Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 178

 

 

 2020         03          05                                   2020/ШЦТ/178

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго, 

улсын яллагч Г.Анармөнх,

шүүгдэгч О.Г  /өмгөөлөгчгүй оролцох  хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овгийн О.Г ид холбогдох эрүүгийн 2011001660067 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Тайж овгийн О.Г , 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, 72 дугаар сургуулийн бага ангийн багш ажилтай, ам бүл 4, эмээ, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 40 дүгээр байрны 00 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч О.Г  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг Согоотын 29 дүгээр гудамжны 362а тоотод хохирогч А.Хишигбаатартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдан улмаар нүүрэн тус газар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч О.Г  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хишигбаатар нь мэдүүлэгтээ намайг эхэлж цохисон гэж хэлсэн байна. Би Хишигбаатарыг түрүүлж цохиогүй. Хишигбаатар намайг гэртээ оруулж байгаад өөрөө түрүүлж хэд хэд цохихоор нь бид хоёр гэрээс нь гараад хашаан дотор нь хэд хэд цохилцсон. Гэхдээ би түүний биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. гэм буруугаа ойлгож байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/,

Хохирогч А.Хишигбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...манай эхнэрийн найзууд болох 2 эмэгтэй надад эхнэр чинь явахгүй чи хүүхдээ аваад яв гэхээр нь би хүүхдээ аваад гэрлүүгээ явсан юм. Гэртээ хариад байж байтал 2-3 цагийн дараа буюу 23 цаг нэлээн өнгөрч байхад манай эхнэр над руу залгаад ирж авах уу гэхээр нь би хашааны ах Баатармягмарын хамт нөгөө айлд яваад очоод Баатармягмарын хамт нөгөө айлд яваад ортол манай эхнэр Нармандах нэг эрэгтэй хүний хамт байж байсан ба би эхнэрээ аваад машиндаа суулгатал нөгөө залуу хамтдаа суугаад манай гэрлүү явсан юм. Ингээд би машиндаа явж байхдаа манай эхнэрийн ажлын газрын залууг яв гээд маргалдсан юм. Ингээд манай гэрт Баатармягмар, нөгөө ажлын газрынх нь залуу болох эрэгтэй манай эхнэр гээд дөрвүүлээ орсон би тэр эрэгтэйг одоо яв гэхэд тэр эрэгтэй миний өөдөөс харж зогсож байгаад миний шүд уруул орчимд нэг удаа цохих үед миний үүдэн дээд нэг шүд унасан бөгөөд Баатармягмар ах тэр залууг надаас салгаад гэрээс гаргах гэж байхад миний шүд уначихлаа гэж хэлээд тонгойгоод дээшээ болоход нөгөө залуу манай эхнэрийн хажуугаар гараад миний зүүн нүд орчимд нэг удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх 8-9/,

Гэрч Ё.Баатармягмар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Гомбоо гэх залуу Хишигбаатарын уруул орчимд нэг удаа цохиод авсан бөгөөд би тэр Гомбоо гэх залууг түлхэж гаргах гэхэд тэр залуу миний хажуугаар өнгөрөөд дахиад нэг удаа Хишигбаатарын уруул орчимд нь цохиод авахад нэг үүдэн шүд нь унасан бөгөөд миний шүд уналаа гэхэд Гомбоо гэх залуу нүд орчимд нь цохичихсон...” гэх мэдүүлэг /хх 14-15/,

Гэрч Ш.Нармандах нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Хишигбаатар Гомбодорж хоёр хоорондоо зодолдох болоод харилцах цохилцоод байсан ба тэр үед Гомбодорж Хишигбаатарыг цохих үед Хишигбаатар миний шүд уналаа гээд байсан юм...” гэх мэдүүлэг /хх 18-19/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №1351 дүгээр дүгнэлтэд: “...А.Хишигбаатарын биед зүүн дээд 2-р шүдний түүшин хэсгийн сэлтэрсэн хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний булгарал, угийн буйлны цус хуралт, дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 25-27/,

Шинжээч эмч Н.Энхцолмон нь мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: “...А.Хишигбаатарын биед учирсан хамар ясны хугарал гэмтэл нь шинэ хуучин хавсарсан хугарал гэмтэл бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх 28/,

Шүүгдэгч О.Г  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Хишигбаатар нь Нармандахыг надад түрүүлж цай хийж өгсөн гээд уурлаад миний хамар орчимд нэг удаа цохиж авахаар нь би айл гэрт зодоон хийгээд яах вэ гээд би Хишигбаатартай хамт гадаа гарахад эхнэр нь болон хөрш айлын ах гарч ирсэн. Хишигбаатар бид хоёрыг зодолдохоор болоод намайг хэд хэдэн удаа цохиод авахаар нь би Хишигбаатарыг зөрүүлээд 4-5 удаа нүүр орчим нь цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх 40-41/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 52/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 51/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 53/, хохирогч А.Хишигбаатарын гаргаж өгсөн хохирлын баримт /хх 50/, шүүгдэгч О.Г ийн хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 54-57/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Г  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг Согоотын 29 дүгээр гудамжны 362а тоотод хохирогч А.Хишигбаатартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, хохирогч А.Хишигбаатарын “...тэр эрэгтэйг одоо яв гэхэд тэр эрэгтэй миний өөдөөс харж зогсож байгаад миний шүд уруул орчимд нэг удаа цохих үед миний үүдэн дээд нэг шүд унасан бөгөөд Баатармягмар ах тэр залууг надаас салгаад гэрээс гаргах гэж байхад миний шүд уначихлаа гэж хэлээд тонгойгоод дээшээ болоход нөгөө залуу манай эхнэрийн хажуугаар гараад миний зүүн нүд орчимд нэг удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх 8-9/, гэрч Ё.Баатармягмарын “...Хишигбаатарын уруул орчимд нь цохиод авахад нэг үүдэн шүд нь унасан бөгөөд миний шүд уналаа гэхэд Гомбоо гэх залуу нүд орчимд нь цохичихсон...” гэх мэдүүлэг /хх 14-15/, гэрч Ш.Нармандахын  “...Хишигбаатар Гомбодорж хоёр хоорондоо зодолдох болоод харилцах цохилцоод байсан ба тэр үед Гомбодорж Хишигбаатарыг цохих үед Хишигбаатар миний шүд уналаа гээд байсан юм...” гэх мэдүүлэг /хх 18-19/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №1351 дүгээр дүгнэлт /хх 25-27/, шинжээч эмч Н.Энхцолмонгийн “...А.Хишигбаатарын биед учирсан хамар ясны хугарал гэмтэл нь шинэ хуучин хавсарсан хугарал гэмтэл бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх 28/, шүүгдэгч О.Г ийн “...би Хишигбаатарыг зөрүүлээд 4-5 удаа нүүр орчим нь цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх 40-41/ болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.Г ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгч О.Г ид ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Хохирогч А.Хишигбаатар нь эмчилгээний зардалд баримтаар 120.000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч О.Г оос гаргуулан олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овгийн О.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г ид 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г оос 120.000 төгрөгийг гаргуулж хохирогч Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 29 дүгээр гудамж 362а тоотод оршин суух Ариунаагийн Хишигбаатар /рд: АЖ82032915/-д олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Г ид хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ХАЛИУН