Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 1214

 

 

 

      

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 11 өдөр        Дугаар 181/ШШ2016/01214           Улаанбаатар хот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж, Шинэ 5-41 тоотод байрлах “Монруд” ХХК/РД: 2020629/-ийн хүсэлттэй,  

 

“Ертөнцийн анир” ХХК, түүний захирал Т.Мэндбаярыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болортуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болортуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус компани нь 2005 онд иргэн Мэндээ овогтой Энхбаяраас Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, хуучин хөдөө аж ахуйн хангамжийн ар талд байрлалтай аж ахуйн хашааг худалдаж авсан билээ. Уг аж ахуйн хашааны цахилгааны гэрээг “Баянзүрх Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК-тай хийх шаардлагатай байгаа хэдий ч цахилгаанаар хангах гэрээний техникийн нөхцөл нь “Ертөнцийн анир” ХХК-ийн нэр дээр байгаа юм.

“Ертөнцийн анир” ХХК нь одоогоор үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэх нь тодорхогүй, эзэмшигчийн мэдээлэл олдохгүй байгаа тул зохих журмын дагуу эрэн сурвалжлан өгч, бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү.” гэв.

 

Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                     

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч “Монруд” ХХК нь “Ертөнцийн анир” ХХК, түүний захирал Т.Мэндбаярыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

“Ертөнцийн анир” ХХК-ийн оршин байгаа газар тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн маргаанд “Ертөнцийн анир” ХХК-ийг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Ертөнцийн анир” ХХК, түүнийг төлөөлүүлж захирал Т.Мэндбаярыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагч “Монруд” ХХК-ийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Ертөнцийн анир” ХХК, түүнийг төлөөлүүлж захирал Т.Мэндбаярыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан “Ертөнцийн анир” ХХК, түүнийг төлөөлүүлж захирал Т.Мэндбаярыг эрэн сурвалжилж, “Ертөнцийн анир” ХХК-ийн оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч “Ертөнцийн анир” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ