Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0175/З |
Дугаар | 221/МА2021/0073 |
Огноо | 2021-01-29 |
Маргааны төрөл | Татвар, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2021/0073
“Х” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, цахимаар “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч татварын улсын байцаагч С.З, Э.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 366 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч “Х” ХХК-ийн захирал Б.О гаргасан давж заалдах гомдлоор тус компанийн гомдолтой, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. “Х” ХХК-ийн захирал Б.О 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа:
“Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 242017109 тоот шийтгэлийн хуудсаар тогтоосон төлбөрийн ........ төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 366 дугаар шийдвэрээр:
“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3, Татварын ерөнхий хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.3, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 5 дугаар зүйлийн 5.1-д тус тус заасныг баримтлан “Х” ХХК-ийн гомдолтой, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.З, С.З нарт холбогдох “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 242017109 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. “Х” ХХК-ийн захирал Б.О дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Анхан шатны шүүхээс гэрээ хэлцэл, санхүүгийн анхан шатны нотлох баримтыг хэрхэн үнэлж дүгнэсэн нь тодорхойгүйгээр гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Учир нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хугацаанаас өмнө анхан шатны баримт, гэрээ хэлцэл хийгдэж баталгаажсан байдаг.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль, холбогдох журмыг буруу тайлбарласан, гомдлын шаардлага, үндэслэл, үндэслэл бүрт дүгнэлт өгөөгүй, үгүйсгэсэн үндэслэл болон хариуцагчийн шийдвэрийг хэрхэн зөв гэж үзсэнээ тайлбарлаагүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр шийдлийн хувьд зөв боловч Тогтоох хэсэгт шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хянасан байдлаар тусгасныг зөвтгөн, мөн хэрэгт хамаарал бүхий хуулийн зүйл, заалтыг нэмсэн өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 071 дүгээр тогтоолоор Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчдын 2017 оны 242017109 дүгээр шийтгэлийн хуудсаар “Х” ХХК-ийн 2012-2016 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчилд нийт ......... төгрөгийн төлбөр ногдуулсны ........ төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, үлдэх ........ төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийтгэлийн хуудсыг өөрчилсөн, харин тус компаниас ийнхүү багасгасан төлбөрийн ......... төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргасан байна.
Өөрөөр хэлбэл “Д” ХХК-иас 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ......... тоот НӨАТ-ын хий бичилттэй падаанаар ........., мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ........ тоот НӨАТ-ын хий бичилттэй падаанаар ........., нийт ......... төгрөгийн худалдан авалтаас 2015 оны 7 дугаар сарын 2-ноос өмнөх хугацаанд хамаарах ........ төгрөгийн худалдан авалтад ногдуулсан ......... төгрөгийн торгууль, .......... төгрөгийн алдангийг өршөөлд хамруулах, мөн энэхүү худалдан авалтын дүнд ногдох ......... төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд зааснаар чөлөөлүүлэхийг хүсчээ.
Гэтэл шүүхийн шийдвэрт “...нийслэлийн маргаан таслах зөвлөл .............2 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй...” гэж гомдлын шаардлагад хамааралгүй үйл баримтын талаар дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийн “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцэхгүй байгаагаас гадна шийтгэлийн хуудсаар тогтоосон төлбөрийн үлдэх .......... төгрөгт холбогдох хэсгийг гомдол гаргагч анхнаасаа хүлээн зөвшөөрч маргаагүй байна.
1.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилтыг 1 дүгээр зүйлийн 1.1-д “...зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, хуулийн үйлчлэх хүрээг 2 дугаар зүйлийн 2.1-д “2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна”, “гэмт хэрэг үйлдсэн хүн” гэдэгт 10 дугаар зүйлийн 10.1-т “...захиргааны зөрчил гаргасан хүн хамаарна” гэж тус тус заасан.
“Х” ХХК нь НӨАТ-ын хий бичилттэй падаанаар уг татварын тайланд худалдан авалтын хасалт хийсэн зөрчил буюу “гэм буруу”-гаа хүлээн зөвшөөрч, гагцхүү дээрх хуульд заасан хугацаанаас өмнө хийгдсэн худалдан авалтад хамаарах зөрчилд ногдуулсан торгууль, алданги болох нийт .......... төгрөгийг төлөх үүргээс өршөөгдөхийг хүсч байгаагаас үзэхэд тухайн худалдан авалт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагагүй болно.
Харин өршөөлд хамрагдах эсэх нь хуульд заасан хугацаанаас шууд хамаарах бөгөөд энэ тохиолдолд “Д” ХХК-иас ........ төгрөгийн үнийн дүн бүхий ............8 тоот НӨАТ-ын падаан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, мөн ........ төгрөгийн үнийн дүн бүхий ........ тоот НӨАТ-ын падаан мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тус тус бичигдсэн байгаагаас үзэхэд дурдсан торгууль, алдангид хамаарах нийт ............. төгрөгийн худалдан авалтыг 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс өмнө хийгдсэн гэж дүгнэн, санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдож байна гэсэн үндэслэлээр өршөөлд хамруулах үндэслэлгүй.
Учир нь “Х” ХХК-ийн харилцагчийн гүйлгээний дэлгэрэнгүй тайланд /нотлох баримтын шаардлага хангаагүй, санхүүгийн тамга, тэмдэггүй/ дээрх төлбөрөөс 2015 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 7 дугаар сарын 2-ны өдрийг дуусталх хугацаанд 4 удаа сантехникийн материал, 1 удаа кабель, 6 удаа панер, 68 удаа цементийн үнэ шилжүүлсэн гэж тусгасан, гэтэл “Д” ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 4-ний өдөр байгуулсан “Бараа материал, худалдах, худалдан авах гэрээ тухай” 15/03/04 тоот гэрээгээр нийт 220 сая төгрөгийн барааг 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд худалдан авахаар тохиролцсон байх боловч энэхүү гэрээний хавсралтад заасан бараа материалын жагсаалтад цемент, панер нийлүүлэх талаар огт тусгагдаагүй байна.
Иймд нотлох баримтын шаардлага хангахгүй, мөн хоорондоо илтэд зөрүүтэй санхүүгийн баримтыг үнэлэлгүйгээр, зөвхөн зарлагын падаануудад үндэслэн худалдан авалтыг 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс өмнө хийгдсэн гэж дүгнэх боломжгүй, нөгөөтэйгүүр тухайн үед үйлчилж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 8 дугаар зүйлийн 8.1.1-т “Нэмэгдсэн өртгийн албан татварыг бараа, ...борлуулсан бол тухай бүрт ногдуулна” гэж заасан тул энэ тохиолдолд НӨАТ-ын падаан бичигдсэн өдрийг зөрчил гаргасан өдөр гэж үзнэ.
Тиймээс 2015 оны 10 дугаар сарын 30, 11 дүгээр сарын 30-ны өдөр тус тус падаан бичигдсэнээр зөрчил үйлдсэнд тооцогдох тул хугацааны хувьд торгууль, алдангийг өршөөлд хамруулах үндэслэлгүй.
2.Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг шинээр гаргаж, харьяа татварын алба, ...-д сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол ...хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэжээ.
Гэтэл хуульд заасны дагуу сайн дураар шинээр тайлан гаргасан байсан ч 2015 оны 10 дугаар сарын 30, 11 дүгээр сарын 30-ны өдрийн НӨАТ-ын падаанд хамаарах зөрчил нь хуулийн “...2015 оны 4 дүгээр сарын 1-нээс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан...” гэдэгт хугацааны хувьд хамаарахгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 366 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 5 дугаар зүйлийн 5.1,...” гэсний дараа “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1” гэж нэмж, “...шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах...” гэснийг “шийтгэлийн хуудсаар тогтоосон төлбөрийн 25.276.640 төгрөгт холбогдох хэсгийг” гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, “Х” ХХК-ийн захирал Б.О гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар “Х” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН