| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2016/01245/И |
| Дугаар | 1100 |
| Огноо | 2016-10-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 1100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг. 4 дүгээр хороо, Нэгдсэн үндэсний гудамж 5/1, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн хүсэлттэй,
“Азитех” ХХК/РД: 2817896/, түүний захирал П.Батболдыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Татвар төлөгчийн 2817896 тоот регистрийн дугаартай “Азитех” ХХК улсын бүртгэлд 9011119005 дугаараар 2007 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр бүртгэгдсэн.
Тус компаниас 43 081 128 төгрөгийн татварын өр төлбөрийг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэх гэсэн боловч хаяг байршилдаа байдаггүй хорооны тодорхойлолт авах боломжгүй байх тул “Азитех” ХХК болон үүсгэн байгуулагч, захирал Пүрэв овогтой Батболдыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх заалтын дагуу эрэн сурвалжилж өгнө үү.” гэжээ.
Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс нь “Азитех” ХХК/РД: 2817896/, түүний захирал П.Батболдыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасныг баримтлан Сүхбаатаар дүүргийн татварын хэлтсийн хүсэлттэй “Азиател” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн эзгүйд хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
“Азитех” ХХК-ийн оршин байгаа газар тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн № 15 тодорхойлолтоор тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн маргаанд “Азитех” ХХК-ийг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.
Шүүх Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Азитех” ХХК, түүнийг төлөөлүүлж захирал П.Батболдыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Азитех” ХХК/РД: 2817896/, түүнийг төлөөлүүлж захирал П.Батболдыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан “Азитех” ХХК, түүнийг төлөөлүүлж захирал П.Батболдыг эрэн сурвалжилж, “Азитех” ХХК-ийн оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар хүсэлт гаргагч Сүхбаатаар дүүргийн татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ