Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 541

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч А.А-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Амарзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А холбогдох эрүүгийн 1908 02370 0743 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.А-нь 2019 оны 4 дүгээр сарын 20-оос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы ... тоот гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр О.Г-зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Иргэн О.Г- цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх10/, хохирогч О.Г- мэдүүлэг /хх24-25/, гэрч А.А-н мэдүүлэг /хх30-31/, гэрч Ц.Э- мэдүүлэг /хх33/, гэрч О.Н- мэдүүлэг /хх35/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5068 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх18/, Аюулын зэргийн үнэлгээ /хх7-8/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх50/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх51-55/, эвлэрлийн гэрээ /хх66/, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт /хх78/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх77/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх83/.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгч А.-ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Иргэн О.Г-с Цагдаагийн байгууллагад гаргасан “...нөхөр болох А.Амарбаяртай ханилаад 10 жил болж байна. Амьдрах хугацаанд байнга архи ууж, намайг хэл амаар доромжилж агсам тавьдаг. Маш их гомдолтой байна...” өргөдөл, гомдол /хх10/

2. Хохирогч О.Г- “...2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр манай нөхрийн төрсөн өдөр болоод нөхрийн найз М-н гэрт очсон. Би эхнэртэй нь нэг, нэг лааз пиво уусан. Шөнө 00 цаг өнгөрч байхад нөхөр бид хоёр гараад гэртээ ирсэн. Гэрт очтол А үг дуугүй миний толгой руу цохиод, би газар унасан. Тэгэхэд нүүр рүү дэвсэхээр нь би гэрээс зугтаж гараад хажууд байдаг хадам аав А-т хэлээд цагдаад дуудлага өгсөн. Миний хөмсөгнөөс цус гараад тогтохгүй байсан учир ах Э-ыг утсаар дуудаж гэмтэл рүү явж хөмсөгтөө оёдол тавиулсан. А архи хэтрүүлж уугаад намайг зодсон. Яагаад зодсон гэдгийг одоо ч ойлгохгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх24-25/

3. Гэрч А.А-“...2019 оны 4 дүгээр сарын 20-оос 21-нд шилжих шөнө гэртээ байж байтал шөнийн 01 цагийн үед хүү А-н эхнэр Ггаднаас орж ирээд Амарбаяр намайг цохичихлоо гэж хэлээд уйлаад том өрөөний орон дээр суусан. Г-н баруун хөмсөг орчимоос цус гарчихсан харагдсан. А араас нь ороод ирэхээр нь “Чи яаж байгаан эхнэрээ зодоод, одоо унт, архи дарсаа боль” гэж хэлсэн. А манай гэрт унтсан. Г-н ах нь ирээд, гэмтлийн эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг /хх30-31/

4. Гэрч Ц.-Э-ны “...шөнө 01 цагийн үед Г залгаад А зодчихлоо, миний баруун хөмсөгнөөс цус гараад байна. Намайг эмнэлэг рүү хүргээд өгөх үү гэхээр нь би машинтайгаа яваад очсон. Бид хоёр Гэмтлийн эмнэлэгт очиж хөмсөг дээр нь оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх33/,

5. Гэрч О.Н-“...2019 оны 4 дүгээр сарын 20-ны орой А, Г нар ирсэн. Би ажлаар ОХУ руу яваад нэг шил архи авчирсныг манай нөхөр М, А хоёр хувааж уугаад, Г бид хоёр пиво уусан. А-ын гэр манайхаас 5 хашааны цаана байдаг бөгөөд 23 цаг өнгөрч байхад харилаа гээд гарсан. Манай гэрт байхдаа ямар нэг маргаан гараагүй...” гэх мэдүүлэг /хх35/

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5086 дугаартай шинжээчийн “...О.Г- биед хөмсөгт шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтэл тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...”  дүгнэлт /хх18/

7. Аюулын зэргийн үнэлгээгээр эрсдлийн түвшин “БАГА” /хх7-8/

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч А.А.

Шүүгдэгч А.А-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 20-оос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы ... тоот гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр О.Г-зодсон болох нь хохирогч О.Г, гэрч А.А, Ц.Э нар болон шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, оршин суугаа газрын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар хохирогч О.Г, шүүгдэгч А.А-нар нь 2009 онд гэрлэлтээ бүртгүүлсэн эхнэр, нөхөр, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заасан.

Шүүгдэгч А.А-н үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр О.Г-зодож, улмаар “...О.Г- биед хөмсөгт шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт... эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5086 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд хохирогчийн цагдаагийн байгууллагад хандсан гомдол, хохирогчоор өгсөн мэдүүлэгт “архи уухаараа ямар нэгэн шалтгаангүй агсам тавьж танхайрдаг” гэсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ыг гэм буруутай гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, тус зүйл ангиар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

Улсын яллагчаас шүүгдэгч А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгч А.А-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хэсэгт үндэслэн дурдсан нотлох баримтууд, мөн хохирогч, шүүгдэгч нарын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн эвлэрлийн гэрээнээс үзэхэд шүүгдэгч А.А-нь хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, харин  шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч А.А-нь одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, улсын яллагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч А.А-нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг, нэг хоног хорих ялаар тооцож сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-т 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-нь шүүхээс оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол, сан

алгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР