| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0523/Э |
| Дугаар | 524 |
| Огноо | 2019-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 524
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Б.Энхбат,
шүүгдэгч Б.Э-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э холбогдох эрүүгийн 1908020880698 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мэргэдийн салхи” ХХК-д бетончин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Э-нь 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын ... тоот гэртээ эхнэр Т.О-“гадуур хонолоо” гэж бусадтай хардаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Т.О-мэдүүлэг /хх14-15/, гэрч Б.О-мэдүүлэг /хх76-77/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4220 дугаартай дүгнэлт /хх17/, Б.Э-яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх70-71/, шүүгдэгч Б.Э-иргэний үнэмлэхний лавалгаа, оршин суух газрын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавалгаа, хүүхдүүдийнх нь төрсний гэрчилгээний хуулбар /хх32-36/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх37/, шүүгдэгч дансны хуулга, “Мэргэдийн салхи” ХХК-д бетончин ажилтай талаарх тодорхойлолт /хх57-61/, цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн “Цагдаагийн тусгай дугаарын 102 дугаарын утсанд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ... тоот болон 91850410 дугаараас ирүүлсэн “Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой” дуудлагын дэлгэрэнгүй лавалгаа” 21Б/1498 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /хх78-79/, шүүгдэгч Б.Э-прокурорын байгууллагад гаргасан хүсэлт /хх83-84/ зэрэг баримтыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгч Б.Э-гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Т.О-“...Ингээд айлд хоносны маргааш нь би ажил дээрээ очиж ажлаа хийж байгаад 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр оройн 21 цагийн үед гэртээ харьсан. Намайг гэртээ ороход нөхөр Э гэртээ унтаж байсан болохоор нь хажуугаар нь ороод хэвтэх гэсэн сэрээд, чи хаагуур явж байгаад ирсэн юм бэ гэхээр нь хаашаа явсан ч чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд Э тэгвэл чам шиг новшоор яадаг юм гээд нүүр лүү хоёр удаа гараараа цохисон. Тэгээд миний хөл рүү түлээний мод шидээд зүүн хөлний шилбэ хэсэг рүү оносон. Намайг үг хэлэхээр чи муу яахын гээд миний үснээс зулгаагаад 3 давхарласан сандлаар миний нуруу хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээ би О эгч рүү Э зодоод байна гэж мессеж бичсэн чинь эгч цагдаа дуудсан байсан. Удалгүй цагдаа нар ирээд Эыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх14-15/
2. Гэрч Б.Оийн: “...Маргааш нь буюу 3 дугаар сарын 31-ний өдөр бид хоёр хамт ажилдаа явсан. Бид хоёр ажлаа хийгээд орой 20 цагийн үед тарсан бөгөөд би Одонтуяад хандан ямар нэгэн зүйл болвол мессеж бичээрэй, яриарай гэж хэлээд салцгаасан. Намайг гэртээ хариад унтаж амарч байхад Одонтуяа миний гар утас руу 404 гээд дохиж надаар ярианы төлбөрийг хийлгэдэг үйлчилгээгээр залгаад утас дуугараад байсан. Би сэрээд утсаа аваад ярихад 01 цаг болж байсан бөгөөд О надад 100 нэгж байвал өгөөч гэсэн. Тэгэхээр нь би за одоо явуулъя гээд утсаа салгасан. Би нэгж явуулчхаад буцаад унтах хооронд мессеж бичсэн байсан. Намайг хариу бичихгүй байсан болохоор дахин дохисон. Утас дуугарахаар нь утсаа нээж үзэхэд О-с Э гэрийнхээ хаалгыг цоожилчхоод намайг гаргахгүй зодоод байна, цагдаа аваад хүрээд ирээч гэсэн мессеж ирсэн байсан. Би танай хаягийг мэдэхгүй болохоор хаягаа явуулчих, би цагдаад дуудлага өгчье гэж хариу бичсэн. Удалгүй О- гэрийнх нь хаяг мессежээр ирсэн...Тухайн үед О-ийн нэг хөл нь хөхөрчихсөн, гарынх нь мөр, бугуй хэсэг бага зэрэг хавдаж, хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх76-77/
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4220 дугаартай “Т.О-биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор үзлэг хийсэн” шинжээчийн дүгнэлт: Т.О-биед зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх17/
4. Б.Э-яллагдагчаар өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэртээ ирж хоноогүй, ...гадуур хонож өнжөөд түүнийгээ хэлэхгүй хэрүүл өдөөд уурлаад байсан болохоор ...би О руу түлээний хайрцагнаас мод аваад шидэхэд О-ийн хөл рүү оносон....Надад О-г цохиж, зодож байсан удаа байхгүй. Анх удаа гар хүрч байна....Би түлээний хайрцагнаас мод аваад шидэхэд хөлийг нь оносон. Тэгэхэд энэ гэмтэл учирсан байсан...” гэх мэдүүлэг /хх70-71/
5. Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн “Цагдаагийн тусгай дугаарын 102 дугаарын утсанд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо..... тоот болон 91850410 дугаараас ирүүлсэн “Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой” дуудлагын дэлгэрэнгүй лавалгаа” 21Б/1498 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /хх78-79/.
Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Б.Э.
Шүүгдэгч Б.Э-нь 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын .... тоот гэртээ эхнэр Т.О-“гадуур хонолоо” гэж бусадтай хардаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Т.О-“...миний хөл рүү түлээний мод шидээд зүүн хөлний шилбэ хэсэг рүү оносон. Намайг үг хэлэхээр чи муу яахын гээд миний үснээс зулгаагаад, 3 давхарласан сандлаар миний нуруу хэсэг рүү нэг удаа цохисон....” гэх мэдүүлэг, гэрч Б.О-ийн “...О- Э гэрийнхээ хаалгыг цоожилчхоод намайг гаргахгүй зодоод байна, цагдаа аваад хүрээд ирээч гэсэн мессеж ирсэн байсан....” гэх мэдүүлэг, яллагдагч Б.Э-“...Анх удаа гар хүрч байна. ...Би түлээний хайрцагнаас мод аваад шидэхэд хөлийг нь оносон...” гэх мэдүүлгүүд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн өөрийнх нь мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Б.Э-үйлдлийн улмаас хохирогч Т.О-эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4220 дугаартай шинжээчийн “...Т.О-биед зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр тогтоогдож байна.
Мөн шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч гомдол саналгүй, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Э-нь урд өмнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас буюу эхнэр Т.О-гадуур хонолоо, хэлсэнгүй явлаа гэж бусадтай хардсаны улмаас анх удаа зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Т.О-“...намайг урьд нь зодож байгаагүй...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Э-“...би урьд нь эхнэрээ зодож, гар хүрч байгаагүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.О-ийн “...миний мэдэж байгаагаар О анх удаа нөхөртөө зодуулж байна...” гэх мэдүүлэг болон аюулын зэргийн үнэлгээний маягт, хамтарсан багийн хурлын тэмдэглэл зэргээр нотлогдож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх нөхцөл байдалгүй буюу нэг удаагийн нөхцөл байдлаас болж гэмт хэрэг гарсан гэж үзэхээр байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Э-нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлжээ.
Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, мөн хохирогчийн өөрийнх нь гэртээ хоноогүй, хэрүүл маргаан үүсгэсэн үйлдэл нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Э, хохирогч Т.О нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх боловч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл, дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон ажил хөдөлмөр эрхэлдэг, бага насны 2 хүүхэдтэй зэрэг байдлыг нь харгалзан шүүгдэгч Б.Э-хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР