| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2020/0162/Э |
| Дугаар | 181 |
| Огноо | 2020-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрдалай |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 181
2020 03 05 2020/ШЦТ/181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Б.Дэлгэрдалай,
шүүгдэгч А.Ө /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Суръяа овгийн А.Ө т холбогдох эрүүгийн 2011005160177 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Суръяа овгийн А.Ө , 1999 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин гэх, ам бүл 6, эцэг, эх ах, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2 дугаар баг Оройн бууц гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч А.Ө нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 02 дугаар сарын 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Түвшинжаргалтай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь “баруун доод зовхинд цус хуралт, хамрын угт зурагдсан зулгарал” буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/,
Хохирогч Б.Түвшинжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн орой өөрийн найзын ажлын газар болох “Nigth 17” бааранд орж найзтайгаа уулзчихаад 00 цаг болж баар хаах үеэр нь би баарнаас гараад машин луу явж байтал миний машины хажуу талд 3-4 залуучууд хоорондоо маргалдаж муудалцаад ноцолдоод байхаар нь тэр залуучуудад хандаад “залуу хүмүүс байж больцгоо” гэж хэлсэн чинь хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн куртиктэй залуу буюу Өлзийбаяр /сүүлд нэрийг нь мэдсэн/ миний куртикнээс татаж аваад шууд нүүр лүү 1 удаа өшиглөсөн. Дахин намайг татаж аваад өвдөглөхөөр нь би гараараа хаасан юм. ...Миний биед дээрх гэмтлийг Өлзийбаяр гэх залуу 1 удаа нүүр лүү минь өшиглөж учруулсан...” гэх мэдүүлэг /хх 5-7/,
Гэрч А.Тэмүүжин нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 02 сарын 10-ны орой Өлзийбаярыг гаргаж өгөх санаатай Тэмүүжин бид 3 Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байдаг “Дуулга” бааранд 22 цагийн үед ороод 2 шил “Соёрхол” нэртэй архи хувааж уугаад тамхи татах санаатай бид 3 гарсан юм. Гэтэл Өлзийбаяр үл таних залуутай маргалдаад хоорондоо муудалцаж байгаад тэр залууг Өлзийбаяр нүүр лүү нь өшиглөсөн тэгээд тэр ойр хавьд байсан хүмүүс нийлж байгаад нөгөө хоёрыг салгасан удалгүй цагдаа нар ирээд Өлзийбаярыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх 14-15/,
Гэрч О.Оюунбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Өлзийбаяр үл таних залууг нүүрэн тус газар нь өшиглөх шиг болсон өөр цохиж зодсон асуудал болоогүй...” гэх мэдүүлэг /хх 16-17/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2578 дугаар дүгнэлтэд: “...Б.Түвшинжаргалд баруун доод зовхинд цус хуралт, хамрын угт зурагдсан зулгарал үүсжээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 20-21/,
Шүүгдэгч А.Ө нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би Түвшинжаргалыг цохих шиг болоод нүүрлүү нь өшиглөсөн санагдаад байгаа юм. ...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 27-28/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 31/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 32/, шүүгдэгч А.Ө ын хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 33-34/, хаан бакны дансны хуулга /хх 39-40/, хохирогч Б.Түвшинжаргалын гаргаж өгсөн хохирлын баримт /хх 42-43/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 44 дүгээр тогтоол /хх 34/, шүүгдэгч А.Ө ын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 45/, хохирогч Б.Түвшинжаргалын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 44/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.Ө нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 02 дугаар сарын 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Түвшинжаргалтай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь “баруун доод зовхинд цус хуралт, хамрын угт зурагдсан зулгарал” буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, хохирогч Б.Түвшинжаргалын “...Өлзийбаяр /сүүлд нэрийг нь мэдсэн/ миний куртикнээс татаж аваад шууд нүүр лүү 1 удаа өшиглөсөн. Дахин намайг татаж аваад өвдөглөхөөр нь би гараараа хаасан юм. ...Миний биед дээрх гэмтлийг Өлзийбаяр гэх залуу 1 удаа нүүр лүү минь өшиглөж учруулсан...” гэх мэдүүлэг /хх 5-7/, гэрч А.Тэмүүжингийн “...тэр залууг Өлзийбаяр нүүр лүү нь өшиглөсөн тэгээд тэр ойр хавьд байсан хүмүүс нийлж байгаад нөгөө хоёрыг салгасан удалгүй цагдаа нар ирээд Өлзийбаярыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх 14-15/, гэрч О.Оюунбаярын “...Өлзийбаяр үл таних залууг нүүрэн тус газар нь өшиглөх шиг болсон өөр цохиж зодсон асуудал болоогүй...” гэх мэдүүлэг /хх 16-17/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2578 дугаар дүгнэлт /хх 20-21/, шүүгдэгч А.Ө ын “...Би Түвшинжаргалыг цохих шиг болоод нүүрлүү нь өшиглөсөн санагдаад байгаа юм. ...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 27-28/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Б.Түвшинжаргал нь “...ямар нэгэн хохирлын маргаан байхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч А.Ө нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч А.Ө ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ө т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч А.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Суръяа овгийн А.Ө ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ө т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ө нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч А.Ө нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ө т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН