Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 120/2020/0023/З |
Дугаар | 221/МА2021/0072 |
Огноо | 2021-01-28 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2021/0072
Б.Ш нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Янжиндулам, онлайнаар нэхэмжлэгч Б.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.А нарыг оролцуулан Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Ш нэхэмжлэлтэй, Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Б.Ш 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ч.Б Б.Ш надад тушаал шийдвэргүйгээр цалин хасах сахилгын шийтгэл оногдуулсан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүсчээ.
Хоёр. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаар шийдвэрээр:
“Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16 дахь хэсгийг баримтлан Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ч.Б холбогдуулан гаргасан “Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ч.Б Б.Ш тушаал шийдвэргүйгээр цалин хасах сахилгын шийтгэл оногдуулсан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай Б.Шинэхүүгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгч Б.Ш дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Б.Ш миний бие 2011 оны 4 дүгээр сараас одоог хүртэл Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд байгаль орчны хяналтын улсын байцаагч буюу байгаль хамгаалагчаар ажиллаж байгаа билээ. Энэ ажлын байр нь нэг газар сандал ширээ тавиад суудаг ажил биш, олон километрийн радиустай зэлүүд хөдөө нутагт ажилладаг юм.
Гэтэл тус байгууллагын дарга Ч.Б хувийн таарамжгүй харьцааны улмаас жижигхэн зүйлээр шалтаглан ажлын байрны дарамт үзүүлж, ажлын цаг бүртгүүлээгүй, мэдээ тайлан ирүүлээгүй гэх үндэслэлээр хөдөлмөрийн хуульд зааснаас гадуур дотоод журамд заасан үндэслэлээр ямар ч тушаал шийдвэр гаргахгүй, цалин хасах сахилгын шийтгэлийг удаа дараа буюу байнга оногдуулж 2018 оны 1 дүгээр сараас 2020 оны 7 дугаар сар хүртэл нийт 29 сарын хугацаанд миний цалинг 40-95 хувь хүртэл хэмжээгээр хассан байдаг.
Өөрөөр хэлбэл 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар миний эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргах бол зөрчил гаргагч надад урьдчилан мэдэгдэж сонсох ажиллагаа хийх, мөн өөрийн эрх ашгийг хамгаалах боломж олгох ёстой. Гэтэл надад мэдэгдэж сонсох ажиллагаа хийх нь бүү хэл ямар нэгэн тушаал шийдвэр гаргалгүйгээр миний цалин хөлсийг хасах сахилгын шийтгэл оногдуулдаг.
Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэснийг зөрчиж байгаа үйлдэл юм. Мөн би төрийн жинхэнэ албан хаагч учир миний ажиллах баталгаа Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах ёстой, хэрэв энэ хуулиар зохицуулаагүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах ёстой.
Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Ажилтны нэг сарын цалин хөлснөөс хийх нийт суутгалыг /орлогын албан татварыг оролцуулахгүйгээр/ цалин хөлсний 20 хувиас, харин хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон хэд хэдэн суутгал нэгэн зэрэг хийх бол цалин хөлсний 50 хувиас хэтрүүлж болохгүй” гэж заасан байхад тухайн байгууллагын дарга Ч.Батсүх нь хуулиас давсан дотоод журам гэгчийг баталж хууль бус шийдвэр гарган энгийн төрийн албан хаагч намайг тайлан мэдээ өгөөгүй, цаг бүртгүүлээгүй гэх үндэслэлээр өнөөдрийг хүртэл хохироож байгаа юм.
Би түүний хууль бус үйлдлийг таслан зогсоохоор олон байгууллагад хандсан бөгөөд Өмнөговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 4-954 дүгээр албан бичгээр Ч.Б миний цалинг хассан шийдвэр нь хууль бус байна гэж үзэн нөхөн олгохыг даалгасан боловч Ч.Б дээрх шийдвэрийг үл ойшоож өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй, миний цалин хөлсийг нөхөн олгоогүй байна. Харин ч намайг утсаар дарамталж “чамайг ажлаас халагдах өргөдлөө өгвөл цалинг чинь нөхөн олгоно” гэсэн байдлаар миний албан тушаалыг барьцаалж байна.
...Анхан шатны шүүх Б.Ш миний хууль тогтоомжоор хүлээсэн төрийн албан хаагчийн үүргээ биелүүлээгүй үйлдэлд байгууллагын дотоод журамд заасны дагуу ажлын цагийг бүртгэж, цалин хөлс олгож шийдвэрлэснийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж дүгнэх боломжгүй байна гэж үзжээ.
Хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 4-954 дүгээр албан бичгийг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа нь тодорхой бус, зөвхөн нэг талыг барьж хэргийг шийдвэрлэлээ. Мөн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тухайн шүүхэд гаргаж өгсөн миний хүсэлтийг хангахгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байгаа бөгөөд ямар үндэслэлээр дээрх хүсэлтийг хангахаас татгалзсан нь тодорхой бус байгаа юм.
Хариуцагч Ч.Б үйлдэл нь Төрийн албаны тухай хууль мөн Хөдөлмөрийн тухай хуулиар илт хууль бус шийдвэр болох нь батлагдсаар байхад ахан шатны шүүх байгууллагын дотоод журмыг хуулиас дээгүүрт тавьж хариуцагчийг хуульд нийцсэн шийдвэр гаргасан байна гэж дүгнэсэнд гомдолтой байна.
Иймд Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 21.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг хангалттай цуглуулаагүй байх тул шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
2018 оны 1 дүгээр сараас 2020 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд ямар нэгэн тушаал, шийдвэргүйгээр нэхэмжлэгч Б.Ш цалинг хассан “үйлдэл”-ийг сахилгын шийтгэл биш гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн шүүхийн дүгнэлт хангалтгүй, өөрөөр хэлбэл байгууллагын дотоод журамд цалинг хэрхэн хасахыг зохицуулсан ч хэрэгжих процесс нь сахилгын шийтгэл ногдуулах байдлаар явагдах шаардлагатай эсэхэд хэрэгт авагдсан баримт, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дүгнэлт өгөх ёстой.
Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Б/29, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/14 дүгээр тушаалаар Б.Ш тус тус сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэл нь уг тушаалуудад тодорхойлсноор “...удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарьт заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн, долоо хоног, сар, улирлын мэдээг гаргаж өгдөггүй, хугацаа хоцроодог зэрэг алдаа дутагдал гаргасан...”-тай холбоотой байдаг.
Иймд ямар тохиолдолд энэ мэтчилэн сахилгын шийтгэл ногдуулах байдлаар хариуцлага хүлээлгэдэг, харин ямар тохиолдолд нь огт тушаал, шийдвэр гаргалгүйгээр цалин хөлсийг хасдаг талаар тодруулан шалгах ажиллагаа хийлгүйгээр зөвхөн “…цалинг 2 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан 2019 оны дээрх Б/14 дүгээр тушаалын хувьд “…сахилгын шийтгэл болон ажлын цагийг тооцон тохирсон цалин олгох нь тусдаа зохицуулалттай…” гэх хариуцагчийн тайлбарыг тодруулж байна…” гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийх байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй.
Түүнчлэн хариуцагчаас тус хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нарт илгээх албан захидалд /2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөр огноолсон/ тайлан мэдээ гаргахтай холбоотой зөрчил гаргасан тохиолдолд 2017 оны 4 дүгээр сараас эхлэн сарын цалингийн 15 хүртэл хувийг хасах сахилгын шийтгэл ногдуулах, цаашлаад албандаа тэнцэх эсэх асуудлыг тавьж шийдвэрлүүлэх болохыг мэдэгдэж байсан, мөн тус газрын даргын 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А/02 дугаар тушаалын 1-р хавсралтаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.2-т “...байгаль хамгаалагчдын ажлын цагийг тухайн 7 хоногийн мэдээ өгөөгүй, хоцроосон тохиолдолд 3 хоног, сарын мэдээ өгөөгүй бол 5 хоног, GPS-ын мэдээ өгөөгүй бол 3 хоногийн цалинг хасч тооцно. Товч тайлангийн 1 хувийг нягтлан бодогчид хүргүүлж ажлын цагаа бодуулж байна”, 2-р хавсралтаар батлагдсан “Сахилгын шийтгэл ногдуулах журам”-ын 3.1.1, 3.1.10-т байгууллагын дотоодод мөрдөх дүрэм, журмыг зөрчих, өөрт ногдсон ажил, үүргийн талаарх танилцуулга мэдээллийг зохих этгээдэд мэдэгдэхгүй байхыг сахилгын зөрчилд тооцно, 3-р хавсралтаар батлагдсан “Ажлын цаг ашиглалтад хяналт тавих журам”-ын 3.4-т байгаль хамгаалагчид 7 хоногийн мэдээ өгөөгүй бол 3 хоногийн, сарын мэдээ өгөөгүй бол 5 хоногийн ажил тасалсанд тооцно гэж тус тус зохицуулжээ.
Хэрэгт авагдсан эдгээр нотлох баримт болон Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ямар нэгэн “шийдвэр”-гүйгээр цалин хасч буй нь хуулиар зөвшөөрөгдсөн эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.
Гэхдээ хөдөлмөрийн дотоод журамд зааснаар цагийн бүртгэлийг цаг бүртгэгч хөтлөхөөр, цалинг нэхэмжлэгчийн хувьд түүний гаргаж өгсөн товч тайлан мэдээнд үндэслэн нягтлан бодогч бодож олгохоор заасан байх тул хариуцагчид хамаарах нэхэмжлэлийн шаардлагыг, түүнчлэн “тушаал, шийдвэргүйгээр цалин хасах сахилгын шийтгэл оногдуулсан хариуцагчийн үйлдэл” гэдэгт чухам аль хугацаа хамаарч байгаа зэргийг нэхэмжлэгчээс тодруулах шаардлагатай байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн тодруулахаас хамаарч мэдээ тайланг журамд заасан хугацаанд гаргаж өгдөггүй байсан уу, эсхүл гаргаж өгсөн мэдээ тайланг шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр өгсөнд тооцдоггүй байсан уу гэдгийг холбогдох албан тушаалтнаас гэрчийн мэдүүлэг авах байдлаар тодруулах, мөн Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, гомдол хянан шалгах комиссын дарга О.Г хариуцагчид хүргүүлсэн 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн “Үүрэг даалгавар хүргүүлэх тухай” 4/954 дүгээр албан бичигт тусгагдсан Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2020 оны 05, 06 дугаар тогтоолыг хэрэгт нотлох баримтаар авч үнэлэхийн зэрэгцээ давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “…илт хууль бусын үндэслэлээр хүчингүй болгуулахаар маргаж байгаа…” гэснийг хэргийг дахин хянан шийдвэрлэхдээ анхаарвал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН