| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/0043/Э |
| Дугаар | 227 |
| Огноо | 2020-02-06 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 227
2020 02 06 2020/ШЦТ/227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
Улсын яллагч Б.Ганзориг,
Хохирогч П.Энхмандалын өмгөөлөгч Г.Алтанчимэг,
Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал,
Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Л.Бурмаа,
Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Ц.Туяа,
Шүүгдэгч Ө.Э, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг, О.Цэрэнпунцаг,
Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Билгүүн, Ж.Нарантуяа нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ө.Э, Э.Э, Э.Э,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.Т, Б.Г нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806 09416 1193 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Ө.Э.
Б.Т.
Б.Г.
Э.Э.
Э.Э.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т, Б.Г, Ө.Э нар нь бүлэглэж 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 20-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 25 дугаар байрны гадна иргэн П.Энхмандалын түрийвч, “Самсунг нөт-4” маркийн гар утас зэрэг эд зүйлсийг илээр, хүч хэрэглэж дээрэмдсэн, тус гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн нүүрэн тус газар нь цохих, өшиглөх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Э.Э, Б.Т нар нь бүлэглэж 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 63 дугаар байрны 2 дугаар орцонд иргэн М.Тамирыг эд зүйлийг авахаар хүч хэрэглэн зодож, “Айфоне-Экс” маркийн гар утсыг дээрэмдэн авч 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан,
-Б.Т, Э.Э, Э.Э нар нь бүлэглэж 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01 -нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо “ТБД” автобусны буудлын орчимд Х.Булаглангийн эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтлон зодож, “Айфоне-Экс” маркийн гар утсыг дээрэмдэн авч 1.7000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Б.Т, Б.Г, Ө.Э нар нь бүлэглэж 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 20-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 25 дугаар байрны гадна иргэн П.Энхмандалын түрийвч, “Самсунг нөт-4” маркийн гар утас зэрэг эд зүйлсийг илээр, хүч хэрэглэж дээрэмдсэн, тус гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн нүүрэн тус газар нь цохих, өшиглөх зэргээр зодож Б.Т, Б.Г нар нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Б.Т, Э.Э нар нь бүлэглэж 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 63 дугаар байрны 2 дугаар орцонд иргэн М.Тамирыг эд зүйлийг авахаар хүч хэрэглэн зодож, “Айфоне-Экс” маркийн гар утсыг дээрэмдэн авч 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан,
- Э.Э, Б.Т, Э.Э нар нь бүлэглэж 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01 -нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо “ТБД” автобусны буудлын орчимд Х.Булаглангийн эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтлон зодож, “Айфоне-Экс” маркийн гар утсыг дээрэмдэн авч 1.7000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч П.Энхмандалын мөрдөн байцаалтанд өгсөн:
... 2018 оны 11 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө би гэртээ харих санаатай шөнийн шөнийн 03.00-03.30 цагийн үед найз Эрдэнэбатын гэрээс ганцаараа гарч таксинд сууж өөрийн гэр буюу Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 25 дугаар байрны гадна ирж таксинаас бууж машиныг явуулсан. Тэгээд би ганцаараа байрныхаа гадна ертөнцийн зүгээр зүүн талд нь бие засч шээсэн ба энэ үед манай байрны хойд талд үл таних 3 залуу зогсож байгаа харагдсан юм. Тэгээд намайг шээгээд зогсож байтал нөгөө гурван залуугийн нэг нь ирээд миний араас боогоод газар унагачихаад миний дээрээс хөл гараараа дэвсэж цохиж зодоод миний куртикны халаасанд байсан хар өнгийн арьсан түрийвчтэй задгай 400 төгрөг, ХААН банкны виза карт, хөнгөлөлтийн карт, имарт дэлгүүрийн карт зэрэг мөн хар өнгийн гэртэй хар өнгийн “самсунг галакси нөт-4 эдж” маркийн гар утас зэргийг аваад тэр 3 залуу ертөнцийн зүгээр баруун тийш хараад зугтаасан. Тухайн үед миний хамарнаас цус гарч байсан учир хамраа хугалуулж эд зүйлээ дээрэмдүүлсэн гэдгээ мэдээд би тэр залуучуудын араас хөөж гүйсэн боловч гүйцэж чадаагүй орхисон. Тэгээд гэртээ орж болсон асуудлын талаар эхнэр Хишигсүрэнд хэлж цагдаа дуудсан ба цагдаа ирхээс өмнө эхнэр бид хоёр гэмтлийн эмнэлэг орж урууландаа оёдол тавиулж цэвэрлэгээ хийгээд ирсэн гэх мэдүүлэг /1хх 13 тал/,
Гэрч Д.Баяржаргалын мөрдөн байцаалтад өгсөн:
Би хувиараа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Энүн” нэртэй ломбард ажиллуулж байсан юм. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 13 цагийн орчимд нэг залуу орж ирээд “самсунг галакси нөт-4 эдж” маркийн утас барьцаанд тавих гэсэн юм гээд утсаа тавьсан юм. Тухайн үед би бичиг баримтыг нь хараад тулгаж байгаад утсыг нь 100.000 төгрөгийн барьцаанд авсан юм. Манай ломбард уг утсыг Өлзий-Орших овогтой Ө.Э гэх хүний бичиг баримтаар барьцаанд тавьсан гэх мэдүүлэг /1хх 41 тал/,
Гэрч А.Дагвадоржийн мөрдөн байцаалтад өгсөн:
... Би 2018 оны 12 дугаар сарын дунд найз Баяржаргалд хямдхан зарах rap утас байна уу гэж асуухад Баяржаргал нь надад “Самсунг Галаксм Эс-5” маркийн rap утас, “Самсунг Галакси Нөүт 4 Эджи” загварын 2 ширхэг гар утас үзүүлхээр нь би харж байгаад хар өнгийн “Самсунг Галакси Нөүт 4 эджи” загварын rap утсыг нь сонирхож байгаад 130.000 төгрөгөөр худалдаж авсан гэх мэдүүлэг /1хх 43 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 13931 дугаартай:
П.Энхмандалын биед хоншоор ясны их бие гайморовын хөндийн урд ханын хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /1хх 18 тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б32-18-1988 дугаартай:
Samsung Note-4 Edge маркийн гар утас 240.000 төгрөгний үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 20-21 тал/,
-гэмт хэргийн талаарх гомдолыг хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1 хх 8-9 тал/,
-“Энүн” ломбардны 3198 дугаар барьцаат зээлийн гэрээ /1хх 23 тал/,
-Эд зүйл хурааж хүлээн авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 24-26 тал/,
-хохирогчийн эмчилгээний болон хохирлын талаарх баримтууд /1хх 144-205/,
Шүүгдэгч Ө.Эийн мөрдөн байцаалтад өгсөн:
2018 оны 11 сарын 19-ний өдөр би гэрээсээ гараад Кино үйлдвэрт байх Гантулгын гэрт очтол Б.Г, Б.Т нар найз охидуудтайгаа байсан. Ингээд 2018 оны 11 сарын 20-ний шөнө 02 цагийн орчим тамхигүй болохоор нь гарч тамхи авье гэтэл Б.Г цуг явна гэхээр нь Б.Т бид 2 чи цуг явж яах гээд байгаа юм бэ гэтэл цуг явмаар байна гэсээр байгаад цуг явсан. Ингээд Сансарын KFC-н урд талын ТҮЦ-нээс тамхи авах гээд алхаж байтал байрны буланд нэг эрэгтэй хүн шээж байхаар нь бид нар яагаад байрны хажууд шээгээд байгаа юм бэ гэтэл тэр ах Б.Ттэй маргалдсан ба тэр 2 барьцалдаад авсан. Тэгэхээр нь би очоод салгах гээд дараад унагаасан. Тэр үед Б.Г тэр ахыг өшиглөхөөр нь би чи яаж байгаа юм бэ гэтэл Б.Г миний царайг хараад байна ш дээ гэхээр нь би босоод бид 3 зугтаасан юм. Ингээд явж байгаад нэг байрны гадаа зогстол Б.Тд тухайн хүний гар утас, түрүүвч байсан ба түрүүвчин дотор байсан мөнгийг Б.Т аваад түрийвчийг нь хаясан. Би яг хэдэн төгрөг байсан гэдгийг нь мэдэхгүй. Тэгээд шууд Гантулгын гэрт очоод унтаж амарсан ба тухайн өдрөө хүнээс дээрэмдсэн гар утсаа Андуудад байх ломбарданд Б.Г бид 2 барьцаанд тавьсан ба 100,000 төгрөг болоод Б.Т 30,000, Б.Г 30,000 би 30,000 төгрөг аваад 10,000 төгрөгөөр нь хоол идсэн юм. Дээрэмдэнэ гэж бодоогүй. Яагаад дээрэмдсэн гэдгээ сайн санахгүй байна би утас байна гэж хэлсэн. Тэрийг хэн авсаныг мэдэхгүй байна. Б.Г хойд талын халааснаас нь түрүүвч авсан гэх мэдүүлэг /1хх 77-78 тал/,
Шүүгдэгч Б.Тгийн мөрдөн байцаалтад өгсөн:
2018 оны 11 сарын 10-ний орчим Гантулгын гэрт Ө.Э бид 2 очиж бараг 7 хоносон юм. Ингээд 2018 оны 11 сарын 20-ны үүрийн 03-04 цагийн орчим Кино үйлдвэрт байх Гантулгын гэрээс Ө.Э бид 2 тамхи олж татах гээд гадагшаа гарах гэж байтал Б.Г цуг явна гээд байхаар нь яах гээд байгаа юм бэ үлд гэтэл араас дагаад гараад ирсэн. Ингээд бид 3 Сансар орчмоор алхаад KFC-н ойролцоо явж байтал бид гурвын урд нэг согтуу ах алхаж байсан. Тэгээд 25 дугаар байрны урд буланд шээж байхаар нь би хаана шээгээд байгаа юм бэ гэтэл өөдөөс тэр ах миний хаана шээх та нарт ямар хамаатай юм гээд ирэхээр нь би түлхээд, Ө.Э татаж унагаад баруун талын шанаа орчим 1 удаа цохиод унатал Б.Г нүүр рүү нь өшиглөөд байсан. Гэтэл утас нь унасан байхад нь Ө.Э надад авч өгөөд бид 3 зугтаасан юм. Ингээд Сансарын орчим нэг байрны хажууд очоод байж байтал нэг мэдсэн чинь надаа тухайн хүний түрүүвч болон гар утас хоёулаа байж байсан. Түрүүвчийг нь Б.Г, Ө.Э хоёрын аль нэг нь өгсөн. Би яг хэн гэдгийг нь санахгүй байна. Ингээд би Б.Гас яагаад нүүр рүү нь өшиглөөд байгаа юм бэ гэтэл тэр хүн миний царайг харах гээд байсан гэж хэлсэн. Би хохирогчийг түлхсэн, баруун шанаа орчим нь цохьсон. Өөр бусад байдлаар зодоогүй гэх мэдүүлэг /1хх 83-84 тал/,
Шүүгдэгч Б.Гын мөрдөн байцаалтад өгсөн:
2018 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө би Ө.Э, Б.Т нарын хамт бүлэглэж халамцуу явж байсан хүнийг дээрэмдэж гар утас, түрүүвчийг нь авсан. Учир нь бид гуравт мөнгөний хэрэг байсан ба яаж мөнгө олох талаар ярилцаж байтал Б.Т орой гарна, надад нэг санаа байна гэсэн. Тэгээд би тэрийг нь яг юу хийх гэж байгаа талаар мэдээгүй ба бид 3 манай түрээслэж байсан байрнаас орой 23 цагийн орчим гараад Сансарын KFC орчим руу явж байтал байрны буланд халамцуу эрэгтэй хүн шээж байсан ба Б.Т тэр хүн дээр очоод яагаад наанаа шээгээд байгаа юм гээд зүүн хамарны орчим цохьсон. Тухайн цохиулсан хүн яаж байна гэтэл Ө.Э ардаас нь татаж унагасан. Намайг хурдлаач ээ гэхээр нь би очоод тухайн хүний толгойн хэсэгрүү 2-3 удаа өшиглөсөн. Тэр хооронд Б.Т, Ө.Э нар зугтаарай гэхээр нь би дагаад зугтсан ба бид 3 тунел дээр гартал Б.Тгээс тухайн хүний түрүүвч, Ө.Эгоос гар утас нь гарч ирсэн юм. Ингээд бид 3 гэртээ харьж амарсан ба хэд хоногийн дараа Андууд төвийн хажуу талын нэг ломбарданд Ө.Эгын бичиг баримтаар тухайн Нөүт-4 эджи маркийн утсыг 100.000 төгрөгөөр ломбарданд тавиад Ө.Э 40.000 төгрөг, Б.Т 20.000 төгрөг авсан ба үлдсэн 20.000 төгрөгөөр нь бид 3 хоол авч идсэн юм. Би ямар нэгэн зорилго байгаагүй дээрэм хийнэ гэдгийг би мэдээгүй. Тэгээд л гэнэт явж байснаа Б.Т, Ө.Э нар дээрэм хийгээд эхэлсэн ба намайг дуудхаар нь би очиж нэг өшиглөөд больсон. Б.Т орой гарч мөнгө олно гэж хэлсэн ба хүн дээрэмдэнэ гэдэг санааг явж байхдаа шууд гаргасан байсан гэх мэдүүлэг /1хх 89-90 тал/,
2. Хохирогч М.Тамирын мөрдөн байцаалтанд өгсөн:
2018 оны 11 сарын 30-ны орой найз нарын хамт Зайсангийн Зайсан Хилл пабд сууж байгаад тэндээсээ найз Нямбаярын хамт гарч харихаар такси бариад 2018 оны 12 сарны 01-ний үүрээр 04:40 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар эмийн сангийн хойд талын автобусны буудал дээр Нямбаярт баяртай гэж хэлээд би таксинаас буусан. Тэгээд 63 дугаар байрны 2 дугаар орц руу ороод гэр рүүгээ орох гэж байтал араас 4 орчим тооны хүмүүс миний толгой руу цохиход би газар унасан. Тэгээд миний гарт байсан “айпоне-х” маркийн гар утсыг аваад явсан. Тэгээд би цагдаад хандаж байна гэх мэдүүлэг /1хх 223 тал/,
Гэрч О.Билгүүний мөрдөн байцаалтад өгсөн:
Би ерөнхийдөө Б.Ттэй харьцдаггүй. Уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэж өөрөө мэдүүлээд байгаа боловч би эдгээр гэмт хэргүүдээс ердөө 2018 оны 11 дүгээр сарын 31-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө 01 цагийн орчимд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Богд-Ар” байрны орчимд “FRESCO” дэлгүүрийн ертөнцийн зүгээр баруун талын сааданд Э.Э, Э.Э, Б.Т бид 4 дөрөв сууж байхад Б.Т дэлгүүрийн урд талд байдаг машин замаар гараад нэг эрэгтэй хүн дээр оччихсон. Тэгээд тэр хүнтэй ямар нэгэн байдлаар зууралдаж барьцалдаж аваагүй. Тэгээд буцаад бид нар дээр ирэхдээ “Parlament” гэсэн бичигтэй хайрцган дотроо 5 ширхэг тамхи, товчлууртай гар утас хальт харуулаад өөрийнхөө халаасанд хийсэн. Тухайн үедээ Б.Тд эд зүйлс өгсөн хүн нь шууд цаашаа тэр чигтээ яваад өгсөн. Харин бид нар тэндээ 20 орчим минут сууж байгаад тэндээсээ сургууль дээрээ очоод дотуур байранд 23 цаг өнгөрчихсөн гэж хэлээд оруулахгүй байхаар нь цаашаа тэд нартай цуг нийлж зам хороож байгаад ах Төгсжаргалынхаа руугаа явах гэж байсан. Тэгээд бид нар бүгдээрээ “KFC”-ийн орчимд явж байхад Э.Эыг гарнаас нь ёворчихоод орц руу гүйгээд орчихсон. Тэгтэл Э.Э араас нь гүйгээд орсон. Тэр үед би өөрөө чихэвчээр дуу сонсож байсан бөгөөд яаж байгаа юм бол гэж бодоод хараад үлдсэн. Тэгтэл тэр хоёр 1 минут орчим болчихоод буцаад гарч ирээд манай сургуулийн тийшээ гүйчихсэн тэгэхээр нь Э.Э бид хоёр ардаас нь гүйгээд сургуулийн урд уулзахад юм ярихгүй байсан тэгэхээр нь би тэд нарт намайг таксинд суулгаад өг гэж хэлээд тэндээсээ төв зам гаргуулж таксинаас хүн буухар нь би зөрж суугаад таксигаараа шууд нарны хороолол руу очсон гэх мэдүүлэг /хх 241/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /1 хх 219-220 тал/,
-Э.Э, Э.Э нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 227-234/,
-“Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээний 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ТХҮ-718/090 дугаартай: Iphone X маркийн гар утас 1.900.000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээний тайлан /1хх 238 тал/,
-хохирогч М.Тамирын Э.Э, Э.Э нараас хохирол төлбөрт 1.800.000 төгрөг хүлээн авсан тэмдэглэл /2 хх 30 тал/,
Шүүгдэгч Э.Эын мөрдөн байцаалтад өгсөн:
Тэр өдөр 20 цагаас 23 цаг хүртэл Б.Т, Э.Э, Билгүүн бид 4 Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хорооллын сагсны шийдэн дээр тоглож байгаад “Fresco” дэлгүүрийн урд талын саравчинд суугаад байж байхад дотуур байранд орох ёстой цагаасаа хоцорчихсон. Тэгээд нэгэнтээ хоцорчихсон юм чинь гэж бодоод байж байтал Б.Т гэнэт зам гарж яваад нэг хүнтэй уулзах шиг болсон. Тэгээд эргэж ирэхдээ хайрцаг тамхи 1 ширхэг, товчлууртай нокиа гар утас 1 ширхэг зэргийг авчраад Билгүүн, Б.Т хоёр тамхи татаад ямар ч байсан дотуур байрандаа оръё гэж бодоод бид дотуур байран дээрээ очиж үзэхэд бид нарыг оруулаагүй. Тэгээд байж байтал Б.Т, Билгүүн хоёрын тамхи дуусчихаад тэгээд бид нар явж тамхи авахаар болоод Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “KFC” хоолны газрын ертөнцийн зүгээр зүүн талын ТҮЦ орж тамхи авчихаад сандал олж суухаар явж байтал согтуу, бараан өнгийн хувцастай хүн гуйвчихсан явж байсан. Тэгтэл Б.Т над руу харж байснаа дохихоор нь бид хоёр шууд тэр хүн рүү гүйгээд орц руу орохоор нь ардаас нь дагаж ороод 4 давхарт гарж байхад нь Б.Т ардаас нь тэр хүнийг цохисон. Тэгээд тэр хүн унахдаа утсаа унагачихсан. Тэгэхээр нь би гар утсыг аваад Б.Тд өгсөн. Тэгээд орцноос гарж иртэл Билгүүн, Э.Э нар яг орц руу чиглээд ирж байсан. Тэгэхээр нь Б.Т бид хоёр шууд гүйгээд байрны хажуугаар гүйхэд нэг согтуу хүн байсан. Тэгэхээр нь тэр хүнийг би татаж унагаад Б.Т гар утсыг нь аваад цаашаа гүйсэн. Тэгээд дотуур байрны орчимд ирээд Б.Т гүйхээ болиод ирэхээр нь Э.Э, Билгүүн бид 4 зогсоод уулзаад Шөлөндөө хоолны газар оръё гэж яриад байж байтал Билгүүн гэр рүүгээ харимаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид Билгүүнийг Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содмонгол ШТС-ийн хажууд байдаг ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй автобусны буудал дээр хүргэж өгөөд таксинд суулгаж өгсөн. Тэгэхэд таксинаас зөрж буусан согтуу эрэгтэй хүн Э.Эг мөрлөөд над руу муухай хараад бид нарыг хараагаад явсан. Э.Э шууд тэр залууг ардаас нь очоод зодъё гэж хэлсэн. Тэгтэл Б.Т нарийн гудамж руу орохоор нь ардаас гүйж очоод татаж унагах шиг болсон. Тэгэхээр нь араас Э.Э бид хоёр тэр залуутай маргалдсан. Тэгтэл Э.Э явъя гэж байх шиг байсан. Тэр хооронд нь би утсыг нь авчихсан юм. Тэгээд шууд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндө” хоолны газарт очоод хоол идчихээд цаашаа Б.Тгийн гэрт очиж хонохоор болоод Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Халдвартын орчимд очсон боловч эмээ, өвөө нь байсан. Тэгэхээр нь Э.Э, Б.Т бид гурав орцонд жаал сууж байгаад явах гэхэд Б.Т бид хоёрт гар утаснуудаа өгөөд тэрийг нь Э.Э бид хоёр аваад тэр өдрөө гадуур хоносон. Харин маргааш нь Б.Т бид гурав гар утсыг нэг нэгээрээ Монтел дээр очиж зарсан гэх мэдүүлэг /2хх 3/,
Шүүгдэгч Б.Тгийн мөрдөн байцаалтад өгсөн:
Би 2018 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн 2 дугаар хороо тээврийн дээд сургуулийн хажуу талын харанхуй нарийн гудамжинд танихгүй согтуу залууг татаж унагаагаад дээр нь дарж байгаад халаасанд нь байсан IPHONE-X гap утас аваад зугтаасан. Баянгол дүүргийн 2 дугаар хороо “KFC” хоолны газрын ард талын байр руу орж байсан залууг дагаж явж байгаад орц руу орохоор нь дагаж ороод татаж унагаагаад гаранд байсан IPHONE-X аваад зугтаасан. Бид нар гэмт хэрэг үйлдэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би энэ хохирлыг барагдуулж хэргийг хаалгамаар байна гэх мэдүүлэг /2 хх 83/,
3. Хохирогч Х.Булаглангийн мөрдөн байцаалтад өгсөн:
Би 2018 оны 12 дугаар сарын 01-ний шөнө 5:06 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо ТБД андуудын автобусны буудлын хойд талын нарийн гудамжаар гарч байгаад араас 3 хүн намайг цохиж унагаагаад миний халаасанд байсан айпоне-экс маркийн гар утас, түрүүвчийг авсан. Тэгээд би тэндээс босоод гэртээ ороод ихэр ахыг дагуулан гарч дээрэмдүүлсэн газраа ирэхэд миний түрүүвч тухайн газраа байсан ба доторх нь хоосон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг /2хх 70/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх 61/,
-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /2хх 62/,
-Б.Тгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2хх 67/,
-“Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээний 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ТХҮ-718/089 дугаартай: Iphone X маркийн гар утас 1.700.000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээний тайлан /2хх 75-77 тал/,
-хохирогч Х.Булаглан 900.000 төгрөгийн хохиролыг Б.Тгийн ээжийн данснаас хүлээн авсан гэх тэмдэглэл /2хх 87/,
Шүүгдэгч Ж.Э.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн:
2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 01 цагийн орчимд найзууд болох Э.Э, Б.Т, Билгүүн нартай хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ТБД андуудын автобусны буудлын орчимд 4-н замын орчимд байдаг Шөлөндөө хоолны газар хүрэхээр явж байхад ТБД андуудын автобусны буудлын дэргэд машинаас үл таних эрэгтэй хүн буух үедээ намайг мөрлөөд бид нарыг юу ч чадахгүй юм байж гээд хэл амаар доромжлоод байсан. Б.Т энийг араас нь зодох уу гэсэн. Тэр үед Билгүүн зам дээрээ нөгөө машинд нь зөрж суугаад харих гээд явсан. Харин Э.Э, Б.Т бид гурав үлдсэн. Ингээд бид гурав хохирогчийн араас дагсан бөгөөд хохирогч ТБД андууны автобусны буудлын баруун талд байдаг Дуу бүжгийн эрдэмийн чуулгын зүүн талын нарийн гудамжаар ороод явсан. Тэгээд Б.Т хохирогчийн араас нь очиж мөр орчмоос нь татаж хойш газар унагаасан. Би яг тэр үед Б.Тгийн хажууд байсан. Тэгээд тэд нар зугтаарай гээд зугтаагаад явсан. Б.Тгийн эмээгийн гэр хүртэл яваад тэнд байж байхад Энхбатаар Б.Т хоёр нэг, нэг утас гаргаад ирсэн байсан. Тэгэхэд хохирогчийн гар утсыг авсан гэдгийг мэдсэн гэх мэдүүлэг /2 хх 145/,
Шүүгдэгч Э.Эын мөрдөн байцаалтад өгсөн:
Тэр өдөр 20 цагаас 23 цаг хүртэл Б.Т, Э.Э, Билгүүн бид 4 Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хорооллын сагсны шийдэн дээр тоглож байгаад “Fresco” дэлгүүрийн урд талын саравчинд суугаад байж байхад дотуур байранд орох ёстой цагаасаа хоцорчихсон. Тэгээд нэгэнтээ хоцорчихсон юм чинь гэж бодоод байж байтал Б.Т гэнэт зам гарж яваад нэг хүнтэй уулзах шиг болсон. Тэгээд эргэж ирэхдээ хайрцаг тамхи 1 ширхэг, товчлууртай нокиа гар утас 1 ширхэг зэргийг авчраад Билгүүн, Б.Т хоёр тамхи татаад ямар ч байсан дотуур байрандаа оръё гэж бодоод бид дотуур байран дээрээ очиж үзэхэд бид нарыг оруулаагүй. Тэгээд байж байтал Б.Т, Билгүүн хоёрын тамхи дуусчихаад тэгээд бид нар явж тамхи авахаар болоод Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “KFC” хоолны газрын ертөнцийн зүгээр зүүн талын ТҮЦ орж тамхи авчихаад сандал олж суухаар явж байтал согтуу, бараан өнгийн хувцастай хүн гуйвчихсан явж байсан. Тэгтэл Б.Т над руу харж байснаа дохихоор нь бид хоёр шууд тэр хүн рүү гүйгээд орц руу орохоор нь ардаас нь дагаж ороод 4 давхарт гарж байхад нь Б.Т ардаас нь тэр хүнийг цохисон. Тэгээд тэр хүн унахдаа утсаа унагачихсан. Тэгэхээр нь би гар утсыг аваад Б.Тд өгсөн. Тэгээд орцноос гарж иртэл Билгүүн, Э.Э нар яг орц руу чиглээд ирж байсан. Тэгэхээр нь Б.Т бид хоёр шууд гүйгээд байрны хажуугаар гүйхэд нэг согтуу хүн байсан. Тэгэхээр нь тэр хүнийг би татаж унагаад Б.Т гар утсыг нь аваад цаашаа гүйсэн. Тэгээд дотуур байрны орчимд ирээд Б.Т гүйхээ болиод ирэхээр нь Э.Э, Билгүүн бид 4 зогсоод уулзаад Шөлөндөө хоолны газар оръё гэж яриад байж байтал Билгүүн гэр рүүгээ харимаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид Билгүүнийг Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содмонгол ШТС-ийн хажууд байдаг ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй автобусны буудал дээр хүргэж өгөөд таксинд суулгаж өгсөн. Тэгэхэд таксинаас зөрж буусан согтуу эрэгтэй хүн Э.Эг мөрлөөд над руу муухай хараад бид нарыг хараагаад явсан. Тэгэхээр нь Э.Э шууд тэр залууг ардаас нь очоод зодъё гэж хэлсэн. Тэгтэл Б.Т нарийн гудамж руу орохоор нь ардаас гүйж очоод татаж унагах шиг болсон. Тэгэхээр нь араас Э.Э бид хоёр тэр залуутай маргалдаад тэгтэл Э.Э явъя гэж байх шиг байсан. Тэр хооронд нь би утсыг нь авчихсан юм. Тэгээд шууд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндө” хоолны газарт очоод хоол идчихээд цаашаа Б.Тгийн гэрт очиж хонохоор болоод Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Халдвартын орчимд очсон боловч эмээ, өвөө байсан. Тэгэхээр нь Э.Э, Б.Т бид гурав орцонд жаал сууж байгаад явах гэхэд Б.Т бид хоёрт гар утаснуудаа өгөөд тэрийг нь Э.Э бид хоёр аваад тэр өдрөө гадуур хоносон. Харин маргааш нь Б.Т бид гурав гар утсыг нэг нэгээрээ Монтел дээр очиж зарсан гэх мэдүүлэг /2хх 3/,
Шүүгдэгч Б.Тгийн мөрдөн байцаалтад өгсөн:
Би 2018 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн 2 дугаар хороо тээврийн дээд сургуулийн хажуу талын харанхуй нарийн гудамжинд танихгүй согтуу залууг татаж унагаагаад дээр нь дарж байгаад халаасанд нь байсан IPHONE-X гap утас аваад зугтаасан. Баянгол дүүргийн 2 дугаар хороо “KFC” хоолны газрын ард талын байр руу орж байсан залууг дагаж явж байгаад орц руу орохоор нь дагаж ороод татаж унагаагаад гаранд байсан IPHONE-X аваад зугтаасан. Бид нар гэмт хэрэг үйлдэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би энэ хохирлыг барагдуулж хэргийг хаалгамаар байна гэх мэдүүлэг /2 хх 83/,
Хавтаст хэргээс шүүгдэгч Ө.Эгийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 48-49/, шүүгдэгч Б.Гантулгын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 50-52/, шүүгдэгч Э.Эгийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлагах хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх 91, 94/, шүүгдэгч Э.Энхтөрийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлагах хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх 90, 97/, шүүгдэгч Б.Тгийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлагах хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх 91, 96/ зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ө.Э, Э.Э, Б.Г, Э.Э, Б.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч нарыг сэжигтэн, ялллагдагчаар байцаахдаа, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ө.Э, Э.Э, Э.Э, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.Т, Б.Г нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нар нь хохирогч нарын эд зүйлийг дээрэмдэхээр санаа зорилго нэгдсэн байх ба уг зорилгоо бүрэн хэрэгжүүлэхийн тулд бүлэглэн хүч хэрэглэж довтолсон үйлдлээр тухайн гэмт хэрэг бүрэн төгсөнө.
Хохирогч П.Энхмандалын эд зүйлийг дээрэмдэх явцад шүүгдэгч Б.Т, Б.Г нар нь бүлэглэж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн байцаалтад өгсөн шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Дээрэмдэх гэмт хэргийн хувьд хохиролын хэмжээ хамаардаггүй, гэмт этгээдийн хохирогчийн эд зүйлийг авахаар довтолгоон эхлэж эд зүйлийг авснаар үйлдэгдсэнд тооцогддог онцлогтой. Шүүгдэгч нар дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн нь тэдний хохирогч нарын бие махбодид халдсан, хохирогчийн эсэргүүцлийг няцаан унагах, цохих, өшиглөх зэргээр хохирогчийн амь, биед аюултай нөхцөл бий болгосноор илэрхийлэгдэж байна.
Шүүгдэгч Б.Т, Б.Г нар нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийн бие махбодид хүч хэрэглэн халдаж, өөрсдийнх нь үйлдлийн улмаас хохирол учрах, учирч болохыг мэдсээр байж гэмт үйлдлийг зориуд үйлдэн санаатайгаар хамтран оролцсон байна. Гэмт этгээдүүд урьдчилан тохиролцоогүй боловч үйлдэлээрээ нэгдэж бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирогчид учирсан гэмтэлтэй хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.
Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч нар нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөж ярилцсан, үүргийг хуваарилсан гэж үзэх боломжтой нь тэдний мэдүүлэгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь хэн хэнийхээ гэмт үйлдэлийн санаа зорилгыг бүрэн ойлгож ухамсарлаж уг үйлдэлд хамтран оролцохыг зөвшөөрсөн гэж үзнэ. Энэ нь тэдний гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг худалдасан мөнгө болон бэлэн мөнгийг хувааж авсанаар илэрхийлэгдэнэ.
Шүүгдэгч нар нь өөрсдийн хийж байгаа үйлдэлийн хууль бус шинжийг ойлгож ухамсарлаж байсан хэдий ч хийхийг хүсч үйлдэн хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл учир гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус бүрдээ бүрэн хангаж байна.
Гэмт хэргийн талаарх мэдээллийг хохирогч, гэрч нар бодит байдлаар, нэмж хассан зүйлгүйгээр мэдүүлдэг ба өөрт ашигтай байдлыг үүсгэхийг эрмэлздэггүй. Харин гэмт этгээд нь гэмт хэргийн талаарх нөхцөл байдлыг өөрт ашигтай байдлаар бүрдүүлж эрүүгийн хариуцлага, ял шийтгэлээс мултарч өнгөрөх, хөнгөн ял шийтгэлээр шийтгүүлхийг хүсч байдаг учир мэдүүлэг нь тогтворгүй байх нь их байдаг. Иймд хохирогч, гэрчийн мэдүүлгийг үнэн зөвд тооцох эрх зүйн нөхцөл үүсдэг.
Шүүгдэгч Э.Э, Б.Т нар нь хохирогч М.Тамирын, шүүгдэгч Б.Т, Э.Э, Э.Э нар нь хохирогч Х.Булгалангийн, шүүгдэгч Ө.Э, Б.Г, Б.Т нар нь хохирогч П.Энхмандалын эд зүйлийг бүлэглэн, хүч хэрэглэж авахаар довтолсон,
шүүгдэгч Б.Т, Б.Г нар нь хохирогч П.Энхмандалын эрүүл мэндэд бүлэглэж хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлангууд, шинжээчийн дүгнэлтүүд, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч нарын өөрсдийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Б.Г, Б.Т нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэгийн 2.1 дэх заалтад зааснаар, шүүгдэгч Ө.Э, Э.Э, Б.Г, Э.Э, Б.Т нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Х.Булаглан, М.Тамир нар нь хохиролоо барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн. Мөн хохирогч П.Энхмандалын дээрэмдүүлсэн гар утсыг бодит байдлаар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад буцааж олгосон байх тул шүүгдэгч нарыг дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хохирогч П.Энхмандалд шүүгдэгч Б.Г нь 600.000 төгрөгийн хохиролыг нөхөн төлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч П.Энхмандал нь нийт 15.340.000 төгрөг нэхэмжилснээс сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг нэхэмжилснийг хангах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байдаг.
Мөн хохирогчийн хагалгаанд орох зардалд 2.205.000 төгрөг нэхэмжилсэнийг төлбөр төлсөн нотлох баримтгүй учир хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм. Шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ ирээдүйд болох зүйлийг урьдчилсан байдлаар тооцож дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин 6.000.000 төгрөгийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн эмийн бүтээгдэхүүн худалдаж авсан гэх 96.950 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Т, Б.Г нараас хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээж шийдвэрлэлээ.
Учир нь хохирогчийг гэмт хэргийн улмаас хэзээнээс эхлэн ямар хугацаагаар, ямар үндсэн оношоор ажлаас чөлөөлсөн баримт болон сард хэдэн төгрөгийн цалин тооцогддог талаарх хууль ёсны үндсэн баримтууд хэрэгт авагдаагүй байгаа тул уг нэхэмжлэлийг тооцох боломжгүй юм. Хохирогч П.Энхмандал нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Япон улс руу явсан гэх бөгөөд 96.950 төгрөгийн эмийн бүтээгдэхүүн худалдаж авсан гэх баримт нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны огноотой баримт байх учир хохирогчийг уг бүтээгдэхүүнийг хэрэглээгүй гэж үзлээ. Хэрэв хэрэглэсэн гэж үзэх бол хохирогчийн байгаа Япон улс руу илгээсэн талаарх баримт байх ёстой.
Харин хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад өмгөөлөгчийн хөлс, шинжилгээ, эмчилгээний зардалд нийт 2.038.050 төгрөгийг нэхэмжилснийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон хангаж шийдвэрлэв.
Үүнээс өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 500.000 төгрөгийг шүүгдэгч Б.Г, Б.Т, Ө.Э нараас тэнцүү хуваан тус бүрээс 166.667 төгрөг, шинжилгээ, эмчилгээний зардал 1.538.050 төгрөгийг шүүгдэгч Б.Г, Б.Т тус бүрээс 769.025 төгрөг, үүнд өмгөөлөгчийн хөлсний 166.667 төгрөгийг нэмж шүүгдэгч Б.Тгээс нийт 935.692 төгрөг, шүүгдэгч Б.Гас нийт 935.692 төгрөг гаргуулахаас түүний өмнө төлсөн 600.000 төгрөгийг хасч 335.692 төгрөгийг гаргуулан хохирогч П.Энхмандалд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ө.Э, Б.Т, Б.Г нарын өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч нар нь шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч шүүхээс шийдвэрлэсэн хохиролыг тус тус бүрэн төлж барагдуулсан байна.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохиролыг төлсөн зэргийг тус тус тооцож, дээрмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцалагыг хүндэрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Ө.Э, Э.Э, Б.Г, Э.Э, Б.Т нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохиролыг төлсөн байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь хэргийн учир 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 14 хоног цагдан хоригдсон учир уг хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Т, Б.Г нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ө.Э, Э.Э, Э.Э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э, Э.Э, Б.Г, Э.Э, Б.Т нарыг нэг жилийн хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Г, Б.Т нарыг зургаан сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Б.Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих хүнд ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих хөнгөн ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э, Э.Э, Б.Г, Э.Э, Б.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э, Э.Э, Б.Г, Э.Э, Б.Т нарын цагдан хоригдсон арван дөрөв хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Хэргийн учир шүүгдэгч Ө.Э, Э.Э, Б.Г, Э.Э, Б.Т нар нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.Энхмандал нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Г, Б.Т нараас хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Э, Э.Э, Б.Г, Э.Э, Б.Т нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тооцсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ