Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 423

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч М.Ж-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ганзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ж-д холбогдох эрүүгийн 1911005900383 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1977 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хаан хүнс импекс” ХХК-д галч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Ж-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Голын 1 дүгээр гудамжны ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Ц-“...хүүхэддээ мөнгө өгч явууллаа...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой, нүүр, цээжин тус газруудад цохин зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх36-43/, хохирогч Б.Ц-мэдүүлэг /хх12-13/, гэрч Ю.Г-мэдүүлэг /хх16/, гэрч Ш.С-мэдүүлэг /хх17/, гэрч Б.О-мэдүүлэг /хх24/, гэрч Н.Б-мэдүүлэг /хх26/, гэрч Ц.Ө-мэдүүлэг /хх28/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2221 дугаартай дүгнэлт /хх31/, М.Ж-яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх67-69/, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхлэлт, ял шалгах хуудас,  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, прокурорын тогтоол /хх46-59, 82-88/ зэрэг баримтыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд шинжлэн судлуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгч М.Ж-гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх36-43/,

2. Хохирогч Б.Ц-“...Тэгээд архи ууж сууж байгаад 2019 оны 02 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнийн 01 цагийн үед Ж надтай мөнгөнөөс болж маргаан болсон юм. Тэгэхэд намайг үснээс зулгааж ширээ мөргүүлээд газар унагаан нуруу бөөр рүү өшиглөж зодсон дараа нь би Ж-той  эвлэрч хамт унтаад...хоёр найз яваад өгсөн... манай дүү О орж ирээд эгчийг зодсон байна гээд Ж-ийг цагдаа дуудаж бариулсан юмаа...хүүхэддээ мөнгө явууллаа гэх шалтгаанаар маргалдаад намайг зодох болсон юм...” гэх мэдүүлэг /хх12-13/,

3. Гэрч Ю.Г-“...Тухайн өдөр манай найз Ж үдээс хойш эхнэр С-н хамт 1 дүгээр хороололд түрээсийн байрандаа байж байхад Ц-н хамт хүрч ирээд бид хоёрыг аваад өөрийнх нь гэрт буюу Зүүнсалаанд очсон юм. Гэрт нь очиж цай уугаад архи ууцгаасан.Тэгтэл Ж, Ц хоёр гал тогооныхоо өрөөнд мөнгө төгрөг яриад хэрэлдэж маргалдаад зодолдоод байсан. Тэгж байгаад бүгдээрээ унтацгаасан.Маргааш өглөө нь босоод харахад Ц-н нүүр буюу шанаа, нүүр орчимд нь хавдаж хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх16/,

4. Гэрч Ш.С-“...Бид нар нэлээд согтчихсон байсан бөгөөд ямар ч байсан байсан нөгөө өрөөндөө ороод зодолдоод байхаар нь би очоод салгасан... Тухайн үед нүүр ам нь улайчихсан байсан бөгөөд маргааш өглөө нь харахад хавдаад хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх17/,

5. Гэрч Б.О-“...Намайг 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн орой 19 цагийн үед би хойд гэр рүү орсон чинь Б.Ц-нүүр нь зүүн хэсгээрээ хавдаад хөхөрчихсөн байхаар нь би яасан юм бэ? гэсэн чинь Б.Ц-надад “Ж-той хамт архи ууж байгаад Ж намайг Зүүнсалааны гэртээ зодчихлоо”  гэхээр нь би шууд цагдаа дуудаад Ж манай эгч Б.Ц-г зодсон байна бас дээрээс нь согтуу ирлээ гээд...дуудлага өгөөд Ж-ийг эрүүлжүүлэхээр авч явсан юм... өмнө нь Ж  Б.Ц-г цохиж зодож байгаагүй...Ж , Б.Ц-нар нь хамтран амьдраад 1 жил гаран болж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх24/,

7. Гэрч Н.Б-“...2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн16 цагийн үед манай охин гэртээ ирсэн юм...Тэгээд би охин руугаа харсан чинь нүүр нь хөхөрчихсөн байсан. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 08, 09-ны өдрүүдэд гэртээ байж байтал 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн үед О орж ирээд Ж-ийг цагдаад дуудлага өгөөд явуулах шиг болсон...өмнө нь Ж, Б.Ц-г цохиж, зодож байгаагүй...Ж ,Б.Ц-нар нь хамтран амьдраад жил гаран болж байна...” гэх мэдүүлэг /хх26/,

8. Гэрч Ц.Ө-“...Тэгтэл 2019 оны 02 дугаар сарын  10-ны өдрийн 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын .... тоотод хүргэн согтуу агсам тавиад байна гэх дуудлага Хайрхан 10-аас ирсэн юм...Тэгээд тус хаягаар очиж шалгахад нэг эмэгтэйн нүүрний зүүн хэсгээр хавдчихсан байсан. Тэгээд нэг согтуу 40 орчим насны залуу байхаар нь Хүчит 120 эрүүлжүүлэн дараагийн дуудлагандаа явсан...Б.Ц-биед ил харагдах гэмтэл гэвэл нүүр нь хавдчихсан байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх гэхээр зүйл ажиглагдаагүй...Ц ...2019 оны 02 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Голын ... тоотод зодуулчхаад 2019 оны дугаар сарын 08-ны өдрийн 16 цагийн үед өөрийн гэртээ  ирээд 2 хонож байхад нь гаднаас 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн үед Ж согтуу орж ирэхэд нь О гэх эмэгтэй цагдаад дуудлага өгсөн юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх28/,

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2221 дугаартай дүгнэлтээр: “...Б.Ц-биед дух, хоёр нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэг, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх31/,

10. М.Ж-яллагдагчаар өгсөн “...Би Б.Ц-2019 оны 02 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнийн  01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Голын .... тоотод хамт архи ууж байгаад хүүхэддээ мөнгө өгч явуулснаас болж хоорондоо маргалдаад би Б.Ц-үснээс зулгааж ширээ мөргүүлээд тэгээд газар унахаар нь би дээрээс нь хөлөөрөө нуруу болон бөөр хэсэг рүү нь 2-3 удаа цохьсон юм...” гэх мэдүүлэг /хх67-69/,

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч М.Ж-.

Шүүгдэгч М.Ж-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Голын 1 дүгээр гудамжны ... тоотод хамтран амьдрагч Б.Ц-“мөнгөний асуудлаас” болон зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан нь хохирогч Б.Ц-, гэрч Ю.Г-, Ш.С-, Б.О- нар болон шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын оршин суугаа газрын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар хохирогч Б.Ц-шүүгдэгч М.Ж-нар нь хамтран амьдрагч, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заасан. Шүүгдэгч М.Ж-үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.Ц-зодсон, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь шүүх шинжилгээний шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-гэм буруутай гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл зөв, тус зүйл ангиар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүхээс шүүгдэгч М.Ж-гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хэсэгт үндэслэн дурдсан нотлох баримтууд болон хохирогч Б.Ц-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...эвлэрсэн, хамт амьдарч байгаа, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн болон хохирогчийн “Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх” талаарх гаргасан хүсэлт, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялын саналыг оногдуулахаар тохиролцсон байна.

Иймд шүүгдэгч М.Ж-үйлдсэн гэмт хэргийн хор уршиг, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг нь харгалзан үзэж улсын яллагчийн саналын хүрээнд түүнд 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулан шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тост овогт М.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-ид 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-ид оногдуулсан 500.000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор  тогтоосугай.

4. Шүүгдэгч М.Ж-нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Ж-нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР