Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 566

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч Б.Б-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1908 01496 0667 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хүнсний дэлгүүр түрээслэн ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б-нь 2019 оны 3 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болор” караокед үйлчлүүлж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр тус караокены 42 инчийн “Монел” загварын зурагтыг гараараа цохиж эвдэн устгасан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх5/, “Эрчимт Болор” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хуурлбар, гэрчилгээний хуулбар, итгэмжлэл /хх14,17,18/, хохирогч Г.З-мэдүүлэг /хх23/, гэрч Н.Н-мэдүүлэг /хх25/, Б.Б-яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх51-52/, “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх31/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх7/, ял шалгах хуудас /хх87/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт зэрэг баримтыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй” гэж зааснаас үзэхэд яллагдагч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогчтой эвлэрч хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, улсын яллагчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр, яллагдагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдохгүй байх тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал хангагдсан гэж дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгч Б.Б-гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3-р хэлтэст хандасан “... “Болор” зочид буудлын караокед 3 дугаар сарын 09-ний 01:27 минутанд үйлчлүүлж байсан 2 залуу гарахдаа зурагт хагалаад гарсан...” гэх өргөдөл /хх5/

2. Хохирогч Г.З-“...2019 оны 3 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах “Болор” караокед үйлчлүүлж байсан хүн манай караокены өрөөний 42 инчийн Монел загварын зурагтыг хагалсан гэж манай бармен Н.Н надад хэлсэн. Зурагтыг засварчинд үзүүлэхэд засах боломжгүй шинээр солих хэрэгтэй гэж хэлсэн. Одоо уг хүн маань 42 инчийн зурагтыг авчирч өгсөн. Манай байгууллага одоо гомдол саналгүй болсон... ” гэх мэдүүлэг /хх23/,

2. Гэрч Н.Н-“...2019 оны 3 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө “Болор” караоке, пабд 2 эрэгтэй орж ирээд, 3 цаг үйлчлүүлсэн, тэгээд өндөр залуу нь эхэлж гараад, дараа нь удалгүй нөгөө залуу нь гараад явсан, өрөөг цэвэрлэх гээд орсон чинь караокены зурагтыг хагалсан байсан, тэгээд өрөөний камерын бичлэгийг үзсэн чинь сүүлд гарсан залуу нь зурагтыг гараараа цохиод эвдэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх25/,

3. “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “Монел брэндийн 42 инчийн зурагтыг 360.047 төгрөгөөр” үнэлжээ. /хх31/,

4. 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...араас нь улаан цамцтай намхан залуу нь 2019.03.09-ний өдрийн 01 цаг 27 минут 24 секундэд өрөөний ханан дээр байрлуулсан байсан зурагтыг гараараа нэг удаа цохиод гарч байгаа дүрс бичигдсэн байв...” гэж тусгажээ. /хх7/ 

5. Б.Б-яллагдагчаар өгсөн “...“Болор” гэх караокед найз Жамбалын хамт орж дуу дуулангаа хоёр ширхэг 0,75 литрийн “Эдэн” архи хувааж уусан, архи ууснаас хойш юу болсон талаар огт санахгүй байна, би хяналтын камерын бичлэг үзсэн. Хувцсаа өмсөөд гарч явахдаа зурагтыг нь гараараа цохиод хагалчихсан байсан. Хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх51-52/,

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Б.Б-.

Шүүгдэгч Б.Б-нь 2019 оны 3 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах “Болор” караокед үйлчлүүлсэн, улмаар караокены өрөөнөөс гарахдаа хананд байрлуулсан зурагтыг гараараа нэг удаа цохисон нь хохирогч Г.З ын “...“Болор” караокед үйлчлүүлж байсан хүн манай караокены өрөөний 42 инчийн “Монел” загварын зурагтыг хагалсан гэж манай бармен Н.Н надад хэлсэн. Зурагтыг засварчинд үзүүлэхэд засах боломжгүй шинээр солих хэрэгтэй гэж хэлсэн. Одоо уг хүн маань 42 инчийн зурагтыг авчирч өгсөн. Манай байгууллага одоо гомдол саналгүй болсон... ” гэх мэдүүлэг, гэрч Н.Н-“...тэгээд өндөр залуу нь эхэлж гараад, дараа нь удалгүй нөгөө залуу нь гараад явсан, өрөөг цэвэрлэх гээд орсон чинь караокены зурагтыг хагалсан байсан, өрөөний камерын бичлэгийг үзсэн чинь сүүлд гарсан залуу нь зурагтыг гараараа цохиод эвдэлсэн байсан...” гэх мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн өөрийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдлийн улмаас 42 инчийн “Монел” брэндийн зурагт нь цаашид ашиглах боломжгүйгээр эвдэрсэн буюу хууль зүйн ойлголтоор устсан гэж үзэх үндэслэлтэй байна. Улмаар мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд шинжээчийн дүгнэлтээр /“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан/-д “Монел брэндийн 42 инчийн зурагтыг 360.047 төгрөгөөр” үнэлжээ.

Иймд шүүгдэгч Б.Б-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасаны улмаас бага хэмжээнээ дээш буюу 300.000 мянган төгрөгөөс дээш хэмжээний хохирол бусдад учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч Б.Б-нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болохыг тэмдэглэж байна.

Хохирол-хор уршиг, хохирол төлөгдсөн байдал:

Шүүгдэгч Б.Б-нь 42 инчийн зурагтыг худалдан авч, “Болор” караокед хүлээлгэн өгсөн, хохирогч нь гомдол саналгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн болохоо цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт, мэдүүлэгтээ тус тус илэрхийлжээ. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг бусдыг эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлжээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байх бөгөөд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б-нь  хохирогчтой эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн, шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгчтэй урьд тохиролцсон саналыг хүлээн авч, шүүгдэгч Б.Б-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хяналтын камерын бичлэг бүхий сиди-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хадгалах тухай зааж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.МӨНХБААТАР