Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2018/00730

 

А.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/02540 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 214 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч А.Г-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Гэ-ад холбогдох,

Орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгсийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Г-а, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

А.Гэ-ыг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК-ийн 2 дугаар байр 34 тоотод 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 6 сарын хугацаатай орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулан суулгасан ба хугацаа дуусгавар болсон байтал чөлөөж өгөхгүй байна. Хариуцагч нь анх нэхэмжлэгчээс 30 000 000 төгрөг зээлж, гэрээ байгуулсны дагуу төлбөрөө төлөөгүй тул шүүх 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шийдвэрлэж 45 000 000 төгрөгийг төлөхөөр болсон. Тогтоосон хугацаанд төлөөгүйгээс албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн. Тус байгууллагад А.Гэ- дээрх 45 000 000 төгрөгийн төлбөрт Сонгинохайрхан дүүрэгт байрлах, дээрх 2 өрөө 24 мкв орон сууцыг шилжүүлэхийг зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлээс Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлд энэ тухай албан бичиг явуулсан. Ингээд 2015 оны 08 дугаар сарын 15-нд уг орон сууцыг миний өмчлөлд шилжүүлж гэрчилгээ гаргасан.

Шийдвэр гүйцэтгэлийн журмаар орон сууц шилжүүлэхэд татварт төлдөг 2 хувийн шимтгэлийг төлүүлэхгүй шууд шилжүүлсэн. А.Гэрэлтсувд надаас авсан мөнгөө төлж чадахгүй болоод сайн дураараа шилжүүлж гэрчилгээ гарсны дараа уг байраа хөлслөж сууя гээд 6 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Нэгэнт гэрээгээр тохирсон хугацаа 2016 оны 2 дугаар сард дууссан, орон сууцыг чөлөөлөхийг удаа дараа шаардсан, өөрөөр байранд амьдардаггүй, гэрийн тавилга эд зүйлээ авахгүй байгаа зэргийг харгалзан албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

А.Ганхлхагва нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК-ийн 2 дугаар байр 34 тоотод 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 6 сарын хугацаатай орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулан суулгасан, хугацаа дуусгавар болсон, орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь уг орон сууц миний өмч байсан, түр хугацаагаар харилцан тохиролцож түүний нэр дээр шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/02540 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Г-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК-ийн 2 байр 34 тоот хаягт байрлах 24 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2201009346 дугаарын бүртгэлийн гэрчилгээ бүхий хоёр өрөө орон сууцыг хариуцагч А.Гэ-ын эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.Гэ-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 214 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/02540 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж хуульчилсан байхад нийслэлийн шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзээгүй явдалд гомдолтой байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж улмаар хэргийг шийдвэрлэсэн явдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж улмаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд үл нийцэж байна. А.Г-а нь 45 000 000 төгрөгний 2 өрөө орон сууцнаас А.Гэ-ыг албадан гаргуулах нэхэмжлэлийг гаргаж улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг тушаасан. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг тушаана” гэсэн байхад А.Г-а 70 200 төгрөг тушаасан нь үндэслэлгүй байна.

Улсын дээд шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь улсын тэмдэгтийн хураамжийн тухай зарим асуудлыг тайлбарлах тухай зөвлөмжийн 1 дэх хэсэгт “...Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаар үйлчилгээ хүртэж буй этгээд хуульд заасан журмын дагуу хураамж төлөх ёстой тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны төлөө төлбөл зохих хураамжийг хуульд заасан  хэмжээгээр холбогдох этгээдээс бүрэн гаргуулсан байх нь шүүхийн үүрэг гэж үзнэ.

Тэмдэгтийн хураамж огт төлөгдөөгүй эсхүл дутуу төлөгдсөн байх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65, 163, 164. 173 дугаар зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, давж заалдах болон хяналтын гомдлыг хүлээн авахгүй байх нөхцөл болохыг анхаарвал зохино. Мөн зөвлөмжийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр тооцдог ба зах зээлийн үнэ тодорхой бус байгаа тохиолдолд нотлогдсон хэмжээгээр буюу зохигч хэрхэн тодорхойлсноор тооцно. Эд хөрөнгө гаргуулах тухай шаардлагыг нэхэмжлэгч хэрхэн тодорхойлсноос үл хамааран шүүх хэргийг шийдвэрлэхдээ хураамжийг зохих журмын дагуу гаргуулна. Тухайлбал, орон сууц чөлөөлүүлэх, орон сууцнаас нүүлгэн гаргах гэж шаардлага тодорхойлсон боловч шаардлагыг орон сууц гаргуулах тухай гэж үзэж, орон сууцны үнээс хураамжийн хэмжээг тооцно” гэж тайлбарласан.

Ийм байхад анхан шатны шүүх хууль болон Улсын дээд шүүхийн албан ёсны зөвлөмжийг зөрчиж нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн 214 дүгээр магадлалыг хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч А.Г-а нь хариуцагч А.Гэ-ын хууль бус эзэмшлээс  Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК-ийн 2 дугаар байр, 34 тоот орон сууцыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч А.Гэ- тухайн орон сууцыг өөрийн өмчлөлд байсан, түр хугацаагаар харилцан тохиролцож А.Г-ын нэр дээр шилжүүлсэн гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4386 дугаар захирамжаар А.Гэ-аас зээлийн гэрээний үүрэгт 45 000 000 төгрөг гаргуулах тухай А.Г-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн эвлэрснийг баталж, хэрэгсэхгүй болгожээ. А.Гэ- нь А.Г-ын нэхэмжилсэн 45 000 000 төгрөгийг хоёр хувааж төлөхөөр талууд эвлэрсэн байна.

Хариуцагч А.Гэ- нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тул шүүх 2014 ооны 11 дүгээр сарын 26-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж гаргаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлүүлсэн байна.

Төлбөр төлөгч А.Гэ- нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гаргаж, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК-2-34 тоот 2 өрөө өөрийн өмчлөлийн орон сууцыг төлбөр авагч А.Г-ад сайн дураар шилжүүлэн өгөхөө мэдэгджээ.

Төлбөр авагч А.Г-а орон сууцыг төлбөртөө тооцон авахыг зөвшөөрсөн тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг А.Г-ын нэр дээр бүртгэхийг улсын бүртгэлийн албанд мэдэгдэж, А.Г-а 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс маргааны зүйл болж буй орон сууцны өмчлөгч болжээ.

Харин А.Г-а, А.Гэ- нар нь 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, А.Гэ- орон сууцыг 6 сарын хугацаатай хөлслөхөөр тохиролцсон байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн шүүх нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч А.Г-ын өмчлөх эрх, энэ эрх үүссэн үндэслэл зэрэг нь баримтаар тогтоогдсон, харин хариуцагч А.Гэ- орон сууц эзэмших эрхийнхээ үндэслэлийг нотлоогүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/02540 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 214 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН