Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 1881

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00664 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 733 537 490 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.*******, Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК нь “*******” ХХК болон “*******” ХХК нартай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Шатахуун зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах гурвалсан гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу манай компанийн зүгээс худалдан авагч талд шатахууныг бөөний үнээр зээлээр нийлүүлэх, “*******” ХХК нь зээлээр авсан шатахууны үнийг гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн. Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж нийт 1 608 051 900 төгрөгийн шатахууныг цаг хугацаанд нь бөөний үнээр зээлээр нийлүүлсэн. Гэтэл “*******” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж зээлээр авсан шатахууны төлбөрийг хугацаандаа төлөлгүй байнга араасаа нэхүүлж, маш их хугацаа хэтэрч зарим төлбөрийг төлсөн бөгөөд одоо үндсэн төлбөрөөс    1 350 226 төгрөгийг төлөөгүй байгаа.

Дээрх их хэмжээний үнийн дүн бүхий шатахууны төлбөрийг хугацаандаа төлөөгүй нь манай компанид хүндээр тусаж, манай компанийн гадаад татан авалтын төлбөр тооцоо тасалдахад хүрсэн, банкны зээлээ хугацаанд нь төлж чадахгүйд хүрсэн зэрэг ихээхэн хүнд байдалд орсон. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.15, 5.2 дахь заалтын дагуу “*******” ХХК нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүйн алданги нийт 732 187 264 төгрөг болоод байгаа юм. Тус алданги нь нийт дүнгийн 50 хувиас хэтрээгүй. Манай компанийн зүгээс “*******” ХХК-ийг төлбөр болон алдангийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлбөрийн үлдэгдэл болон алдангийг төлөхгүй цаг хугацаа өнгөрөөсөн байдалтай байсаар байна.

Иймд “*******” ХХК-иас зээлээр авсан шатахууны үлдэгдэл төлбөр болох              1 350 226 төгрөг, төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алданги 732 187 264 төгрөг, нийт        733 537 490 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “*******” ХХК-иас 733 537 490 төгрөгийг гаргуулж “*******” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 825 638 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас 3 825 638 төгрөгийг гаргуулж “*******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчаас “төлбөрийг манай тал 2016 оны 3 сард 100 000 000 төгрөг, 4 сард 608 051 900 төгрөг, нийт 708 051 900 төгрөгийг төлж барагдуулсан болно” гэж, анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “хариуцагч 30 000 ам.доллларыг манайд авч ирсэн боловч 1 400 ам.доллар нь ашиглах боломжгүй хуучирсан дэвсгэрт байсан бөгөөд 28 600 ам.долларын тухайн өдрийн ханшаар тооцож 58 649 730 төгрөг авсан. 1 400 ам.долларыг буцаагаад солиод аваад ирье гээд авч ирээгүй” гэж тус тус тайлбарласан байдаг. Хариуцагчийн зүгээс өөрийн татгалзал болон тайлбар, үндэслэсэн баримтаа шүүхэд хүргүүлсэн байхад анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлын бодит үндэслэлийг тодруулалгүй, хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй, хамааралтай, үнэн зөв талаас нь үнэлээгүй, нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад шүүхээр хэргийг хянан шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Зохигчдын тайлбар зөрүүтэй байхад шүүхээс үүнийг тодруулж, нэмэлт нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэх боломжтой байсан.

Мөн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг баримталсан, оролцогчдыг мэтгэлцэх эрхээр хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна.

Шүүхээс 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны товыг манай өмгөөлөгч Б.Баярсайханд мэдэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, мэтгэлцэх боломжоор хангаагүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Гомдлыг хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч “*******” ХХК-ийн хүсэлтээр өмгөөлөгч Б.Баярсайхан оролцсон. Энэ нь шүүхийн тогтоол, гомдлыг хэлэлцэх шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Бид энэ өмгөөлөгчөөс татгалзсан баримтыг гаргаж өгөөгүй байхад хэргийн оролцогчийн хувьд шүүх хуралдааны товыг мэдэгдэх ёстой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 350 226 төгрөг, алдангид 732 187 264 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“*******” ХХК болон “*******” ХХК, “*******” ХХК-ийн хооронд 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Шатахуун зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах гурвалсан гэрээ байгуулагдсан ба гэрээний хугацаанд буюу 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1 608 051 900 төгрөгийн шатахууныг нэхэмжлэгч хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч 1 606 701 634 төгрөгийг төлж,                         1 350 266 төгрөгийг төлөөгүй  болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

 

Шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь буруу болжээ. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үнийг төлөх хугацаа тогтоосныг зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэхгүй бөгөөд зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн нөхцөл болох хүү төлөх талаар талууд тохиролцоогүй байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Талууд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн, уг актад төлбөрийг 708 051 900 төгрөг гэж тохиролцсон боловч алдангийн талаар тохиролцоогүй байх тул энэ өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Гэрээний 4.8-д “шатахуун зээлээр ачуулсан өдрөөс хойш хуанлийн 60 хоногт буюу 2015 оны 10 дугар сарын 30-ны өдрийн дотор нийлүүлсэн шатахууны үнийг бүрэн төлж барагдуулна”, 5.2-т “хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцон худалдагчид төлнө” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч нь төлөгдөөгүй үндсэн төлбөр болон 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойших хугацааны алдангийг шаардах эрхтэй тул 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 40 000 000 төгрөгийн алдангид 16 400 000 /40 000 000 төгрөг х 0,5 хувь х 82 хоног/ төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 58 649 734 төгрөгийн алдангид 24 926 136 /58 649 734 төгрөг х 0,5 хувь х 85 хоног/ төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 608 051 900 төгрөгийн алдангид 276 663 614                           /608 051 900 төгрөг х 0,5 хувь х 91 хоног/ төгрөг, төлөгдөөгүй 1 350 266 төгрөгийн алдангид 675 133 /1 350 266 төгрөг х 0,5 хувь х 158 хоног = 1 066 710 төгрөг болох бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хязгаарлав/ төгрөг, нийт                       318 664 883  төгрөгийн алдаги дээр төлөөгүй үндсэн төлбөр 1 350 266 төгрөгийг нэмэхэд хариуцагчийн хүлээх үүрэг 320 015 149 төгрөг болж байх тул энэ хэмжээгээр шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Хэргийн 32-38 дахь талд авагдсан нотлох баримтууд нь хуулбар байх ба Хаан банкны теллерийн тэмдэг дарагдсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэхгүй тул дээрх баримтуудыг шүүх шийдвэрийн үндэслэл болгохгүй юм.

 

Түүнчлэн хэргийн 41-113 дахь талд авагдсан баримтууд нь хариуцагч талын гаалийн татвар, төлбөр тооцооны баримтууд байх тул талуудын хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээнээс үүссэн маргаанд хамааралгүй, ач холбогдолгүй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. 

 

Шүүх хариуцагч байгууллагын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн итгэмжлэлээр төлөөлөх бүрэн эрх олгогдсон Н.Наранчимэгт нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гардуулсан, шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч тал тайлбар гаргаж өгөөгүй байна.

 

Шүүхийн 2016 оны 181/ШЗ2016/00663 дугаар захирамжийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч байгууллагын гомдолд дурдсан үйл баримтыг анхан шатны шүүх шийдвэртээ бичээгүйг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Гомдол хянан хэлэлцэх 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр П.Баярцог, Б.******* нар оролцсон боловч хэрэгт тэдгээрт олгосон итгэмжлэл байхгүй, хэргийн дугаарлалтаас үзвэл нотлох баримт алга болсон гэж дүгнэхээргүй байгаагаас гадна итгэмжлэлийг шүүхэд ирүүлсэн гэдгээ хариуцагч нотлоогүй тохиолдолд нотлох баримтыг алга болгосон гэж шүүхийг буруутгах боломжгүй юм.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранчимэгт 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 09.00 цагт болох шүүх хуралдааны товыг шүүх 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр /хх 156 дахь тал/ мэдэгдсэн, энэ хугацаанд хариуцагч итгэмжлэлээсээ татгалзаагүй байна.

 

Түүнчлэн хариуцагч талын хүсэлтээр 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааныг шүүх хойшлуулж байсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй.

 

Дээрх үндэслэлээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/00664 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1” гэж, “733 537 490 /долоон зуун гучин гурван сая таван зуун гучин долоон мянга дөрвөн зуун ерэн/ төгрөгийг” гэснийг “320 015 149 төгрөгийг” гэж, “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлээс 413 522 494 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “56 дугаар зүйлийн 56.1” гэснийг “56 дугаар зүйлийн 56.2” гэж, “хариуцагч “*******” ХХК-иас 3 825 638 /гурван сая найман зуун хорин таван мянга зургаан зуун гучин найм/ төгрөгийг” гэснийг “хариуцагч “*******” ХХК-иас 1 758 025 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 825 638 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД

 

                                          ШҮҮГЧИД                                     Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА