| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0496/Э |
| Дугаар | 491 |
| Огноо | 2019-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 491
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч А.Ганзориг,
шүүгдэгч П.Б-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ганзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б-д холбогдох эрүүгийн 1908018570572 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Том трейд” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт, ...../,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч П.Б-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэргэл” гэх нэртэй караокены гадаа иргэн Ч.Болдтогоотой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх2/, хохирогч Ч.Б-мэдүүлэг /хх8-9/, гэрч Ц.Г-мэдүүлэг /хх15/, гэрч Б.Н-мэдүүлэг /хх22-23/, гэрч А.Э-мэдүүлэг /хх29/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 3885 дугаартай дүгнэлт /хх31/, яллагдагч П.Б-мэдүүлэг /хх51-53/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх56-57/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх55/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх60/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх61/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх62/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх63/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх65/, “Том трэйд” ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт /хх66/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх67-68/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /хх69-70/, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн албан тоот /хх71/, Эвлэрлийн гэрээ /хх75/, Сонгинрохайрхан дүүргийн прокурорын газарт шүүгдэгч П.Б-, Ч.Б- нарын гаргасан хүсэлт /хх76-78/, Хүсэлтийг хангах тухай прокурорын тогтоол /хх77-79/, зэрэг баримтыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд шинжлэн судлуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгч П.Б- гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Ч.Б-“...2019 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-ны шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Тэргэл” караокед шөнийн 02 цагийн орчим найз нартайгаа сууж байхад гаднаас 2 залуу манай өрөө рүү шагайгаад бид хэд хоорондоо юм яриад инээж байхад бид хэд рүү хараад 1 залуу нь “та нар шоолоод байна уу” гэсэн. Тэгээд караоке тараад гартал нөгөө 2 залуу гадаа зогсож байсан. Тэгээд би 1 залуутай нь маргалдсан чинь намайг нэг залуу нь нүүрэнд гараараа цохисон, би унаад жоохон ухаан саринаад байж байтал манай найз гүйж очоод нөгөө 2 залууг барьж цагдаа дуудаж өгсөн...намайг 1 хүн цохисон бор савхитай, жинсэн өмдтэй, 160-165 см орчим өндөртэй шар царайтай залуу байсан цагдаагийн хэлтэс очоод тэр залууг П.Б-гэдэг нэртэй болохыг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх8-9/,
2. Гэрч Ц.Г-“...Тэгээд караоке хаагаад бид хэд гартал гадаа нөгөө хоёр залуу зогсож байсан. Тэгээд Ч.Б-той нэг залуутайн маргалдаж заандалцсан...хажуунаас нь нэг залуу хүрээд ирэхээр нь Ч.Б цохисон боловч оноогүй тэгтэл Ч.Б-г нөгөө бор савхитай жинсэн өмдтэй залуу Ч.Б-г нүүрэнд нь цохиод зам гараад зугтаад такси барих гэхээр нь би бариад авсан. Тэгээд цагдаад хүлээлгэж өгсөн...Манай найз Ч.Б-г, П.Б-гэж залуу ганцаараа нүүрэн тус газар нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх15/,
3. Гэрч Б.Н-“...Тэгээд караоке хаагаад П.Б-бид хоёр гартал нэг залуу араас “хөөе хөөе” гээд орилоод байсан тэгтэл би хэн орилоод байгаан гээд эргээд очтол тэр залуу намайг заамдаад авсан. Тэгээд байж байтал тэр Ч.Бо гэж залуу манай найз П.Б-г 1 удаа цохисон, тэгэхэд манай найз П.Б-бултаад Ч.Б гэгч залууг нүүрэндэн 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх22-23/,
4. Гэрч А.Э-“...2019 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 04:30 цагт “Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Тэргэл” караокены үүдэнд хүмүүс зодолдож байна” гэх дуудлага гарснаар очсон. Тухайн дуудлаганд очиход Ч.Б нь “намайг энэ залуу зодсон” гэж мэдүүлсэн. Зодсон гэх залууг шалгахад Паарамын Б гэх хүн байсан...Ч.Б нь миний нүүрэнд энэ залуу 1 удаа цохисон гэж П.Б-г зааж байсан...” гэх мэдүүлэг /хх29/,
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 3885 дугаартай дүгнэлтээр: “...Ч.Б-биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн хөмсөг, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх31/,
6. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх56-57/,
7. Яллагдагч П.Б-“...Тэгтэл 1 залуу нь “хөөе” гээд бид хоёрыг дуудсан сүүлд нэрийг нь мэдэхэд Ч.Б гэдэг нэртэй хүн байсан тэгээд Б.Н-г заамдаад авсан тэгэхээр нь би хажуу талаас нь ороод тэр залууг нүүрэндэн 1 удаа цохиод тэр хүмүүс олуулаа байхаар нь зугтах гэтэл 1 залуу хойноос ирээд бариад авсан...намайг Ч.Б цохих гэсэн боловч би бултаад цохиж чадаагүй... Ч.Б нь манай найз Б.Н-г цохиж зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх51-53/,
Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч П.Б-.
Шүүгдэгч П.Б-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэргэл” гэх нэртэй караокены гадаа иргэн Ч.Б-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогч Ч.Б-“...би нэг залуутай нь маргалдсан чинь намайг нэг залуу нь нүүрэнд гараараа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Г-“...нөгөө бор савхитай жинсэн өмдтэй залуу Ч.Б-нүүрэндэн цохиод зам гараад зугтаад такси барих гэхээр нь би бариад авсан...” гэх мэдүүлэг, Б.Н-“...Ч.Б-гэж залуу манай найз П.Б-г 1 удаа цохисон, тэгэхэд манай найз П.Б-бултаад Ч.Б-гэгч залууг нүүрэндэн 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг, А.Э-“...Ч.Б-нь миний нүүрэнд энэ залуу 1 удаа цохисон гэж П.Б-зааж байсан...” гэх мэдүүлгүүд болон шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
П.Б-үйлдлийн улмаас хохирогч Ч.Б-эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 3885 дугаартай шинжээчийн “...Ч.Б-биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн хөмсөг, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл...” дүгнэлтээр тогтоогдож байна.
Мөн шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч гомдол саналгүй, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч П.Б-нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Харин энэ хэргийн улмаас хохирогч Ч.Б-“Samsung S6” маркийн гар утасны дэлгэц хагарч, “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 19/160 дугаартай Хөрөнгийн үний тодорхойлолтод “Samsung S6” маркийн гар утасны дэлгэц нь 130.000 төгрөгийн үнэлгээ гарсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсний улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол...” гэсэн гэмт хэргийн шинжгүй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Б-д “эрүүл мэнд болон “Samsung S6” маркийн гар утасны дэлгэц хагарсан” хохиролд 300.000 төгрөгийн хохирол төлөгдсөн /хх12-13/, хохирогч гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч П.Б-нь хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч П.Б-нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлсэн болно.
Шүүгдэгчийн үйлдэлд гэм буруугийн хэлбэрээр, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч П.Б-, хохирогч Ч.Б-нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж П.Б-д ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Иймд шүүгдэгч П.Б-хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт улсын яллагчийн санал болгосон 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР