсан чинь миний шээс хүрээд биеэ засах шаардлагатай байхаар нь би нэг хашаа руу шээгээд зогсож байсан чинь тухайн хашаанаас Батмагнай /сүүлд нэрийг нь мэдсэн/ гарч ирээд “хөөш яагаад хашаа луу шээгээд байгаа юм бэ гэхээр нь ыи “уучлаарай хөгшөөн тэссэнгүй ээ” гэж хэлсэн чинь хашаанаасаа гарч ирээд над руу дөхөөд цамцны минь захаар миний хоолойг боогоод намайг цохих гээд гар далайхаар нь доошоо бултаад цохиулаагүй бөгөөд тухайн үед миний уур хүрээд Батмагнайн нүүрийнх нь зүүн дээд хөмсөг хавьцаа нь цохисон чинь Батмагнай өгзөг хэсгээсээ газарт унаад намайг цохих гээд босч ирэхээр нь Тогоонтөмөр, Өрнөхбаяр 2 салгасан бөгөөд би тухайн үед Батмагнайд хандаад “чи одоо болчихолдоо, би чамаас уучлалт гуйсан биздээ” гэж хэлсэн чинь тоохгүй урдаас гараа далайгаад байхаар нь би түрүүлээд зугтаагаад яваад өгсөн..” гэх мэдүүлэг,

 

Хохирогч З.Батмагнайгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..2019 оны 7 сарын 9-ний орой би машинаа гаргаж байхад манай хашаа руу хүн шээж байсан. Би шаардлага тавихад намайг элдэв үгээр харааж байсан. Над руу дөхөөд ирэхэд нь би түлхсэн. Хамт явж байсан залуу намайг барьж авахад шүүгдэгч зугтсан. Одоо миний гэмтсэн нүд давхар харж байгаа. Мэс засал хийлгэсэн боловч толгой байнга өвддөг. Гомдолтой байна. Нийт 10.589.527 төгрөг нэхэмжилж байна.” гэв.

 

 Хохирогч З.Батмагнайгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-15-16/ “..2019 оны 7 дугаар сарын 09-ний орой 22 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо, Сургуулийн 29 дүгээр гудамжны 583 тоот гэрээсээ би ганцаараа гарч хашаанаас машин гаргахад манай хашааруу үл таних хүн шээж байхаар нь би тэр хүнд "та яагаад хашааруу шээж байгаа юм бэ" гэхэд үл таних хүн миний зүүн талын хөмсөг, миний шүдрүү гараа атгаж байгаад 1-2 удаа цохичихоод зугтаагаад явчихсан..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Х.Золжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-26-27/ “..Батмагнай өөрийнхөө машиныг гаргах санаатай гэрээс гарсан юм. Тэгээд буцаж ирэхгүй удаад байхаар нь би гараад очтол миний хүүг үл таних хүн нүд, шүдрүү нь цохиод зугтаасан. Би араас нь хөөгөөд барьж авч чадаагүй. Тэгээд хүүгээ хартал хамарнаас нь цус гарсан, үүдний нэг шүд нь хугарсан, зүүн нүд нь улайсан, хавдсан байсан..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Өрнөхбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-28-29/ “..2019 оны 07 дугаар сарын 09-ний орой 22 цагийн үед байхаа найз Тогоонтөмөр, түүний найз болох жижиг Төөгий бид гурав Тогоонтөмөрийн дүүгийнхэн гэрлүү буюу Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 29 дүгээр гудамжаар дээш өгсөөд алхаад явж байтал жижиг Төөгий нэг айлын хашааруу бие засахаар зогсож Тогоонтөмөр бид хоёр дээшээ алхаад явж байгаад эргээд хартал тухайн шээж байсан хашаанаас нэг залуу гарч ирсэн, хоорондоо маргалдаад зогсож байсан. Тэгээд Тогоонтөмөр бид хоёр доошоо алхаад очтол З.Батмагнай, Жижиг Төөгийг чи яасан даварсан шээс вэ гээд нүүрэн тус газарт нь цохихоор нь Тогоонтөмөр бид хоёр дундуур нь орж салгаад явж байтал араас Батмагнай гүйж ирээд Төөгийтэй заамдаж аваад харилцан бие биенээ заамдаж Төөгий Батмагнайгийн нүдрүү нь гараараа нэг удаа цохисон чинь Батмагнай газарт унасан..” гэх мэдүүлэг

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1335 дугаартай дүгнэлтэнд: /хх-36-40/ “..З.Батмагнайн биед зүүн нүдний ухархай дотор, доод ханын хугарал, зүүн нүдний хөдөлгөөн дээш хязгаарлагдсан, зүүн нүдний алимны суулт, зүүн нүдний апимны салст, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, доод зовхинд цус хуралт. зөөлөн эдийн няцрал, зүүн дээд нэгдүгээр шүдний хугарал зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүйл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тус тус Гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 7.22.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15% алдагдуулах тул гэмт хүндэвтэр зэрэгт хамаарна..” гэх шинжээчийн дүгнэлт,

 

Шинжээч эмч А.Амгаланболдоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-44-45/ “..Дээрхи гэмтлүүд нь нэг удаагийн мохоо зүйлийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрхи гэмтэл нь дангаараа хүндэвтэр зэрэгт хамаарна. Хэрэг гарсан цаг хугацаанд үүсэх боломжтой гэмтэл байна. Хохирогч Батмагнайн зүүн дээд 1-р шүдний хугарал гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх мэдүүлэг, болон шүүгдэгч У.Тийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-51/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-57/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч У.Т нь  2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 29 дүгээр гудамжинд хохирогч З.Батмагнайг “та яагаад хашааруу шээж байгаа юм бэ” гэж шаардлага тавихад эсэргүүцэн маргалдаж улмаар түүнийг зодож, зүүн нүдний ухархай дотор, доод ханын хугарал, зүүн нүдний хөдөлгөөн дээш хязгаарлагдсан, зүүн нүдний алимны суулт, зүүн нүдний апимны салст, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд нэгдүгээр шүдний хугарал бүхий гэмтэл үүсгэжээ.

Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хүндэвтэр хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч У.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч З.Батмагнайгаас мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрт учирсан хохирол гэж эм тарианд хэрэглэсэн 1.666.234 төгрөг, бензинд зарцуулсан гэх 349.500 төгрөг, хоол хүнсэнд зарцуулсан гэх 190.793 төгрөг, Ажилгүй байсан хугацааны цалин 6.000.000 төгрөг, эмнэлэгт сахиуртай байсан хөлс 380.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг нийт 10.589.527 төгрөгийг шүүгдэгч У.Төөс нэхэмжилж холбогдох баримтыг гаргаж өгчээ.

 

Хохирогчоос гаргаж өгсөн баримтуудаас үзэхэд эм тариа, үзлэг оношлогоонд төлсөн төлбөр болох 1.666.234 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх нийт ажлын 29 хоногийн Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2.318.166 төгрөгийг нотолсон, хуульд заасан шаардлага хангасан нийт 3.984.400 төгрөгийн баримт байна. Хохирогч З.Батмагнай нь энэ хугацаанд гэрээр болон гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан, Зебра Интернэшнл Дистрибьюшн ХХК-нд сарын 1.000.000 төгрөгийн цалинтай ажилладаг бөгөөд 2019 оны 7 сарын 10-наас 9 сарын 25-ны өдрийн хүртэл дээрх шалтгаанаар ажиллаагүй болох нь өвчийн түүх, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Зебра Интернэшнл Дистрибьюшн ХХК-ны албан бичиг зэрэгээр нотлогдож байна. Хохирогч З.Батмагнайгийн сарын цалинг ажлын 22 хоногт хувааж 1 өдрийн цалинг 45.454 төгрөгөөр тогтоов. Түүний 7-р сард ажиллаагүй 12 хоног, 9-р сард ажиллаагүй 17 хоног 8-р сард бүтэн ажиллаагүйгээр тооцож ажилгүй байсан хугацааны цалинг 2.318.166 төгрөгөөр тогтоосон болно.

Мөн хохирогч З.Батмагнай нь Зебра Интернэшнл Дистрибьюшн ХХК-нд ажиллахаас гадна гэрээгээр бусад байгууллагад ажил гүйцэтгэн орлого олдог, Хадат мандал ХХК-тай хийсэн ажил гүйцэтгэх гэрээг хэрэгт хавсарган дээрхи хугацаанд ажиллаагүй тул 3 сая төгрөг нэхэмжилнэ гэжээ. Гэвч энэ гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн эсэх, гэрээний биелэлт дүгнэгдээгүй, холбогдох нотлох баримтаа хэрэгт ирүүлээгүй байх тул хэлэлцэлгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Харин хохирогчийн бензин, хоол хүнсэнд зарцуулсан баримт хэрэгт байхгүйгээс гадна эдгээр зардлыг төлсөн төлбөрийг энэ хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх боломжгүй байна. Мөн түүнчлэн өмгөөлөгчид төлсөн хөлс нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, болон гэмт хэргийн улмаас учирсан хохриролд хамаарахгүй болно.

Иймд хохирогчоос нэхэмжилж буй 10.589.527  төгрөгөөс 4.605.127 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчээс 3.984.400 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Харин хохирогч ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжилсэн буюу ажилгүй байсан хугацааны цалин 3 сая төгрөг, цаашид түүний зүүн нүдэнд учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлыг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч У.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч У.Тд оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 12 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгч У.Тд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Шүүгдэгч У.Т нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Нохой Хөвд овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанхүүгийн Түвшинтөрийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Тд оногдуулсан 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 12 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар У.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч З.Батмагнайгаас нэхэмжилж буй 10.589.527  төгрөгөөс 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, 4.605.127 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч У.Тдөөс 3.984.400 төгрөгийг гаргуулж хохирогч хохирогч Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 29-583 тоотод оршин суух Бодонгууд овгийн Золжаргалын Батмагнайд /РД:ХЕ87101218/ олгож, хохирогч З.Батмагнай нь ажилгүй байсан хугацааны цалин 3 сая төгрөг, цаашид түүний зүүн нүдэнд учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлыг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг сануулсугай.

 

6. Шүүгдэгч У.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.МӨНХБАЯР