Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 1152

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 04 өдөр        Дугаар 181/ШШ2016/01152            Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом 5-р баг, 1-64 айл, 24 тоотод оршин суух, Монголмууд овогт Дэчинпилийн овогт Өнөрцэцэг/РД: ОЭ63061608/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж-25-д байрлах, “Хаан банк” ХХК/РД: 2693321/-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4 230 637 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 2016 оны эхний хагас жилийн урамшуулалд 10 800 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Өнөрцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Монгол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Д.Өнөрцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4 230 637 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 2016 оны эхний хагас жилийн урамшуулалд 10 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Монгол шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Талууд эвлэрлийн гэрээ байгуулсан, баталж өгнө үү.” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжав шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Эвлэрлийн гэрээ байгуулсан тул баталж өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Д.Өнөрцэцэг нь хариуцагч “Хаан банк” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4 230 637 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 2016 оны эхний хагас жилийн урамшуулалд 10 800 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэгт баримтаар авагдсан зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: “.... 1. Нэхэмжлэгч Д.Өнөрцэцэг нь шүүхэд “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, зохих бичилтийг хийх, 2016 оны эхний 6 сарын ажиллаж байсан хугацааны урамшуулалт цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба эдгээрээс “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, зохих бичилтийг хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзана.

2. ХААН Банк нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Д.Өнөрцэцэгийн 2016 оны эхний 6 сарын урамшуулал 12 000 000/арван хоёр сая/ төгрөгийг олгохыг зөвшөөрч байна. Д.Өнөрцэцэгээс бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн урамшуулал олгоно.

3. Нэхэмжлэгч Д.Өнөрцэцэгт 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 9 900 000/есөн сая есөн зуун мянган/ төгрөг олгохыг зөвшөөрч байна.

4. Д.Өнөрцэцэгт олгосон ЗГ1 тоот, жилийн 4,8 хувийн хүүтэй Ажилтны хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээлийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл энэхүү хөнгөлттэй нөхцөлөөр хэвээр хадгалахыг Хариуцагч зөвшөөрч байна. 

5. Нэхэмжлэгч болон хариуцагч нь Банкны болон хувь хүний ашиг сонирхол аливаа хэлбэрээр зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эвлэрлийн гэрээний нөхцөлийг чанд нууцална. ....” гэж зохигчид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна.

 

Зохигчдын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-ий 4 дүгээр зүйлд заасан нөхцөл, тус 4-р зүйлд оруулсан нэмэлт өөрчлөлт нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хянахад тусгагдаагүй байсан нэхэмжлэлийн шаардлага байх ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 хэсэгт зааснаар иргэний хэрэг үүсгэхдээ тус шаардлагатай холбогдуулан Иргэний хэрэг үүсгээгүй тул эвлэрлийн гэрээний 4 дүгээр зүйлийг батлах боломжгүй байх ба гэрээний бусад зүйл, хэсэг Иргэний хуульд нийцсэн байх тул Эвлэрлийн гэрээг батлах нь зүйтэй байна.

 

Зохигчид 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-ий 4 дүгээр зүйлд заасан нөхцөлөөр тусдаа бие даасан гэрээ байгуулах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Зохигчийн байгуулсан Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Өнөрцэцэг хариуцагч “Хаан банк” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4 230 637/дөрвөн сая хоёр зуун гучин мянга зургаан зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 2016 оны эхний хагас жилийн урамшуулалд 10 800 000/арван сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмижлсэнээс нэхэмжлэгч Д.Өнөрцэцэг “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, зохих бичилтийг хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч “Хаан Банк” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Д.Өнөрцэцэгийн 2016 оны эхний 6 сарын урамшуулал 12 000 000/арван хоёр сая/ төгрөгийг олгохыг зөвшөөрч, нэхэмжлэгч Д.Өнөрцэцэгээс бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн урамшуулал олгохоор, нэхэмжлэгч Д.Өнөрцэцэгт 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 9 900 000/есөн сая есөн зуун мянга/ төгрөгийг олгохыг зөвшөөрч, нэхэмжлэгч болон хариуцагч нь Банкны болон хувь хүний ашиг сонирхол аливаа хэлбэрээр зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эвлэрлийн гэрээний нөхцөлийг чанд нууцалхаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Д.Өнөрцэцэг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Хаан банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 267450 төгрөгийн тал хувь 133725 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулж Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот дансанд оруулсугай.    

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

даргалагч, ШҮҮгЧ                                  С.ХИШИГБАТ