| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0400/Э |
| Дугаар | 408 |
| Огноо | 2019-05-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 408
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Р.Очирсүрэн,
шүүгдэгч Б.Д-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Очирсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-т холбогдох эрүүгийн 1808041880414 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 31-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Шинэ төрх салонд үсчин ажилтай, ам бүл-3, эхнэр хүүхдүүдийн хамт
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Д-нь 2018 оны 09 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө 01-02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 40/б байрны гадна иргэн Н.Ч-маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа цохиж, цээжрүү нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Ч-мэдүүлэг /хх38/, гэрч Д.У-мэдүүлэг /хх42/, гэрч А.Х-мэдүүлэг /хх45/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №10857 дугаартай дүгнэлт /хх47/, шүүгдэгч Б.Д-цагдаагийн байгууллагын сангийн лавлагаа /хх22-28, 62-54/, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот /хх56/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх65/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх66/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх70-76, 91-97/, шүүгдэгч Б.Д-, хохирогч Н.Ч-нарын Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт эвлэрлийн баталгаа гаргах тухай /хх87-88, 98-99/, Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх100/, ял оногдуулах тухай прокурорын санал /хх101/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Нэг. Шүүгдэгч Б.Д- гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга:
1. Хохирогч Н.Ч-“...Би Дархан-Уул аймагт амьдардаг бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод ажлаар ирчихсэн байгаад манай хамаатны үеэл Д гэж хүнтэй утсаар ярьж, ажил дээр нь очиж үсээ засуулангаа анх танилцсан... 2018 оны 9 сарын 01-ний өдөр Д-ын төрсөн өдөр гэхээр нь үсчний газраас нь хамт гараад Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байрны ард миний 83-46 ДАХ улсын дугаартай автомашинд 1 ширхэг 0.75 литрийн архийг Д, түүний дүү, эхнэрийн хамт дөрвүүлээ хувааж уусан. Гэтэл гэнэт Д эхнэртэйгээ намайг хардаад сонин, сонин юм яриад байхаар нь би машинаасаа буугаад “ тийм юм байхгүй хөгшөөн, анх уулзаж байж битгий ингэ” гэж тайлбарлаад зогсож байсан чинь миний хөмсөг рүү гараараа нэг удаа шанаадаад, цээж рүү хөлөөрөө гурван удаа өшиглөсөн... ” гэх мэдүүлэг /хх38/
2. Гэрч Д.У-”...Д нь манай аавын ахын хүүхэд буюу бид хоёр үеэлүүд юм. 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр манай эхнэрийн хадам ах Ч хөдөөнөөс гэрт ирсэн байсан. Өдөр гэртээ байж байхад Д өнөөдөр төрсөн өдөр гэхээр нь хадам ах Ч хамт орой 20 цагийн орчим 3-4 дүгээр хороололд байрлах Д ажилладаг үсчин дээр очсон. Ажил тараад 22 цагийн үед манай байр буюу 40 дүгээр байрны гадаа ил зогсоол дээр хадам ах Ч-ийн машин дотор Д, түүний эхнэр Х нарын хамтаар бид дөрөв 0.75 граммын архи хувааж уусан. Архи уугаад дуусах гэж байхад Д, Ч-ийг эхнэртэйгээ хардаад маргалдаад байсан. Би машин дотор сууж байхад тэр 2 машинаас буугаад пир пар хийсэн. Би гараад хартал хадам ах Ч газар уначихсан, Д цээжин дээр нь дэвсэх буюу өшиглөж байсан, би яаж байгаан гээд салгасан. Ч-ийн нүүр ам нь цус болсон, уруул нь сэтэрсэн, цээжин дээр нь гутлын мөр гарсан байсан. Ингээд салгатал хоорондоо маргалдаад Д миний гар утсаар ганц яриадхая гээд гар утас аваад унагачихсан юм. Тухайн үедээ гар утас асахгүй байсан, хэд хоногийн дараа янзлуулаад зүгээр болсон...” гэх мэдүүлэг /хх42/,
3. Гэрч А.Х-“...Д намайг өмөөрөөд нөгөө залуутай машинаас буугаад түүний нүүрэн тус газар цохиод унаган, цээжин дээр нь өшиглөөд байсан. Ингээд би У-ыг дуудаад “хөөе гараад ирээч энд зодоон болоод байна” гээд салгуулсан, салчихаад хоорондоо маргалдаад байхаар нь би Д-ыг аваад гэрлүүгээ харьсан...” гэх мэдүүлэг /хх45/,
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №10857 дугаартай “...Н.Ч- духанд шарх, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх47/ авагджээ.
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Б.Д-:
2018 оны 9 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө 01-02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 40б байрны гадна Б.Д-, Д.У-, А.Х-, Н.Ч-нар нь Н.Ч-автомашинд согтууруулах ундааны зүйл ууж байх үедээ Б.Д-нь өөрийн эхнэрийг Н.Ч-хардан маргалдсан байна. Улмаар Б.Д-нь Н.Ч-нүүрэн тус газар гараараа цохиж цээж рүү нь хөлөөрөө өшиглөсөн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн өөрийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Б.Б-үйлдлийн улмаас хохирогч Н.Ч-эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №10857 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна. Мөн шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч гомдол саналгүй хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Д-нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Ч-т хохирол төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Б.Д-хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Д-нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлсэн болно.
Шүүгдэгч Б.Д-нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Д-, хохирогч Н.Ч-нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Б.Д-т ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Иймд шүүгдэгч Б.Д- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт улсын яллагчийн санал болгосон 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Еншейбү овогт Б.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д- 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР