Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 173

 

2020        03          04                                  2020/ШЦТ/173

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Г.Ууганбаатар,

  шүүгдэгч Г.Б , түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Чойндон овгийн Г.Б т холбогдох эрүүгийн 1911027700033 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Чойндон овгийн Г.Б , 1995 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Бүрэн дуулга ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо 81 дүгээр байр 11 тоотод түр оршин суух /иргэний үнэмлэхийн хаяг: Говь-Алтай аймгийн Алтай сум Баян-Овоо 14 дүгээр баг/, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.Б  нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Сэр-Одтой сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож байхдаа маргалдан гараараа зүүн чих рүү нь цохиж Г.Сэр-Одын биед “зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 9/,

Хохирогч Г.Сэр-Од нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Говь-Алтай аймгийн Бугат сумын 9 жилийн сургуульд суралцаж төгссөн бөгөөд Бугат сумын 2006 оны төгсөлтөөс уг сургуульд суралцаж төгссөн болон Улаанбаатар хотод оршин суугаа оюутан залуучуудын дунд зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээнд 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагийн орчимд оролцсон юм. Ингээд эхний багтайгаа тоглоод бид нар хожсон бөгөөд сагсан бөмбөг тоглож байхад би бөмбөг авах гээд гараараа бөмбөг цохих үедээ Бумбаяр гэх үл таних залуугийн гарыг нь цохисон гэх шалтгаанаар Бумбаяр гэх залуу намайг эвтэйхэн тоглооч гэсэн бөгөөд тоглож байх хооронд намайг мөрлөх гэх зэргээр таагүй хандаж байсан ингээд цаг дуусч тоглолт дуусаад би талбай дээр алхаж байхад Бумбаяр гэх залуу миний хажууд хүрч ирээд миний зүүн чих рүү алгадсан юм. Тэгээд бид хоёрын дунд ямар нэгэн маргаан бололгүй талбайгаас холдсон. Намайг алгадсан даруйд миний чих дөжрөөд би манарсан бөгөөд тухайн үедээ зүгээр болчих болов уу гэж бодоод тоохгүй өнгөрсөн. Миний зүүн чих юм сонсох нь муу байгаад байсан. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт үзүүлэхэд миний хэнгэрэг хагарсан байна гэсэн. ...Би ЭМЖЖ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хэнгэрэг хальс нөхөх хагалгаанд 840.000 төгрөг, шинжилгээ хийлгэхэд 253.000 төгрөг зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх 14-16/,

Гэрч Б.Хулан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Сэр-Од тэмцээнд найзуудтайгаа оролцож, харин Бумбаяр гэх залуу 4 залуу 1 эмэгтэй хүний хамт нэг баг болж оролцсон юм. Ингээд Бумбаяр болон Сэр-Од нарын баг тоглож байтал Сэр-Од Бумбаяр дээр алдаа гаргасан бөгөөд үүнээс болоод нэг их маргалдаагүй тэмцээн дууссан. Тэмцээн яг дууссаны дараа яг юу болсон талаар би хараагүй бөгөөд нэг харахад талбай дээр 4-5 хүн бөөгнөрчихсөн Сэр-Од, Бумбаяр хоёрыг салгаж байсан...” гэх мэдүүлэг /хх 18-19/,

Гэрч Х.Нарандэлгэр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...сагсан бөмбөг тоглож байхад Сэр-Од Алтай сумын харьяат Бумбаяр гэх залуутай маргалдаад байсан. Сэр-Од Бумбаяраас бөмбөг авахдаа гарыг нь санамсаргүй самардсан гэх шиг болсон ба уг үйлдэлд нь шүүгч ямар нэгэн алдаа заагаагүй юм. Үүнээс болоод Бумбаяр гэх залуу Сэр-Одыг тоглож байхдаа мөргөх зэрэг үйлдэл гаргасан бөгөөд манай баг хожсон юм. Тоглолт дуусаад би талбайгаас өөрийнхөө хувцас байгаа хэсэг рүү алхах гэж байтал Бумбаяр гэх залуу Сэр-Одыг цохисон бололтой зууралдсан байсан. Ингээд би Сэр-Одыг дагуулаад гадаа гарсан ба Сэр-Од Бумбаяр миний чих рүү алгадчихлаа тэгээд чих шуугиад юм цаана сонсогдоод байна гэсэн тэгээд би нэг их тоогоогүй манай баг дахин өөр нэг багтай тоглоод хожигдоод явсан юм...” гэх мэдүүлэг /хх 22-23/,

Гэрч Л.Цэрэндаваа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би эхнэр Цэнгэлбаярын хамт сандал дээр суух гээд явж байтал ард маргалдах чимээ гарч хүмүүс шуугилдахаар нь би эхнэр Цэнгэлбаярын хамт эргээд харахад манай хадам ах болох Бумбаяр манай багтай тоглосон эсрэг багийн тоглогч үл таних залуутай маргалдаад зогсож байхаар нь би эхнэр Цэнгэлбаярын хамт ах Бумбаярыг салгаж аваад суудалдаа очсон...” гэх мэдүүлэг /хх 28-29/,

Гэрч Г.Цэнгэлбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Сагс тоглож байх хугацаанд эсрэг багийн үл таних залуу Сэр-Од манай ахын нүүр орчимд сагс тоглож байхдаа санаатай санамсаргүй гэдгийг мэдэхгүй нэг удаа цохиод авсан юм тэгэхэд манай ах ямар нэгэн үйлдэл хийгээгүй бөгөөд тэмцээн дуусахад манай баг хожигдсон би сагсны шийдний доороос алхаад сандал руугаа явж байтал манай ах Бумбаяр үл таних залуутай маргалдаж байхаар нь би ахыгаа тэр залуугаас салгаад суудал руу аваад явсан...” гэх мэдүүлэг /хх 30-31/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №1552 тоот хэргийн материалаар хийсэн дүгнэлтэд: “...Хохирогч Г.Сэр-Одын биед зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт гэмтэл учирсан байх боломжтой байна. Хохирогч Г.Сэр-Одын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хохирогч Г.Сэр-Одын биед үүссэн гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хохирогч Г.Сэр-Одын биед учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Хохирогч Г.Сэр-Одын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт /хх 51/,

Шүүгдэгч Г.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх 90-91/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 104/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 101/, хохирогч Г.Сэр-Одын гаргаж өгсөн хохирлын баримт /хх 96-100/, хохирогч Г.Сэр-Одын эрүүл мэндийг тодорхойлох баримт /хх 40-43, 56-84/, шүүгдэгч Г.Б ын хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 106-108/, хохирлын мөнгө шилжүүлсэн баримт зэргийг шинжлэн судлалаа.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.

   Шүүгдэгч Г.Б  нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Сэр-Одтой сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож байхдаа маргалдан гараараа зүүн чих рүү нь цохиж Г.Сэр-Одын биед “зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт” хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 9/, хохирогч Г.Сэр-Одын “...Намайг алгадсан даруйд миний чих дөжрөөд би манарсан бөгөөд тухайн үедээ зүгээр болчих болов уу гэж бодоод тоохгүй өнгөрсөн. Миний зүүн чих юм сонсох нь муу байгаад байсан. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт үзүүлэхэд миний хэнгэрэг хагарсан байна гэсэн. ...Би ЭМЖЖ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хэнгэрэг хальс нөхөх хагалгаанд 840.000 төгрөг, шинжилгээ хийлгэхэд 253.000 төгрөг зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх 14-16/, гэрч Б.Хулангийн “...Сэр-Од тэмцээнд найзуудтайгаа оролцож, харин Бумбаяр гэх залуу 4 залуу 1 эмэгтэй хүний хамт нэг баг болж оролцсон юм. Ингээд Бумбаяр болон Сэр-Од нарын баг тоглож байтал Сэр-Од Бумбаяр дээр алдаа гаргасан бөгөөд үүнээс болоод нэг их маргалдаагүй тэмцээн дууссан...” гэх мэдүүлэг /хх 18-19/, гэрч Х.Нарандэлгэрийн “...Бумбаяр гэх залуу Сэр-Одыг цохисон бололтой зууралдсан байсан. Ингээд би Сэр-Одыг дагуулаад гадаа гарсан ба Сэр-Од Бумбаяр миний чих рүү алгадчихлаа тэгээд чих шуугиад юм цаана сонсогдоод байна гэсэн тэгээд би нэг их тоогоогүй манай баг дахин өөр нэг багтай тоглоод хожигдоод явсан юм...” гэх мэдүүлэг /хх 22-23/, гэрч Л.Цэрэндаваагийн “...би эхнэр Цэнгэлбаярын хамт сандал дээр суух гээд явж байтал ард маргалдах чимээ гарч хүмүүс шуугилдахаар нь би эхнэр Цэнгэлбаярын хамт эргээд харахад манай хадам ах болох Бумбаяр манай багтай тоглосон эсрэг багийн тоглогч үл таних залуутай маргалдаад зогсож байхаар нь би эхнэр Цэнгэлбаярын хамт ах Бумбаярыг салгаж аваад суудалдаа очсон...” гэх мэдүүлэг /хх 28-29/, гэрч Г.Цэнгэлбаярын “...би сагсны шийдний доороос алхаад сандал руугаа явж байтал манай ах Бумбаяр үл таних залуутай маргалдаж байхаар нь би ахыгаа тэр залуугаас салгаад суудал руу аваад явсан...” гэх мэдүүлэг /хх 30-31/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №1552 тоот хэргийн материалаар хийсэн дүгнэлт /хх 51/, шүүгдэгч Г.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх 90-91/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгч Г.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Шүүгдэгч Г.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Хохирогч Г.Сэр-Од нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.508.640 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Г.Б  нь шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан гэж үзэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Чойндон овгийн Г.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б т 450 /дөрвөн зуун тавь/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН