Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 213

 

Х.Одмандахын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандаг нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 900 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 183 дугаар магадлалтай, Х.Одмандахын нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Х.Одмандах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад анх томилогдон Баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангид нийгмийн ажилтнаар ажиллаж байгаад 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс Хорих 441 дүгээр ангид нийгмийн ажилтан, ахлах нийгмийн ажилтнаар ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа сахилгын ямар нэг зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд 2014 онд хугацааны ахлах дэслэгч цолоор шагнагдаж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн б/445 дугаар тушаалаар намайг Булган аймаг дахь Хорих 439 дүгээр ангид нийгмийн ажилтан албан тушаалд өмнө эрхэлж байсан ТТ-11 зэрэглэлээс ТТ-10 зэрэглэлд албан тушаал бууруулан томилсон.

Хөдөө орон нутагт албан тушаал бууруулж томилох тухай надтай урьдчилан тохиролцож, мэдэгдээгүй ба энэ нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг зөрчсөн байна. Миний хувьд ам бүл гурав, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, хүүхэд маань 7 сартай эмнэлгийн хяналтад, эхнэр хүүхэд асрах чөлөөтэй байдаг залуу гэр бүл тул хөдөө орон нутагт ажиллах боломж одоогоор байхгүйг хэлж, Улаанбаатар хотын бүсэд ажиллуулж өгөх хүсэлтийг Захиргаа удирдлагын газрын даргад тавьсан боловч тодорхой хариу өгөөгүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Б.Билэгтэд 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр миний эрх ашгийг хөндсөн тушаалыг хүчингүй болгож, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан Улаанбаатар хотод ажлын байраар хангаж өгөх тухай өргөдөл бичсэн.

Би 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 11-ний өдөр хүртэлх хугацаанд өвчтэй, эмнэлгийн албан ёсны магадалгаатай байхад 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр томилсон ажилд очоогүй шалтгаанаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байсан. Агентлагийн даргад бичсэн өргөдлийн хариуг өгөлгүй байсаар хариу өгөх хуулийн хугацаа буюу 30 хоног өнгөрсөн ба өргөдлийн хугацааг сунгасан эсэх талаар ямар нэгэн хариу өгөөгүй. Нааштай хариу өгөх байх гэсэн горьдлоготойгоор хүлээж байтал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн б/716 дугаар тушаалаар намайг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан байсан. Энэ тухай надад мэдэгдээгүй бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр бичсэн өргөдлийнхөө хариуг лавлахаар өөрийн биеэр очиж халагдсанаа мэдсэн.

Миний биө 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус зөвлөлөөс миний өргөдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд шилжүүлсэн ба Салбар зөвлөл 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж төрийн албанаас халах тухай тушаалыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бөгөөд энэ тухай хариуг 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр бичгээр хүлээж авсан.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн б/445 дугаар тушаалын холбогдох заалтыг, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн б/502, 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн б/716 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаал нийгмийн ахлах ажилтантай дүйцэхүйц ТТ-11-1 зэрэглэлтэй албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ТТ-11-1 зэрэглэлээр тооцон 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантулга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хорих 441 дүгээр ангийн бүтэц, орон тоо өөрчлөгдөн анги татан буугдсан, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Дуудлагын худалдаагаар худалдах төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө батлах тухай” 188 дугаар тогтоолын хавсралтад заасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй барилга, байгууламжийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдаалах үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын 7 дугаарт хорих 441 дүгээр ангийн эзэмшлийн /Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах/ газар нь дуудлагын худалдаагаар худалдан борлуулах хөрөнгөнд батлагдсан.

Хорих 441 дүгээр анги татан буугдсантай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн А/35 дугаар “Төсвийн шууд захирагчийн орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай” тушаал гарч, тухайн ангид ажиллаж байсан албан хаагчдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн б/445 дугаартай “Зарим албан хаагчийг албан тушаалд шилжүүлэн томилох тухай” тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дахь хэсэгт заасан төрийн албан хаагч нь “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих” ...нэмэгдэл баталгаагаар хангагдана гэсэн заалтыг үндэслэн тус ангийн нийгмийн ахлах ажилтан, ахлах дэслэгч Х.Одмандахыг Хорих 439 дүгээр ангийн нийгмийн ажилтнаар томилсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн б/455 дугаартай “3арим албан хаагчийг албан тушаалд шилжүүлэн томилох тухай” тушаалаар Д.Одмандахыг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасныг зөрчөөгүй. Энэ нь төрийн нэг байгууллага буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албан хаагчийг Хууль сахиулахын их сургууль, Цагдаагийн байгууллага хооронд шилжүүлэх ойлголт юм.

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа хорих анги хооронд ажиллуулж байгаа томилгоо нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтад хамаарахгүй, заавал албан хаагчтай тохиролцохыг шаардахгүй. Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Цэргийн болон бэлтгэл алба, цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын талаарх хууль тогтоомж, хуулиар олгосон бүрэн эрх бүхий төрийн байгууллагын гаргасан эрх зүйн бусад актаар тогтоосон журмыг байгууллага, иргэн, цэргийн албан хаагчаас сахин биелүүлэхийг Монгол Улсын иргэний цэргийн үүрэгт тооцно”, тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Цэргийн алба нь төрийн албаны онцлог төрөл” гэж цэргийн албан хаагчийн үүрэг болон байгууллагын онцлогийг тусгайлан зохицуулсан байдаг.

Цэргийн албаны дотоод дүрмийн 27 дахь хэсэгт Цэргийн албан хаагч нь захирагч /дарга/-ийн өгсөн тушаалыг цаг хугацаанд нь заавал биелүүлнэ, 26 дахь хэсэгт тушаал биелүүлээгүй тохиолдолд Цэргийн сахилгын дүрмийн дагуу шийтгэл хүлээнэ гэж заасан. Хорих 439 дүгээр ангийн нийгмийн ажилтан, ахлах дэслэгч Х.Одмандах нь томилогдсон боловч албан тушаалдаа очилгүй, тушаал биелүүлэлгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн б/502 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэл оногдуулж, тус тушаалтай Х.Одмандах 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр танилцаж, гарын үсгээр баталгаажуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Хүнийн нөөцийн тасгаас Д.Одмандахтай холбогдож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ирж уулзах, томилогдсон ажилдаа очих үүрэг өгч, өвчтэй бол магадлагаагаа Хорих 439 дүгээр ангид хүргүүлэх үүргийг удаа дараа мэдэгдсэн ч биелүүлээгүй байна. Хорих 439 дүгээр ангиас 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1/458 дугаартай албан бичгээр Х.Одмандах нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийт 27 хоног ажил тасалсан, энэ байдал нь ангийн үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэл тулгарч байгаа тул дараагийн албан хаагчийг томилж, Х.Одмандахыг төрийн албанаас халах тухай саналыг, тасалсан цагийн бүртгэлийн хамт ирүүлсэн.

Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Цэргийн албан хаагч нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан иргэний нийтлэг эрх, эрх чөлөө эдэлж, үүрэг биелүүлэхийн зэрэгцээ Зэвсэгт хүчний чиг үүрэг, цэргийн албаны онцлогтой холбогдуулан тэдэнд эрх зүйн байдлын зарим хязгаарлалт, хөнгөлөлт, давуу байдлыг хуулиар тогтоож болно. Цэргийн албаны үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг цэргийн дүрмээр зохицуулна”, тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-т “цэргийн албан хаагч цэргийн албаны үүргийн онцлог, түүнд тавих шаардлагаас үндэслэн төрийн бодлого, цэргийн удирдлагын шийдвэр, захирагч даргын тушаалыг эсэргүүцэхийг хориглоно”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар баталсан Цэргийн албаны дотоод дүрмийн 27 дахь хэсэгт “Цэргийн албан хаагч нь захирагч /дарга/-ийн өгсөн тушаалыг цаг хугацаанд нь заавал биелүүлнэ”, 26 дахь хэсэгт “тушаал биелүүлээгүй тохиолдолд Цэргийн сахилгын дүрмийн дагуу шийтгэл хүлээнэ” гэж тус тус заасан.

Иймд Д.Одмандахын дээрх зөрчил болон Хорих 439 дүгээр ангиас ирүүлсэн саналыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн б/716 дугаартай “Х.Одмандахыг төрийн албанаас халах тухай” тушаалаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан. Иргэн Д.Одмандахын өргөдлийн талаар Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцэн, хуралдааны шийдвэрийг Төрийн албаны салбар зөвлөлд 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2а/2798 дугаартай албан бичгээр, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, АОС 3-45 тоотод оршин суугч Х.Одмандахад 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2а/2795 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн б/455 дугаартай “Зарим албан хаагчийг албан тушаалд шилжүүлэн томилох тухай” тушаал, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн б/502 дугаартай “сануулах сахилгын шийтгэл оногдуулах” тухай тушаал, 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн б/716 дугаартай “төрийн албанаас халах тухай” тушаалуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Одмандахын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 900 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.4, Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 29 дүгээр зүйлийн 29.1.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 136 дугаар зүйлийн 136.2.1, 136.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн б/445 дугаар тушаалын Х.Одмандахад холбогдох хэсгийг, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн б/502, 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн б/716 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаал болох нийгмийн ахлах ажилтантай дүйцэхүйц ТТ-11-1 зэрэглэлийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг ТТ-11-1 зэрэглэлээр тооцон 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх” тухай нэхэмжлэгч Х.Одмандахын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 183 дугаар магадлалаар Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 8.3.5, Төрийн албаны тухай хуулийн 27.2.1, 27.2.4, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 900 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Х.Одмандахын нэхэмжлэлийн зарим шаардлагыг ханган Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын “Зарим алба хаагчийг албан тушаалд шилжүүлэн томилох тухай” 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 6/445 дугаар тушаалын Х.Одмандахад холбогдох хэсэг, “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 6/502, “Төрийн албанаас халах тухай” 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 6/716 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, харин “урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажил, албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.     

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хорих 441 дүгээр ангийн бүтэц, орон тоо өөрчлөгдөн анги татан буугдсан, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Дуудлагын худалдаагаар худалдах төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө батлах тухай” 188 дугаар тогтоолын хавсралтад заасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй барилга, байгууламжийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдаалах үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын 7 дугаарт хорих 441 дүгээр ангийн эзэмшлийн /Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах/ газар нь дуудлагын худалдаагаар худалдан борлуулах хөрөнгөнд батлагдсан.

Хорих 441 дүгээр анги татан буугдаж, өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн А/13 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн орон тоо, цалингийн санг батлахдаа Хорих 441 дүгээр анги ялтангүй болсонтой холбогдуулан тус ангийн удирдлага, санхүү, аж ахуйн орон тоог хэвээр үлдээж, Тусгай ажиллагааны хэлтсийн орон тоо нэмэгдэж, харин төвлөрсөн хорих хариуцсан алба хаагчдын 16 орон тоо бүгд хасагдсан. Үүнд нийгмийн ажилтан болон ахлах нийгмийн ажилтны орон тоо мөн хасагдсан.

Улмаар тус ангийн ял эдлүүлэх чиг үүрэг хасагдсантай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн А/35 дугаар тушаалаар Төсвийн шууд захирагчийн орон тооны хязгаарыг шинэчлэн баталж, ял эдлүүлэхтэй холбоотой үндсэн чиг үүрэг бүхий албан хаагчдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 6/445 дугаартай “Зарим албан хаагчийг албан тушаалд шилжүүлэн томилох тухай” тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн албан хаагч нь “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих” гэж заасны дагуу тус ангийн нийгмийн ахлах ажилтан, ахлах дэслэгч Х.Одмандахыг Хорих 439 дүгээр ангийн нийгмийн ажилтнаар томилсон.

Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 189 дүгээр Хорих байгууллагын албан хаагчдад албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журмаар “гяндан, чанга, онцгой дэглэмтэй хорих ангийн нэмэгдэл үндсэн цалингийн 20 хувь, жирийн дэглэмтэй хорих ангийн үндсэн цалингийн 15 хувийн нэмэгдэлтэй байна” гэж заасан байдаг ба Х.Одмандахын өмнө авч байсан цалингийн хэмжээ шилжүүлэн томилоход буураагүй юм.

Хорих 439 дүгээр анги нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг албадан эдлүүлэх төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага, нийгмийн ажилтан нь хоригдогчдын талаар мэдээлэл цуглуулан тэднийг нийгэм, сэтгэл зүйн хувьд тогтвортой байлгах, цаашид үзүүлэх нийгмийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлон мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэн ажилладаг албан тушаал юм.

Мөн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Цэргийн алба нь төрийн албаны онцлог төрөл”, 25 дугаар зүйлийн 25.2-д “Цэргийн албан хаагч нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан иргэний нийтлэг эрх, эрх чөлөө эдэлж, үүрэг биелүүлэхийн зэрэгцээ Зэвсэгт хүчний чиг үүрэг, цэргийн албаны онцлогтой холбогдуулан тэдэнд эрх зүйн байдлын зарим хязгаарлалт, хөнгөлөлт, давуу байдлыг хуулиар тогтоож болно, Цэргийн албаны үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг цэргийн дүрмээр зохицуулна”, тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-т “цэргийн албан хаагч цэргийн албаны үүргийн онцлог, түүнд тавих шаардлагаас үндэслэн төрийн бодлого, цэргийн удирдлагын шийдвэр, захирагч даргын тушаалыг эсэргүүцэхийг хориглоно” гэж тус тус цэргийн албан хаагчийн үүрэг болон байгууллагын онцлогийг тусгайлан зохицуулсан байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Хүнийн нөөцийн тасгаас Х.Одмандахтай холбогдож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ирж уулзах, томилсон ажилдаа очих үүргийг утсаар мөн уулзаж удаа дараа өгч, өвчтэй бол магадлагаагаа Хорих 439 дүгээр ангид хүргүүлэх, ангиасаа чөлөө авах үүргийг удаа дараа мэдэгдсэн ч биелүүлээгүй. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Хорих 439 дүгээр ангийн нийгмийн ажилтан, ахлах дэслэгч Х.Одмандах нь томилогдсон албан тушаалдаа очоогүй, тушаал биелүүлэлгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан нь тушаал биелүүлэх үүргээс чөлөөлөгдөхгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 6/502 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэл оногдуулсан ба тус тушаалтай Х.Одмандах 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр танилцаж гарын үсгээр баталгаажуулсан байдаг ч үргэлжлүүлэн ажил тасалсан.

Хорих 439 дүгээр ангиас 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1/458 дугаар албан бичгээр Х.Одмандах нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийт 27 хоног ажил тасалсан, энэ байдал нь ангийн үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэл тулгарч байгаа тул дараагийн албан хаагчийг томилж, Х.Одмандахыг төрийн албанаас халах саналыг, тасалсан цагийн бүртгэлийн хамт Ерөнхий газар ирүүлсний үндсэн дээр саналыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 6/716 дугаар тушаалаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан.

Дээрх нөхцөл байдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хариуцагч нь Төрийн албаны тухай 27.2.4-т заасан бусад баталгаагаар нэхэмжлэгчийг давхар хангах үүрэгтэй, цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлсэн баталгаа нь үндэслэлгүй, хангалтгүй байна гэж хэргийн үйл баримтад бодитой дүгнэлт хийлгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 6/455 дугаартай “Зарим албан хаагчийг албан тушаалд шилжүүлэн томилох тухай” тушаал, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 6/502 дугаартай “сануулах” сахилгын шийтгэл оногдуулах тухай, 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 6/716 дугаартай “төрийн албанаас халах тухай” тушаалуудыг тус тус хүчингүйд тооцсонд гомдолтой байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 900 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 183 дугаар магадлалын хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хянавал:

Анхан шатны шүүх Төрийн албаны тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тус тус буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн хууль ёсны шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал зөв байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “зарим албан хаагчийг албан тушаалд шилжүүлэн томилох тухай” б/445 дугаар тушаалаар “хорих 441 дүгээр ангийн орон тоо хасагдсантай холбогдуулан” Х.Одмандахыг хорих 439 дүгээр ангид нийгмийн ажилтнаар шилжүүлэн томилсон; Х.Одмандах нь томилогдсон ажилдаа очиж ажиллаагүй учир Цэргийн албаны дотоод дүрэм, Цэргийн сахилгын дүрмийг үндэслэл болгож мөн газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн б/502 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д заасан “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан; хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 27 хоног ажил тасалсан гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийг үндэслэн мөн газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн б/716 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26.1.3-т зааснаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр хорих 439 дүгээр ангийн нийгмийн ажилтны албан тушаалаас халсан байна.

Нэхэмжлэгч Х.Одмандах “нийгмийн ахлах ажилтны албан тушаалд ажиллаж байсан намайг хөдөө орон нутагт албан тушаал бууруулан томилохдоо урьдчилан зөвшилцөөгүй, 7 сартай хүүхэд маань өвчтэй, эмнэлгийн хяналтанд байдаг тухай ар гэрийн нөхцөл байдлаа хэлж, Улаанбаатар хотын бүсэд ажиллуулж өгөхийг хүссэн миний хүсэлтийг шийдвэрлээгүй, эмнэлгийн магадлагаатай байх үед сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, ажлаас халсан тушаалыг мэдэгдээгүй” гэж, хариуцагч “ажиллаж байсан хорих анги нь татан буугдсан тул өөр ангид шилжүүлж Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т заасан баталгааг хангасан, 22.1-д заасан үндэслэлээр шилжүүлээгүй, сануулах, халах сахилгын шийтгэл ногдуулсан нь цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тогтоосон хууль, дүрэмд нийцсэн” гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Х.Одмандах нь хорих 441 дүгээр ангийн нийгмийн ахлах ажилтнаар, цалингийн сүлжээний ТТ-11-1 зэрэглэлээр цалинжиж ажиллаж байсан, харин шилжүүлсэн албан тушаал нь нийгмийн ажилтан бөгөөд цалингийн сүлжээний ТТ-10-1 зэрэглэлд хамаарсан, “ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан, хотын бүсэд ажиллуулахыг хүсч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр гаргасан өргөдлийг нь шийдвэрлэж хариу өгөөгүй, шилжүүлэх шийдвэр гаргах талаар өөрт нь мэдэгдээгүй зэрэг нь тогтоогджээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан байна.

Энэ зүйлд зааснаар... шилжих албан тушаалын цалин хөлс нь өмнөхөөс буурахгүй байх шаардлага тавигдсаны зэрэгцээ өөр бусад баталгааг “орон тоо нь хасагдсан ажилтан” эдэлж болохоор зохицуулагдсан байна.

Харин Х.Одмандахын шилжин ажиллах албан тушаал, цалингийн зэрэглэл буурч, орон нутагт ажиллахаар болсон, түүнд энэ тухай мэдэгдээгүй, санал хүсэлтийг нь сонсоогүй зэргээс үзвэл Шүүхийн шийдвэр ерөнхий газрын даргын гаргасан 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн б/445 дугаар тушаал нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч Х.Одмандах “шилжүүлсэн” дээрх тушаалын талаар маргаж, ар гэрийн байдлыг харгалзан үзэж, Улаанбаатар хотын бүсэд “шилжин” ажиллах хүсэлт гаргасныг хариуцагч нь зохих журмын дагуу шийдвэрлээгүй атлаа Цэргийн албаны дотоод дүрэм, Цэргийн сахилгын дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн буюу “тушаал” биелүүлээгүй гэж сануулах, халах сахилгын шийтгэл ногдуулсныг зөвтгөх боломжгүй байна.

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч нь цэргийн цол, дүрэмт хувцастай байна” гэж зааснаар Х.Одмандах нь ахлах дэслэгч цолтой, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер боловч Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлд “цэргийн албан хаагчийн эрх зүйн байдалд хамаарах хүмүүс”-ийг тусгайлан зааснаас үзэхэд тус хуулийн дагуу эрх зүйн зарим хязгаарлалтыг” цэргийн цол, дүрэмт хувцас хэрэглэдэг” гэдгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтанд хамаатуулан ойлгох нь үндэслэлгүй болно.

Нөгөө талаар Х.Одмандах нь Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасан төрийн тусгай албан тушаалыг эрхэлж байсан төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд 11 дүгээр зүйлийн 11.4-т “төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг өөр байдлаар журамлан тогтоогоогүй байна.

Иймд төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааны талаарх Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т заасан зохицуулалтыг “албадлага”-аар хэрэгжүүлснийг буруу гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, шилжүүлсэн ажилд очиж ажиллаагүйг “сахилгын зөрчил”-д тооцсон нь эрх зүйн үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.2.3-т зааснаар төрийн тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн нэмэгдлээс бүрдэж байна.

Иймд “хорих байгууллагын албан хаагчид Засгийн газрын 2011 оны 189 дүгээр тогтоолын дагуу үндсэн цалингийн 20 хувиар онцгой нөхцөлийн нэмэгдэл авах тул цалингийн хэмжээ шилжүүлэн томилоход буурахгүй” гэх хариуцагчийн хяналтын гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.                                  

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 183 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай. 

 

         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ         

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ