| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0390/Э |
| Дугаар | 400 |
| Огноо | 2019-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 400
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхамсүрэн,
улсын яллагч Х.Анхцэцэг,
шүүгдэгч Я.О-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О-т холбогдох эрүүгийн 1908013960448 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Майннинг конвейр транспорт” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Я.О-нь 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Б- зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:
Шүүгдэгч Я.О-нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Болортуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг,
Нэг. Гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл “...2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 21 цаг 40 минутанд “Б.Б- 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зодуулсан...” гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх2/,
2. Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан: “...хамтран амьдрагч залуудаа зодуулсан тул гомдолтой... урьд нь бас 2-3 удаа зодуулж, боолгуулж байсан...хардаж зоддог байсан...” өргөдөл, гомдол /хх3/,
3. Хохирогч Б.Б-“Би Я.О- гэх хүнтэй 2 жилийн өмнө танилцаж, 2018 оны 07 сараас эхлэн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 шарын ...... тоотод 2019 оны 03 дугаар сарын 01-ний хооронд түр оршин суудаг байсан. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр О бид хоёр Эрдэнэт хот руу яваад 4 хоноод би Сүхбаатар аймаг руу явж ээж хүү дээрээ очоод ирье гэхэд Отгонбаяр явуулахгүй гэсэн ... тэгээд О бид хоёр 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Эрдэнэт хотоос Улаанбаатар хот руу гарсан. О бид хоёр замдаа хоорондоо маргалдсан. Улаантолгой гэх газар зогсоод миний зүүн чих рүү цохисон ... Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Хайртхаан амралтын газар гэсэн бичигтэй самбарын хажууд замаас гараад намайг машин дотор цохиж зодохоор нь би машинаас буусан чинь намайг боож унагаад цохисон. Миний гутлыг тайлж аваад миний хөл гар гээд газруудад дахин цохисон. Би уйлаад машинд нь суусан. Намайг цагдаагийн газар хүргэж өг гэхэд намайг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс гэсэн хаягтай газар хүргэж өгсөн. Намайг өмнө нь цохиж, зодож байгаагүй ... Дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг миний биед хамтран амьдрагч Я.О-учруулсан...” гэсэн мэдлүүлэг /хх6-8/,
4. Гэрч У.З-“Манай найз Б, О гэх залуутай 2016 онд танилцаж байсан. О, Б нар 2017 оноос одоог хүртэл хамтран амьдарч байгаа. Би 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэртээ байж байсан чинь манай найз Б 21 цагийн орчим яриад найз нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн гадаа байна ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд би очиж авсан ... О, Б нар нь өмнө нь маргалдаж байгаагүй. Маргалдсан талаараа Б надад ярьж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх13-14/,
5. Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн №2954 дугаартай “Б.Б-биед баруун тохой, хүзүү, зүүн зовхи, даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэсэн дүгнэлт /хх17/,
5. Шинжээч эмч Г.Ханхүүгийн “Б.Б-биед учирсан гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тус гэмтлүүд нь тус бүр мохоо зүйлийн нэг удаагийн хүчин зүйлээс үүснэ” гэсэн мэдүүлэг /хх20/,
6. Яллагдагч Я.О-“...Би Б-тай анх 2016 онд танилцаж байсан...” мэдүүлэг /хх30/,
7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх31-40/,
8. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны хамтарсан багийн хурлын “Хамтарсан багийн гишүүдийн 100 хувийн саналаар хуулийн дагуу арга хэмжээ авахуулах саналтай” тэмдэглэл /хх32-40/,
9. “Майнинг конвейр траспорт” компанид жолоочоор ажилладаг, Нийгмийн даатгалын лавлагаа, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, авто тээврийн лавлагаа /хх45-51/ зэрэг баримтыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Я.О-нь шүүх хуралдаанд “...гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна гэсэн мэдүүлэг өгсөн болно...”.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд шинжлэн судлуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хохирогч Б.Б-нь шүүгдэгч Я.О-нар нь хамтран амьдрагч, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заасан.
Шүүгдэгч Я.О-нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хамтран амьдрагч Б.Болортуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь дээр дурдсан хохирогч, гэрч, шүүх шинжилгээний шинжээч эмчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тус тус хангалттай тогтоогдож байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр шүүгдэгч Я.О-гэм буруутай гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл зөв, тус зүйл ангиар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хохирол, хор уршигийн талаар:
Шүүгдэгч Я.О-болон хохирогч Б.Б-нар нь хоорондоо эвлэрч, хохирол төлбөр төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцүүлэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүхээс шүүгдэгч Я.О-гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хэсэгт үндэслэн дурдсан нотлох баримтууд болон хохирогч Б.Б-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...гомдол санал байхгүй, эмчилгээний зардал болон хохирлыг бүрэн төлсөн...” гэх хүсэлт, шүүгдэгч болон хохирогчийн “Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх” талаарх гаргасан хүсэлт, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлж байгаа байдал, улсын яллагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон саналыг харгалзан 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Үнжин овгийн Я.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.О-700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Я.О-нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Я.О-нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР